Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2026/0145

 

 

 

2026            02           06                                        128/ШШ2026/0145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:*******/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Й******* овгийн *******гийн Ж /РД:/

Гуравдагч этгээд: Д овгийн Хын Э /РД:УХ740396/

Нэхэмжлэлийн шаардлага: ““М" ХХК-ийн өмчлөлийн Б дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж *******а байр, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ц.Жт, мөн  Ц.Жаас Х.Эт шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уянга, гуравдагч этгээд Ц.Жын өмгөөлөгч О.Б, гуравдагч этгээд Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “М” ХХК болон “М” ХХК нарын хооронд 2019 оны дугаар 26-ны өдөр 2/122 дугаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдаж, тус гэрээний 1.2-т “...Б дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/ Нарны зам гудамж, *******а байр ..., эд хөрөнгийн эрхийн Ү-220468дугаартай, гэрчилгээний 0 дугаартай, 6816 м.кв талбайтай, орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс “М” ХХК-ийн зээлийн төлбөрт 2,183,280,000 (хоёр тэрбум нэг зуун наян гурван сая хоёр зуун наян мянга) төгрөгт тооцож…гэрээний хавсралтад дурдсан 2183.28 м.кв талбай бүхий 45 ширхэг орон сууцыг банкны өмчлөх бусад шилжүүлэн бүртгэнэ.” гэж заасан. Гэрээниий “Хавсралт 1” буюу “Мны өмчлөх бус хөрөнгөд шилжүүлэх үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт”-ын 37-д “*******А байрны тоот, 52. м.кв, нэгж талбайн үнэлгээ 1,000,000 (нэг сая) төгрөг, нийт 52,0,000 (тавин хоёр сая зургаан зуун хорин мянга) төгрөг байх”-аар тусгажээ.[1]

2. Дээрх гэрээний дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас “Б дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/ Нарны зам гудамж, *******а байр, тоот хаягт байршилтай 52. м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэж (анх удаа), “М” ХХК-д 000[2] дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.

3. “М” ХХК нь 2024 оны дугаар сарын 14-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ[3]”-ний дагуу “...эд хөрөнгийн эрхийн Ү-2 дугаартай, Б дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/ Нарны зам гудамж, *******а байр, тоот хаягт байршилтай 52. м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг …,486,250 (жаран хоёр сая дөрвөн зуун наян зургаан мянга хоёр зуун тавь) төгрөг”-өөр “М” ХХК-д худалдсан байдаг.

4. Ингээд “М” ХХК-ийг “Эд хөрөнгийн эрхийн Ү-2 дугаартай, Нийслэлийн Б дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/ Нарны зам гудамж, *******а байр, тоот хаягт байршилтай 52. м.кв талбайтай, гурван өрөө, орон сууц (цаашид “Маргаан бүхий акт” гэх)”-ны 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 0[4] дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүргтгэлийн гэрчилгээ олгожээ.

5. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 00 дугаар шийдвэрээр “…Б дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/ Нарны зам гудамж, *******а байр, тоот хаягт байршилтай 52. м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Ж өмчлөх эрхтэй...” болохыг тогтоосон[5].

6. Тус шүүхийн шийдвэрийн хүрээнд Монгол Улсын иргэн Йөншөөбү овогтой *******гийн Жыг “маргаан бүхий Ү-2 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө”-ийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 0 дугаар улсын бүргтгэлийн гэрчилгээ гарсан байна.  

7. Иргэн Ц.Ж нь иргэн Х.Эт “Эд хөрөнгийн эрхийн Ү-2 дугаартай, Нийслэлийн Б дүүргийн 14-р хороо, 14-р хороолол /13334/ Нарны зам гудамж, *******а байр, тоот хаягт байршилтай 52. м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө”-ийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу 92,5,000 (ерөн хоёр сая наян таван мянга) төгрөөр худалдаж, цаашлаад иргэн Х.Эын нэр дээр 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 0 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

8. Ингээд “М” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ц.Ж, Х.Эт тус тус шилжүүлсэн улсын бүртгэлийн байгууллагын үйлдлийг эс зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “““М" ХХК-ийн өмчлөлийн Б дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж, *******а байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл, 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “...Ц.Жаас Х.Эт шилжсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан тус тус гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав. 

9. Нэхэмжлэгч “М” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

9.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.02.03-ны өдрийн 102/ШШ2021/00 дугаар шийдвэрээр Б дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замын *******А байрны тоот, 52. м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Ж өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны ... 02-149/ дугаар... албан бичгээр "... *******гийн Жын өмчлөлд шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгож, гэрчилгээний хуулбарын хамт хариу ирүүлэх..." гэж Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан байна. ... Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хоронгийн эрхийн улсын бүртгэгч манай компани руу холбогдож шүүхийн шийдвэрийн дагуу "М" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дээрх хөрөнгийг Ц.Жын өмчлөлд шилжүүлэх ажиллагаа явагдах болсон тул ирж тайлбар өг гэсний дагуу очиж уулзсан. ... Ийнхүү манай компани 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4/25 дугаар албан бичгээр Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дахин тайлбар өгсөн.

Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ... улсын бүртгэгч 9 дугаарын утаснаас залгаж, танай эд хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Ц.Жын өмчлөлд шилжүүлэхийг даалгасан албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манайд ирүүлсэн... манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц.Жын өмчлөлд шилжүүлсэн, ирж уулзаарай гэж 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэгч н.Лхагвасүрэн нь утсаар холбогдож мэдэгдсэн. Үүний дагуу бид очиж уулзахад Б дүүрэг Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тасгийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн "Мэдэгдэл М ХХК-д гэх албан бичгийн хуулбар хувийг өгсөн.

... Ийнхүү манай компани 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 4/32 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/266 дугаар албан бичгээр "... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ." гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр 11.3 дахь хэсэгт "Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана." гэж заасны дагуу тус орон сууцыг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 102/ШШ2021/00 дугаар захирамжийг биелүүлж Ц.Жын өмчлөлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчиж бүртгэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна." гэх хариу өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь дээрх хариу албан бичигтээ шүүхийн шийдвэрийг биелүүлж Ц.Жын өмчлөлд бүртгэсэн гэх атлаа үндэслэл болгосон Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 102/2021/00 дугаар шийдвэр нь Ж.Гт холбогдох шийдвэр бөгөөд манай "М" ХХК-д холбогдох шийдвэр биш юм. Манай компани холбогдох байгууллагуудад гомдол гаргасан, эцсийн байдлаар хариу гараагүй, шийдвэрлэгдээгүй байна гэдгээ Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан албан бичгээр гомдлоо өгсөөр байтал маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэнд гомдолтой байна.

Иймд “М" ХХК-ийн өмчлөлийн Б дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж, *******а байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жын өмчлөлд хууль зөрчиж шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах өгнө үү. ...” гэжээ.

9.2. Нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: “... Ц.Ж нь уг үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 0497 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ”-ээр иргэн Х.Эт худалдаж, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Х.Эын нэр дээр гарсан байх тул Ц.Жаас Х.Эт шилжсэн бүртгэлийг мөн хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. ...” гэжээ.

9.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” заасан. “М” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу энэ хуулийн заалт үйлчлэх ёстой болчихоод байдаг. Гэтэл тухайн маргаан бүхий 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гарсан шүүхийн шийдвэр иргэн н.Г болон Ц.Ж нарт гарсан шүүхийн шийдвэр байгаад байдаг. Энэ шүүхийн шийдвэрт “М” ХХК-д холбогдох нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Хоёр иргэн хоорондын л шүүхийн шийдвэр гарсан байгаа. …

... Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор тухайн эд хөрөнгийг Ц.Жавхбаатарын өмчлөлд шилжүүлэхийг даалгасан албан бичиг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ирсэн гээд улсын бүртгэлийн хэлтсээс дахиад манайд мэдэгдсэн. Үүнийх нь дагуу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргасан байгаа. Манайх “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, мөн Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулаад нэхэмжлэл, гомдол гаргасан байгаа. Энэ гомдол, хүсэлтийн хариу гараагүй байгаа учраас үл хөдлөх хөрөнгийг битгий шилжүүлээч ээ” гээд хүсэлт гаргаад өгсөн боловч тухайн манай асуудлыг хариуцсан улсын бүртгэгч нь ээлжийн амралтаа авсан хойшуур нь Ц.Жын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Хариуцсан улсын бүртгэгч нь тухайн үедээ танай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхгүй, яагаад гэвэл н.Гын өмчлөлд шилжүүлж байгаагүй, танайх маргаантаай байгаа учраас шилжүүлэхгүй гэж байсан. Гэтэл ээлжийн амралтаа аваад өөр хүн түр орлож байх хооронд нь хууль зөрчөөд шилжүүлчихсэн байгаа. ... Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан .. уг гомдлын хариу нь “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ." гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр 11.3 дахь хэсэгт "Шүүх арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана." гэж заасны дагуу тус орон сууцыг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 102/ШШ2021/00 дугаар захирамжийг биелүүлж Ц.Жын өмчлөлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчөөгүй байна” гэсэн. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын баримталсан хууль нь хүртэл үндэслэлтэйгээ нийцэхгүй байгаа. ... Ингээд шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ж нь иргэн Эын өмчлөлд шилжүүлсэн байдаг тул ...нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. ... Нэмэлтээр тайлбар хэлэхэд ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөх эрх шилжүүлэхийг даалгасан албан бичиг явуулсан байдаг. Үүнд Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Мны өмчлөлд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр анх бүртгэгдсэн 2024 оны дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн “М” ХХК-ийн өмчлөлд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн бүртгэгдсэн байна. Иймээс Гын өмчлөлд шилжүүлэн бүртгэгдэж байгаагүй байна. Тиймээс Ц.Жын өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй байна гэдэг хариуг өгч байсан. Тэгэхээр манай компанийн өмчлөлийн хөрөнгийг манайд ямар ч хамаагүй шүүхийн шийдвэрээр дахин дахин шилжүүлээд байгаад гомдолтой, бас маргаантай байхад шилжүүлээд байгаад нь гомдолтой байна. ...Гтай ямар ч хамааралгүй, тухайн үед хөрөнгө оруулалт хийнэ, хамтарч барилгыг барина гэчихээд нэг ч төгрөг оруулаагүй. Энэ компанийн төсөл хэрэгжүүлэгч гэж худал ярьж байрыг зараад хүмүүст хохирол учруулаад байгаа. Гтай холбоотой өөр шүүх, цагдаагаар хэрхэн маргаан байгаа эсэхийг би мэдэхгүй байна. ...” гэв.

10. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:

10.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай Ула Б дүүрэг 14-р хороо 14-р хороолол /13334/ Нарны зам гудамж, *******а байр тоот орон сууцыг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлэг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 0 тоот Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0 тоот өмчлөх эрх тогтоож гэрчилгээ шинээр олгох тухай албан бичиг, Ц.Жаас иргэн Б.С олгосон итгэмжлэл, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00 тоот иргэн Ц.Жыг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 102/Ш32021/04 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн төсөл гүйцэтгэгч Ж.Г болон иргэн Ц.Ж нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ц.Жын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн байна.  Дээрх эд хөрөнгө нь "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 11.3 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй”, 9.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсхүл хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан байдаг. "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 7.7 дугаар зүйлд заасны дагуу "Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасан байдаг. ...Х.Эын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гаргасан мэдүүлгээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.2-т заасан нотлох баримтыг бүрдлүүлж өгснөөр өмчлөх эрх шилжигдэн бүртгэгдсэн байна. Дээрх баримтуудаас харахад мөн хуулийн 8, 29 дүгээр зүйлд заасны дагуу Мэдүүлэг хүлээн авч бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болно.

 Иймд “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

10.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан бичиг ирлээ гээд дан албан бичгийг үндэслэн шилжүүлэхгүй, хуульд заасан үндэслэлээр л өмчлөх эрхийг шилжүүлнэ. Хуулийн 11.3-т заасан нотлох баримтыг бүрдүүлээд л... Хэрэв тухайн асуудлаар маргаантай явж байсан бол манайд хандаад хөрөнгөд нь тусгай тэмдэглэгээ хийлгэх ёстой, иргэн Х.Эт шилжүүлэхэд тусгай тэмдэглэгээ хийлгээгүй болохоор татгалзах үндэслэл байхгүй болоод л шилжүүлсэн байх...” гэв.

11. Гуравдагч этгээд Ц.Ж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:  

11.1. Гуравдагч этгээд Ц.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарнай зам гудамж *******а байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд энэ талаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай шийдвэрээр тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосон, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдан дээрх үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд бүртгэсэн нь хууль ёсны үндэслэлтэй юм. Иймд "М" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

11.2. Гуравдагч этгээд Ц.Жын өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл Ц.Ж гэдэг хүн хууль ёсны дагуу өмчлөх эрхтэй. Түүнийг өмчлөх эрхийг хүчингүй болгох юм уу, үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй, угаасаа бодит үйл явдалд ч тийм юм байхгүй. Жыг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай шийдвэрээр тухайн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоогдсон. Энэ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг бол иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээд улсын бүртгэлд бүртгэгдсэн. Иймд учраас шүүхийн шийдвэр болон улсын бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн факт, нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрх байхгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч өөр зүйл яриад байна. М хариуцагч байх эсэх нь хамаагүй. Тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр Ж тогтоогдсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, тэгэхээр улсын бүртгэл шүүхийн шийдвэр биелүүлэх үүргээ л биелүүлсэн. ...Нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлгүй байна. Яагаад гэвэл бүртгэлийг хүчингүй болгоё гээд байгаа гэхдээ бүрдүүлбэр дутуу байсан гэж маргахгүй байгаа. Нэгэнт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримт, нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан тул Жын өмчийг үгүйсгэх баримт байхгүй” гэв.

12. Гуравдагч этгээд Х.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:   

12.1. Гуравдагч этгээд Х.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Х овогтой Э миний бие 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Ц.Жаас Б дүүргийн 14-р хороо /хороо шинэчлэгдэж 42-р хороо болсон/ Нарны зам Өгөөмөр хотхоны *******А байрны тоотод байрлах 52. м.кв 3 өрөө орон сууцны байрыг “Эрх худалдан авах гэрээ" нотриатаар орж байгуулан гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 42,096,000 /дөчин хоёр сая ерөн зургаан мянга/ төгрөгийг тухайн өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 5 хаан банкны данснаас иргэн Ц.Жын 5 хаан банкны дансанд шилжүүлж мөн өдөр худалдан авч байгаа орон сууцны байраа хүлээн авч 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тухайн байрандаа нүүж орж өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байна. Үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.1.1 дэх заалтын дагуу 2019.09.10-ны дотор төлж барагдуулах үүргээ биелүүлсэн боловч гэрээний 3.3-т заасны дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй удаа дараа шаардуулсаар байсан. Би учир байдлыг асууж лавлахад орон сууц барьсан "М" ХХК- болон Ц.Жтай тухайн байрны худалдаа хийсэн Ж.Гаас шалтгаалаад гэрчилгээ гарахгүй байна гэсэн хариу өгсөн тул 1-р орцны 2 давхарт байрлах "М" ХХК-ний оффисст 2019 оны 12 сарын орчимд орж захирал н.Г, нягтлан н.О нарт учир байдлаа хэлж гэрчилгээгээ авах хүсэлт тавихад гэрээ болон төлбөр төлсөн баримтаа аваад ир гэсний дагуу гэрээний хуулбар төлбөр төлсөн банкны хуулга зэргийг өгөхөд авч үзээд удахгүй гэрчилгээ чинь гарна гэсэн түүнээс хойш хэд хэдэн удаа гэрчилгээгээ асуухад ээлж дараагаар гарна гэсэн хариу л өгч байсан ...

Үүнээс хойш Ц.Ж 2021 оны 02 сард ярихдаа би шүүхэд гомдол гаргаж өмчлөгчөө тогтоолгосон одоо удахгүй гэрчилгээг чинь гаргаж өгнө гэсээр 2024 он хүрсэн. ... 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Х овогтой Э миний нэр дэр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0 дугаарын Ү2 дугаарын гэрчилгээ олгогдсон. Х овогтой Э миний бие тус орон сууцыг олон жил хүлээцтэй, аливаад хүндэтгэлтэй хандаж Монгол Улсын ямар нэгэн хууль эрх зүйн зөрчилгүй хуулийн дагуу өмчилж авсан гэж үзэж байна.” гэжээ.

12.2. Гуравдагч этгээд Х.Э нь шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд бол Ж гэдэг хүнээс “Эрх шилжүүлэн авах гэрээ” хийж, тухайн байрыг байрыг худалдаж аваад 2019 ондоо байрандаа ороод амьдарсан. “М” ХХК-ийн захиралтай хүртэл төлбөрөө хийж дууссаны дараа олон удаа орсон. Тэгэхэд бол ээлж дараалан гарна, болоогүй байна гэдэг хариу өгч байсан. Тэгээд 2021 оны 02 сард Ж өмчлөгчөөр тогтоолгосон байна, төлбөр мөнгөө дууссан гэрчилгээгээ авая гэхэд энэ ямар со юм, ийм юм байхгүй, Гтай бид нар уулзаж байж учраа олно. Хүлээж бай л гэсэн, тэгээд би Жтай уулзаж ... гэрээгээ биелүүл гэсэн. 2024 онд Ж миний нэр дээр гарчихлаа, чи одоо шилжүүлээд авчих гэсэн. Тэгээд хүсэлтээ өгсөн чинь 4 хоногийн дараа шүүх дээр маргаантай байгаа юм байна, эцэслэгдээгүй байна. Танд шилжих боломжгүй гэсэн, тэгээд 2025 оны 05 сард одоо асуудал байхгүй гээд шилжүүлэх гээд очсон тэгсэн 92 саяар байрыг та авсан байна. Тийм учраас таны 80 саяар авсан 2019 оны гэрээгээр чинь таны нэр дээр шилжүүлэх боломжгүй гээд тэгээд 2025 онд шинэчилсэн гэрээ хийж нотариатаар орсон. Ер нь М бол намайг авсан, амьдарч байгаа гэдгийг бол анхнаасаа мэдэж байсан. Сүүлд нь хөрөнгө оруулагч гээд байгаа Г, М 2 маргаан үүсгэснээс болж л бид нар хохирсон явж байгаа гэж ойлгож байна. Миний хувьд бол маш их хүлээцтэй хандсан, нэгэнт байрандаа орсон юм чинь гаагүй байлгүй гэж бодсон. Ямар нэгэн хууль зөрчиж авсан зүйл бол байхгүй гэж үзэж байна... “М” ХХК-ийн оффис манай орцны 2 давхарт, манайх 11 давхарт байсан, тэгээд намайг гэрчилгээг асуухад Г, тэгээд нягтлан О гэдэг хүн “гарна, байж бай” гэдэг байсан. Тэгээд дараа нь Хөгжлийн банк дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарчихсан байсан, над шиг олон хүн хохирсон...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын  тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг судлаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасныг баримтлан  дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэг. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жын өмчлөлд хууль зөрчиж шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч талаас “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг зөрчиж, хууль бусаар Ц.Жын өмчлөлд шилжүүлсэн” гэж хариуцагчийг буруутгадаг.

Учир нь, маргаан бүхий Ү-2 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “М” ХХК бүртгэлтэй байхад хариуцагч байгууллага нь хуулийн дээрх заалтын дагуу “өмчлөгчийн мэдүүлэг, түүнд хавсаргасан шүүхийн шийдвэрт үндэслэн бүртгэлд өөрчлөлт оруулахаар зохицуулсныг зөрчиж, нэхэмжлэгчийг мэдүүлэг гаргаагүй байхад буюу түүний зөвшөөрөлгүйгээр иргэн Ц.Жт шилүүлсэн”, мөн “Ц.Жыг өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор холбогдох байгууллага, албан тушаалтнуудад гомдол гаргасан талаар мэдэгдсэн атал хууль бусаар шилжүүлсэн” гэж маргасан.

1.2. Харин хариуцагчаас “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Монгол Улсын иргэн Йөншөөбү ургийн овогт *******гийн Жыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүргтгэж, 0 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо дор дурдсан баримтуудыг үндэслэсэн” гэж тайлбарладаг. Үүнд:

  • Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00 дугаар шийдвэр[6];
  • Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний 102/ШЗ2021/04 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, мөн өдрийн 302 дугаар гүйцэтгэх хуудас[7];
  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-149/, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаар албан бичгүүд[8];
  • Иргэн Ж.Г болон Ц.Ж нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн 2 дугаар Орон сууц захиалгын гэрээг[9] г.м.

1.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх … эрхийн шилжилтийг бүртгэх”-тэй холбоотой харилцааг зохицуулсан ба тус зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.” гэж заасан. Энэхүү заалтаар 1/шүүх эсхүл арбитрын хүчин төгөлдөр шийдвэр гарсан байх, 2/шийдвэрээр эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг (“шийдвэрийг хавсаргах”) гаргасан бол хөрөнгийн эрхийн шилжилтийг бүртгэхээр тусгасан.

Тодруулбал, шүүхийн шийдвэр гарснаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг шууд шилжүүлэхгүй бөгөөд тухайн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоолгосон этгээд холбогдох баримтыг бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллагад өгсний дараагаар бүртгэлийн байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр тухайн хөрөнгийг шилжүүлэх бүртгэлийг хийх хуулийн зохицуулалттай байна.

Энэ тохиолдолд нэгт, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Б дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны замын *******А байрны тоот 52, м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Ж өмчлөх эрхтэй болох”-ыг тогтоосон.

Хоёрт, тус шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоогдсон Ц.Жаас 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Б.С олгосон итгэмжлэл[10]-ийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд шаардлагатай улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж, мэдүүлэгт тэмдэгтийн хураамж төлсөн баримт болон гэрээ, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баримтуудыг хавсаргасан[11] болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Ц.Жын өмчлөлд шилжүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг зөрчөөгүй ба нэхэмжлэгчээс ““М” ХХК-ийг мэдүүлэг гаргаагүй байхад шилжүүлсэн нь уг заалтыг зөрчсөн” гэж маргасан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

1.4. Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрээр хөрөнгийн эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд эрхийн бүртгэлд бүртгэлтэй эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд хуульд заасан хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлд “М” ХХК бүртгэгдсэн байсан талаар талууд маргадагүй ба хэрэгт цугларсан баримтуудаас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “М” ХХК-ийг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, 0 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүргтгэлийн гэрчилгээ[12]-г олгосон нь тогтоогддог.

Хуулийн 11.4-т заасны дагуу хариуцагчаас “М” ХХК-д шүүхийн шийдвэрээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлэх тухай мэдэгдэж, тайлбар гаргах боломжийг олгосон дараах баримтууд хэрэгт авагдсан. Үүнд:

  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02-149/ дүгээр “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичиг, шүүхийн шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж, үүний дагуу нэхэмжлэгчийн тус өдөр гаргасан тайлбар[13];
  • “М” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/24 дугаартай албан бичгээр гаргасан тайлбар[14];
  • “М” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад хандсан албан бичигт “…2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч манай компани руу холбогдож, шүүхийн шийдвэрийн дагуу “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй дээрх хөрөнгийг Ц.Жын өмчлөлд шилжүүлэх ажиллагаа явагдах болсон тул ирж тайлбар өг гэсний дагуу очиж уулзсан…” гэж тус тус дурдсан байдаг.

Хэдийгээр хуульд заасан “бичгээр эсхүл цахим хэлбэр”-ээр мэдэгдэх шаардлагыг хангаагүй боловч хэргийн оролцогчид буюу тэр дундаа нэхэмжлэгч энэ талаар огт маргадаггүй, мөн “утсаар мэдэгдэж, уулзаж тайлбар авсан” нь талуудын тайлбар болон нэхэмжлэгчийн гаргасан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хуулийн энэхүү заалтын үндсэн зорилго нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд урьдчилан мэдэгдэж, тайлбар мэдээлэл гаргах боломжийг олгоход чиглэсэн бөгөөд ямар хэлбэрээр мэдэгдсэнээс үл шалтгаалан захиргааны байгууллага оролцогчийн уг эрхийг хангасан байх тул шийдвэрийн үр дагаварт нөлөөлөхгүй гэж шүүхээс дүгнэлээ.

1.5. Дээр дурдсанчлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн албан бичгийг “М” ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр танилцуулж, түүнээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тайлбар өгсний дараагаар Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтээс нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-3/1270 дугаар албан бичгээр “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дэх заалт, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.5 дэх заалтын дагуу өмчлөх эрхийг Ц.Жын өмчлөлд шилжүүлэн бүртгэх боломжгүй.” гэсэн хариуг хүргүүлсэн байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж, 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэж тус тус заасан.

Улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх мэдүүлгийг буцаахдаа 1/хуулийн энэ зүйлийн 29.1.3-т заалтын дагуу “…дурдсан орон сууц нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Ж.Гын өмчлөлд бүртгэгдэж байгаагүй” гэх, 2/ мөн 29.1.5 дахь заалтыг баримтлан “Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлд “иргэн Ж.Г нь …энэ компанийн барьсан барилга байгаа юм. Би өөрөө хөрөнгө оруулагчаар нь оролцсон бөгөөд энэ компанитай эрүү, иргэний шүүх дээр маргаантай байгаа”[15] гэх шалтгаанаар тус тус татгалзсан байна.  

1.6. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0 дүгээр “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” албан бичгээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсгийг үндэслэн хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, эс бөгөөс хариуцлага хүлээлгэх” талаар анхааруулсан байдаг.[16]

Хариуцагчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг болон иргэн Ц.Жын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******гийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлэг болон холбогдох баримтад үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Ц.Жын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж, 23.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн тул хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.  

Нөгөөтэйгүүр, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн бүртгэл шүүхийн шийдвэрээс зөрүүтэй болон иргэн Ж.Г, “М” ХХК-ийн нарын хооронд хөрөнгө оруулалтын маргаан үүссэн зэрэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд ийнхүү хариуцагч дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өмнө нь татгалзаж байсан нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн иргэн Ц.Жын өмчлөлд шилжүүлсэн бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

1.7. Мөн нэхэмжлэгчийн зүгээс “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан талаар мэдэгдсээр байхад шилжүүлсэн” гэж маргадаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар эл асуудлаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа” гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч мэдээгүй байна.

Учир нь нэгт, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Ц.Жт шилжүүлэн бүртгэсэн өдөртэй зэрэгцэн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан бүртгэл[17]-ийг хариуцагчид ирүүлсэн нь хариуцагч урьдчилан мэдэх боломжгүй байсан.

Хоёрт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэсний дагуу хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх тул ийнхүү Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Б дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан зэрэг нь хуулийн 29.1.5-т заасан шүүхээр хянан хэлэлцэж байгаа гэсэн үндэслэлд хамаарахгүй.

1.8. Иймд хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц.Жыг өмчлөлд бүртгэж, 0 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “...Б дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Нарны зам гудамж, *******а байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жын өмчлөлд хууль зөрчиж шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Хоёр. “...Ц.Жаас Х.Эт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, “М” ХХК-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлагын тухайд:

2.1.Хэрэгт цугларсан баримтуудаар иргэн *******гийн Ж, Хын Э нарын хооронд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ (Үл хөдлөх эд хөрөнгө)” буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 92,5,000 (ерөн хоёр сая наян таван мянга) төгрөгөөр Х.Эт худалдах гэрээ байгуулагдаж[18], тус гэрээний дагуу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Х.Эын өмчлөлд шилжүүлж, 0 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон[19] нь тогтоогддог.

2.2. Нэхэмжлэгч нь “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шилжүүлсэн нь хууль бус” гэж, харин хариуцагчийн зүгээс “урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй байсан тул иргэний хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй” гэж тус тус маргасан.

Энхүү захиргааны хэрэг нь иргэн Х.Эт маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлснээс хойш буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/3666 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсжээ. Харин Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2025/00126 дугаар шүүгчийн захирамжаар “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “үл хөдлөх эд хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байх боловч энэ талаар хариуцагчид мэдэгдээгүй байна.

2.3. Мөн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00 дугаар шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Ц.Жыг тогтоож, тус шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг Б, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШТ2025/00227 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ингэснээр иргэн Ц.Ж нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдад худалдсантай холбоотойгоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийг иргэн Х.Эт шилжүүлэн бүртгэсэн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн бөгөөд хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Үүнээс үзэхэд хариуцагчийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүргтгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан үндэслэлээр иргэн Б.Эт маргаан бүхий эд хөрөнгийг шилжүүлэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй.” гэсэн тайлбар нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн “...маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ж.Гаас Ц.Жт, Ц.Жаас Х.Эт тус тус шилжсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул тус үл хөдлөх хөрөнгийг “М” ХХК-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Гурав. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бусад үйл баримтын хүрээнд:

            3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00 дугаар шийдвэр нь “М” ХХК-д хамааралгүй тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх ёсгүй бөгөөд иргэн Ж.Г барилгын төсөлд анх хөрөнгө оруулахаар тохирсон ч хөрөнгөө оруулаагүй тул манай байгууллагатай хамааралгүй гэсэн тайлбарыг гаргадаг.

Гэтэл иргэн Жанцангийн Г нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн *******гийн Жтай маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 92,5,000 төгрөгөөр захиалах тухай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан байх[20] ба ингэхдээ уг гэрээний харилцаанд Ж.Г нь “төсөл хэрэгжүүлэгч”-ээр оролцжээ.

Харин Ц.Жтай энэхүү гэрээг байгуулснаас хойш 5 сарын дараа буюу 2019 оны дугаар сарын 26-ны өдөр “М” ХХК болон “М” ХХК нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд “М” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Г, төслийн удирдагч Ж.Г нар гарын үсэг зурж, тус компанийн тамгаар баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул “барилгын төслийн хамтран хэрэгжүүлэгч бөгөөд тухайн үед бусад этгээдтэй байрны захиалгын гэрээг байгуулах эрхтэй этгээд байсан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00 дугаар шийдвэрээр “иргэн Ж.Гаас иргэн Ц.Ж нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг захиалсан бөгөөд түүнийг хууль ёсны өмчлөгч мөн болох”-ыг нэгэнт тогтоосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасныг үндэслэн иргэн Ж.Г нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах эрхтэй эсэх нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын хүрээнд хамаарахгүй, энэ талаар нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдэхгүй болно.

3.2. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “энэхүү маргаантай асуудлаар эрүү болон иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэх, хэрэв явагдаж байгаа бол ямар шатанд байгаа” талаар удаа дараа тодруулахад “Энэ талаар мэдэхгүй” гэсэн тайлбарыг гаргадаг.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү маргаантай холбоотой иргэн болон эрүүгийн нийт 3 (гурав) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан ба шүүхээс дараах үндэслэлээр нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бүрэн боломжой гэж дүгнэсэн болно. Үүнд:

3.2.1.“М” ХХК-ийн гаргасан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/00 дугаар шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг Б, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШТ2025/00227 дугаар тогтоолоор хүлээн авахаас татгалзсан.

3.2.2.“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай” шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/079дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

3.2.3.Б дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 30д2-1/7568 дугаар албан бичгээр “...иргэн Ж.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******а байранд хөрөнгө оруулсан бөгөөд уг хөрөнгө оруулалттай холбоотойгоор иргэн Г.Гт залилуулсан гэх асуудлаар гомдол гаргасан. Уг гомдлыг ... хэрэг бүртгэлтийн хэрэг нээснийг ... хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.” гэж ирүүлсэн байна. 

Тус эрүүгийн хэрэг нь иргэн Ж.Г болон “М” ХХК, түүний гүйцэтгэх захирал Г.Г нарын хооронд үүссэн “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах”-тай холбоотой маргаан байх тул энэхүү захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй болно.

Тодруулбал, барилгын төслийг хамтран хэрэгжүүлсэн эсхүл хэрэгжүүлэхээр тохиролцсон гэх хөрөнгө оруулагч нарын хооронд үүссэн гэмт хэргийн шинжтэй маргааны улмаас тус барилгын төлбөрийг төлж, шүүхээр хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон захиалагч буюу гуравдагч этгээд (Ц.Ж, Х.Э)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх, зөрчигдөх ёсгүй буюу тэдгээрийн эрхийг баталгаажуулж бүртгэсэн хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Тиймээс иргэн Ц.Ж, Х.Э нарын өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг шилжүүлсэн улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн журмаар хянахад уг эрүүгийн хэрэг ач холбогдолгүй гэж шүүх үзлээ.

3.2.4. Маргаан бүхий Ү-2 улсын бүртгэлийн дугаартай 52. м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр анх “М” ХХК, улмаар “М” ХХК-ийг тус тус бүртгэгдсэн үйл баримтын талаар талуудын хооронд маргаан үүсээгүй бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул шүүхээс тухайлан дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.2.5. Хэргийн матеириалд авагдсан Ц.Ж, Х.Э нарын хооронд хийгдсэн “Худалдах, худалдан авах гэрээ (Үл хөдлөх эд хөрөнгө)”-ний огноо (2019, 2025) болон үнийн зөрүүтэй байдлыг гуравдагч этгээд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийлгэхэд тэмдэгтийн хураамжаас шалтгаалан дахин шинэчлэн байгуулсан тухай тайлбарласан ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн “М" ХХК-ийн өмчлөлийн Б дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол Нарны зам гудамж *******а байр, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Жын өмчлөлд шилжүүлсэн бүртгэл, Ц.Жаас Х.Эт шилжүүлсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг "М" ХХК-ийн өмчлөлд буцаан бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ДОЛЖИНСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1Хх-ийн 79-83 дахь тал

[2] 1Хх-ийн 97 дахь тал

[3] 1Хх-ийн 39-40 дэх тал

[4] 1Хх-ийн 41 дэх тал

[5] 1Хх-ийн 128-131 дэх тал

[6] 1Хавтас хэрэг (цаашид “Хх” гэх)-ийн 128-131 дэх тал

[7] 1Хх-ийн 126-127 дахь тал

[8] 1Хх-ийн , 145-146 дахь тал

[9] 1Хх-ийн 152-155 дахь тал

[10] 1Хх-ийн 147 дахь тал

[11] 1Хх-ийн 142-155 дахь тал

[12] 1Хх-ийн 124 дэх тал

[13] 2Хх-ийн 17 дахь тал

[14] 1Хх-ийн 136-137 дахь тал

[15] 1Хх-ийн 134 дэх тал

[16] 1Хх-ийн 145 дахь тал

[17] 1Хх-ийн 159 дэх тал

[18] 2Хх-ийн 56 дахь тал

[19] 2Хх-ийн 59 дэх тал

[20] 1Хх-ийн 152 дахь тал