| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Ариунболд |
| Хэргийн индекс | 192/2025/06107/И |
| Дугаар | 192/ШШ2025/05996 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/05996
| 2025 07 25 | 192/ШШ2025/05996 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 байр, 60 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нэмүт групп, 201 тоот хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох,
2023 оны 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* би 2023 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ******* ******* ******* ХХК-д холбогдох өмгөөлөгчийн туслахаар ажилд орсон бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш харилцан тохиролцон байгуулсан гэрээний үндсэн дээр цалин хөлсөө авч ирсэн. Гэвч тухайн цаг үед хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгэж байгаа гэж ойлгож байсан боловч тухайн цаг үед нийгмийн даатгалын бичилт огт хийгдээгүйг сая олж мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч ажилтан нар нь хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бол нийгмийн даатгалын бичилт хийлгэх үүрэгтэй байдаг. Энэхүү нийгмийн даатгалын бичилт хийгдээгүйн улмаас бидэнд хохиролтой байна. Учир нь залуучууд бидэнд тохиолдож буй асуудлууд нь зээл авч болохгүй мөн ипотекийн зээл хамрагдах нөхцөл байдалд хүндрэл гарч төрийн бусад байгууллагаар үйлчлүүлэх зэрэг асуудлууд тулгарч байна. Иймд хариуцагчид 2023 оны 9 болон 10-р сарын нийгмийн даатгалын бичилт нөхөн бичүүлэхийг даалгаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Замэндий шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхэд татгалзах зүйлгүй болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 2023 оны 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн баталгаажилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн баталгаажилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.
Иймд М.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох, 2023 оны 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар М.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХХК-д холбогдох, 2023 оны 9, 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данс /100200100941/-аас 35,100 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-ээс 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД