| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0045/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2018-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Хохирогч: Г.Я
Шүүгдэгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б Дд холбогдох 1712002190068 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн,, суманд төрсөн, ,,настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн,,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С овогт Б Д /РД: .../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн төв ерөнхий боловсролын сургуулийн хажуугийн сайжруулсан шороон зам дээр өөрийн эзэмшлийн 34-62 АРХ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар явган зорчигч В.Эыг автомашинаар дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогч Г.Ягийн мэдүүлсэн: Эхнэр маань хүүхдийн эцэг эхийн хурал тарчихлаа, намайг ирээд ав гэхээр нь очиж авах гээд гэрээсээ машинаа унаад гарсан. Сургуулийн хажуу талд ирэхэд цэцэрлэгийн наахан талд хоёр хүнтэй сугадалцаад явж байсан. Тэгээд цаанаас нэг машин маш хурдтай ирээд миний машиныг мөргөсөн. Замын хажуу руу орсноос хойш юу болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Надад Б.Д машин авч өгсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүх хуралдаанд гэрч С.Оын мэдүүлсэн: Хөдөөнөөс сумын төвд орж ирээд хүүхдийнхээ эцэг эхийн хуралд 17 цагийн үед суучихаад 19 цагийн үед гараад сургуулийн хажуугаар буюу дэлгүүр хүрээгүй талийгаач болон Д.Л нартай хамт явж байгаад салсан. Тухайн үед гэрлийн ойлт үүссэн. Тэгээд юу болсон гэдгийг мэдээгүй. Манай хүнийг гэрээс нь дуудаж намайг авахуулсан байсан. Талийгаачийн нэрийг сайн мэдэхгүй, зөвхөн зүс үзэх хэмжээний таньдаг байсан гэв.
Шүүх хуралдаанд гэрч Д.Лын мэдүүлсэн: Эцэг эхийн хуралд суугаад, сургуулиас гараад явж байсан. Тэгээд талийгаачаас салаад явж байхад гэрэл гараад, маш чанга дуу гараад явахаар нь салгалаад юу болсон талаар мэдэхгүй байна. Би өөрөө зүрх муутай хүн учраас сайн мэдэхгүй байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 1712002190068 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Г.Ягийн мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр орой манай эхнэр хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд суухаар явсан юм. Тэгээд орой 19 цагийн үед манай эхнэр амь хохирогч Э над руу залгаад хурал тарчихлаа, намайг ирээд авчих гэж надад хэлсэн. Тэгээд би авах гээд гэрээсээ гараад сургуулийн тэр хавьд зам дээр явж байсан чинь манай эхнэр хоёр хүнтэй хамт сугадалцаад замын эсрэг талд алхаж байсан. Тэгсэн чинь гэнэт зүүн талаас нэг гэрэл гараад ачааны машин их хурдтай зам дээр давхиж байсан, тэгэхээр нь би эхнэрээ хараад хурдаа хасаад араагаа 2 дугаар араандаа хийгээд байж байсан чинь нөгөө зам дээр алхаж байсан 3 хүний 2 нь цаашаа болох шиг болсон. Тэгээд манай эхнэрийг хамаад миний машиныг мөргөөд л замын хажуу хэсэг рүү оруулчихсан. Би машиныхаа урд шилээр бараг шидэгдэх шахсан бөгөөд толгой урд шилээр гарчихсан байсан. Би гарах гэсэн чинь жолооны хүрдэнд хавчигдаад жолооч талын хаалга онгойхгүй байхаар нь урд талын салхины шилээр гарсан. Тэгээд гараад ирсэн чинь Маятины жолооч над дээр ирээд чи муу пиздаа зам голлож давхисан шүү гэж над руу дайраад байсан. Тэгсэн чинь манай хадам ах ирээд чи хүн дайраад алчихлаа гэж хэлсэн чинь Маятины жолооч манай ахтай барьцалдаж аваад манай ах Эыг зодох гээд байсан. Тэгээд машинаа тойроод гүйгээд очсон чинь манай эхнэр миний машины жолооч талын хаалган дээр толгой нь ертөнцийн зүгээр урагш харсан хөл нь хойшоо харчихсан амьсгалахгүй байсан. Тэгээд би цочролд ороод тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би тухайн үед замын цаана явж байсан эхнэрээ хараад маш аяархан баруун гар талаа бариад эгнээндээ явж байсан. Маятины жолооч архи уучихсан байсан бөгөөд надад үнэртэж байсан. Яг ямархуу согтолттой байсан талаар нарийн сайн мэдэхгүй байна. Яг ослын үед манай эхнэртэй хамт явсан хоёр хүн л ослыг харсан байх. Өөр хүн харагдаагүй. Миний нуруу, бөөр их өвдөж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Маятины жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар мэдэхгүй байна. Цаанаас ирж байхдаа бол их хурдтай явж байсан. Осол болох үед манай эхнэр 2 хүнтэй хамт замын цаана алхаж явсан. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 23-28 хуу/
Б.Дгийн гэрчээр мэдүүлсэн: ...Тухайн өдөр би Цахир сумын Тарант гэх газраас өөрийн ээж, дүү хоёртойгоо хамт орж ирээд Лын гэрт очиж хүүхдэд нь тараг, сүү өгчихөөд, хөдөө гэр рүүгээ мод ачих хэрэгтэй байна гээд модоо ачихаар гэрээс нь гараад замдаа Д, Л гэх хоёр найзаа утсаар дуудаад хамт явж манай хашаанаас машин дээр мод ачсан юм. Тэгээд модоо ачиж дуусчихаад би “Сангийн далай” нэртэй дэлгүүрээс нэг сав “Сэрүүн” нэртэй 2.5 литр пиво аваад бид гурав хуучин наадмын талбайн хажууд очиж машиндаа уучихаад Дыг гэрт нь хүргэж өгөх гээд сургуулийн урд талын төв зам руу ороод явж байсан чинь зам дээр гэнэт 3 хүн гараад ирсэн. Тэгээд би хүн гараад ирэхээр нь рулээ баруун гар тал руугаа дарах гэсэн чинь хоёр хүн нь урдуур гүйхээр нь буцаагаад зүүн гар тал руугаа залаад цэнхэр өнгийн зам дээр зогсож байсан Портер маркийн автомашиныг очоод мөргөчихсөн. Тэр үед нэг хүн нь Портерын зүгт гүйж харагдсан. Тэгээд би Портерыг мөргөчихөөд замын хажуу талын далан дээгүүр даваад зогсчихсон. Би машин мөргөчихлөө гэж бодоод сандарсандаа Портер машины хажуугаар тойроод цаана нь гарч зогсоод бид гурав машинаас буугаад харсан чинь хүмүүс ирчихсэн Портерын жолооч талын хаалга нь онгойчихсон, хаалганых нь доод талд нэг эмэгтэй хүн байхаар нь би очиж харсан чинь нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дуудаад хүмүүс ирсэн. Тэгээд сумын цагдаа ирээд намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг төхөөрөмжөөр шалгаж үзсэн. Осол болж байхад хүн хараагүй байх. Амь хохирогчтой хамт явж байсан хоёр хүн л харсан байх, би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь л 3 хүн зам дээр гараад ирсэн бөгөөд тэр 3 хүн явж байгаад нэг нь Портер машин руу гүйгээд нөгөө хоёр нь замын нөгөө тал руу гүйгээд гарчихсан. Би биедээ гэмтэл шарх аваагүй. Тухайн үед зогсоох арга хэмжээ аваагүй байх. 30 гаруй км/цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Тухайн үед сандраад тормос гишгэх үед тормос, хааз хоёроо андуурсан байх, Портер машин дээр их хурдтай очсон. Бид гурав нэг сав пиво л уусан, би нэг их согтоогүй байсан. Яг осол болох үед Портер мөргөчихөөд тэвдээд замын шороон дээгүүр даваад гарчихсан. Тэгээд шороон дээгүүр даваад Портерын цаагуур нь тойроод зогсчихсон юм. Би машинаас бууж ирээд газар хэвтэж байсан хүнийг хараад ухаан балартаад юу болоод байгааг ойлгоогүй. Тэр үед маргалдаж зодолдсон талаар санахгүй байна. Би амь хохирогчийг Портер маркийн машин руу гүйж байхыг хараагүй, хаана мөргөсөн талаар мэдэхгүй байна. Тэр гурван хүн сугадалцаад миний явж байсан эгнээнд ертөнцийн зүгээр баруун тийшээ зам дагаад явж байсан. Тэгсэн чинь тэр хоёр хүн баруун гар тал руугаа гүйгээд явчихаар нь би нөгөө тал руугаа рулээ дарсан чинь Портерыг очоод мөргөчихсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-32 хуу/
Гэрч Д.Лын мэдүүлсэн: ...Тухайн орой би хүүхдийнхээ сургууль дээр очиж эцэг, эхийн хурал дээр суучихаад талийгаач, манай хүүхдийн ангийнх нь хүүхдийн ээж болох нэг эмэгтэй, бид гурав сургуулиас гараад явж байсан чинь амь хохирогч манай нөхөр ирж байна гээд бид хоёрын хажууд явж байгаад нөхрийнхөө машинд суух гээд алхаж явсан чинь ачааны машин зүүн хойд талаас их хурдтай ирээд амь хохирогчийг нөхрийнх нь машинтай хамт мөргөчихсөн. Тэгээд би их зүрх муутай, эмнэлэгт үзүүлдэг учраас тэр үед ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд намайг сургуулийн хоёр багш гэрт хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ ухаан ороод зүрх өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж тариа хийлгэж гайгүй болсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Тухайн ослын талаар өөр харсан хүн байгаа эсэх талаар би мэдэхгүй байна. Ачааны машин аймаар хурдтай явж байсан. Тухайн үед цас орж байсан болохоор би ямар өнгийн машин байсныг нь сайн хараагүй. Би гэмтэл аваагүй, айж цочирдсондоо зүрх өвдөөд байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Гэр С.Оын мэдүүлсэн: ...Тэр орой би хүүхдийнхээ сургууль дээр очиж эцэг, эхийн хурал дээр суучихаад орой 18 цаг 30 минутын үед тараад талийгаач бас нэг хүүхдийн ээж нь болох эмэгтэй, бид гурав сургуулиас гараад явж байсан чинь амь хохирогч манай нөхөр ирж байгаа гээд бид хоёрын хажууд явж байгаад нөхрийнхөө машинд суух гээд алхаж явсан чинь гэрэл гараад нэг машин ирж байсан. Тухайн үед гэгээ тасраад харанхуй болж байсан ба тэр машин зүүн хойд талаас их хурдтай ирж явсан. Тэгээд амь хохирогчийг нөхрийнх нь машинтай хамт мөргөчих шиг болсон. Тэгээд би зүрх өвдөөд юу болсон талаар сайн ойлгоогүй. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Ослын талаар өөр харсан хүн байгаа эсэх талаар би мэдэхгүй байна. Миний зүрх өвдөөд бараг ухаан алдах гэж байсан чинь сургуулийн багш нар манай нөхөрт утсаар мэдэгдсэн байсан. Би машин хэр хурдтай явж байсан талаар юу ч мэдээгүй, гэрэл гараад осол гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 хуу/
Гэрч Б.Лын мэдүүлсэн: ...Тухайн өдөр Д Цахир сумын Тарант гэх газраас Хьюндэй Маяти маркийн автомашинтай орж ирээд манай гэрт ирж тараг, сүү өгчихөөд хөдөө гэр рүү мод ачих хэрэгтэй байна гээд бид хоёр мод ачихаар гэрээс гараад замдаа бид хоёр найз болох Дыг утсаар дуудаад хамт явж Дгийн хашаанаас машин дээр нь мод ачсан юм. Тэгээд модоо ачиж дуусчихаад “Сангийн далай” нэртэй дэлгүүрээс нэг сав “Сэрүүн” нэртэй 2.5 литртэй пиво аваад бид гурав хуучин наадмын талбайн хажууд очиж машиндаа уучихаад Дыг гэрт нь хүргэж өгөх гээд сургуулийн урд талын төв зам руу ороод явж байсан чинь урдуур гэнэт 3 хүн гараад ирсэн. Тэгээд би хөөе хүн гэсэн чинь жолооч зүүн тийш нь рулээ залаад цэнхэр өнгийн зам дээр зогсож байсан Портер маркийн автомашиныг очоод мөргөчихсөн. Тэгээд Маяти Портерыг мөргөчихөөд замын хажуу талын далан дээгүүр даваад зогсчихсон. Жолооч Д машин мөргөчихлөө гээд Портер машины хажуугаар тойроод цаана нь гарч зогсоод бид гурав машинаас буугаад харсан чинь хүмүүс ирчихсэн Портерын жолооч талын хаалга нь онгойчихсон, хаалганых нь доод талд нэг эмэгтэй хүн байхаар нь би очиж харж чадаагүй юм. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудаад хүмүүс ирээд салхийг нь тавиад өг гээд байсан. Тэгээд бид гурав гэр рүүгээ харих гээд явсан. Тэгсэн чинь сумын цагдаа ирээд жолооч Дгаас цус аваад согтууруулах ундаа хэмждэг багажаар Дг үлээлгэж байсан. Осол болсныг өөр хүн харсан эсэх талаар мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь л зам дээр 3 хүн гараад ирсэн. 3 хүн явж байгаад нэг нь Портер машин руу гүйгээд нөгөө хоёр нь замын нөгөө тал руу гүйгээд гарчихсан. Би биедээ гэмтэл шарх аваагүй. Тухайн үед зогсоох арга хэмжээ аваагүй байх. 40-50 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Тэр үед цас орж эхэлж байсан. Бид гурав нэг сав пиво л хувааж уусан, нэг их согтоогүй байсан. Яг осол болох үед Портер мөргөчихөөд тэвдээд замын шороон дээгүүр даваад гарчихсан. Би ойлгохдоо Маяти машины жолооч сандраад хааз, тормос хоёроо андуураад гишгэсэн байх. Тэгээд шороон дээгүүр даваад Портерын цаагуур нь тойроод зогсчихсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/
Гэрч Б.Дын мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай найз Д Цахир сумын Тарант гэх газраас Хьюндэй Маяти маркийн автомашинтай орж ирээд намайг хамт мод ачилцаад өгөөч гээд утсаар дуудаад хамт явж Дгийн хашаанаас машин дээр нь мод ачсан юм. Тэгээд модоо ачиж дуусчихаад “Сангийн далай” нэртэй дэлгүүрээс нэг сав “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво аваад бид гурав хуучин наадмын талбайн хажууд очиж машиндаа уучихаад намайг гэрт хүргэж өгөх гээд сургуулийн урд талын төв зам руу ороод явж байсан чинь урдуур гэнэт 3 хүн гараад ирсэн. Тэгээд би урд чинь хүн гэсэн чинь жолооч зүүн тийш нь рулээ залаад цэнхэр өнгийн зам дээр зогсож байсан Портер маркийн автомашиныг очоод мөргөчихсөн. Маяти нь Портерыг мөргөчихөөд замын хажуу талын далан дээгүүр даваад зогсчихсон. Манай жолооч Д машин мөргөчихлөө гээд Портер машины хажуугаар тойроод бүтэн эргээд цаана нь гарч зогсоод бид гурав машинаас буугаад харсан чинь хүмүүс ирчихсэн Портерын жолооч талын хаалга нь онгойчихсон, хаалганых нь доод талд нэг эмэгтэй хүн байсан. Тухайн үед зам дээр байсан хоёр хүнийг дайрахгүй гээд нөгөө тал руугаа дарсан байх. Тэгээд эмнэлэг цагдаагийн хүмүүс ирсэн. Осол болсон талаар харсан хүмүүс байгаа эсэх талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь л 3 хүн зам дээр гараад ирсэн. Дараа нь олон хүн цугларсан бөгөөд яг осол болох үед ойр хавьд хүн харагдаагүй. 3 хүн явж байгаад нэг нь Портер машин руу гүйгээд нөгөө хоёр нь замын нөгөө тал руу гүйгээд гарчихсан. Би биедээ гэмтэл шарх аваагүй. Тухайн үед зогсоох арга хэмжээ аваагүй байх. Хэр зэрэг хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Бид гурав нэг сав пиво л уусан бөгөөд нэг их согтоогүй байсан. Өмнө нь эрүүл байсан. Яг осол болох үед Портер мөргөчихөөд тэвдээд замын шороон дээгүүр даваад гарчихсан. Д тухайн үед цочролд ороод тэгээд шороон дээгүүр даваад Портерийн цаагуур нь тойроод зогсчихсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/
Гэрч О.Б мэдүүлсэн: ...Миний хүү Д нь манай хамгийн том хүү байгаа юм. Доороо 3 дүүтэй хүүхэд байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу бөгөөд архи дарс хэрэглэчихсэн байхыг би хараагүй. Гэр орондоо тус дэмтэй, халамжтай сайн хүү байгаа юм. 10 жилийн сургуулиа Тариат суманд төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод Техник технологийн сургуульд сурч байгаад жилийн чөлөө аваад, дахиж сургуульдаа сураагүй юм. Тариат суманд 10 жилд байхдаа сурлага сайн хүүхэд байсан. Анги хамт олондоо нэр хүндтэй хүүхэд байсан. Гэр бүл байхгүй, аав, ээж хоёртойгоо хамт амьдардаг. Манай хүү өмнө нь архи, дарс хэрэглэж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/
Яллагдагч Б.Дгийн мэдүүлсэн: ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Цахир сумын Тарнат гэх газраас би өөрийн эзэмшлийн 34-62 АРХ улсын дугаартай Хьюндэй Маяти маркийн автомашинтай сумын төвд байх хашаанаасаа галын түлш авахаар 12:00 цагийн үед орж ирсэн. Тэгээд сумын төвд байх гэртээ ирж байж байгаад өөрийн найз болох Лын гэрт сүү аваачиж өгөхөөр очсон юм. Тэгээд Лыг надтай хамт мод ачилцаад өгөөч гээд бид хоёр гэрээс нь хамт гарч ирээд мод ачих хашаан дээрээ ирээд Д гэх найзыгаа утсаар нь дуудаад бид гурав хамт модоо ачсан юм. Тэгээд модоо ачиж дуусаад тэндээсээ гараад явж байсан чинь манай найз Л гэх залуу модоо ачуулчихаад зүгээр байх гээд байгаа юм уу гээд байхаар нь би сумын төвийн “Сангийн далай” нэртэй дэлгүүрээс 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво нэгийг аваад сумын төвийн доошоо уруудаад хуучин наадмын талбайн хажууд очиж бид гурав нөгөө пивоо хувааж уусан. Тэгээд бид гурав хөдлөөд Д гэх найзынхаа гэрт очих гээд сумын төвийн төв замаар зүүнээсээ баруун тийшээ явж байсан чинь “Хадгаламж” банкны ертөнцийн зүгээр урд талд зам дээр өөдөөс гэрэл гараад Портер маркийн машин зам дээр хөндлөн зогчихсон байсан. Тэгээд би урд талаар нь тойроод гарчихаж болох юм байна гэж бодоод баруун талаар нь гарах гэсэн чинь урдаас гэрэл ойгоод гялбаад байсан. Тэгээд гэрлээс гараад урдуур нь тойрох гэж байсан чинь миний явж байсан эгнээнд 3 хүн зам дээр гарч ирсэн. Тэгээд тэр 3 хүний хоёр нь миний баруун гар тал руу гүйчихсэн. Тэгэхээр нь би сандраад нөгөө тийш нь буюу зүүн гар тал руугаа дараад Портер маркийн автомашиныг очоод мөргөчихсөн. Би тухайн машиныг мөргөчихөөд буцаж тойроод машинтайгаа ертөнцийн зүгээр зүүн тийш нь буюу анх ирж явсан чиглэл рүүгээ хараад зогсчихоод буугаад ирсэн чинь хүмүүс хүн алчихлаа гээд орилолдоод байсан. Тэгээд би осол болсон газар дээр очоод талийгаачийг хараад ухаан балартаад тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна. Би тухайн машиныг замын зүүн гар талын туслах замаас орж ирж байхыг нь харсан. Би осол болох үед зогсоох арга хэмжээ авч амжаагүй юм. Би тухайн үед 30-40 км/цагийн хурдтай явж байсан юм. Би Портер маркийн машин руу дөхөөд очиход өөдөөс гэрэл гялбаад юм харагдахгүй байсан. Тэгээд гэрлээс гараад ирсэн чинь л урд хүмүүс явж байсан. Яг осол болох үед талийгаач Портер машины хаана байсан талаар би мэдээгүй. Харин ослын дараа харахад Портерын хажуу талд доошоо хараад хэвтэж байсан. Би тухайн үед бараг зэрэг пиво уусан байсан, их согтоогүй байсан. Би осол болох үед баруун гар тал руу хоёр хүн гүйхээр нь тэр хоёрыг дайрахгүйн тулд зүүн гар тал руугаа дараад Портер маркийн автомашиныг очоод мөргөчихсөн. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл хэвийн ажиллагаатай байсан. Би тухайн осол дээр гарсан замын шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яг осол болох үед би Портер маркийн автомашинтай замын голд мөргөлдсөн юм. Осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох үйлдэл хийх боломж байгаагүй. Тухайн үед Портер ойрхон байсан болохоор очоод мөргөчихсөн. Портер нь замаа чөлөөлөөд зогсчихсон байсан бол амжаад гарчих байсан байх гэж бодож байна. Би тухайн үед баруун гар тал руу гүйсэн хоёрыг мөргөхгүй юмсан гэж бодоод нөгөө тийш нь дарчихсан юм. Зогсоох үйлдэл хийх боломж олдоогүй, гэнэт урдуур хоёр хүн гүйхэд нь сандарсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96 хуу/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 89 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Хэргийн газрын үзлэг, схем зурагт 34-62 АРХ улсын дугаартай Хьюндэй Маяти маркийн автомашины тормосны мөр тэмдэглэгдээгүй байгаа нь жолооч Б.Д осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. 2. 34-62 АРХ улсын дугаартай Хьюндэй Маяти маркийн автомашины жолооч Б.Д ЗХД-ийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, ЗХД-ийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 31-37 АРХ улсын дугаартай Хьюндэй Портер маркийн автомашины жолооч Г.Я нь ЗХД-ийн заалт зөрчөөгүй байна. 3. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөхгүй. 4. Зам тээврийн осол нь 34-62 АРХ улсын дугаартай Хьюндэй Маяти маркийн автомашины жолооч Б.Дгийн ЗХД-ийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохилдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөнөөс гарсан гэж үзэж байна. 5. Г.Я нь “ВС” ангиллын 167652 дугаарын хүчинтэй, Б.Д “ВС” ангиллын 866344 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 55-56 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 58 тоот химийн шинжилгээний дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Дгийн гэх цусанд 09 промиль спиртийн алкоголь илрэв. 2. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 76 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 114 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач В.Эын биед гавлын орой, дух, чамархай, дагз, гавлын суурь ясны олон хэлтэрхий болсон цөмөрсөн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны урагдал, тархины эдийн няцрал, хуйхны урагдал, баруун талын 9,10, 11-р хавирга, зүүн талын 8,9-р хавирганы нугалмын хажуугийн шугамаарх зөрсөн хугарал, уушигний эдийн няцрал, авчилт, дэлүүний язрал, урагдал, гол судасны ар хана, зүүн бөөрний өөхлөгт цус хуралт, баруун зүүн чихний дэлбээ, шанаа, хацрын урагдсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн мөр, эгэм, зүүн шууны гадна дээд хэсэг, цээж, хэвлий зүүн хажууд нидрэгдсэн мэт зулгаралт, жижиг цус хуралтууд, зүүн далны доод хэсэгт зулгаралт, зүүн өвдөг, гуяны доод хэсэг, тахимыг хамарсан тойг зөөлөн эд ил гарсан шарх, зүүн тавхайн урд болон шагайн дотор хажууд шарх, зүүн шилбэний гадна дээд хэсэгт өнгөц зулгаралт, зүүн гарын 3, 4, 5-р хурууны үенд өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Гавлын орой, суурь ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, чихний дэлбээ, шанаа, хацар, хуйхны урагдал нь 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, хоёр талын олон хавирганы хугарал, уушигний эдийн няцрал, дэлүүний урагдал нь 3.1.10, 3.1.12-д зааснаар хүнд зэрэгт, зүүн өвдөг, гуяны доод хэсэг, тахимыг хамарсан тойг зөөлөн эд ил гарсан шарх нь 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, биеийн гадаргуугийн цус хуралт, зулгаралт, шарх нь нийтдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна. 4. Талийгаач В.Э нь гавал тархины амьдрах боломжгүй ил хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 5. Шинжилгээгээр уушигний гялтангийн архаг наалдацат үрэвсэлтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 6. В.Э нь 3-р бүлгийн цустай байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ...гэх дүгнэлт /хх-ийн 79-82 хуу/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-08 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11, 22 хуу/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 хуу/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 19 хуу/
Лавлагаа /хх-ийн 97 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98 хуу/
