Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/651

 

 

 

 

    2024             6            04                                         2024/ДШМ/651

 

Э.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2309 01574 2529 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Т

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1,3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольсон;

Шүүгдэгч Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 546 дугаар байрны жижүүрийн байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.Сгийн цохилттой дрилл, молдок, хийн буу, ком багаж, зуурагч зэргийг хулгайлан авч 966.000 төгрөгийн,

2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 275 дугаар байрны гаднаас хохирогч М.Гийн өмчлөлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн,

2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 247-р байрны гадаа байсан Н.Дын эзэмшлийн “Wake” брэндийн хар ногоон өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 348.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Тийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийн нийт 99 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Э.Т нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдолдоо: “...миний бие 2022 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хугацаанд үйлдсэн залилангийн гэмт хэргийг одоо байгаа хэрэгт нэгтгэн шийдүүлэх хүсэлт гаргасан ч яллагдагчаар татагдаагүй байна гэх үндэслэлээр хүсэлтийг минь хүлээн аваагүй. ... Энэ залилангийн үйлдэл дээр 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 2022 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр сэжигтнээр татагдан хянагдаж байгаа. Уг хоёр гэмт хэргийн үйлдлийг одоо яллагдаж байгаа хэрэгтэй минь миний эрх зүйн байдлыг харгалзан үзэж, хамтад нь шийдэж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Т нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт залилах төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг хэргүүдийг энэ хэрэгт нэгтгүүлэх асуудлыг ярьсан. Прокуророос цахим системээс хайлт хийж үзэхэд Э.Тийг нэмж яллагдагчаар татсан хэрэг байгаагүй. Шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нь ч гэсэн энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Иймд яллагдагчаар татаагүй хэргийг нэгтгэнэ гэдэг ойлголт байхгүй тул хүсэлтийг нь хүлээж аваагүй. Хуульд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгээд шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүгдэгч Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 546 дугаар байрны жижүүрийн байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.Сгийн цохилттой дрилл, молдок, хийн буу, ком багаж, зуурагч зэргийг хулгайлан авч 966.000 төгрөгийн,

2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 275 дугаар байрны гаднаас хохирогч М.Гийн өмчлөлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн,

2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 247-р байрны гадаа байсан Н.Дын эзэмшлийн “Wake” брэндийн хар ногоон өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 348.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Сгийн “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өлөө гэрээсээ буюу 9 давхраас буугаад фитнест явах гээд гарч байхад хаалга онгорхой байсан. Онгорхой байхаар нь ортол сүүлд байсан багажууд байхгүй болсон байсан. Молдок, ком багаж прүсний дрилл зэргийг 3 хоногийн өмнө оруулж тавьсан. Тэгээд бас өчигдөр компрессор авах гээд ороход байгаагүй. Алдсан зүйлээ олж авмаар байна. ...” /хх 16/ гэсэн,

иргэний нэхэмжлэгч П.Гын “...2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... дүүргийн .. дугаар хороо, ... тоот гэртээ байхад фейсбүүк дээр шинэ хуучин багаж хэрэгсэл төхөөрөмж авна, зарна гэсэн зарын групп дээр “...” гэсэн нэртэй фейсбүүк хэрэглэгч “цохилттой дрилл зарна, чат бичээрэй” гэсэн зар оруулсан байхаар нь би уг хаягтай хүн рүү “цохилтой дрилл хэд вэ” гэж бичсэн чинь миний асуугаад байсан цохилттой дрилл биш байхаар нь “Чиний зарах гээд байгаа багаж чинь молдок гэдэг багаж байна. Хаана байгаа багаж вэ” гэж асуухад “32-ын тойргийн энд байна. Эндээс ирээд авчих” гээд надад ... гэсэн дугаар өгсөн. Маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 08- ны өдөр ... .. дугаар луу ярьж байгаад би ...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн эрүү нүүрний мэс заслын сургуулийн баруун талын хашаанд очиж тухайн багаж зарна гэсэн хүнтэй уулзаж молдок авсан. Тэгээд тухайн хүнд компрессор байсан, “тухайн багажийг хэдээр зарахын” гэж асуухад 150.000 гэж байсан. Тэгээд “молдок, компрессорыг нийлүүлээд 190.000 төгрөгөөр авахгүй юу даа” гэхээр нь би ...цохилттой дрилл, молдок, хийн буу, ком багаж, зуурагчийг Э.Т гэх хүнээс 440.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /хх 29-31/ гэсэн тус тус мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 18-21/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-12/,

насанд хүрээгүй хохирогч Н.Дын: “...Би 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн унадаг дугуйгаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 274-р байрны гадна цоожлоод өөрийн хуучин гэр болох Орбитод 3-4 хоноод ирэхэд миний унадаг дугуй цоожилж үлдээсэн газраа байхгүй байсан. ...Манай байрны нэг ах унадаг дугуйгаа алдчихлаа гээд цагдаатай хамт явж байхад нь камер шүүлгэж үзэхэд тэр ахын дугуйг хулгай хийсэн хүн миний дугуйг хулгайлсан гэдгийг мэдсэн. ...Миний алдагдсан унадаг дугуй нь “Wake” брэндийн 27.5 инчийн хойд дугуйны гол төмөр нь 2 талдаа чихтэй, хар ногоон өнгийн унадаг дугуй байсан бөгөөд онцлог содон шинж тэмдэг гэвэл дугуйны жолоо хэсэгт 3 ширхэг зурагдаж халцарсан толбо тэмдэгтэй. Би өөрийн алдсан унадаг дугуйгаа 2020-2021 онд 3, 4-р хорооллын тэндээс 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” /хх 84/ гэсэн мэдүүлэг,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 86-87 /,

хохирогч М.Гын “...Би 2023 оны 08 дугаар сарын 29-ний өглөөний 09:00 цагт ажилдаа явахаар гэрээсээ буюу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 275 дугаар байрны 304 тоотоос гарч ирэхэд миний гадаа цоожилж үлдээсэн дугуй хулгайд алдагдсан байсан. ...2023 оны 08 дугаар сарын 28-ны оройны 19 цагт орцныхоо үүдэнд цоожилж үлдээсэн. Шөнийн 23 цагийн орчимд агаар амьсгалахаар гарахад миний унадаг дугуй байж байсан. ...” /хх 42/ гэсэн,

шүүгдэгч Э.Тийн шүүх хуралдаанд “... Тэр үед мөнгөний хэрэгцээ гарсан байсан тул дугуй хулгайлсан. Би тэр 2 дугуйг мөнгөний хэрэгцээ гараад хулгайлсан. Энэ зүйлсээ бүгдийг зарсан. Нэг дугуйг зарсан, багажнуудаа зарсан, нэг дугуйг нь буцааж өгсөн. ...” гэсэн /хх 194/ мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-45/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 91-92/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Э.Т нь жижүүрийн байранд нэвтрэхдээ хохирогч Т.Сгаас түлхүүрийг авч буюу хохирогчийн зөвшөөрснөөр орсон талаар мэдүүлэг өгсөн байх боловч хохирогч Т.С нь зөвшөөрөл олгосон талаар мэдүүлэг өгөөгүй бөгөөд хаалга нь онгорхой байхаар нь үзэхэд эд зүйл нь байхгүй байсан талаар мэдүүлжээ.

Мөн гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээс үзэхэд, хохирогч Т.С нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 546 дугаар байрны жижүүрийн байранд хулгай орсон байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн баримт авагдсан байх тул шүүгдэгч Э.Тийг жижүүрийн байранд хохирогчийн зөвшөөрлөөр орсон гэж үзэх боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Тийг үргэлжилсэн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.214.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Тийн жижүүрийн байранд нэвтрэн хохирогч Т.Сгийн цохилттой дрилл, молдок, хийн буу, ком багаж, зуурагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 966.000 төгрөгийн, хохирогч М.Г, Н.Д нарын байрныхаа гадаа тавьсан унадаг дугуйнуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М.Гт 900.000 төгрөгийн, Н.Дд 348.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Т “...миний бие 2022 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хугацаанд үйлдсэн залилангийн гэмт хэргийг одоо байгаа хэрэгт нэгтгэн шийдүүлэх хүсэлт гаргасан. ... Энэ залилангийн үйлдэл дээр 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, 2022 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр сэжигтнээр татагдан хянагдаж байгаа. Уг хоёр гэмт хэргийн үйлдлийг одоо яллагдаж байгаа хэрэгт нэгтгэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Э.Тийг дээрх хэргээс өөр хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар баримт байхгүй, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ “...Прокуророос цахим системээс хайлт хийж үзэхэд Э.Тийг нэмж яллагдагчаар татсан хэрэг байгаагүй...” гэсэн тайлбар гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Тт холбогдох залилангийн гэмт хэргийг шүүх шийдвэрлэсэн тохиолдолд энэ зохицуулалтыг хэрэглэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин насанд хүрээгүй хохирогч Н.Дд учирсан хохирол төлөгдөөгүй буюу унадаг дугуйгаа хүлээн авсан талаар эхсүл мөнгөн хэлбэрээр хохирол төлөгдсөн талаар баримт хэрэгт байхгүй байхад шийтгэх тогтоолд “...хохирогч Н.Д нарын эд зүйлийг өгсөн талаар яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан, ... шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хохирогч Н.Дд учирсан 348.000 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Э.Төөс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Тийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төөс 348.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Н.Дд олгож, бусад хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 98 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР