Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2018/0137

 

 

2018 оны 02 сарын 27 өдөр   

  Дугаар 221/МА2018/0137

Улаанбаатар хот

 

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

                     захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэртэй, Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилох, ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-г Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ямар бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгасан нь тодорхой бус, бодит байдалд хариуцагч уг заалтыг хэрхэн, яаж биелүүлэх нь ойлгомжгүй байна. Тодруулбал, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь батлагдсан орон тоо, цалингийн сангаар хэлтсийн дарга Д.Солонго, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Гантөмөр, Тогтоол, шийдвэр, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Оюунчимэг гэсэн 3 орон тоотой ажиллаж байгаа. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 41 орон тоотой байхаар тогтоосон. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Засаг даргын ажлын албаны бүтэц, орон тоог тогтоосон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол гарган ажлын албаныхаа бүтцэд багтдаг орон нутгийн өмчийн албаа татан буулгаж, албан хаагчдыг нь орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газар ч өмчийн асуудал хариуцсан мэргэжилтнээ ажлын байраар хангуулахаар орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн нь нэхэмжлэгч Б.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/150 дугаар магадлалын хянавал хэсэгт хийсэн дүгнэлтээр батлагдана. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б-г өмчийн мэргэжилтний ажлын байраар хангуулахаар Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Учир нь дээрх тушаалууд нь нэхэмжлэгч Б.Б-д үүрэг бий болгоогүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаагүй, харин ч чиг үүрэг нь шилжсэн Орон нутгийн өмчийн газарт ажлын байраар хангуулахыг төсвийн шууд захирагчид даалгасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэхдээ Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэст нэг орон тооны нэрийг бичээгүй дугаарласан хоосон хүснэгт нь нэхэмжлэгч Б.Б-гийн ажлын байрны нэрийг орхигдуулсан тухай дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна. Учир нь аймгийн Засаг даргын Тамгын газар нь 41 орон тоонд багтааж, орон нутагт дайчилгааны бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй дайчилгааны офицерыг Цэргийн штабын бүтцэд багтааж, уг албан байранд Д.Одгэрэлийг 2016 оны 10 дугаар сард томилон ажиллуулсан. Маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-гийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар Б.Б-г аймгийн Засаг даргын Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилж, улмаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсгээр албан тушаалын чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Б.Б-г аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газрыг шилжүүлсэн ба Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор тус Хурлын Тэргүүлэгчдийн эдийн засаг, үйлдвэрлэл өмчийн харилцааны хэлтсийн өмчийн албаны чиг үүргийг аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлжээ.

Нэхэмжлэгчээс “...миний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг, бүтэц, орон тооны хувьд хэвээр хадгалагдан үлдсэн байхад маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “Шинэчлэн батлагдсан орон тоогоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын орон тоо хасагдаж, ажлын чиг үүрэг нь шинээр зохион байгуулагдсан Орон нутгийн өмчийн газарт шилжсэн тул маргаан бүхий акт үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргасан бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий актад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалын хавсралтаар тухайн Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасаг нь тасгийн дарга-1, Орон нутаг, агентлаг, байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн-1, Тогтоол, шийдвэр, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн-1, Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн-1 гэсэн 4 орон тоотой байхаар баталсан бол мөн даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь хэлтсийн дарга-1, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн-1, Тогтоол, шийдвэрийн үндэсний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн-1, “хоосон хүснэгт” гэсэн 4 орон тоотой байхаар баталснаас үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...аймгийн Засаг даргын Тамгын газар нь 41 орон тоонд багтааж, орон нутагт дайчилгааны бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй дайчилгааны офицерыг Цэргийн штабын бүтцэд багтааж, уг албан байранд Д.Одгэрэлийг 2016 оны 10 дугаар сард томилон ажиллуулсан” гэж дурдсан бөгөөд хариуцагчийн 2016 оны А/50 дугаар тушаалын хавсралтаар Цэргийн штабыг 3 орон тоотой байхаар баталжээ.

Уг орон тоонд хэнийг ажиллуулах нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал хэдий ч Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст байх нэр бичигдээгүй орон тоог Цэргийн штабт шилжүүлж дайчилгааны офицер гэх албан тушаалд Д.Одгэрэлийг авсан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Б.Б нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан ба Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр шийдвэрээр уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0150 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Аймгийн Засаг дарга 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/463 дугаар захирамжаар Б.Б-г Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилсон 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/04, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаар захирамжууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.4-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж уг өдрөөр тасалбар болгон дээрх захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч хариуцагч 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг уг албан тушаалд ажиллаж байгаа хэмээн үзэн түүнийг аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн байна.

Б.Б-г Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн эсэх талаар хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0150 дугаар магадлалд дүгнэсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-г Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ямар бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгасан нь тодорхой бус, бодит байдалд хариуцагч уг заалтыг хэрхэн, яаж биелүүлэх нь ойлгомжгүй байна” гэж дурдсан ба Өмчийн хяналт, дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, ажлын байрны үндсэн зорилт, гол үйл ажиллагаа зэргээс үзвэл орон нутгийн өмчийн газрын чиг үүргийн хүрээнээс илүүтэйгээр хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын чиг үүргийг хэрэгжүүлэхээр байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн.

Хариуцагч бүтэц баталсан тушаалдаа албан тушаалын нэрийг орхигдуулж баталсан тул нэхэмжлэгчийг уг орон тоонд ажиллуулж, түүний төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэх нь хуульд нийцэх тул Б.Б-г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилсныг буруутгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...хариуцагч сольсон захирамж гаргаагүй, ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хангагдсан” хэмээн дурдсан бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны шүүхэд “хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх” тухай хүсэлтийг гаргажээ.

Уг хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авсны дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбарыг авч холбогдох ажиллагааг хийсэн байх тул анхан шатны шүүх хариуцагчийг сольсон захирамжийг гаргаагүй  нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд нөлөөлөх зөрчил гэж үзэхээргүй байна.

Мөн Б.Б-гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0423 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Дээрх магадлалд дурдсан ажиллагааг хийж холбогдох баримтуудыг цуглуулах явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасныг уг зөвлөл хянан үзээд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 140 дүгээр албан бичгээр “...Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар ажлын байрны чиг үүрэг нь орон нутгийн өмчийн газарт шилжсэнтэй холбогдуулан Б.Б-г танай газрын мэдэлд шилжүүлжээ. Иймд Б.Б-г ажлын байраар хангах эсэх асуудлыг шийдвэрлэж, гомдол гаргагч болон манай зөвлөлд эргэж мэдэгдэнэ үү” хэмээн аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргад хүргүүлснийг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, уг албан бичиг нь Б.Б-г ажлын байраар хангах эсэх асуудлыг шийдвэрлэх талаар мэдэгдсэн болохоос түүнийг ажлын байраар хангуулахаар эсхүл маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн асуудал биш байна.

Харин анхан шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт маргаан бүхий актын огноог буруу бичсэн, тухайн маргаанд хамааралгүй хуулийн заалт баримталсан байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6” гэж нэмж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2” гэснийг хасч, “2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б--г Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилох” гэснийг “2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б--д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б--г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилж” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ШҮҮГЧ                                  Н.ХОНИНХҮҮ

          ШҮҮГЧ                                   Э.ЗОРИГТБААТАР

          ШҮҮГЧ                                   Ц.САЙХАНТУЯА