| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0079/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Бийн Ад холбогдох 1712002380074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, ,, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,,гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, О овогт Бийн А /
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Их дэрстэй” гэх газарт хохирогч М.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1712002380074 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч М.Бийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би гэртээ байж байтал манайд манай нутгийн А, О, Бат-А, Б нар ирцгээсэн. А надад хандан танай хонин дотор миний нэг хонь байна, та яагаад энэ талаар надад хэлдэггүй юм бэ гэж хэлсэн. Би мянга гаруй хоньтой бөгөөд уг хонин дотроо танай нэг хонь байгааг би яаж мэдэх юм бэ гэж хэлсэн. Гэтэл А цуг ирсэн О, Б гэх хүмүүс манайд зодоон хийгээд байсан. Тэгснээ намайг гараа угааж дуусаад эргээд хартал А миний хавирга руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би Ад хандан хавирга хугалаад хаячихлаа гэж хэлтэл А миний баруун шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би та нарыг цөмийг нь ална гээд орилоод байсан. Тэгээд манайд ирсэн хүмүүс Аын хамт гараад явцгаасан. Миний хавирга өвдөөд хөдөлж чадахгүй гэртээ үлдсэн. Миний эхнэр Ос О бензиний мөнгө зээлсэн байсан бөгөөд тэгээд бензиний мөнгөнийхөө оронд намайг байхгүй үеэр ногоон будагтай хонь авчирч манай эхнэрт өгсөн байсан. Гэтэл уг хонь нь Аын хонь байсан бөгөөд уг хонийг От Б гэх Аын хонийг хардаг залуу өгсөн байсан. Уг асуудлаас болж А намайг зодсон. А бид хоёрт өмнө нь хэрэлдэж, муудалцаж байсан зүйл байхгүй. Би зодуулсныхаа дараа шууд Улаанбаатар хот руу орж “Гэмтэл согог судлалын үндэсний хүрээлэн”-д цээжний тасагт хэвтсэн. Намайг эмч үзээд гурван хавирга хугарсан, дотуураа цус алдалттай гэж онош тавьсан. Би Улаанбаатар хотод шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би гомдолтой байна, эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардлаа Ааас авмаар байна, мөн айлын хүүхдээр малаа харуулж байгаа бөгөөд уг хүүхдийн мал харсан хөлсийг нэхэмжилмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуу/
Хохирогч М.Бийн мэдүүлсэн: ...Надад өмнө нь ярьсан зүйл дээрээ мэдүүлэх зүйл байхгүй. Би Атай харилцан тохиролцож, эмчлүүлсэн болон бусад зардал мөн хохирол болох 4.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад Ад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдүүлмээр байна. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй. Ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч А.Оны мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Их дэрстэй гэх газар нөхөр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Манай нэг гэр Өлзийт сумын төвд байдаг. Би сумын төвд сургуулийн хоёр хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд манай нөхөр М.Б хөдөө гэртээ малаа маллан амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр над руу ярихдаа Ямаатын А гэх залуу намайн зодоод миний хавиргыг хугалчихлаа гэж хэлсэн. Би шөнө гэртээ очсон бөгөөд очиход манай нөхөр хөдөлж чадахгүй, ардаа өндөр дэр тавиад налчихсан сууж байсан. Би нөхрөө аваад сумын төв рүү орж ирээд шууд эмнэлэг дээр очиж эмчид үзүүлэхэд Хандаа эмч 2 хавирга нь хугарчихсан юм шиг байна, та нар шууд Улаанбаатар хот руу очиж зургийг нь авахуул гэж хэлсэн. Би нөхрөө аваад Улаанбаатар хот руу орж гэмтлийн эмнэлэгт зургийг нь авахуулахад манай нөхрийн гурван хавирга нь хугараад, дотуур цус алдалттай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтүүлсэн. Би нөхрөө сахиж байгаад саяхан ирсэн. Манай нөхөр гэмлийн эмнэлэгт хэвтэж байгаа. А тухайн үедээ согтуу байсан. Тэр үед О гэх залуу надад нэг хонь заръя гээд надаас 45.000 төгрөг авсан. Тэр мөнгөнийхөө оронд нэг хонь манай нөхөрт өгсөн. Гэтэл тэр хонь нь Аын хонь болж таараад уг асуудлаас болж А манай нөхрийг зодсон байна. Гэмтлийн эмнэлэгт очиж зураг авахуулахад гурван хавирга нь хугаралтай, дотуур цус алдалттай нилээн хүнд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч М.