Мал тооллогын бүртгэл /хх-ийн 100 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 101-102 хуу/
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн төв ерөнхий боловсролын сургуулийн хажуугийн сайжруулсан шороон зам дээр зам тээврийн осол гарч, иргэн В.Эын амь нас хохирсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн төв ерөнхий боловсролын сургуулийн хажуугийн сайжруулсан шороон зам дээр өөрийн эзэмшлийн 34-62 АРХ улсын дугаартай Маяти маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, улмаар явган зорчигч В.Эын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Г.Ягийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ эхнэр маань хүүхдийн эцэг эхийн хурал тарчихлаа, намайг ирээд ав гэхээр нь очиж авах гээд гэрээсээ машинаа унаад гарсан. Сургуулийн хажуу талд ирэхэд цэцэрлэгийн наахан талд хоёр хүнтэй сугадалцаад явж байсан. Тэгээд цаанаас нэг машин маш хурдтай ирээд миний машиныг мөргөсөн” гэх мэдүүлэг, хохирогч Г.Ягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “манай эхнэрийг хамаад миний машиныг мөргөөд л замын хажуу хэсэг рүү оруулчихсан. Тэгээд би машиныхаа урд шилээр бараг шидэгдэх шахсан бөгөөд толгой урд шилээр гарчихсан байсан. Тэгээд машинаа тойроод гүйгээд очсон чинь манай эхнэр миний машины жолооч талын хаалган дээр толгой нь ертөнцийн зүгээр урагш харсан хөл нь хойшоо харчихсан амьсгалахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-28/, Д.Лын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн “амь хохирогч манай нөхөр ирж байна гээд бид хоёрын хажууд явж байгаад нөхрийнхөө машинд суух гээд алхаж явсан чинь ачааны машин зүүн хойд талаас их хурдтай ирээд амь хохирогчийг нөхрийнх нь машинтай хамт мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, гэрч С.Оын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгсэн чинь амь хохирогч манай нөхөр ирж байгаа гээд бид хоёрын хажууд явж байгаад нөхрийнхөө машинд суух гээд алхаж явсан чинь гэрэл гараад нэг машин ирж байсан. Тухайн үед гэгээ тасраад харанхуй болж байсан ба тухайн машин зүүн хойд талаас их хурдтай ирж явсан. Тэгээд амь хохирогчийг нөхрийнх нь машинтай хамт мөргөчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/, гэрч Б.Лын мэдүүлсэн “ сургуулийн урд талын төв зам руу ороод явж байсан чинь урдуур гэнэт 3 хүн гараад ирсэн. Тэгээд би хөөе хүн гэсэн чинь жолооч зүүн тийш нь рулээ залаад цэнхэр өнгийн зам дээр зогсож байсан Портер маркийн автомашиныг очоод мөргөчихсөн. Маяти Портерыг мөргөчихөөд замын хажуу талын далан дээгүүр даваад зогсчихсон. Тэгээд жолооч Д машин мөргөчихлөө гээд Портер машины хажуугаар тойроод цаана нь гарч зогсоод бид гурав машинаас буугаад харсан чинь хүмүүс ирчихсэн Портерын жолооч талын хаалга нь онгойчихсон, хаалганых нь доод талд нэг эмэгтэй хүн байхаар нь би очиж харж чадаагүй юм. Яг осол болох үед Портер мөргөчихөөд тэвдээд замын шороон дээгүүр даваад гарчихсан. Би ойлгохдоо Маяти машины жолооч сандраад хааз, тормос хоёроо андуураад гишгэсэн байх. Тэгээд шороон дээгүүр даваад Портерын цаагуур нь тойроод зогсчихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/, гэрч Б.Дын мэдүүлсэн “намайг гэрт хүргэж өгөх гээд сургуулийн урд талын төв зам руу ороод явж байсан чинь урдуур гэнэт 3 хүн гараад ирсэн. Тэгээд би урд чинь хүн гэсэн чинь жолооч зүүн тийш нь рулээ залаад цэнхэр өнгийн зам дээр зогсож байсан Портер маркийн автомашиныг очоод мөргөчихсөн. Тэгээд Маяти нь Портерыг мөргөчихөөд замын хажуу талын далан дээгүүр даваад зогсчихсон. Манай жолооч Д машин мөргөчихлөө гээд Портер машины хажуугаар тойроод бүтэн эргээд цаана нь гарч зогсоод бид гурав машинаас буугаад харсан чинь хүмүүс ирчихсэн Портерын жолооч талын хаалга нь онгойчихсон, хаалганых нь доод талд нэг эмэгтэй хүн байсан. Тухайн үед зогсоох арга хэмжээ аваагүй байх. Яг осол болох үед Портер мөргөчихөөд тэвдээд замын шороон дээгүүр даваад гарчихсан. Д тухайн үед цочролд ороод тэгээд шороон дээгүүр даваад Портерийн цаагуур нь тойроод зогсчихсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/, Б.Дгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “би сумын төвийн “Сангийн далай” нэртэй дэлгүүрээс 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво нэгийг аваад сумын төвийн доошоо уруудаад хуучин наадмын талбайн хажууд очиж бид гурав нөгөө пивоо хувааж уусан. Тэр 3 хүний хоёр нь миний баруун гар тал руу гүйчихсэн. Тэгэхээр нь би сандраад нөгөө тийш нь буюу зүүн гар тал руугаа дараад Портер маркийн автомашиныг очоод мөргөчихсөн. Би тухайн машиныг мөргөчихөөд буцаж тойроод машинаа ертөнцийн зүгээр зүүн тийш нь буюу анх ирж явсан чиглэл рүүгээ хараад зогсчихсон. Тэгээд би буугаад ирсэн чинь хүмүүс хүн алчихлаа гээд орилолдоод байсан, би осол болсон газар дээр очоод талийгаачийг хараад ухаан балартаад тэрнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна. Зогсоох үйлдэл хийх боломж олдоогүй, гэнэт урдуур хоёр хүн гүйхэд нь сандарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96/, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 89 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/, талийгаач В.Эын үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 114 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-82/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-08/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11, 22 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С овогт Б Дг жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэрэгт үлдээн, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүлжлэх мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Хьюндэй Маяти маркийн 34-62 АРХ улсын дугаартай саарал өнгийн автомашиныг эзэмшигч Б.Дд буцаан олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан согтуурал шалгах багажаар шалгахад Б.Дгийн согтолт 0.143 гэж гарсан нь түүнийг гэмт хэрэг үйлдэх үед согтуурсан гэж үзэхээргүй, эргэлзээтэй байна. Иймд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж Архангай аймгийн Прокурорын газраас Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Б.Дд холбогдох эрүүгийн хэргийн 22 дугаар хуудсанд түүний согтолтыг согтолт шалгах багажаар шалгах явцад бэхжүүлж авсан гэх 3 кадр зураг авагдсан байгаа боловч хэн, ямар багажаар хэний согтолтыг яаж шалгасан эх сурвалж нь тодорхойгүй, хуулиар тавигдсан нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх ба Б.Д нь осол болох үед хөнгөн зэргийн согтолттой байсан болох нь хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 58 тоот дүгнэлтээр нотлогдсон болно.
Шүүгдэгч Б.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б Дг жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Б.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн хугацааг тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэрэгт үлдээж, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн эд хөрөнгө битүүлжлэх мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн Хьюндэй Маяти маркийн 34-62 АРХ улсын дугаартай саарал өнгийн автомашиныг эзэмшигч Б.Дд буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