Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00168

 

 

 

 

 

 

 

 

 

С.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2021/00331 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э-ийн хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийдвэрээр С.Э-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж Г.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Г.Б- нь хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргасан тул 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байхад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот тогтоолоор дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг, мөнгийг төлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, гомдлын хариуг хуульд заасан хугацаанд ирүүлсэн. Үүний дараа хуульд заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гомдлын хариуг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хариуг өгсөн. Урьдчилан шийдүүлэх процессийг зөрчөөгүй гэж үзэж байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 дугаартай тогтоол дээр дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцалж, сэргээх тухай тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж байгаа. 2017 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан үндэслэлээр төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан. Сэргээж байгаа үндэслэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийг үндэслэсэн. Уг зүйлд энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэсэн нь энэ маргаанд хамаарахгүй юм. Түүн дотроо төлбөр авагч, төлөгч талуудын хооронд тэжээн тэтгэхтэй холбоотой гэрээ байгуулсан асуудал байхгүй. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийдвэрээр С.Э-ээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Т.Баярмаад олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаад төлбөр авагч Т.Баярмаагийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тэтгэлэг төлөгч С.Э-э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсноос хойш охин Н.Н-, хүү Н.С- нарыг тэжээн тэтгэх үүргээ сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Багахангай, Налайх дүүргийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дүгээр шийдвэрээр С.Э-ээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж шийдвэрлүүлсэн. Миний хүү Э.Сод-Эрдэнэ нь төрөлхийн ясны хэврэгийн эмгэг хүнд хэлбэрийн оноштой байнгын асаргаанд байдаг. 2012-2020 он хүртэл 5 удаа Солонгос Улсад хагалгаанд орсон. С.Э-э нь 2016 оны 07 дугаар сард Герман Улс руу ажлын шугамаар суралцахаар явах гэж байгаа виз мэдүүлэхэд шүүхийн шийдвэрийн хуримтлагдсан өр төлбөртэй болохоор асуудал үүсээд байна, хүүгийн эмчилгээтэй холбоотой материалыг авч яваад судалж байгаад Герман Улсад эмчлүүлнэ. Тэгээд нэг гэртээ орж хүүхдээ хөл дээр нь босгоно гэж хэлсэн. Намайг эргэж иртэл цалингийн карт авч үлдээд мөнгөнд санаа зоволтгүй, би мөнгө шилжүүлье гэсэн. Би тухайн үед хүүхдээ эмчлүүлэх үүднээс С.Э-эд итгэж 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх өргөдөл гаргасан. Үүнээс хойш С.Э-э Герман Улс руу яваагүй бөгөөд түүний хэлсэн бүх зүйл худал байсан төдийгүй өөр хүнтэй амьдарч эхэлсэн. Үүнээс хойш би өөрөө хүүхдээ асарч дахин хагалгаанд оруулж бүх зардлыг өөрөө гаргасан. Харин С.Э-э нэг ч удаа тусалж байгаагүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин сэргээлгэх хүсэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч С.Э-ийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 тоот дуусгавар болсон ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ гуравдагч этгээдийн хүсэл зоригийн дагуу гэрээ байгуулагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон. Төлбөр төлөгч С.Э-э болон төлбөр авагч Т.Баярмаа нар нь гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгохдоо харилцан тохиролцоогүй, эвлэрч эвлэрлийн гэрээ хийгдээгүй Харин төлбөр авагч хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг үндэслэн ахлах болон шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулан тэмдэглэл үйлдэн, дуусгавар болгох тогтоолыг гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байхад ямар нотлох баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгож байгаагаа тодорхойлоогүй, дүгнээгүй гэж үзэж байна. Үүнд: Хавтаст хэрэгт төлбөр авагч төлбөр авахаас татгалзсан үйл баримтыг тогтоосон эрх зүйн баримт бичиг, эвлэрлийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй байхад гэрээ байгуулагдсан мэтээр хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Хэрэв эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан гэж үзвэл төлбөр төлөгч С.Э-э нь ямар тохиролцоог биелүүлээгүй, эвлэрлийн ямар нөхцөлөөс татгалзсан эсэхийг тогтоолгүй шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэр үндэслэл муутай, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Э-э нь хариуцагч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан төлбөр авагч хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзсан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь үндэслэлгүй гэж дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн нь хууль зөрчөөгүй гэх үндэслэл заан татгалзжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаар шийдвэрээр С.Э-э, Т.Баярмаа нарын гэрлэлтийг цуцалж, охин Н.Н-, хүү Н.С- нарыг эх Т.Баярмаагийн асрамжид үлдээж, эцэг С.Э-ээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Тус шийдвэрт 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 28-33-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Т.Баярмаа нь ... Бид харилцан тохиролцож, ойлголцсон тул хүүхдийн тэтгэмжийг цаашид авахааргүй болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцалж, хэргийн материалыг хааж өгнө үү гэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж, шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч С.Э-эд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /хх-ийн 34-35-р тал/

 

Төлбөр авагч Т.Баярмаа нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээлгэх тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/34 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг цуцалж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. /хх-ийн 40-р тал/

Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулахыг дээрх хуулиар зохицуулсан, нэхэмжлэгч С.Э-ийн хувьд 2016 онд Герман Улс руу суралцахаар явах гэж байгаа, шийдвэр гүйцэтгэх байгууллага дахь өр төлбөрийн асуудал нь виз гарахад нөлөөлж байна гэх үндэслэлээр төлбөр авагч Т.Баярмаатай тохиролцсон гэх гуравдагч этгээдийн тайлбарыг үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгч С.Э-э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсноос хойшхи хугацаанд Гэр бүлийн тухай хуульд заасан тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхдээ хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, шүүх талуудыг эвлэрлийн гэрээ байгуулсан мэтээр дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэжээ. Нэхэмжлэгч С.Э-э нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Баярмаагийн С.Э-э нь Герман Улсын виз гаргуулахтай холбоотойгоор хүүхдийн тэтгэлгээс татгалзахаар түүнтэй тохиролцсон гэх агуулгатай тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар эсэргүүцээгүй, мөн тус тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Дээрх тохиолдолд талуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар тохиролцон эвлэрсэн гэж үзэх боломжтой бөгөөд төлбөр төлөгч С.Э-э нь төлбөр авагч буюу гуравдагч этгээд Т.Баярмаатай тохиролцсон тохиролцоогоо зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2021/00331 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