Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/989

 

 

 

 

 

      2024             08            28                                        2024/ДШМ/989

 

А.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Өлзийхүү,

хохирогч Ж.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/754 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2406019281101 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овгийн А.............. Т..............., 19.... оны .... дүгээр сарын ....-ны өдөр ................... төрсөн, .... настай, э.эгтэй, .............. боловсрол...., ............ мэргэжил..., ......................, ам бүл ...., ............. хамт .......................................... оршин суух бүртгэлтэй, ........................................... оршин суух, /РД:............./, урьд:

-Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

А.Т нь 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн .... тоотод Ж.Г-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .............. овогт А............ Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-ээс 3.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Г-д олгуулж, хохирогч Ж.Г нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хийж гүйцэтгээгүй ажлын төлбөрийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.Т-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Хохирогч Ж.Г нь намайг анхнаасаа доромжилж, нүд рүү цохиж дайрсан тул би өөрийгөө хамгаалж түлхсэн байхад хөнгөн зэргийн гэмтлийг намайг учруулсан хэмээн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт би цохиогүй, над руу дайрч доромжилж, намайг цохисон талаар мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч А.С мэдүүлэгт намайг хохирогч Ж.Г-ыг заамдсан байхад салгасан хэмээн мэдүүлсэн. Хохирогч Ж.Г-ыг цохисон гэсэн үйл баримт байхгүй болно. Тухайн өдөр хохирогч Ж.Г нь намайг цохиж, намайг болон миний эхнэрийг доромжилсон. Уг асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна. Хохирогч Ж.Г нь сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөг, томографын шинжилгээ, ажилгүй байх хугацааны цалин 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийн хохирлын нэхэмжлэхдээ ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжилсэнд гомдолтой байна. Хохирогч учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй ч хавтаст хэрэгт нотлох баримтын хүрээнд нэхэмжлэх ёстой байтал шүүхээс томографын шинжилгээ, ажилгүй байх хугацааны цалинг цаашид иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Хохирогчийн сэтгэл санаанд хохирол учирсан, сэтгэл санааны хохирол нэхэмжлэлийн тухайд шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Ж.Г нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавтас буюу хүснэгтийн 2 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 3.300.000 төгрөгөөр тооцож шүүгдэгч А.Т надаас олгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралт 1-т гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т гэмт хэргийн хохирогч шинжилгээг хийлгэнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй болно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд буюу хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр маргаж оролцож байна. Тухайн үед хэсэг хүмүүс гэртээ хөзөр тоглож, ямар нэгэн байдлаар бусдад аюул, саад учруулаагүй байхад Ж.Г орж ирээд асуудал үүсгэн, өөрөө эхэлж хүнийг маажсан. Тиймээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй нь эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцээгүй. Хохирогч “Намаг далайхад миний цээж рүү цохиод би унасан” гэж тайлбарладаг. Гэрч заамдсан байхад нь салгасан гэх бөгөөд гэрч, шүүгдэгч нар ямар нэг зодоон цохион болсон талаар мэдүүлдэггүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн баруун нүдний дээд, доод зовхинд цус  хуралт, зулайн ар хэсэгт цус хуралт үүссэн гэдэг. Тухайн үйлдэл нь аргагүй хамгаалалтын улмаас үүссэн гэм хор гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгоог зогсоосон буюу аргагүй байдалд үүссэн нөхцөл байдал бий болсон. Аргагүй хамгаалалтын улмаас бусдад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан бол тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй хуулийн зохицуулалттай учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. Нөгөө талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд 3.300.000 төгрөгийн гэм хор учирсан байна гэж анхан шатны шүүх тодорхойлсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар  батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т гэмт хэргийн хохирогч шинжилгээг хийлгэнэ гэж заасан байхад хохирогчийн сэтгэцэд яаж хохирол учирсан гэдэг нь хэргийн материалд авагдсан хуульд заасан шаардлага хангасан баримтаар нотлогдсон байх ёстой. Гэтэл ямар хохирол, яаж учирсан, хохирол учирсан эсэхийг тогтоогоогүй байж 3.300.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцээгүй. Бусдын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ж.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би бусдын гэрт зөвшөөрөлгүй орсон хүмүүст шаардлага тавьсан. Худалдах гэж байсан орон сууцанд тамхи татаж, хөзөр тоглож байсан учраас би 3 удаа гарахыг шаардаж, гарахгүй бол цагдаа дуудна гээд дуудлага өгсөн. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Шүүгдэгч эхлээд над руу дайрсан. Би хүний биед дураараа хүрэх хүн биш. Би үүнийг зааж, сурган хүмүүжүүлдэг багш хүн. А.Т намайг гүжирдэж, гүтгэж байх тул гомдлыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн тогтвортой мэдүүлж ирсэн. А.Т миний үйлчлүүлэгч Ж.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч О-ийн “Ц, Б бид гурав гараад явсан. С, Т хоёр нөгөө эмэгтэйтэй үлдсэн. Гэтэл араас Т гарч ирээд энэ авгай чинь нүүр рүү цохидог байна шүү дээ гэж хэлсэн”, гэрч Сундуйн “Коордиарт хүн дуугараад байхаар нь харсан чинь Т Г-г заамдсан байсан, би салгаад Т-г гаргаж явуулсан” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч, шүүгдэгч нарын хооронд хэрүүл маргаан үүссэн гэсэн мэдүүлгүүдээр нотлогдоно. Шинжээчийн дүгнэлтээр “Ж.Г-ын баруун нүдний дээд, доод зовхи, зүүн зулайн ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсч хавдсан. Энэ гэмтлүүд нь хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болоход үүссэн шинэ гэмтлүүд байна” гэсэн. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд А.Т Ж.Г-ыг зодож биед хөнгөн гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдож байна. Хууль сануулж, мэдүүлэг авсан хохирогчийн мэдүүлэг нотлох баримт болно. Хохирогч нь  шүүгдэгчийг огт танихгүй, тэдгээрийн хооронд ямар нэгэн өс хонзон, хувийн тооцоотой асуудал огт байхгүй. Миний үйлчлүүлэгч өдий насны, сэхээтэн, сурган хүмүүжүүлэгч хүн бусдыг гүтгэх ёс суртахуун байхгүй гэдгээ илэрхийлж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд, шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг Улсын Дээд шүүхийн нийт гишүүдийн хуралдаанаар баталсан тогтоол болон Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан журмыг баримтлан тогтоохдоо хамгийн багаар тогтоосон. Хохирогч хохирлын талаарх баримтаа бүрдүүлээгүй, мөрдөн байцаалтын шатанд энэ талаар хэлж зөвлөсөн хүнгүй байсан тул КТГ томографын зардал, хийж гүйцэтгээгүй ажлын төлбөрийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Мөн шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулж дээрх шийдвэрийг гаргасан. Хохирогчид сэтгэл санааны хохиролд 3.300.000 төгрөг гаргуулж, цаашид баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Ингэхдээ Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал зэргийг үндэслэсэн. Шүүгдэгч цохиогүй, маргасан гэж байхад өмгөөлөгч нь аргагүй хамгаалалт гээд өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ өөр байр суурьтай оролцож байгааг гайхаж байна. Энэ хэргийн шалтгаант холбоо нь хохирогч тухайн орон сууц дахь тоотод ороход хүмүүс хөзөр тоглож, архи, тамхи хэрэглэж байсан тул гар гэсэн шаардлагыг 3 удаа тавьсан, улмаар гараагүй учраас маргахад шүүгдэгч хохирогчийн биед түрүүлж халдсан үйл баримт авагдсан. Энэ баримт нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Хэргийн 128-139 дэх талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн маргаан болсон, цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг тодорхой тусгагдсан. Өөрийг нь цохисон учраас түлхсэн, аргагүй хамгаалалтын талаар огт ярьдаггүй. Түүнчлэн, мөрдөн байцаалтын шатанд сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар хохирогчийг удаа дараа дуудахад хөдөө байдаг, хүүхдээ хардаг шалтгаанаар ирэх боломжгүй, өмгөөлөгч аваагүй байсан. Ийм учраас холбогдох журамд зааснаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэх талаар баримтад гарын үсэг зуруулаагүй, танилцуулаагүй мэтээр хэргийн материалд харагдана. 1.000.000 төгрөг, олох ёстой байсан орлого буюу цалин 500.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг шүүх баримтаа бүрдүүлэн цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хоёрдугаар хавсралтын 3.8-д шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох талаар дурдсан. Хохирогч, шүүгдэгчид танилцуулж “Хоёрдугаар зэрэглэл буюу 5-12,99 байх бөгөөд сэтгэцэд учирсан хохирлыг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр тогтоосон, үүнийг зөвшөөрч байна уу” гэж асуухад зөвшөөрөөгүй, маргасан зүйл байгаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа төлөхөө илэрхийлж, 5 хоногийн завсарлага авъя, хэрэв төлж чадахгүй бол яах вэ гэсэн асуудлыг хөндөж төлөх боломжгүйгээ илэрхийлснээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж байсан. Тиймээс анхан шатны шүүх холбогдох журмын дагуу хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4588 дугаартай “...Ж.Г-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна..” гэх шинжээчийн дүгнэлт /хх 16-18/,

