Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/652

 

 

 

 

    2024             6             04                                         2024/ДШМ/652

 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэрэнтогтох,

хохирогч Ж.Э, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг,

иргэний хариуцагч Б ХХК-ийн өмгөөлөгч Л.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/910 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн эсэргүүцлээр Б.От холбогдох эрүүгийн 2209 01168 0977 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.О нь хууль, түүнд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлээгүй, тухайн нөхцөл байдалд тохирсон эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах баригдаж байсан барилгын 2 давхарт ажиллаж байсан Э.Э нь унаж, эрүүл мэндэд нь хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн бяцарч шахалдсан хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын хажуугийн арын сэртэнгийн хугарал, хүзүүний 7 дугаар нугалмын гулсалт, нугас дарагдал, духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүй байна гэж үзээд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг прокурорт буцааж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флашийг хэргийн хамт буцаан хүргүүлж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос яллагдагч Б.О нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлээгүй, тухайн нөхцөл байдалд тохирсон эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтайн 9 дүгээр гудамжны 245 тоотод баригдаж байсан барилгын 2 давхарт ажиллаж байсан Э.Э нь унаж, эрүүл мэндэд нь хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн бяцарч шахалдсан хугарал, хүзүүний 6 дугаар нугалмын хажуугийн арын сэртэнгийн хугарал, хүзүүний 7 дугаар нугалмын гулсалт, нугас дарагдал, духанд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдсон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Гэтэл шүүх 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2024/ШЗ/910 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан ба шүүгчийн захирамжид талуудын урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт, эсхүл шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж буй нь тодорхойгүй, урьдчилсан хэлэлцүүлэгт талуудын гаргасан санал, хүсэлт тусгагдаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудаас аль нь нотлогдоогүй болох, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн ямар үндэслэл байгаа талаар дүгнэж бичээгүй, шүүгчийн захирамж бүхэлдээ ойлгомжгүй байна.

Мөн шүүгч захирамжийн “Захирамжлах” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгосон ба захирамжийн “Тодорхойлох” хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” зөрчлийн талаар огт дурдагдаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 'Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан.

Шүүгчийн захирамж нь дээрх хуулийн шаардлага хангахгүй байх бөгөөд ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/910 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэмж хэлэх тайлбар байхгүй. Эсэргүүцлийг дэмжин оролцож байна.” гэв.

Хохирогч Ж.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байна.” гэв.

Хохирогч Ж.Эийн өмгөөлөгч Х.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэрэг бүртгэлтийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгасан гэж үзэж байна. Мөн мөрдөгч, прокуророос хэргийн талаар тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор нотолж хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Уг хэрэг гараад 2 жил болж байна. Манай үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Хэдийгээр Б ХХК болон Б.О нар эмчилгээний зардлыг төлж байгаа боловч хохирогч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Цаашид гадаад улс руу явж эмчлүүлэх шаардлагатай байдаг. Хэрэг нааш цаашаа прокурор, шүүх гээд шийдвэрлэгдэхгүй байснаас болж хохирогчийн эрүүл мэндийн байдал муудаж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг барилгыг “...” ХХК-ийн захиалгаар ... ХХК ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 дугаар зүйлд захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч нь хоорондоо гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн хариуцах талаар нарийн тусгаж өгөх ёстой. Хэрвээ тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гээд хуульд заасан. Иймд миний бие прокурорын шатанд хүсэлт гаргаж байсан. “Ерөнхий гүйцэтгэгч нь хэн юм бэ, захиалагч нь хэн юм бэ” гэдгийг тодруулж өгнө үү. Б ХХК нь энэ хоёр компанийн алинтай нь ч гэрээ байгуулаагүй учраас иргэний хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй байна гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж, уг хүсэлтээ гаргаад анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан байгаа. Иргэн хүн бол 3 давхар барилгыг барих зөвшөөрөлтэй байдаг. Гэтэл хавтаст хэрэгт 3 давхар барилга баригдсан уу, 12 давхар барилга баригдсан уу гэдэг талаарх баримт байхгүй. 12 давхар барилга баригдсан бол Б.О болон Б ХХК-ийн аль нь ч энэ хэрэгт хариуцагч буюу яллагдагчаар татагдах үндэслэлгүй гэж үзээд хүсэлт гаргасан. Эдгээр байдлуудыг тодруулах шаардлагатай. Осол гарсан талбай дээр хэдэн давхар барилгыг хэний захиалгаар барьж байгаа талаар гэрээ хэлцэл байдаг үгүйг тодруулах шаардлагатай гэсэн хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргасан. Үүнийг шүүх хүлээж авч хэргийг прокурорт буцаасан. Б ХХК болон иргэн Ц нар анх Б.Отай гэрээ байгуулсан байдаг. Ц нь ерөнхий захиалагчтай гэрээ байгуулсан. Гэхдээ энэ нь хууль бус гэрээ байдаг. Учир нь, Ц иргэн учраас 12 давхар барилгын угсралтыг хийх эрхгүй. Эрхгүй хүнтэй гэрээ байгуулсан. Энэ бүхнийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй. Шүүгчийн захирамж үндэслэлтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Б.Оыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд нотолж ирүүлээгүй байна гэж үзээд мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэдийгээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хэрэгт нэмэлтээр хийх ажиллагаануудыг нарийвчлан дурдаагүй боловч шүүгчийн захирамжийн агуулгыг буруутган дүгнэж, хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв. Харин, анхан шатны шүүх хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг нэг бүрчлэн, тодорхой заах нь хуульд нийцэхийг тэмдэглэж, цаашид анхаарвал зохино.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол ...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 “Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ: 19.1.1.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах; 19.1.2.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх; 19.1.3.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх; 19.1.4.даацын хийц, бүтээц, эдлэхүүн, материал түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх” гэж,

мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгох бөгөөд барилгын ажил гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тус тус заасан байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заажээ.

Хохирогч Ж.Эийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь ямар субьектын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан болохыг Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулсан харилцааны хүрээнд, гэм буруутай байж болох этгээд бүрийг холбогдуулан шалгах нь зүйтэй.

Захиалагч, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээд хоорондын харилцаа хамаарал, тэдгээрийн хооронд ямар гэрээ байгуулагдсан болох, гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, гэрээний зохицуулалтаар асуудлыг шийдвэрлэх боломжтой эсэх, гэрээний улмаас үүсэх үр дагаврыг хэн хариуцах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, ямар оролцогчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй талаар хуульд нийцүүлэн шалгасны дараа гэм буруутай байж болох этгээдүүдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/910 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР