| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2017/0183/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Г даргалж
Улсын яллагч: М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Я.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Яийн Эд холбогдох 1702000350046 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,, суманд төрсөн, галын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүд, ач, зээ нарын хамт ,,оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байхаагүй гэх М овогт Яийн Э/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Я.Э нь 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Дунд нүүр гэх газарт “Улз групп” ХХК-ийн MV-0204442 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд, лиценз эзэмшигчтэй хийсэн гэрээ баримтгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагааг явуулж газрын 832 м/кв талбай буюу 0.08 га газарт эвдрэл үүсгэн 802.532 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 1702000350046 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч М.Тын өгсөн:
“...Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 06/5515 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг төлөөлөн танайд шалгагдаж буй хэрэг бүртгэлийн 170200035 дугаартай хэрэгт хохирогчоор оролцож эрх эдлэн, үүрэг хүлээж байна.
Оролцогчийн хувьд Нуман алтай ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан, нэмэлт санал хүсэлт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учирсан экологийн хохирол 802.532 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 1.233.093 төгрөг нийт 2.035.625 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа болно. Шинжээчийн дүгнэлт, өөрт байгаа зарим баримт материалыг харахад Я.Э, Т нартай холбоотой уг газарт олборлолт явуулсан асуудлын хувьд 1-рт одоо MV-020442 дугаарын лиценз эзэмшигч Улз групп ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай дотор үйл ажиллагаа явагдсан байна, 2-рт компани нэгэнт гомдол санал гаргаагүй, санал хүсэлт байхгүй тохиолдолд хэргийг хялбаршуулан шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй гэж мэдүүлэх байна..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар тал/,
* Гэрч Б.Бийн өгсөн:
“...Манай байгууллага Архангай аймгийн Цэнхэр сумын “Дунд нуур” гэх газарт ашиглалтын 20442 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайг 2015 оноос хойш эзэмшиж байгаа. Уг талбайг 2016 оны 03 дугаар сард тус талбайд ажил гүйцэтгүүлэхээр/алт олборлохоор/ Булган майнинг ХХК-тай гэрээ байгуулж ажиллуулсан. Тухайн үед Булган майнинг ХХК нь ажил хийхгүй байж байгаад 8 сарын сүүлээс 10 дугаар сарын эх хүртэл ажиллаад зогссон. Бусад үед нь олборлолтын ажил явагдаагүй зогсонги байдалтай байсан. Булган майнинг ХХК нь гэрээнд заагдсан ажлаа бүрэн хийж гүйцэтгэж чадахгүй байсан болохоор 2017 оны 03 дугаар сарын сард тус байгууллагатай дахин хамтран ажиллахаас татгалзаж “Улз групп”-тай хамтран ажиллах гэрээг шинээр байгуулан ажилласан. “Улз гол” ХХК нь техник хүчин чадлын хувьд манай байгууллагын шаардлагад хүрч байсан болохоор тус байгууллагыг сонгосон. Ингээд ажил хэвийн явагдаж байхад 2017 оны 07 дугаар сарын эхээр “Улз групп”-ээс “...Манай 2 байгууллага хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Тус гэрээнд заагдсан талбай дээр Э, Т гэгч хүмүүс ирээд ажиллаад байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн утга бүхий албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу манай байгууллагын зүгээс уг асуудлыг шалгах комисс байгуулж газар дээр нь очиж “Газар чөлөөлж өгөх тухай” албан мэдэгдэл өгсөн боловч тухайн үед бидний үйлдлийг үл тоож ажлаа үргэлжүүлэн явуулсаар байсан. Ийм учраас манай байгууллагын зүгээс энэ асуудлыг хууль дүрмын дагуу шийдвэрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан. Үүнээс хойш буюу 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан ашиглалтын №20442 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайг “Улз групп”-рүү албан ёсоор шилжүүлсэн байгаа. Тусгай зөвшөөрлийн нэр нь ч гэсэн солигдож “Улз групп”-ийн нэр дээр бүртгэгдсэн. Тухайн үед талбай дээр Э, Т гэдэг хүмүүс ажиллаж байсан гэж талбай дээр нь манай байгууллагаас очиж ажилласан комиссын ахлагч надад мэдээлсэн. 