        Хохирогч Ж.Г-ын “...Тэр үед нь би зургийг чинь авна гэсэн чинь нэг хүн нь миний цээж рүү түлхээд авсан чинь би хойшоо савж унахдаа хана мөргөөд миний толгой хавдсан. Тэгэхээр нь би босоод тэр хүнийг яаж байгаа юм гээд цохиод авсан чинь зөрүүлээд миний баруун шанаа руу гараараа цохиж аваад миний ар шилээс гараараа барьж аваад гал тогооны өрөө рүү чирээд оруулсан...” гэх мэдүүлэг /хх 9, 27-28/,

        Б.С гэрчээр өгсөн “...Тухайн хэрүүл маргаан болоход Г, Т бид гурав байсан бусад хүмүүс гараад явсан байсан. ...би өөр өрөөнд байсан болохоор мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 38-39/,

          А.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Гандулам орилоод зургийг чинь дарна гээд байхаар нь би эхнэрээ гаргаад бас хөзөр тоглож байсан хүмүүс гарсан ба гэрт С ах цаад өрөөнд хогоо цэвэрлээд үлдсэн ба нөгөө хүүхэн зураг дарах гээд байхаар нь би утастай гарын цааш нь түлхсэн чинь уг эмэгтэй миний баруун нүд рүү цохисон тэгэхээр нь би өө муу гичий чинь нүд рүү цохичихлоо яаж байгаа п... вэ гэхэд яадаг юм чиний зургийг сошиал орчинд тавина гээд утсаа бариад дайрахаар нь би утсыг нь булааж авах гээд очиход намайг маажих гээд ухас хийхээр нь би баруун тохойн дээрээс нь барьж аваад зөрүүлж хүзүүн дээрээс нь бариад С ах дээр аваачаад май энэ архи уусан балай авгайгаа ав гэсэн...” гэх мэдүүлэг /хх 57-59/,

      Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 29-30/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

А.Т нь 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн .... тоотод Ж.Г-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч А.Т-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, эрүүл мэндэд учирсан хохирлын шалтгаан”, “гэм буруугийн хэлбэр”-ийн талаарх асуудлаар маргасан шүүгдэгчийн тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

 

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

 

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

          Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийг  харьцуулахад хохирогч Ж.Г-ын биед учирсан баруун нүдний дээд, доод зовхи, зүүн зулайд цус хуралт, зөөлөн эдийн няцарсан шархыг шүүгдэгч А.Т нь би учруулаагүй гэх хэдий ч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...миний баруун шанаа руу гараараа цохисон...” гэж тогтвортой мэдүүлдэг мөн шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэргийг анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй.

 

          Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.Г-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.Т-ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Т-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

 

Анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан торгох ял нь шүүгдэгч А.Т-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

 

Хохирогч Ж.Г-ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр болох 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. 

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

 

Дээрх хууль тогтоомжийн үйлчлэлд 2024 оны 3 дугаар сарын 31-нд үйлдэгдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байх ба түүнд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг зөв тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч А.Т-ийн гэм буруугийн талаарх маргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/754 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-ээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН