Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00134

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Д-, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02489 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-ийн хариуцагч Л.Э-т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Л.Э-тэй 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2011 онд үйлдвэрлэгдсэн ландровер дисковер маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдсан. Л.Э- нь автомашины үнэд 2 үл хөдлөх эд хөрөнгө өгөхөөр тохирсон боловч 1 үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгт тооцож өгөөд үлдэх 25,000,000 төгрөгт өгөх үл хөдлөх эд хөрөнгөө өгөөгүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 25,000,000 төгрөгийг хариуцагч Л.Э-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр М.Чинзоригтой барьцаат зээлийн гэрээ байгуулж 86,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 1,000,000 төгрөгийн хүүтэй, И.Нандин-Эрдэнийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээлдүүлсэн. М.Чинзориг нь гэрээнд заасан хугацаанд зээлийг эргэн төлөөгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2 автозогсоолыг 45,000,000 төгрөгт, Д.Д-ийн өмчлөлийн автомашиныг 45,000,000 төгрөгт тооцон өгч зээлийг хаасан. М.Чинзориг, Д.Д- нар нь найз нөхдийн холбоотой, М.Чинзориг нь Д.Д-ийн тээврийн хэрэгслийн төлбөрт авто зогсоол шилжүүлж өгөхөөр ярилцаж байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Э-ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж, нотлох баримтыг дутуу буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар бие биенээ танихгүй бөгөөд Д.Д-т автомашины зогсоол худалдан авах, харин Л.Э-т зогсоол худалдан борлуулах сонирхол байсан. Энэ байдлыг гэрч М.Чинзоригт хэлсний дагуу иргэн Л.Э- нь Д.Д-ийн автомашиныг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээ байгуулсан. Автомашины 45,000,000 тегрөгийн төлбөрт 2 ширхэг автомашины зогсоолыг авахаар тохирсон ба Л.Э- өөрийн барьцаанд байсан зогсоолуудаас 24 тоот зогсоолыг барьцаанаас чөлөөлж Д.Д-т өгсөн. Үлдэх зогсоолыг нь 7 хоногийн дараа өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Гэрээ байгуулсан өдрөөс эхлэн Д.Д- нь 24, 25 тоот зогсоолуудыг эзэмшиж, ашиглаж байна. Анхан шатны шүүхийн шүүгч тус автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар Д.Д-, Л.Э- нарын хүсэл сонирхол байгаагүй гэж тайлбар хэлдэггүй. Бодит байдал дээр тийм байсан бол сөрөг нэхэмжлэл ч гаргах эрх нь түүнд байсан. Шүүхээс аливаа гэрээ байгуулж байгаа талууд бие биенээ таньдаг байхаар шаардсан агуулга бүхий дүгнэлт хийсэн. Гэрч М.Чинзориг нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Л.Э-тэй зээлийн гэрээ байгуулж барьцаа хөрөнгө өгсөн байсан боловч зээлийн төлбөрөө бүрэн төлсөн, миний өмнөөс нэхэмжлэгч Д.Д-, гэрч Д.Чинзориг нар нь ямар нэг төлбөрийг Л.Э-т төлөөгүй, төлөх шаардлага байхгүй гэж мэдүүлсэн. Мөн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Л.Э-ийн өөрийн гараар бичиж, гарын үсгээр баталгаажуулсан М.Чинзориг, Л.Э- бидний хоорондын төлбөр тооцоо дууссан тухай агуулга бүхий бичгийн нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь өгсөн. Энэхүү тодорхойлолт бүхий баримтыг бичиж өгсөн өдрийн маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дээрхи Д.Д-, Л.Э- нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. М.Чинзориг, Л.Э- нарын хооронд өр төлбөр дууссан байсан тул Л.Э- нь өөрийн зээлийн барьцаанд авч улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байсан 24 тоот авто зогсоолоо нэхэмжлэгч Д.Д- өгсөн. Түүнчлэн Л.Э- өр төлбөртөө М.Чинзоригоос машин авч байгаа юм бол зөрүүлж яах гэж зогсоолыг өгөөд байгаа юм. Авто зогсоолыг барьцаалсан атлаа барьцаанаас чөлөөлж Д.Д-т яагаад өгсөн талаар тайлбар өгдөггүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг цаг хугацаагаар нь харвал гэрч М.Чинзориг, хариуцагч Л.Э- нарын хооронд өр төлбөр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дууссан, харин Д.Д-, Л.Э- нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл Л.Э- өр төлбөртөө 3 зогсоол авсан байсан. Д.Д-ээс автомашин худалдан авч төлбөрт нь авто зогсоолоо өгч байгаа нь үйл баримтаар тогтоогдож байна. Тэгээд ч гэрч М.Чинзориг, хариуцагч Л.Э- нарын хоорондох зээлийн харилцаа Д.Д-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй юм. Шүүх гагцхүү бичгийн болон бусад үндэслэл бүхий нотлох баримтыг цаг хугацаа, үйл баримтад тулгуурлан үнэлэх хуулийн зохицуулалттай байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