2015 оноос өмнө манай байгууллагад шилжиж ирэхээс өмнө Алтандорнод ХХК-ийн эзэмшлийн талбай байсан. Одоо бол Алтандорнод ХХК нь ямарч оролцоо байхгүй. 2015 оноос хойш манай мэдэлд ирсэн бөгөөд Алтандорнод ХХК нь манай байгууллагын хувьцаа эзэмшигч биш, огт хамааралгүй болсон. Харин одоо уг талбайн эзэмшигч нь “Улз групп”-нх болсон учраас тухайн байгууллагын хариуцсан ажилтнаас тодруулж асуусан нь илүү үр дүнтэй байх гэж үзэж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-100 дугаар тал/
* Гэрч Ц.Оы өгсөн:
“...Манай байгууллага Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах “Дунд нуур”/дунд нүүр ч гэж ярьдаг, тусгай зөвшөөрөл дээр “Өлийн гол гэж бүртгэгдсэн байна лээ. Энэ бүгд нэг газар юм/ гэх газар байрлалтай MV-020442 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 484 дугаартай шийдвэрээр Б.Б захиралтай “Батбродерс” ХХК-наас шилжүүлэн авч өөрийн байгууллагын нэр бүртгүүлсэн. Манай байгууллага шилжүүлэн авахаас өмнө буюу 2017 оны 5, 6 дугаар сараас хойш MV-020442 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд Э, Т нар бүлэглэн талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулж байсан учраас 2017 оны 07 дугаар сард “Батбродерс” ХХК-наас гомдол гаргаж хуулийн байгууллагад хүргүүлсэн байсан. Э, Т нар нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож тухайн талбайгаас нүүж явсан. Дээрх бүлэг этгээдүүдийн хууль бусаар ашигт малтмал олборлож ойролцоогоор 2 га талбайг эвдэж сүйтгэсэн. Тухайн үед 2017 оны 08 дугаар сарын 02-ны үед очсон шинжээчийн багийн авсан хэмжилт хийсэн талбайг бодвол одоо ихэссэн байгаа. Манай байгууллага болон өмнө нь байсан Б.Б захиралтай “Батбродерс” ХХК-наас гэрээ хийж зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Тухайн талбайд олборолт хийхээр орохдоо ч ямар нэгэн зөвшөөрөл авч байгаагүй, илт хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа. 2017 оны 08 дугаар сард уг талбайг албан ёсоор өөрийн мэдэлд авсанаас хойш мэдэгдэх хуудас өгч байсан боловч тухайн үед бидний шаардлагыг үл тоон үйл ажиллагаагаа явуулсаар байсан. Одоогийн байдлаар хэдийгээр үйл ажиллагаа нь зогссон ч талбайн эвдрэл ихтэй, нөхөн сэргээлт хийлгүй орхиж явсан байна. Уг талбайд ажиллаж байхдаа Э, Т нар нь Хово 3 ширхэг, Ковш 2 ширхэг, маяти 3 ширхэг, усан буу 1 ширхэгтэй нийт 25-30 орчим ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Манай байгууллагын зүгээс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн албан шаардлагад 7 хоногийн хугацаанд талбайг чөлөөлөх талаар хугацааг зааж өгөхөд Э, Т нар нь тухайн хугацаанд нүүж явсан учраас ямар нэгэн байдлаар гаргасан гомдол санал байхгүй. Тиймээс Э, Т нарт манай байгууллагаас хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлаар гаргасан санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 101-103 дугаар тал/
* Гэрч Л.Жийн өгсөн:
“...Би Булган майнинг ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд үүсгэн байгуулагч. Манай компани 2016.03.11-ний өдөр 16/05 дугаартай гэрээг MV-020442 дугаартай лицензийн эзэмшигч Батбродерс ХХК-тай байгуулсан ба гол заалт нь тухайн талбайд алт олборлох үйл ажиллагааг явуулж үндсэн нөөцийн 30 хувь буюу 7.3 тэрбум төгрөгийг Батбродерс ХХК-нд төлөхөөр, хугацааны хувьд олборлолт явж дуусах хүртэл гэж заасан ба төлбөрийг төлөөд, нөхөн сэргээлт, үндсэн нөөц дуусаад лиценз манайд шилжихээр тохирч гэрээг би захирал Г.Наар компанийг төлөөлүүлэн хийлгэсэн. Уг гэрээг хийгээд ажиллах гэтэл уулын нөхцөл хүнд, хөлдүү цэвдэгтэй бйасан учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж алт олборлон Батбродерс ХХК-нд мөнгийг шилжүүлэн өгөх боломжгүй болсон. Ингээд энэ байдлын талаар Батбродерс ХХК болон Улз групп ХХК-тай би очиж уулзан учир байдлыг хэлэлцээд 2017.03.24-ний өдөр г-2/18 дугаартай гэрээг Булган майнинг ХХК, Батбродерс ХХК, Улз групп ХХК-ийн гурвалсан гэрээг байгуулан гол заалт нь мөн ТЭЗҮ-д тусгагдсан нөхцөлийн дагуу алт олборлох үйл ажиллагаа явуулах ба Улз групп ХХК олборлолтын үйл ажиллагаанд бүхий л тэрэг техникээр туслалцаа үзүүлэн дэмжин оролцох, 2016.03.11-ний өдөр 16/05 дугаартай гэрээг хүчингүй болсонд тооцох тухай заалтууд орсон. Улмаар дээрх лицензийг Батбродерс ХХК-аас Улз групп ХХК-нд шилжүүлсэн байсан. Миний хувьд Я.Эг Алтандорнод Монгол ХХК-нд байх үеэс хамт ажиллаж байсан учраас сайн танина. Харин Ж.Т гэж хүнийг нэг удаа зүс харсан танихгүй. 2017 оны 05 сарын эхээр Я.Э надтай ирж уулзсан “ажлаасаа халагдчихлаа амьдрал хүнд байна, Дунд нүүр дээр ажиллаж эфель гааль угааж нөхөн сэргээлт хийх гэсэн юм боломж байна уу” гэж асууж байсан ингээд би Я.Эд “Алтандорнод Монгол ХХК-ийн удирдлагуудтай уулзаарай, ер нь бол Улз гол ХХК-руу гэрээ хийгдэж, шилжиж байгаа юм байна лээ би энэ талаар сайн мэдэхгүй шүү” гэж хэлсэн. Тэрнээс биш Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт Дунд нүүр гэх газарт байршилтай MV-020442 дугаартай лицензийн талбайд Я.Эг орж алт олборлоорой гэж амаар зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. Би Я.Эд “наад Дунд нүүр чинь хөлдүү газартай хэцүүдээ, янз бүрийн уурхайнууд ороод эвдэгдсэн газар ихтэй, та өөрөө л мэд таньд би үгүй гэхгүй, гэхдээ та тэндээс юм олохгүй шүү” гэж хэлсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-106 дугаар тал/
* Гэрч Ж.Тийн өгсөн:
“... Манай найз Э нь Алтандорнодын Ж гэдэг хүнтэй ярьчихсан, хоёулаа хэдэн түрээсийн техник аваад Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Дунд нүүр гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулахуу гэхээр нь 2017 оны 07 сарын 09-нд 2 Ковш, 4 Хово, 2 Эксковатортой ирээд байж байна, энд ирснээс хойш урьд угаадсан байсан эфель, гаалийг 2 хоног угааж үзэж байтал аймгийн мэргэжлийн хяналт, Байгаль орчны газраас нь хүмүүс ирээд лацдаад явчихсан. Тэгээд ганц нэг газраас буюу доод хэсгээс шороо татаж угааж үзсэн. Ингээд байж байтал “Улз гол” ХХК-ийн хамгаалалтын албаны хүмүүс ирээд манай ажиллаж байгаа газар манай компанийн нэр дээр шилжсэн та нар ажиллаж болохгүй гэсэн. Тэгэхээр нь Э бид хоёр очиж уулзаад техник хэрэгсэл эвдэрчихсэн байна засаж янзлаад танай талбайгаас гарна гэдгээ “Улз гол” ХХК-ийн уурхай хариуцсан дарга Б гэдэг хүнд хэлсэн. Байрлаж байгаа гэрүүдээс урагшаа харалдаа 2 газраас шороо авч угааж үзсэн өөр ажил хийж байгаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 дугаар тал/
* Гэрч Ж.Тийн дахин өгсөн:
“...Хово маркийн 09-12 АРХ, Хово маркийн 09-11 АРХ, “ROBEX 3000LC-7” маркийн 77-85 УН улсын дугаартай экскватор миний эзэмлийнх. Хово маркийн 68-99 АРХ улсын дугаартай машин Жийн Т/98748000/, “HYUNDAI 480LC” маркийн шар өнгийн экскватор Н/99119867/, “LW500FN” маркийн 52-47 УН улсын дугаартай Ковш Т /99065410/, “LW500FN” маркийн дугааргүй Ковш Мийгаа /91685656/, ПАМ маркийн 86-61 УНТ улсын дугаартай Самсволь машин Ч/99031448/ гэдэг хүмүүсийн түрээсийн теник хэрэгслүүд. Бид нарын хооронд ямар нэгэн түрээсийн гэрээ байхгүй амаар хоорондоо тохиролцсон. Найз Я.Э нь хуучин “Алтандорнод” ХХК-нд сүүлийн 10-аад жил харуул хамгаалалт хариуцан ажиллаж байсан. Э тус компанийн хуучин эфель, гаалийг угааж ашиглая тусгай зөвшөөрөлтэй гэж санал тавьсан. Би өөр нарийн учрыг мэдээгүй Эг “Алтандорнод” ХХК-тай харилцан тохиролцож ажиллаж байгаа гэж ойлгосон ... гэх мэдүүлэг /хх-ийн 230 дугаар тал/
* Гэрч А.Бын өгсөн:
“...Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Дунд нүүр гэх газарт урьд өмнө Алтандорнод Монгол ХХК-ийн мэдэлд байхдаа MV-0120004 дугаартай байсан лицензийг, урт нэртэй хуулийн хязгаарлалтын бүсээс хасуулаад үлдсэн газарт нь MV-020442 гэсэн шинэ дугаартайгаар Батбродерс ХХК-нд шилжүүлсэн байсан. Уг лицензийг манайхаас шилжүүлэн авах гэрээ, ажил явагдаж байсан цагт гомдлыг гаргах болсон. Учир нь манай авах гэж байгаа лицензийн талбайд хэсэг хүмүүс тэрэг, техниктэйгээ байгаад байсанд гомдол гаргасан болно. Үүнийг цагдаагаас холбогдох журмын дагуу шалгасан байх. Гомдол гаргасныхаа дараа би 2017.08.16-ны орчим байхаа Цэнхэр сумын Орхон багт байгаа кемп дээрээ очсон ба тэдгээр хүмүүсийг дуудуулж уулзсан. Ингэхэд Э ирж уулзаад би “лиценз манайд шилжсэн учраас талбайг хурдан чөлөөлнө үү хэрэв талбай даруй чөлөөлөх юм бол Улз групп ХХК-ийн зүгээс цагдаад гаргасан гомдлоо татаж аваад, манайх ямар нэг гомдол, мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй нөхөн сэргээлтээ бид 100% өөрсдөө хариуцах болно” гэж хэлсэн. Ингээд Э заасан хугацаанд талбайг бүрэн чөлөөлж нүүсэн болно. Манайх уг Өлийн гол-1 нэртэй MV-020442 дугаартай лицензийн албан ёсны эзэмшигчээр 2017.08.09-нд бүртгэгдсэн. Би Улз групп ХХК-ийн Ерөнхий захирлын хувьд анхнаасаа гомдол гаргасан, уг асуудлыг шалгуулсан, одоо кампанийг төлөөлөн эцсийн шийдвэр гаргах эрхтэй нь хувьд гомдол саналгүй, нөхөн сэргээлийг өөрсдөө хийх болно, нэхэмжлэх зүйлгүй болно... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165 дугаар тал/
* Гэрч С.Мийн өгсөн:
“...Би Э, Т нарыг огт танихгүй. Улаанбаатар хотод байж байтал 2017 оны 07 сард миний нэг танил ах “Архангайд ажил байна, чи Ковшоо авч яваад ажиллах уу, албан ёсны зөвшөөрөлтэй ажил юм байна гэж хэлсэн тэгээд хүнтэй нь уулзахаар болоод Тийн дүү гээд нэг хүнтэй уулзаж ажиллахаар тохирсон. 2017.07.08-нд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Дунд нүүр гэх газарт очсон. Би өөрийн өмчлөлийн 01-86 УБ дугаарын авто ачигч буюу Ковшоо авч очсон. Миний Ковш бол 2012 оны БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, ҮЕ94400С9013945 арлын дугаартай, 2012-08 сард орж ирсэн ба би хүнээс 2015 онд 107 сая төгрөгөөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлсэн. Ттай тохирохдоо амаар ярьсан ба бичгийн гэрээ хийгээгүй, сарын 12 сая төгрөг авахаар тохирч шатахуунаа Т даахаар болсон. Урьдчилгаа 3 сая төгрөг авсан байсан. Очиход ажил нь эхлээгүй эвдрэл гэмтэл гараад зогсонги байсан. Амалсан цалингаа өгөөгүй болохоор нь би дээрх Ковшоо аваад буцсан. Тийн найз гээд Э гэж ах ирж байсан гэхдээ надтай харьцаж байгаагүй. Т ах хэлэхдээ “хүний урьд өмнө угааж эвдсэн талбайд орж дахин угаах л гэж байгаа, албан ёсны зөвшөөрөлтэй” гэж хэлсэн. Ямар ч байсан би өөрийн өмчөө авч очоод тохирсон цалин хөлс авч ажиллахаар очсон урьдчилгаанаас өөр цалин өгөхгүй үйл ажиллагаа нь зогсоод байхаар нь би буцаад Ковшоо аваад явсан. Миний Ковшийг битүүмжилсэн талаар би мэдээгүй. Намайг “Мийгаа” гэж дууддаг. Би тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуулбарлан мэдүүлэгт хавсаргуулж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 227-228 дугаар тал/
* Яллагдагч Я.Эгийн өгсөн:
“...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, экологийн хохирол тогтоосон 802.532 төгрөг, нөхөн сэргээлтийн зардлын дүн зэргийг хүлээн зөвшөөрч байна. Улз ХХК-ийн хамгаалалтын хүмүүс 2017.07.20-ны орчимд ирээд “Улз-д шилжсэн учраас танайх нүүгээрэй гэсэн шаардлага” тавьсан. Үүний дагуу би нэгэнт тийм бол дарга нартай нь уулзаж асуудлыг шийднэ гээд Батбродерс ХХК-ийн захирал Бтой очиж уулзсан. Б “Тиймээ энэ лиценз нь Улз ХХК-руу шилжсэн байгаа, одоо нэгэнт лиценз шилжсэн юм чинь та гарчихаа” гэж хэлсэн. Улмаар би буцаж очоод байж байтал Улз групп ХХК-ийн ерөнхий захирал Бтой 2017.08.10-ны орчимд Архангай аймгийн Цэнхэр суманд ирж уулзсан “Дунд нүүр дэх энэ талбай нэгэнт манайд шилжсэн учраас та нар гарчихаа, мөрдөн байцаахад гомдол гаргасан асуудлаа бид татчихна ингээд асуудлаа шийдэх үү” гэж хэлсэн. Үүний дагуу манайх талбайг чөлөөлөөд тэрэг техникээ аваад нүүсэн. Анх энэ асуудал яаж үүссэн гэхээр би Алтандорнод Монгол ХХК-ийн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт байршилтай