Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 101

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Н

Шүүгдэгч: Б.А 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бгийн Ад холбогдох 1812001190089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .. суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу баг Булгийн даваа гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Бгийн А /РД:.../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Булгийн даваа гэх газраас Б.Жгийн 2 тооны үхрийг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ан мэдүүлсэн: 

Мөрдөн байцаалтын шатанд 1812001190089 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Б.Жгийн мэдүүлсэн: ...Би Өлзийт сумын Бодонт багт мал маллан амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн үхрээ Булгийн давааны өвөрт бэлчиж байхад нь очиход манай үхэр бүрэн байсан. Манайх нийт 47 сарлагтай юм. Тэгээд маргааш өглөө нь үхэр дээрээ очтол хар, бор зүсмийн хоёр тарган сувай үнээ маань алга болсон байсан. Тэр үед манай гэрийн ойролцоо байдаг А гэх ах мал нядлаад УлаанБ хот руу явж байна гэж дуулдсан. Тэгэхээр нь би сумын төвд байдаг аавынхаа төрсөн дүү болох А гэх ах руу утсаар ярихад та Агийн ачиж яваа малын ширнүүдийг хараадах, өнөө шөнө манайх бор, хар хоёр тооны сувай үхрээ хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Удалгүй А ах над руу яриад Агийн ачиж явсан малын ширэн дотор танай урд шөнө алдсан сарлагийн үнээний шир байна, А танай хоёр үнээг хулгайлснаа хэлээд надад өөрийн гараар хохирол барагдуулах талаар бичиг хийж өглөө гэж надад хэлсэн. А ахад А хэлэхдээ би Жгийн хулгайлсан 2 тооны үнээнийнхээ мөнгийг 2018 оны 05 дугаар сарын 20-ний өдөр гэхэд барагдуулна, намайг цагдаад битгий хэлээрэй гэж хэлсэн гэсэн. Бор үнээ маань дөрвөн настай, хээлтэй сувай үнээ байсан. Хар үнээ маань 6 настай, хээлтэй сувай үнээ байсан. Энэ хоёр үнээгээ хондлой, сүүл хэсэгт нь шар будгаар тэмдэг хийсэн байсан. А ах уг шар будагтай тэмдгээр нь Аг манай хоёр үнээг хулгайлсныг мэдсэн. Би дөрвөн настай үнээгээ 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Зургаан настай хар үнээгээ 1.000.000 төгрөгөөр үнэлээд, нийт 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь хоёр үнээ маань энэ хавар тугалаад дөрөв болчих байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би А ахаас хохирол болох 2.000.000 төгрөгөө авчихвал надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/ 

 

Хохирогч Б.Жгийн дахин мэдүүлсэн: ...А надаас уучлалт гуйж намайг гомдол саналгүй болгосон. Би 2 тооны үнээ авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манай үхэр бэлчээрээрээ Ан гэрийн ойр орчимд очдог болохоор тэдний үхэртэй нийлээд гэрийнх нь гадна талд очих боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч П.Оийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Зуухны ам гэх газар мал маллан амьдардаг. Манай нэг гэр Хөшөөт багт байдаг. Би ихэнхдээ сумын төв дэх гэртээ байдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр манай хүү Ж над руу утсаар ярихдаа манай 2 сарлагийн үнээ шөнө алга болчихлоо, манай энэ хавиас А мал нядлаад сумын төв рүү явсан байна, та А ахтай Агийн машин дээрх мах, арьс ширийг нь хараадах гэж хэлсэн. Би Атай хамт Агийн машиныг айлын гадаа зогсож байхад нь очсон бөгөөд очоод арьс ширийг нь үзтэл манай сарлагийн хар үнээний шир байсан. Гэтэл А А бид хоёрт хандан би танай үнээ гэж мэдээгүй хоёр үнээг чинь хулгайлаад нядалчихаж, уучлаарай, намайг цагдаад битгий хэлээч, би уг хоёр үнээний төлбөрийг хавар төлнө гэж хэлсэн. Тухайн үед би Агаар цаасан дээр 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлбөрийг төлнө гэсэн утгатай бичиг хийлгэж аваад, ачиж явсан ширнийх нь арьсны зургийг утсаар авсан. Миний хоёр тооны үнээ маань бор, хар зүсмийн үнээ байсан. Им тамга байхгүй, уг хоёр үнээний хондлой дээр нь шар будгаар будсан байсан. Би үхрийнхээ ширийг зүсээр нь болон шар будгаар таньсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Гэрч Б.Аын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багт мал маллан амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний төрсөн ахын эхнэр над руу утсаар яриад өнөө шөнө манай хоёр тооны үхэр хулгайд алдагдлаа, гэтэл манай Бодонт багийн Булгийн даваа гэх газраас А гэх залуу хот руу мах ачиж байгаа юм байна, чи надтай хамт Агийн ачиж байсан махыг хараадах гэж хэлсэн. Би эгч Оийг аваад Аг УлаанБ хот руу явах гэж байхад нь очоод О эгч бид хоёр хулгайд алдсан үхрийнхээ шир болохыг шууд мэдсэн. А О эгчид хандан би танай үхэр гэж мэдээгүй хулгайлаад аччихлаа, уучлаарай би энэ хавар хохирлоо бүрэн барагдуулна гэж хэлсэн. А өөрийн гараар хэргээ хүлээж, хохирлоо барагдуулах талаар эгчид бичиг хийж өгсөн. Манай ахын үхэрнүүд хондлой дээрээ шар будгаар будагдсан байдаг бөгөөд би тэр будгаар нь таньсан. О эгч өөрийн малаа хараад мэдэлгүй яахав...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Гэрч С.Сын мэдүүлсэн: ...А нь 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, айлын том хүүхэд бөгөөд доороо нэг дүүтэй, бага насандаа аав, ээж дээрээ мал маллаж өссөн. Өлзийт суманд 10 жилийн сургууль төгсөж байсан. А нь Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн иргэн бөгөөд энэ жил Архангай аймгийн Батцэнгэл суманд өвөлжиж, хаваржиж байгаа. А нь эхнэр, 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, зан байдлын хувьд төлөв даруу, архи нэг их уудаггүй, мал сайн хардаг хүн байгаа юм. Хулгайн хэрэгт холбогдсон гэж сонссон, өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

 

Гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Миний хүү Ж нь Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Зуухын ам гэх газар мал маллан амьдардаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө миний хүү Жгийн 2 тооны үхрийг хулгайлж авсан байсан. Би энэ талаар хүүгээсээ сонсож мэдсэн. Ж ярихдаа миний 2 тооны үхрийг манай гэртэй ойрхон байдаг А хулгайлж аваад зарах гэж яваад баригдсан, намайг хохиролгүй болгосон гэж хэлсэн. Би өөр зүйл мэдэхгүй. Хулгайд алдсан үхэр бор зүстэй нас нийлсэн сарлагын үнээ, хар зүстэй нас нийлсэн сарлагын үнээ, хондлой сүүл хэсэгт шар будгаар тэмдэг хийсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Яллагдагч Б.Ан мэдүүлсэн: ...Архангай аймгийн прокурорын газрын хяналын прокурор Н.Цогтбаярын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан чулуу багт амьдардаг юм. Миний амьдардаг баг Өлзийт сумын Бодонт багийн нутагтай хил залгаа байдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой манай үхэртэй хамт хар зүстэй сарлаг, хүрэн зүстэй сарлаг үхэр нийт 2 тооны айлын үхэр манай хотонд ороод ирсэн байсан. Би гэртээ ганцаараа байсан болохоор айлын үхрийг алж зараад өвс авъя гэж бодоод тэр хоёр үхрийг хашаандаа хашиж байгаад барьж аваад ганцаараа алж янзалсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед УлаанБ хот руу явах санаатай өөрийнхөө машинд хулгайлсан үхрийн мах, арьсыг ачиж өөрийнхөө гэрээсээ Өлзийт сумын төв рүү орсон. Тэгээд Өлзийт сумын төв дотор явж байтал А ах над дээр хүрч ирээд чи Жгийн үхрийг хулгайлсан байна гэж хэлээд миний машин дээр байсан үхрийн арьсыг заасан. Би хулгай хийсэн гэдгээ хэлж хохирлыг барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний хулгайлсан 2 тооны үхэр манай үхэртэй хамт манай гэрийн гадаа ирчихсэн байсан бөгөөд би явган очиж үхрүүдийг хашиж байгаад алж нядлаад, өөрийнхөө 63-66 АРА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинд мах, арьсыг ачиж яваад баригдсан. Би өвс авах мөнгөтэй болох гээд хулгай хийсэн. Би ганцаараа хулгай хийсэн. Би хулгайн гэмт хэрэг хийж байхдаа хэн гэдэг хүний үхрийг хулгайлсан гэдгээ мэдээгүй. Би Ж ахыг гомдол, саналгүй болгосон. Миний хулгайлсан үхэрнүүд хар сарлагын эм үхэр, хүрэн сарлагын эм үхэр байсан. Уг 2 үхрийн нуруу, зоо хэсгээр улбар шар гэмээр өнгийн будаг будчихсан байсан. Би ямар имтэй байсныг анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-07 хуу/

2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 61 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37,  хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39-40 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Булгийн даваа гэх газраас Б.Жгийн 2 тооны үхрийг хулгайлсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Булгийн даваа гэх газраас Б.Жгийн 2 тооны үхрийг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Б.Жгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “маргааш өглөө нь үхэр дээрээ очтол хар, бор зүсмийн хоёр тарган сувай үнээ маань алга болсон байсан. Тэр үед манай гэрийн ойролцоо байдаг А гэх ах мал нядлаад УлаанБ хот руу явж байна гэж дуулдсан. Тэгэхээр нь би сумын төвд байдаг аавынхаа төрсөн дүү болох А гэх ах руу утсаар ярихдаа та Агийн ачиж яваа малын ширнүүдийг хараадах, өнөө шөнө манайх бор, хар хоёр тооны сувай үхрээ хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Удалгүй А ах над руу яриад Агийн ачиж явсан малын ширэн дотор танай урд шөнө алдсан сарлагийн үнээний шир байна, А танай хоёр үнээг хулгайлснаа хэлээд надад өөрийн гараар хохирол барагдуулах талаар бичиг хийж өглөө гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/, гэрч П.Оийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай хүү Ж над руу утсаар ярихдаа манай 2 сарлагийн үнээ шөнө алга болчихлоо, манай энэ хавиас А мал нядлаад сумын төв рүү явсан байна, та А ахтай Ан машин дээрх мах, арьс ширийг нь хараадах гэж хэлсэн. Би Атай хамт Ан машиныг айлын гадаа зогсож байхад нь очсон бөгөөд очоод арьс ширийг нь үзтэл манай сарлагийн хар үнээний шир байсан. Гэтэл А А бид хоёрт хандан би танай үнээ гэж мэдээгүй хоёр үнээг чинь хулгайлаад нядалчихаж, уучлаарай, намайг цагдаад битгий хэлээч, би уг хоёр үнээний төлбөрийг хавар төлнө гэж хэлсэн. Тухайн үед би Агаар цаасан дээр 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлбөрийг төлнө гэсэн утгатай бичиг хийлгэж аваад, ачиж явсан ширнийх нь арьсны зургийг утсаар авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний төрсөн ахын эхнэр над руу утсаар яриад шөнө манай хоёр тооны үхэр хулгайд алдагдлаа, гэтэл манай Бодонт багийн Булгийн даваа гэх газраас А гэх залуу хот руу мах ачиж байгаа юм байна, чи надтай хамт Агийн ачиж байсан махыг хараадах гэж хэлсэн. Би эгч Оийг аваад Аг УБ хот руу явах гэж байхад нь очоод О эгч бид хоёр хулгайд алдсан үхрийнхээ шир болохыг шууд мэдсэн. А О эгчид хандан би танай үхэр гэж мэдээгүй хулгайлаад аччихлаа, уучлаарай би энэ хавар хохирлоо бүрэн барагдуулна гэж хэлсэн. А өөрийн гараар хэргээ хүлээж, хохирлоо барагдуулах талаар эгчид бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.Бын мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө миний хүү Жгийн 2 тооны үхрийг хулгайлж авсан байсан. Би энэ талаар хүүгээсээ сонсож мэдсэн. Ж ярихдаа миний 2 тооны үхрийг манай гэртэй ойрхон байдаг А хулгайлж аваад зарах гэж яваад баригдсан, намайг хохиролгүй болгосон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, Б.Ан мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2018 оны 01 дүгээр сарын 12-ны орой манай үхэртэй хамт хар зүстэй сарлаг, хүрэн зүстэй сарлаг үхэр нийт 2 тооны айлын үхэр манай хотонд ороод ирсэн байсан. Би гэртээ ганцаараа байсан болохоор айлын үхрийг алж зараад өвс авъя гэж бодоод тэр хоёр үхрийг хашаандаа хашиж байгаад барьж аваад ганцаараа алж янзалсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед УлаанБ хот руу явах санаатай өөрийнхөө машинд хулгайлсан үхрийн мах, арьсыг ачиж өөрийнхөө гэрээсээ Өлзийт сумын төв рүү орсон. Тэгээд Өлзийт сумын төв дотор явж байтал А ах над дээр хүрч ирээд чи Жгийн үхрийг хулгайлсан байна гэж хэлээд миний машин дээр байсан үхрийн арьсыг заасан. Би хулгай хийсэн гэдгээ хэлж хохирлыг барагдуулсан байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд М овогт Бгийн Аг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

             Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба Б.А нь өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Бгийн Аг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9-т заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Агийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.  Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.А-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