4.2.Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д-ийн өмгөөлөгч Т.Цэен-Ойдовт хурлын товыг мэдэгдэж шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж хэт нэг талыг барьж нотлох баримтыг дутуу буруу үнэлж хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Л.Э-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн, гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 24-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэлтэй, зөв дүгнээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг бүрэн биелүүлж, 45,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хариуцагч Л.Э-ийн өмчлөлд шилжүүлсэн боловч хариуцагч нь үнийг бүрэн төлөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч надтай барьцаат зээлийн гэрээ байгуулсан М.Чинзориг нь зээлийн төлбөртөө Д.Д-ийн өмчлөлийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн, М.Чинзориг нь Д.Д-ийн тээврийн хэрэгслийн төлбөрт автозогсоол өгөхөөр ярилцаж байсан, миний бие Д.Д-т төлөх төлбөргүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна. /хх-ийн 16-17-р тал/

 

Зохигчид 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Д- нь өөрийн өмчлөлийн 11-64 УНХ улсын дугаартай, ландровер дисковери маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч Л.Э- нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, автомашиныг хүлээн авахаар тохиролцжээ. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх-ийн 5-р тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч Д.Д- нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Л.Э-ээс шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Д.Д- нь гэрээний үүргийг биелүүлж, ландровер дисковери маркийн автомашиныг хариуцагч Л.Э-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. Хариуцагч Л.Э-ийн хувьд автомашины өмчлөлийг шилжүүлэн авсан үйл баримтад маргаагүй, харин тус автомашиныг М.Чинзоригийн зээлийн төлбөрт тооцон авсан гэж маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн хүсэлтээр М.Чинзоригийг гэрчээр асуухад Л.Э-тэй байгуулсан зээлийн төлбөрт автозогсоол болон бэлэн мөнгө өгч гэрээний үүрэг дуусгавар болсон, Л.Э- нь өр төлбөрийн асуудал байхгүй гэж бичиг хийж өгсөн, Д.Д-, Л.Э- нарын хооронд ямар наймаа хийгдсэнийг би мэдэхгүй гэжээ. /хх-113-117-р тал/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

Хариуцагч Л.Э- нь татгалзлаа нотлохоор М.Чинзоригтой байгуулсан барьцаат зээлийн гэрээ, И.Нандин-Эрдэнэтэй байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргасан боловч дээрх баримтууд нь хариуцагчийн татгалзлыг шууд нотолсон баримтууд биш байна.

Өөрөөр хэлбэл, зохигчийн байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд М.Чинзоригийн зээлийн төлбөрт тооцон, 45,000,000 төгрөгийн автомашин өгөх агуулга тусгагдаагүй, мөн М.Чинзоригоос авах зээлийн төлбөртөө Д.Д-ийн өмчлөлийн автомашиныг тооцон авсан гэх хариуцагчийн тайлбарыг гэрч М.Чинзориг няцааж мэдүүлжээ.

 

Хэргийн 120 дугаар талд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Тодорхойлолт гэх баримт авагдсан бөгөөд тус тодорхойлолтод Миний бие Л.Э- нь Чинзоригтой цаашид ямар нэгэн төлбөр тооцооны асуудалгүй болсон, бид хоёрын дунд хийгдсэн өр зээлийн асуудал шийдэгдсэн болно гэжээ.

 

Дээрхээс дүгнэвэл М.Чинзоригийн зээлийн төлбөрт Д.Д-ийн өмчлөлийн автомашиныг авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Л.Э-ийг автомашины үнийг бүрэн төлөөгүй гэж маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлж, 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлсөн болохоо нотлох үүрэгтэй.

 

Зохигчийн байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.2-т Төлбөрийг 2019.12.10-ны өдөр бэлнээр төлсөн. Төлбөр тооцоо дууссан гэж заасан байх боловч төлбөр тооцоо дууссан эсэх талаар гэрээний талууд өөр өөр тайлбар гарган маргасан. Хариуцагч Л.Э-ийн хувьд автомашины үнэ болох 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д-т төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд М.Чинзориг, Л.Э- нарын хоорондох зээлийн харилцаа Д.Д-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Хариуцагч Л.Э- нь автомашины үнэ 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д-т төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байх бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Д.Д- нь автомашины үнэд хариуцагч Л.Э-ээс 20,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө авсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Л.Э- нь үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Э-ээс 25,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, биечлэн оролцох эрхээр хангаагүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг эдлүүлээгүй гэх гомдлыг хангах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, давж заалдах шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч Л.Э-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй тул хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулсныг дурьдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2021/02489 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Э-ээс 25,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т олгосугай. гэж,

2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Л.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-эцгт олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахьь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.Д-

 

Г.ДАВААДОРЖ