Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0362/Э

 

 

 

 

 

 

 

 

 

  2024      09         02                                          2024/ШЦТ/374

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.О-д холбогдох эрүүгийн 2425000000440 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт; 

П.О

Шүүгдэгч П.О нь;

2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын **** тоотод хохирогч Б.Э-ийн эзэмшлийн “Iphone15promax” /Айфон15 промакс/ загварын гар утсыг “тайлан бичээд өгье” гэж хуурч авч, “Мөнгөн” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж 4.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

үргэлжилсэн үйлдлээр, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Мэнд-Амар” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн” барьцаалан зээлдүүлэх газарт 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан гар утсыг хохирогч Э.У “гар утсаа асааж төлбөрөө шилжүүлье” гэж хуурч авч залилсан,

урьдын харилцааны явцад олж мэдсэн хохирогч Б.Э-ийн Хаан банкны интернэт банк болон бусад зээлийн апплекэйшний нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ-ын нийтийн байрны 4 тоотод байхдаа 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд кибер орчинд зөвшөөрөлгүйгээр 5 удаа зээл авах, 10 удаа гүйлгээ хийх хэлбэрээр хандаж мэдээллийн системд нэвтэрсэн, мөн уг үйлчилгээг ашиглан хохирогч Б.Э-ийн эзэмшлийн ********* данснаас 4.035.000 төгрөгийг 10 удаагийн гүйлгээгээр өөрийн Хаан банкны ********* дансанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч П.О дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Э-ийн Хаан банкны данс руу нэвтэрч 1хbet цэнэглэдэг хүний Хаан банкны ********* данс руу 2.580.000 төгрөг шилжүүлж мөрийтэй тоглосон.” гэх /хавтаст хэргийн 21 дэх тал/,

мөн түүний “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын **** тоотод байхдаа найз охин Э-ийн гар утсыг “тайлан бичээд өгье” гэж хэлээд авч яваад Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Мэнд-Амар” худалдааны төвийн “Мөнгөн” барьцаалан зээлдүүлэх газарт 2.500.000 төгрөгт барьцаанд тавьсан. Э-ийн гар утсыг аваачиж өгөхгүй бол болохгүй юм шиг санагдаад 4-5 цагийн дараа “Мөнгөн” барьцаалан зээлдүүлэх газар руу буцаж ороод “эгчээ би гар утсаа авъя, гэхдээ утсаа асааж байгаад интернэт банкруугаа орж мөнгө шилжүүлэхгүй бол болохгүй байна, та миний гар утсыг өгч байгаач” гэж хэлээд утсаа аваад гараад явчихсан.” гэх /хавтаст хэргийн 97-98 дахь тал/ мэдүүлгээс гадна,

хохирогч Б.Э-ийн “...П.О надтай үерхэж байхдаа миний Хаан банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг болон зээлийн хэд, хэдэн апликейшн рүү нэвтрэх нэр, нууц үгийг мэддэг байсан. 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр миний Хаан банкны интернэт банкаар ороод 900.000 төгрөгийн цалингийн зээл цахимаар аваад өөрийнхөө Хаан банкны ********* данс руу 820.000 төгрөг шилжүүлээд үлдсэн 80.000 төгрөгөөр нь интернэт гүйлгээ хийгээд зарцуулсан байхаар нь нээх тоолгүй “за яахав дээ” гээд орхисон. Гэтэл миний данснаас 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 20.000 төгрөг өөрийнхөө данс руу, 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдөр миний ашигладаг “Unlock finance” /Унлоск финанс/ гээд зээлийн апликейшн рүү нэвтрээд 173.000 төгрөгийн зээл аваад 170.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 95.000 төгрөг өөрийнхөө данс руу, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр миний ашигладаг “Bid” /Бид/ гээд зээлийн аппликэйшн рүү ороод 138.600 төгрөгийн зээл авсан байсан ба 140.000 төгрөг болгоод өөрийнхөө данс руу, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Sono” /Соно/ гээд зээлийн аппликэйшн рүү ороод мөн 700.000 төгрөгийн зээл аваад тэр мөнгийг Хаан банкны ********* тоот данс руу тус тус шилжүүлсэн. Зээлийн аппликэйшнаас зээл авч байгаа тохиолдолд заавал миний Хаан банкны данс руу орж ирдэг ба миний данс руу зээл орсны дараа өөрийнхөө данс руу шилжүүлж авсан байсан. ...Миний амралтын мөнгө гээд 3.600.000 төгрөг 2024 оны 6 дугаар сарын эхэн үеэр орсон бөгөөд П.О 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр миний Хаан банкны данснаас интернэт банк ашиглаад 700.000 төгрөг, удалгүй дахиад 1.000.000 төгрөг, 180.000 төгрөг Хаан банкны ********* тоот данс руу шилжүүлчихсэн байсан. ...П.О надаас огт асуугаагүй, надад мэдэгдэлгүй, нууцаар дээрх гүйлгээнүүдийг хийж хохирол учруулсан.” гэх /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