Бат-Агийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед нутгийнхаа А гэх залуутай таарсан. А надад хандан хоёулаа хөдөө явчихаад ирье гэж хэлээд Аын машинтай бид хоёр хөдөө явсан. Тэгээд Отгоо гэх залуугийнд очиж түүнийг гэрээс нь аваад А Б гэх малчиныдаа очоод Бат-Эрдэнийг аваад Б ахынд ирсэн. Бийнд цай уугаад сууж байтал та нар яахаараа миний хонийг авдаг юм гэж хэлээд Б, Отгоо гэх залуучуудыг цохисон. Тэгээд Б ахыг гараараа шанаа руу нь нэг удаа цохиод, суган доогуур хавирга руу нь нэг удаа цохисон. Тэгээд Аыг би аваад машинд нь суулгаад сумын төв рүү ороод би гэрийнхээ үүдэнд буусан. А ямар учраас Бийг цохиж зодсоныг мэдээгүй, хонины талаар яриад зодсон. Гэхдээ би тэр хонийг нь ямар учир шалтгаантай хонины асуудал гэдгийг мэдээгүй. А согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надтай таарахдаа А эрүүл байсан, бид хоёр архи уугаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Б.Бы мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой над дээр манай нутгийн А ах ирээд намайг аваад бас О гэх залууг аваад Б ахынд очсон. А ах Б ахыг гараа угаачихаад арчиж байхад нь Б ахын хавирга руу нэг удаа цохисон. Тэгээд намайг ч гэсэн цохиж авсан. Тэгээд тэндээс бид нар гарцгаагаад А ах намайг гэрт маань хүргэж өгсөн. Б ахыг хулгайн хонь авлаа гээд цохисон. А ах архи уугаагүй эрүүл байсан. Ад цохиулаад миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Гэрч Э.Оын мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой А манайд ирээд намайг машиндаа суулгаад Б дээр очсон. Бгийнхаас Бг аваад, бид нар Бийнд очсон. Бийнд ороход Б ах гар, нүүрээ угааж байсан. А ах намайг нэг удаа шанаа руу цохисон, Б ахыг хавирга руу нь нэг удаа цохисон. А Б бид хоёрыг гараад байж бай гэсэн. Б бид хоёр Б ахынхаас гарсан. Тэрнээс хойш Б ах А хоёр яасныг би сайн мэдэхгүй байна. Б Б ахын эхнэрт нэг хонь зарсан. Тэр хонь нь Аын хонь байсан. Б ахыг хулгайн хонь авлаа гэж цохисон. А тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь мэдэгдээгүй. Ад цохиулаад миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Яллагдагч Б.Аын мэдүүлсэн: ...Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг уншиж танилцсан. Би тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 дугаар сарын сүүлээр намайг сумын төвд байж байгаад мал дээрээ очиж малаа бүртгэж үзэхэд миний хониноос 30 гаруй тооны хонь алга болсон байсан. Би хонь дутсан гэхээр нь хайсан. Тэгээд хайж яваад өөрийн зүстэй, имтэй хониноос хар халзан зүсмийн 1 тооны хонийг М.Бийн хониноос олж харсан. Тэр үедээ аваагүй, үлдээгээд явсан. Би Бтэй уулзаж танай хонинд манай хонь нийлсэн байна, хэн авчирч өгсөн юм бэ гэж асуусан. Б надад уг хонийг Б буюу Б авчирч өгсөн гэхээр нь та өмнө нь манай хонийг хариулж малладаг байсан байж мэдсээр байж авсан байна гэдгийг хэлсэн. Би өмнө нь хонь, ямаа дутаад эзнийг нь олж чадалгүй өнгөрөөдөг байсан болохоор Бэд та ил ч нэг авч байна, далд ч нэг авах юм гэж хэлээд гараараа нэг удаа цээжин хэсэгт нь цохисон. Намайг цохих үед Б ах гараа угаагаад, арчаад зогсож байсан. Тэр үедээ хавиргыг хугарсан талаар мэдээгүй, гэрт байсан Б, Бат-А, О нарыг хонь барьж өг гэж хэлээд өөрийнхөө хонийг бариулж аваад явсан. Би өөрөө машинтай явсан болохоор замаараа Бат-Аг гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө надад Б ахын эхнэр нь утсаар яриад Бийн хавирга хугарсан байна гэсэн. Би дүүгээ явуулаад Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүл гэж хэлүүлсэн. Би холбогдсон хэргийг хүлээн зөвшөөрч байна. Миний зүгээс өөрт холбогдуулан шалгаж байгаа хэргийг шуурхай шийдүүлмээр байгаа учир хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Мөн хохирогч М.Бтэй уулзаж хохирол төлбөрөө төлмөөр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14313 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. М.Бийн биед цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн няцрал, зүүн талын 7, 8, 9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/
Яллагдагч Б.Аын хүсэлт /хх-ийн 59 хуу/
Хохирогч М.Бийн хүсэлтүүд /хх-ийн 61, 89 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62-63 хуу/
Өрхийн бүртгэлийн тооллого /хх-ийн 70-72 хуу/
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 78 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Их дэрстэй” гэх газарт М.Бийг гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Их дэрстэй” гэх газарт хохирогч М.Бтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Атай цуг ирсэн О, Б гэх хүмүүс манайд зодоон хийгээд байсан. Тэгснээ намайг гараа угааж дуусаад эргээд хартал А миний хавирга руу баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би Ад хандан хавирга хугалаад хаячихлаа гэж хэлтэл А миний баруун шанаа руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Намайг эмч үзээд гурван хавирга хугарсан, дотуураа цус алдалттай гэж онош тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10/, гэрч А.Оюуны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр над руу ярихдаа Ямаатын А гэх залуу намайн зодоод миний хавиргыг хугалчихлаа гэж хэлсэн. Би шөнө гэртээ очсон бөгөөд очиход манай нөхөр хөдөлж чадахгүй, ардаа өндөр дэр тавиад налчихсан сууж байсан. Би нөхрөө аваад сумын төв рүү орж ирээд шууд эмнэлэг дээр очиж эмчид үзүүлэхэд Хандаа эмч 2 хавирга нь хугарчихсан юм шиг байна, та нар шууд Улаанбаатар хот руу очиж зургийг нь авахуул гэж хэлсэн. Би нөхрөө аваад Улаанбаатар хот руу орж гэмтлийн эмнэлэгт зургийг нь авахуулахад манай нөхрийн гурван хавирга нь хугараад, дотуур цус алдалттай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч М.Бат-Агийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Бийнд цай уугаад сууж байтал А та нар яахаараа миний хонийг авдаг юм гэж хэлээд Б, Отгоо гэх залуучуудыг цохисон. Тэгээд Б ахыг гараараа шанаа руу нь нэг удаа цохиод, суган доогуур хавирга руу нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А ах Б ахыг гараа угаачихаад арчиж байхад нь А Б ахын хавирга руу нь нэг удаа цохисон. Тэгээд намайг ч гэсэн цохиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Э.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “А ах намайг нэг удаа шанаа руу цохисон, Б ахыг хавирга руу нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, Б.Аын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би өмнө нь хонь, ямаа дутаад эзнийг нь олж чадалгүй өнгөрөөдөг байсан болохоор Бэд та ил ч нэг авч байна, далд ч нэг авах юм гэж хэлээд гараараа нэг удаа цээжин хэсэгт нь цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/, Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, хохирогч М.Бийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14313 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О овогт Бийн Аыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах, шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай байна.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б-ийн А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс доошгүй хэмжээгээр 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