Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 221/2019/0011/з |
Дугаар | 336 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 336
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
ХХЗХ-нд холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,
Нэхэмжлэлийн шаардлага: “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага"-ын 11.17 дахь “...ОСДҮЭ нь зөвхөн өөрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөмж, сурталчилгааны сувагтай байж болох бөгөөд энэхүү нөхцөл шаардлагын 7.2, 7.3, 7.24-д заасан шаардлагуудыг зөрчсөн контент нэвтрүүлэхгүй” гэж заасан заалтыг хүчингүй болгуулах”
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.3, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 11.17 дахь “...ОСДҮЭ нь зөвхөн өөрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөмж, сурталчилгааны сувагтай байж болох бөгөөд энэхүү нөхцөл шаардлагын 7.2, 7.3, 7.24-д заасан шаардлагуудыг зөрчсөн контент нэвтрүүлэхгүй” гэж заасан заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдол
2. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, өмгөөлөгч Д.Х бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. Шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Шүүхээс “...өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 11.17-д заасан “...суваг...” гэх үгийг тус нөхцөл, шаардлагын 3.1.2, 3.2-т тодорхойлон заасан “суваг” гэсэн ойлголттой шууд адилтган үзэх боломжгүй, 11.17-д заасан “...суваг...” нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулах үйлчилгээ биш байна... 11.17-д заасан “суваг”-ийг олон нийтэд хүргэхэд тусгайлан тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байх тул энэхүү зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй” гэсэн нь үндэслэлгүй.
3. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг..”, мөн зүйлийн 3.1.2-т “...тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг...”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “...энэ хуульд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ.”, 15.16-д “...мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах, харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх, контентийн үйлчилгээ эрхлэх...” гэж тус тус заасны дагуу өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу авч, тусгай зөвшөөрөл эзэмшигч болдог. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 11.16-д “...Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өргөн нэвтрүүлгийн телевиз, радио сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшихгүй бөгөөд бусдын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан зар сурталчилгааг аливаа хэлбэрээр дамжуулах, байршуулахыг хориглоно” гэж заасан.
4. Гэтэл “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 11 дүгээр зүйлийн 11.17-д “...Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь зөвхөн өөрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөмж, сурталчилгааны сувагтай байж болох бөгөөд энэхүү нөхцөл шаардлагын 7.2, 7.3. 7.24-д заасан шаардлагуудыг зөрчсөн контент нэвтрүүлэхгүй” гэж заасан нь журмын 11.16 дахь заалттай зөрчилдөхийн зэрэгцээ, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулах үйл ажиллагааг үгүйсгэсэн, хууль зөрчсөн дээрх заалт “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-д тусгагдсан байна. “Өргөн нэвтрүүлгийн нөхцөл шаардлага”-ын 3.1.2, 3.2-т ...“суваг” гэж хөтөлбөрөө олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр гэрээний үндсэн дээр дамжуулан олон нийтэд хүргэх үйлчилгээг хэлнэ”, 3.1.9-д ...”хөтөлбөр” гэж бүх төрлийн нэвтрүүлгийг радио, телевиз, сувгаар дамжуулахаар хуваарьт оруулсныг хэлнэ”, 3.1.8-д ...“нэвтрүүлэг” гэж радио, телевизээр дамжуулах зориулалтаар бэлтгэсэн бүх төрлийн контентийг хэлнэ”, 3.1.7-д ...”контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж буй тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасан бүтээлийг хэлнэ” гэж тус тус заасны дагуу журмын 11.17-д заасан “...суваг...” нь харилцаа холбооны сүлжээгээр дамжуулж тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ, мэдээллийн электрон хэлбэрт хувирган олон нийтэд дамжуулж байгаа нь Аж ахуйн ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.3-т заасан контентийн үйлчилгээнд хамаарч тусгай зөвшөөрөлтэй, эрхлэх үйлчилгээ мөн байтал шүүх биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
5. Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь утастай, утасгүй сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг гэрээний үндсэн дээр хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ байтал дэргэдээ бие даасан сувгийг ажиллуулж, суваг эзэмшиж байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.16.3 дахь заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 15 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 11.16-д “...Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өргөн нэвтрүүлгийн телевиз, радио сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшихгүй бөгөөд бусдын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан зар сурталчилгааг аливаа хэлбэрээр дамжуулах, байршуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.
6. Хоёр. “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын 11.17 дахь заалт нь “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тухайд:
“М” ХХК нь Харилцаа холбооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Радио долгионы тухай хуулиуд, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын дагуу баримт бичгээ бүрдүүлэн хүсэлт гаргаж, тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгчийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ байтал өөрөө суваг эзэмшиж, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сувгуудтай өрсөлдөх байдлаар үйл ажиллагаа явуулж, киноны зар сурталчилгаа цацаж, худалдан борлуулж, түүгээрээ дамжуулан ашиг олж байгаа нь тусгай зөвшөөрөлтэй сувгуудын тухайлбал, “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
7. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
8. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16-ийн дагуу мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч нь тусгай зөвшөөрөл авах үүрэгтэй бөгөөд энэхүү үйл ажиллагаа буюу үйлчилгээний төрөл, шаардлага, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл зэргийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-аар /цаашид “Шаардлага” гэх/ нарийвчлан зохицуулжээ.
9. Уг Шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан “хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний акт” байна.
10. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын 3.1.2-т заасан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ” гэдэгт “тоон телевизийн газрын сүлжээний үйлчилгээ”, “телевиз, радиогийн үйлчилгээ”, “олон суваг дамжуулах үйлчилгээ” гэсэн гурван төрлийн үйл ажиллагаа хамаарч байгаа бөгөөд эдгээрийг эрхлэхийн тулд дээр дурдсан хуулийн дагуу тус бүртээ аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахаар байна.
11. Шаардлагын 3.1.2.2-т “Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ” гэж утастай, утасгүй сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр хүргэх үйлчилгээг”, 3.1.2.3-т “Телевиз, радиогийн үйлчилгээ” гэж хөтөлбөрөө гэрээний үндсэн дээр тоон телевизийн газрын сүлжээ болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэх, ашгийн болон ашгийн бус дараах телевиз, радиогийн үйлчилгээг хэлнэ” гээд үүнд: 3.1.2.3.1 “Өргөн нэвтрүүлгийн телевиз”, 3.1.2.3.2 “Суваг”, 3.1.2.3.3 “Радио” гэсэн үйлчилгээний төрлийг хамруулжээ.
12. Энэхүү Шаардлагын 3.1.2.3.2-т заасан “Суваг” гэдэг нь “Телевиз, радиогийн үйлчилгээ” эрхлэгчийн үйл ажиллагааны /үйлчилгээний/ нэг төрлийг хэлэх бөгөөд үүнийг маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт буюу Шаардлагын зохицуулалт болох 11.17-д заасан “суваг” гэх үгтэй адилтган хэрэглэх боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
13. Тодруулбал, 11.17-д заасан “суваг”-ийн зорилго нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь зөвхөн өөрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөмж, сурталчилгааг хэрэглэгчдэд хүргэхэд чиглэгдсэн /ашиг орлого олох зорилгогүй/-ээс бус өөрийн болон бусдын бэлтгэсэн хөтөлбөрийг дамжуулах зорилгогүй, харин Шаардлагын 3.1.2.3.2-т заасан “Суваг” гэж “хөтөлбөрөө олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр гэрээний үндсэн дээр дамжуулан олон нийтэд хүргэх үйлчилгээ” буюу “телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэгч этгээдээс өөрийн бэлтгэсэн контент буюу нэвтрүүлгээс бүрдэх бие даасан хөтөлбөрийг олон нийтэд хүргэдэг суваг” юм, иймд Шаардлагын 11.17-д заасан “суваг” нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.3-т заасан “контентийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулах үйлчилгээ биш юм.
14. Мөн Шаардлагын 11.16-д “Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь өргөн нэвтрүүлгийн телевиз, радио сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшихгүй бөгөөд бусдын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилсан зар сурталчилгааг аливаа хэлбэрээр дамжуулах, байршуулахыг хориглоно” гэсэн нь 11.17-д “Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь зөвхөн өөрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, заавар зөвлөмж, сурталчилгааны сувагтай байж болох бөгөөд...” гэсэн нь хоорондоо зөрчилдсөн гэж үзэхгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 2-6-д заасан “олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь бие даасан суваг эзэмшиж байгаа нь Шаардлагын 11.16-тай зөрчилдөж байгаа, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.3-г зөрчсөн, манай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэх агуулгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
15. Харин давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч нараас Шаардлагын 11.17-г зөрчиж “зөвхөн өөрийн үйл ажиллагаагаа сурталчлах зорилготой сувгаар бусдын зар сурталчилгааг явуулж, хууль бусаар ашиг орлого олж байгаа, үүний улмаас нэхэмжлэгчийн зах зээлд шударга өрсөлдөх зэрэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзвэл тухайн асуудлаар тусдаа маргаан үүсгэж шийдвэрлүүлэх боломжтой буюу маргаж буй хэм хэмжээний актын заалтад хамааралгүй байна.
16. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2019/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