гэрч М.М-ийн “...Би Хаан банкны ********* тоот дансыг 2023 оны 10 дугаар сард 1хбет бооцоот тоглоомын цэнэглэлт хийдэг агент хийх зорилгоор нээсэн, би өөрөө байнга ашигладаг. ...2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 700.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 700.000 төгрөг, 180.000 төгрөг орсон байгаа бол бүгд “good good” нэртэй фэйсбүүк хаягтай хүний цэнэглэлт хийлгүүлсэн мөнгө бөгөөд тухайн 1xbet-ийн 439185559 гэсэн id кодтой үйлчлүүлэгч тухайн дөрвөн гүйлгээг миний данс руу хийж, цэнэглэлт хийлгэсэн хүн нь Б овогтой Э 2001 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн 633448762508 гэсэн иргэний үнэмлэхийн дугаартай байсан.” гэх /хавтаст хэргийн 17 дахь тал/,

хохирогч Э.У “...Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Мэнд-Амар” худалдааны төв дотор “Мөнгөн” зээлийн үйлчилгээ барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг. 2024 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн орчим АЮ********* регистрийн дугаартай П овогтой О гэдэг хүн манай барьцаалан зээлдүүлэх газарт “Iphone15promax” загварын гар утас 2.500.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгөө Хаан банкны ********* тоот П О гэх дансанд авсан, 15 цагийн орчим буцаж ирээд “би гар утсаа авахаар болчихлоо, та миний гар утсыг түр өгч байгаач, би сим картаа хийж байгаад барьцааны мөнгөө шилжүүлэх гэсэн юм” гэхээр нь итгээд гар утсыг нь өгсөн. Гэтэл П.О гар утсаа надаас авчихаад гар утсаараа хүнтэй ярьж байгаа юм шиг хэсэг хугацаанд зогсож байгаад гэнэт зугтаад явчихсан, намайг хуурч мэхлэн гар утсаа авч зугтаан 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан.” гэх /хавтаст хэргийн 78 дахь тал/,

хохирогч Б.Э-ийн “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр эгч У-ийн гэрт байж байхад О ирсэн, бид хоёр эгчийн гэрт хоол, унд хийж идээд юм ярьж байгаад гэрт нь хоночихоод маргааш нь буюу 2024 оны 6 дугаар сарын 04-ний өглөө эгчийн гэрээс гараад өөр өөрсдийнхөө ажил руу явж байхад О “би утсыг чинь авч яваад ажлынхаа тайланг биччихээд буцаагаад орой авч ирээд өгье” гэж хэлэхээр нь нээрээ л тайлангаа хийх гэж байгаа юм байна гэж бодоод ямар нэгэн юм бодолгүй утсаа өгөөд явуулчихсан. ...маргааш нь буюу 2024 оны 6 дугаар сарын 05-ны өглөө ажил дээрээ очоод ажлаа хийж байхад ээж ажлын газрын эгчийн дугаар руу залгаад “чиний утас чинь хэд хоног холбогдохгүй байх юм, утсаа яачихсан юм” гэхээр нь “О ажлынхаа тайланг хийчихээд өгнө гэсэн” гэхэд “юу яриад байгаа юм, О чиний утсыг ломбарданд тавьчихсан байна, над руу ломбарднаас гээд нэг хүн залгаад байна, бас цагдаагаас хүн залгаад байна.” гэхээр нь Ог надад худлаа яриад утас авч яваад утсыг минь ломбарданд тавьсныг мэдсэн.” гэх /хавтаст хэргийн 82-84 дэх тал/ мэдүүлгүүдээр,

мөн хохирогч Б.Э-ийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, түүний харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 7, 8-10 дахь тал/,

П.О-ийн эзэмшлийн Хаан банкны ********* дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 46-57 дахь тал/,

хохирогч Э.У Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, /хавтаст хэргийн 74 дэх тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн “...“Iphone15promax” гар утас 4.500.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 87-89 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, системд нэвтэрсэн.” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч нар нь баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд тэдэнд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд,

хохирогч Б.Э-ийн “...шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.”,

хохирогч Э.У “...хохирлоо барагдуулаад авчихсан, шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” гэснийг нь тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаанд Архангай аймаг Эрдэнэбулган сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Бусад асуудал;

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Х овогт П.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, системд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар             шүүгдэгч П.О-г тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.О шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-г 6 /зургаа/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Архангай аймаг Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч П.О-д зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э