Өлзий тээл баазад харуул хамгаалалт хариуцаж 10 гаруй жил ажилласан бөгөөд тухайн лиценз нь өөр компанид шилжсэнтэй холбоотойгоор 2017 оны 04 сараас ажилгүй болсон. Нэгэнт энэ компанид ажиллаж байсан болохоор өөрийн дуулсан мэдсэн асуудлаас үүдээд Ттай очиж уулзаж ятгаад хамтран ажиллахаар болсон. Т бол өөрийн техник байхгүй хотоос УБ дугаартай машин техник түрээслэн авч ирээд Монгол газрын талбайд ажиллах гэрээ байгуулсан боловч солбицол давхацсан тул ажиллаж чадахгүй байсан. Ингээд бид 2017.07.09-нд Дунд нүүрт бууж кемпээ зассан, 4-5 гэр, 2 вагончик буулгасан, 40 мот/цагтай 1 ширхэг скрубер, өмнө битүүмжлүүлсэн тэрэг техникийн хамт төвлөрүүлсэн. Нэг Экскаватороор сүүлд хэргийн газрын үзлэг хийгээд байсан. Усан буугаа хуучин суурин дээр байрлуулж шороогоо буудах усаа шийдэх хэрэгтэй байсан. Ойрхон байсан нэг нуураас усаа насосоор татаж ус нь цаанаасаа тэжээгдэл байхгүй учраас лаг болоод байсан. Ажилчдын хувьд 20 орчим хүн байсан, бид бүртгэж аваагүй бөгөөд оюутан, малчин гээд янз бүрийн хүмүүс байсан, би тэдгээр хүмүүсийг танихгүй. Тэгээд Улзынхан ирж зогсоогоод Б захирал ирж уулзаад л гарцгаасан. Тэгээд Т ч өөрөө ажлаа бодоод тарсан би ч салаад явсан ийм л асуудал болсон. Бид ямар нэг ашиг олсон асуудал байхгүй. Т энэ хэрэгт огт хамааралгүй гэдгийг хэлэх байна. Хариуцлага хүлээвэл би дангаараа хариуцлага хүлээх учиртай юм аа, харин хэргийн хохирол 802.532 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 1.233.093 гээд нийт 2.035.625 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хохирлыг хохирогчоос нэхэмжилсэн хэмжээнд 2017 оны 11 сард багтаан төлж барагдуулахаа илэрхийлж байна. Мөн шинжээчийн ажлын зардал болох 3.000.000 төгрөгийг төлж барагдуулах болно. Харин нөхөн сэргээлтийн 1.233.093 төгрөгийн хувьд лиценз эзэмшигч Улз групп ХХК нь Ашигт малтмалын хуульд зааснаар нөхөн сэргээлийн эцсийн хариуцлага хүлээж өөрийн зардлаар нөхөн сэргээдэг үүрэгтэй. Улз групп ХХК-ийн ерөнхий захирал Б нөхөн сэргээлтийн зардлыг 100% хариуцна гэж байгаа тул уг зардлыг хасаж тооцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Нэгэнт гэм буруу, хохирлын талаар маргаангүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу цаашид өөрийн сайн дураар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, хувийг нь хэрэгт хавсаргуулахаар өгч байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-150 дугаар тал/
* Гэрч Т.Нийн өгсөн:
“...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилсэн “HYUNDAI 480LC3 маркийн шар өнгийн экскаватор нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Улсын дугаар гэрчилгээг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авч 4710УН гэсэн улсын дугаар авсан. Энэ техник нь 2010 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр орж ирсэн. Одоо энэ техник Ж.Тт байгаа. Надаас худалдаж авна, хэрвээ авч чадахгүй бол түрээслэнэ гэж хэлээд аваад явсан. Гэрчилгээ нь миний нэр дээр байгаа. Битүүүмжилсэн талаар би огт мэдээгүй. Таныг дуудсанаар ирж битүүмжилэгдсэн байдлыг мэдлээ. Анх 2017 оны 04 сард гаалиар техникээ оруулж ирсэнээс хойш 1 сар өнгөрч байхад Ж.Т миний энэ техникээ өгөөд жил гаран болчихсон болохоор техникээ буцааж авахгүйгээр мөнгөө авна гэсэн бодолтой байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 5-6 дугаар тал/
* Гэрч Ж.Тын өгсөн:
“...Я.Э ах надтай утсаар яриад манай уурхайд машин түрээслэх хэрэгтэй байгаа, сар нь 7 сая төгрөгөөр түрээслэнэ гэхээр нь Я.Э ахын ажиллуулсан уурхайд түрээсээр явуулахаар өөрийнхөө өмчлөлийн 68-99 АРХ улсын дугаартай, улаан өнгийн Хово маркийн авто машинаа өгч явуулсан. Уурхай нь ажиллахгүй шалгалт ирж уурхайн үйл ажиллагааг зогсоосон гэхээр нь машинаа авсан. Ер нь бол уурхайд 7-8 хоног ажиллаад ажиллахгүй 4-5 хоног сул зогсохоор нь машинаа авсан. Машин түрээсээр явуулсан талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ярилцаж тохироод л явуулсан. Харин би өөрөө уурхайд очиж ажиллаагүй, мөн би өөрөө ямар нэгэн уурхайн үйл ажиллагаа явуулаагүй. Дээрх машин нь миний өөрийн нэр дээр байдаг миний өөрийн хувийн өмчлөлийн авто машин, одоо машин Архангай аймгийн Цэнхэр суманд манай хашаанд байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 7-8 дугаар тал/
* Гэрч Ж.Тын өгсөн:
“...”Wheel loader3 LW500F” маркийн, шар өнгийн 52-47 УН улсын дугаартай авто ачигч нь миний эзэмшлийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Одоо энэ тээврийн хэрэгсэл надад байгаа. Гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Битүүмжилсэн талаар би төрсөн ах Ж.Таас мэдсэн. Ах Ж.Т санал болгохоор нь би техникээ өөрөө хүргэж өгчихөөд явсан. Би тэнд ажиллаагүй. Энэ тээврийн хэрэгслийг би Больсолийн Батчулуунаас худалдаж авсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь шилжүүлж аваагүй байгаа. Одоо энэ тээврийн хэрэгсэл надад байгаа... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-10 дугаар тал/
* Шинжээч Л.Бийн өгсөн:
“...Мөрдөгч намайг нэр зааж шинжээч томилон уг хэрэгт шинжээчээр ажиллахыг даалгасан. Миний бие нь уг хэрэгт шинжээчээр ажиллахад ямар нэгэн харшлах шалгаан болон хувийн сонирхол байхгүй. Надад эрх үүрэг, шинжээч зориуд худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлагын талаар тайлбарлан урьдчилан сануулсан тул би харшлах шалгаан байхгүй учраас шинжээчээр ажиллахыг зөвшөөрч тухайн дүгнэлтийг гаргасан. №1/13 дугаартай шинжээчийн дүгнэлтийн уриртгал хэсэгт А.Ц гэж андуурагдан бичигджээ. Энэ бол бичиг хэргийн техникийн алдаа байна. Би өөрөө уг дүгнэлтийг шивсэн. Шивэхдээ алдаж шивсэн байна. Энэ хэрэгт А.Цэнд-Аюуш биш, миний бие шинжээчээр ажилласан. Миний бие байгаль ашиглалт, хяналт үнэлгээний чиглэлээр мэргэшиж, одоогоор 3 дахь жилдээ ажиллаж байна. Миний дүгнэлтээр 802.532 төгрөг бол бодит учирсан хохирол. Энэ хохирлыг үндэслэн эрүүгийн хэргийг зүйлчлэх байх. Харин нөхөн төлүүлэх асуудал бол тусдаа асуудал. Байгал хамгаалах тухай хуулийн 49.1 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөрийг учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлж төлүүлэх журамтай. Энэ байдлыг хохирогч М.Т мэдүүлсэн юм шиг байна... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-13 дугаар тал/
* Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №1/13 дугаартай дүгнэлтэнд:
“...Иргэн Я.Эгийн үйл ажиллагааны улмаас 832м2 буюу 0.08 га талбай эвдрэлд орсон байна. Эвдрэлд орсон талбайд 3 ш ухаш үүссэн байна. Тус эвдрэлд орсон талбай нь урьд өмнө гар аргаар алт олборлогчид эвдэж сүйтгэсэн байсан газар болно. Уг талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг хориглох тухай хуулийн хамгаалалтын бүсэд хамаарахгүй байна. Тус эвдрэлд оруулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийгээгүй байсан. Тус талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар тооцож үзэхэд 802.532 төгрөг болж байна. Нөхөн сэргээх ажлын зардал нь 2010 оны 05 сарын 17-ны өдрийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын А-132/112 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал”-ын дагуу тооцоход 1.233.093 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар тал/
* Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 17-64 дүгээр тал/
* Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /2-р хх-ийн 71-80 дугаар тал/
* Батбродерс ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ерөнхий газарт гаргасан гомдол /1-р хх-ийн 6 дугаар тал/
* Ашигт малтмалын газрын ашигт малтмал ашиглалтын MV-020442 дугаартай тусгай зөвшөөрөл, хавсралтын хамт /1-р хх-ийн 13-15 дугаар тал/
* Батбродерс, Улз гол, Булган майнинг ХХК-иудын 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн г-II/18 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх-ийн 29-36 дугаар тал/
* Хэргийн газрын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 44-49 дүгээр тал/
*Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гаргасан хүсэлт/хх-ийн 34, 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Дунд нүүр гэх газарт “Улз групп” ХХК-ийн MV-0204442 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд, лиценз эзэмшигчтэй хийсэн гэрээ баримтгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагааг явуулж газрын 832 м/кв талбай буюу 0.08 га газарт эвдрэл үүсгэн 802.532 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Я.Э үйлдсэн болох нь хохирогч М.Тын“....Оролцогчийн хувьд Нуман алтай ХХК-ийн шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцсан, нэмэлт санал хүсэлт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учирсан экологийн хохирол 802.532 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал 1.233.093 төгрөг нийт 2.035.625 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа болно. Шинжээчийн дүгнэлт, өөрт байгаа зарим баримт материалыг харахад Я.Э, Т нартай холбоотой уг газарт олборлолт явуулсан асуудлын хувьд 1-рт одоо MV-020442 дугаарын лиценз эзэмшигч Улз групп ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай дотор үйл ажиллагаа явагдсан байна, 2-рт компани нэгэнт гомдол санал гаргаагүй, санал хүсэлт байхгүй тохиолдолд хэргийг хялбаршуулан шийдвэрлэхэд хохирогчийн зүгээс татгалзах зүйлгүй....” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “...2017 оны 07 дугаар сарын эхээр “Улз групп”-ээс “...Манай 2 байгууллага хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Тус гэрээнд заагдсан талбай дээр Э, Т гэгч хүмүүс ирээд ажиллаад байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн утга бүхий албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу манай байгууллагын зүгээс уг асуудлыг шалгах комисс байгуулж газар дээр нь очиж “Газар чөлөөлж өгөх тухай” албан мэдэгдэл өгсөн боловч тухайн үед бидний үйлдлийг үл тоож ажлаа үргэлжүүлэн явуулсаар байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Оы “...MV-020442 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд Э, Т нар бүлэглэн талбайд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулж байсан учраас 2017 оны 07 дугаар сард “Батбродерс” ХХК-наас гомдол гаргаж хуулийн байгууллагад хүргүүлсэн байсан. Э, Т нар нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож тухайн талбайгаас нүүж явсан Манай байгууллагын зүгээс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өгсөн албан шаардлагад 7 хоногийн хугацаанд талбайг чөлөөлөх талаар хугацааг зааж өгөхөд Э, Т нар нь тухайн хугацаанд нүүж явсан учраас ямар нэгэн байдлаар гаргасан гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг, гэрч Л.Жийн “...2017 оны 05 сарын эхээр Я.Э надтай ирж уулзсан “ажлаасаа халагдчихлаа амьдал хүнд байна, Дунд нүүр дээр ажиллаж эфель гааль угааж нөхөн сэргээлт хийх гэсэн юм боломж байна уу” гэж асууж байсан ингээд би Я.Эд “Алтандорнод Монгол ХХК-ийн удирдлагуудтай уулзаарай, ер нь бол Улз гол ХХК-руу гэрээ хийгдэж, шилжиж байгаа юм байна лээ би энэ талаар сайн мэдэхгүй шүү” гэж хэлсэн. Тэрнээс биш Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт Дунд нүүр гэх газарт байршилтай MV-020442 дугаартай лицензийн талбайд Я.Эг орж алт олборлоорой гэж амаар зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Тийн“...Манай найз Э нь Алтандорнодын Ж гэдэг хүнтэй ярьчихсан, хоёулаа хэдэн түрээсийн техник аваад Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Дунд нүүр гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулах уу гэхээр нь 2017 оны 07 сарын 09-нд 2 Ковш, 4 Хово, 2 Эксковатортой ирээд байж байна, энд ирснээс хойш урьд угаадсан байсан эфель, гаалийг 2 хоног угааж үзэж байтал аймгийн мэргэжлийн хяналт, Байгаль орчны газраас нь хүмүүс ирээд лацдаад явчихсан. Э тус компанийн хуучин эфель, гаалийг угааж ашиглая тусгай зөвшөөрөлтэй гэж санал тавьсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын “...Гомдол гаргасныхаа дараа би 2017.08.16-ны орчим байхаа Цэнхэр сумын Орхон багт очсон ба тэдгээр хүмүүсийг дуудуулж уулзсан. Ингэхэд Э ирж уулзаад би “лиценз манайд шилжсэн учраас талбайг хурдан чөлөөлнө үү хэрэв талбай даруй чөлөөлөх юм бол Улз групп ХХК-ийн зүгээс цагдаад гаргасан гомдлоо татаж аваад, манайх ямар нэг гомдол, мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй нөхөн сэргээлтээ бид 100% өөрсдөө хариуцах болно” гэж хэлсэн. Ингээд Э заасан хугацаанд талбайг бүрэн чөлөөлж нүүсэн болно...” гэх мэдүүлэг, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №1/13 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Я.Эг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 20-ны хооронд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Дунд нүүр гэх газарт “Улз групп” ХХК-ийн MV-0204442 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд, лиценз эзэмшигчтэй хийсэн гэрээ баримтгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагааг явуулж газрын хэвлийд 832 м/кв талбай буюу 0.08 га газарт эвдрэл үүсгэн 802.532 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруу хангалттай тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Я.Эг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг, хуулийн дагуу ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг, Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагааг зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулахаар Ашигт малтмалын тухай хуульд тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь, хүн хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдэл юм.
Шүүгдэгч Я.Э нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа тухай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Ж.Тт хамтран ажиллах санал тавьсан бөгөөд тусгай зөвшөөрөлгүй талаар мэдэгдээгүй болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд тухай газарт үйл ажиллагаа явуулж өөрийн болон түрээсийн техник хэрэгсэл ашигласан талаар гэрч Ж.Т мэдүүлдэг, уг үйл ажилллагааг хууль бус болохыг мэдээгүй, шүүгдэгч Я.Э нь тухай газарт үйл ажиллагаа явуулж байгаа Ж.Тийн үйл ажиллагаанд оролцоогүй гэж мэдүүлж байх тул хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хураах боломжгүй юм.
Шүүгдэгч Я.Эд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д “...газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохиролд тооцох аргачлалаар тооцсон хохирлыг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор...” Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт иргэн аж ахуй нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлөх төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар тус тус заасан тул Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №1/13 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 802.532 төгрөгийн хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж шүүгдэгч Я.Эгээс нөхөн төлбөрт 1.605.064 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 1.233.093 төгрөг нийт 2.838.157/хоёр сая найман зуун гучин найман мянга нэг зуун тавин долоо/ гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шинжээчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулахаар заасан тул шүүгдэгч Я.Эгээс шинжээч “Нуман Алтай” ХХК-д 3.000.000 /гурван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Шт 800.000/найман зуун мянга/ төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Я.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Яийн Эг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Эгээс 2.838.157/хоёр сая найман зуун гучин найман мянга нэг зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Эгээс 3.000.000/гурван сая/ төгрөг гаргуулан “Нуман Алтай” ХХК-д, 800.000/найман зуун мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Шт тус тус олгосугай.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9-д зааснаар ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2017 оны 08 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Я.Эд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Я.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР