| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2018/0066/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Н.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Нгийн Пд холбогдох 1812000000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, ,,настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Архангай аймгийн ,,,гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Ц овогт Нгийн П /РД: ..../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.П нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Дэнж хороололд иргэн Х.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар хүзүүн тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 1812000000020 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч Х.Чын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай гэрт Т, Б, Г, С, П, бид нар даалуу тоглож байгаад тэр тоглоомон дээр П гарсан. Бид нар мөнгөнүүдээ хураалгаад би мөнгө дутуу өгсөн. Тэгтэл П мөнгөө өгөхийн хооронд гуйлгачин минь хурдан мөнгөө өг гээд байсан. Би очоод эхлээд 2 удаа Пг цохиод гэрийн зүүн талд байх шүүгээнээсээ хутга гаргаж ирээд, чи муу давраад байгаарай, ална шүү гэж хэлтэл П намайг алаадах гээд миний хутга барьсан баруун гарнаас бариад орны урд өнхөрч унасан. Миний гарнаас хутга булааж аваад дээрээс дүрэх гэхээр нь би гарыг нь бугуйн дээрээс нь барьж авч түлхсэн. Тэгээд миний хүзүү хэсэгт хутгалсан. Тэгтэл нөгөө хэдэн даалуу тоглож байсан хүмүүс ирж салгасан. Би тухайн үед согтуу байсан, ухаан алдсан байсан. Намайг хутга барьсан болохоор л хутгалсан байх. Намайг гуйлгачин гээд дээрэлхээд агсан тавих гээд байхаар нь хутга гаргаад ирвэл дуугүй болох байх гэж бодсон. Тэгтэл харин ирээд намайг хутгалсан. Н.П миний гараас хутга барьж аваад хутгалсан. Би харин гаран дээрээс нь барьсандаа хөнгөн хутгалуулсан. Би юу гэж өөрөө өөрийнхөө хутган дээр унах вэ дээ. Би ганцаараа 0.33 литр “Ерөөл” нэртэй архийг уусан байсан бөгөөд өөр архи уугаагүй. П нилээн их согтуу байсан хаана, хэнтэй уусан болохыг мэдэхгүй байна. Бидний дунд өр авлага, өс хонзон байхгүй. Н.Пгээс нийт 250.000 төгрөг нэхэмжилж байна. Нэгдсэн эмнэлгээс эм тариа авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Хохирогч Х.Чын дахин мэдүүлсэн: ...Н.П бид хоёр хоорондоо маргалдаад би Пгийн нүүр рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгээд Пг айлгах гээд хутга барьж авсан. Тэгтэл П миний хутгатай гаран дээрээс барьж аваад хутгыг миний гараас булааж аваад намайг хутгалсан. Би Пгийн нүүр рүү цохиод хутга барьсан учраас уурандаа миний хутгыг булааж аваад намайг хутгалсан байх гэж бодож байна. П миний гараас хутга булааж аваад, намайг газар унагаагаад дээрээс дарж байгаад миний хүзүүний баруун хойд хэсэгт хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Т.Баттулгын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвд Наадмын дэнж хороололд Чын гэрт 19 цагийн үед Т, Цэрэнпилжээ, П, Г нарын хамт гэрийн хойморт ширээ тойроод ширээний зүүн талын буланд Г, урд талд нь Цэрэнпилжээ ах, түүний зэрэгцээ Т, хойморт Ч ах суугаад би ширээний хойд талд даалуу тоглож байгаа хүмүүсийг хараад хойморт сууж байсан. Тэгээд даалуу тоглож байгаад П 4 хожиж, тоглож байгаа хүмүүсээс 5000, 5000 төгрөг авахаар болсон. Тэгтэл Ч 8000 төгрөг өгсөн чинь чи мөнгөө дутуу өгөөд байна гээд гэж Ч ах хэлтэл П чамд мөнгө дутуу өгөхөөр чи муу яадаг юм бэ гэтэл Ч ах Пг 2 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгээд арагш унагаж байгаад дээр нь дараад авсан. Тэгэхээр нь би салгасан. Ч ах гэнэт шүүгээгээ уудлаад баруун гарандаа хутга бариад ална чамайг гээд зогссон. Тэгтэл П ах, Ч ахын өөдөөс гүйгээд ал чи намайг гээд хутгатай гарыг нь бугуйн дээрээс нь барьж аваад орны урд талд Чын дээр П ах гараад унахад Т ах гүйж очоод л хутгыг нь Чын гараас булааж авсан. Би гадагш хутгыг гаргаад гэрийн хаяанд нуусан. Би цагдаагийн байгууллагад болон эмнэлэгт дуудлага өгсөн. Олон удаа хутгалаад байсан зүйл байхгүй, Ч ах хутга авч босч ирээд л ална гэхэд П ах очоод дээрээс нь дараад унасан. Тэгээд л нэг удаа хүзүүний хойд талд нь хутгалсан байсан. Цус шүүрээд л явсан. Чын хүзүүний хойд талд чихний ард хэсэгт цус гарсан байсан бөгөөд хутганы шарх байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би дахин нэг нэгийгээ хутгалах болов уу гэж бодоод хутгыг гадаа гаргаж нуусан юм. Тухайн гэр дотор архи уусан асуудал байхгүй. П, Ч нар хаана уусан юм бүү мэд, халамцуу байсан, бусад нь бүгд эрүүл байсан. П, Ч нар өдөр өнжихгүй архи ууцгаадаг хүмүүс байгаа юм. Т ах, бид хоёр хутганы бариулнаас барьсан. Шар иштэй, үзүүр ажлын хэсэг нь голоороо далийсан байсан. Уг хутганы үзүүр 1 см хэртэй цус болсон байсан. Гэр дотор цус болоогүй, Ч ахын хүзүү, цамц, дээлний зах нь цус болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Гэрч Д.Сгийн мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвд Наадмын дэнж хороололд Чын гэрт 20 цагийн үед шиг санагдаж байна, Т, П, Ч, Г, бид дөрөв хамт гэрийн хойморт даалуу тоглоод ширээ тойроод сууж байсан. Б бид нарыг даалуу тоглож байгааг хараад сууж байсан. П тэр тоглоомонд хожоод 5000 төгрөгнүүдээ өгтөл Ч мөнгөө дутуу өгөх шиг болсон. Тэгтэл П Чоо мөнгөө гүйцээгээд өг гэж хэлтэл Пг Ч 2 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгтэл болиоч гээд Б салгасан. Тэгснээ Ч ширээ рүүгээ алхаж очоод алнаа чамайг гээд орилоод нөгөөх П нь гүйж очоод Чтой орны урд хамт унасан. Тэгтэл хутгатай байсан байна гээд Б, Т 2 салгаад нэг шар хутгыг нь Б аваад гарсан. Ч 00-н цаас байна уу гээд хүзүүн дээрээ дараад байсан бөгөөд хүзүүнээс нь цус гарч байсан. Удалгүй эмнэлэг ирсэн бөгөөд бид нар гэрээс нь гараад гэр гэртээ харьсан. Хэн нь хэнийгээ яасан болохыг мэдэхгүй, ноцолдоод явчихсан. Тэгээд гэнэт л Б хутгатай байна гэж хэлээд Ттай хамт тэр хоёрын зодооныг салгасан, мөн хутгыг авсан. Гэр дотор бол богинохон хугацаанд үргэлжилсэн асуудал. Чын хүзүүнийх нь хойно хутганы зүсүүлсэн гэмээр ором байсан. Хутга орсон байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. П, Ч нар архи уусан байсан. Тэр хоёр угаасаа байнга л архи уудаг бөгөөд нэг их тасарч унаталаа уудаггүй юм. Хутгыг Т, Б, П, Ч нар барьсан. Шар иштэй хутга байсан. П хүнд гэмгүй тусч, үр хүүхэд байхгүй, дүү нартайгаа хамт байдаг хүн байгаа юм. Ч бас даруу төлөв зантай. Гэр дотор цус гээд байх сүйдтэй зүйл байхгүй. Уг асуудлыг Т, П, Г, Б, бид нар харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Гэрч Ж.Тын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын төвд Наадмын дэнж хороололд Чын хашаан дотор байх гэрт /хаяг байхгүй гэр байсан/ 20 цагийн үед С, Ч, П, Г дөрвийн хамт гэрийн хойморт ширээ тойроод даалуу тоглоод сууж байсан. Би ширээний зүүн урд буланд сууж байсан. Даалуу тоглож байгаад П тэр тоглоомон дээр хожоод 5000 төгрөгнүүдээ өгтөл Ч нь мөнгөө дутуу өгөх шиг болсон чинь П мөнгөө гүйцэд өгөөгүй байна, мөнгөө гүйцээгээд өг гээд Ч руу хэлтэл Пг Ч мөнгөө дутуу өгөхөөр яадаг юм гээд 2 удаа нүүрэн хэсэгт нь цохисон. Тэгээд Ч нь Пг арагш нь унагаж байгаад дээр нь дараад авсан. Тэгэхэд уг зодооныг Б салгаад боль гэтэл Ч гэрийн зүүн талд байх тогооны авдрыг уудалж хутга бариад гэрийн баруун талд очоод би чамайг ална хэмээн Пд хандаж хэлсэн. Тэгтэл П Чын өөдөөс гүйгээд алаадах чи намайг гээд хутгатай гарыг нь шуун дээрээс нь барьж аваад гэрийн баруун талын орны урд талд унасан. Тэгээд л хөрвөөгөөд босоод ирэхээр нь би хурдан гүйж очоод хутгыг нь Пгийн гараас булааж аваад Бд өгсөн. Ч хутга барьж босч ирээд өнхөрч унахад Пгийн гарт хутга байсан. Бидний нүдэнд хутгалж байгаа нь мэдэгдээгүй. Хутгалсан гэмээр орилсон, дуугарсан, ёолсон зүйл байхгүй. Тойроод суутал Чын хүзүүнээс цус гарч харагдсан. Тэгээд л би гараад явсан. Чын хүзүүний хойд талаас цус шүүрч байсан. ...Ч П 2 согтууруулах ундааны зүйл уусан байсан. Хутгыг би, Б барьсан, П, Ч нар барьсан. Шар иштэй хутга байсан. Гэр дотор цус болсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/
Гэрч М.Гантулгын мэдүүлсэн: ...2017 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цагийн үед би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг Наадмын дэнж хороололд Ч гэх айлд Ч, Б, Т, С, П нартай даалуу тоглоод П ах хожоод бид нар бооцооны мөнгөө П ахад өгсөн. Тэгтэл Ч мөнгөө дутуу өгсөн чинь П мөнгөө гүйцээж авна гээд Ч ах өгөхгүй гээд хоорондоо хэрүүл хийсэн. Тэгтэл Ч босч ирээд Пгийн нүүр рүү гараараа 2 удаа цохичихсон чинь С тэр хоёрыг салгасан. Тэгтэл Ч тогооны авдрын шүүгээнээс шар иштэй хутга гаргаж ирээд П рүү ална шүү гээд хутгаа бариад дайрсан. Тэгтэл П Чын хутгатай гарнаас нь барьж аваад хутгыг нь булааж аваад Чыг дороо хийгээд дээрээс нь дараад хутгаараа Чын хүзүү рүү хутгалчих шиг болсон. Би тэр хоёроос зайтай байсан болохоор яг яаж хутгалсныг нь хараагүй, тэгээд Т тэр хоёрыг салгаад Б хутгыг нь аваад гэрийн гадаа гаргаж хаясан байсан. Өөр зүйл болоогүй, тэгээд эмнэлэг дуудсан. П ямар ч байсан Чыг газар унагаагаад дээрээс нь дараад авсан байсан, яг яаж хутгалсан гэдгийг би сайн хараагүй, тэр хоёрыг салгасан чинь Ч ахын хүзүүнээс нь цус гараад байсан. Хутга нь газар унасан байсан байх, би хэний гарт байсныг хараагүй, Б хутгыг нь аваад гаргаж хаясан байсан. Миний харснаар П Чын баруун талын гараас зүүн гараараа хутгыг нь булааж авсан, хэрэв хутгалсан бол зүүн гартаа хутгаа барьж байгаад хутгалсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/
Н.Пгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Миний үйлдэлд сонсгосон ял тохирч байна. Би дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 21 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Наадмын дэнж хороололд Чын гэрт Ч, Г, Б, С, Т бид хэд даалуу тоглож байсан. Тэгээд би нэг гараан дээр хожоод бооцооны мөнгөө авсан чинь Ч чи муу гуйлгачин минь гээд босч ирээд над руу дайраад миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгснээ тогооны авдрын шүүгээнээс хутга гаргаж ирээд над руу далайгаад ална гээд дайрахаар нь би хутгатай гаран дээрээс нь барьж аваад хутгыг нь булааж аваад Чыг газар унагаагаад дээрээс нь дарж аваад хутгаараа хүзүү рүү хатгасан. Тэгтэл гэрт байсан хүмүүс бид хоёрыг салгасан, Чын хүзүүнээс цус гарсан. Ч миний нүүр рүү гараараа 2 удаа цохиод над руу хутга бариад дайраад байхаар нь миний уур хүрээд Чын хутгыг булааж аваад хүзүү рүү нь нэг удаа хутгалсан. Би халамцуу байсан. Ч бас согтуу байсан. Миний биед гэмтэл учраагүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, дүгнэлт гаргуулахгүй. Би зүүн гартаа хутгаа барьж байгаад Чын хүзүүний баруун хойд хэсэгт нь хутгалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 27-ны 24 тоот шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Х.Чын биед гэмтэл учирсан байна. 2. Х.Чын дагзны баруун талд шарх, баруун чихний гэдсэнд жижиг зулгаралт гэмтэл учирчээ. 3. Шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хатгах, хатгагдах, баруун чихний гэдсэнд байх жижиг зулгаралт нь ирмэгтэй зүйлийн шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 4. Шарх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5. Х.Чын биед учирсан дагзны баруун талын шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун чихний гэдэсний жижиг зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 6. Хэрэг гарах үед үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 33 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Дэнж хороололд Н.П нь иргэн Х.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар хүзүүн тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв.
Шүүгдэгч Н.П нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Дэнж хороололд иргэн Х.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгаар хүзүүн тус газар нь хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Х.Чын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “П намайг алаадах гээд миний хутга барьсан баруун гарнаас бариад орны урд өнхөрч унасан. Миний гарнаас хутга булааж аваад дээрээс дүрэх гэхээр нь би гарыг нь бугуйн дээрээс нь барьж авч түлхсэн. Тэгээд миний хүзүү хэсэгт хутгалсан. Н.П миний гараас хутга барьж аваад хутгалсан. Би харин гаран дээрээс нь барьсандаа хөнгөн хутгалуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/, хохирогч Х.Чын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “П миний гараас хутга булааж аваад, намайг газар унагаагаад дээрээс дарж байгаад миний хүзүүний баруун хойд хэсэгт хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Т.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “П ах, Ч ахын өөдөөс гүйгээд ал чи намайг гээд хутгатай гарыг нь бугуйн дээрээс нь барьж аваад орны урд талд Чын дээр П ах гараад унасан. Чын хүзүүний хойд талд чихний ард хэсэгт цус гарсан байсан бөгөөд хутганы шарх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “тэгтэл П нь гүйж очоод Чтой орны урд хамт унасан. Тэгтэл хутгатай байсан байна гээд Б, Т 2 салгаад нэг шар хутгыг нь Б аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, гэрч Ж.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Ч гэрийн зүүн талд байх тогооны авдрыг уудалж хутга бариад гэрийн баруун талд очоод би чамайг ална хэмээн Пд хандаж хэлсэн. Тэгтэл П Чын өөдөөс гүйгээд алаадах чи намайг гээд хутгатай гарыг нь шуун дээрээс нь барьж аваад гэрийн баруун талын орны урд талд унасан. Ч хутга барьж босч ирээд өнхөрч унахад Пгийн гарт хутга байсан. Тойроод суутал Чын хүзүүнээс цус гарч харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/, гэрч М.Г-ын мэдүүлсэн “Ч босч ирээд Пгийн нүүр рүү гараараа 2 удаа цохичихсон чинь С тэр хоёрыг салгасан тэгтэл Ч тогооны авдрын шүүгээнээс шар иштэй хутга гаргаж ирээд П рүү ална шүү гээд хутгаа бариад дайрсан. Тэгтэл П Чын хутгатай гарнаас нь барьж аваад хутгыг нь булааж аваад Чыг дороо хийгээд дээрээс нь дараад хутгаараа Чын хүзүү рүү хутгалчих шиг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, Н.Пгийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Ч тогооны авдрын шүүгээнээс хутга гаргаж ирээд над руу далайгаад ална гээд дайрахаар нь би хутгатай гаран дээрээс нь барьж аваад хутгыг нь булааж аваад Чыг газар унагаагаад дээрээс нь дарж аваад хутгаараа хүзүү рүү хатгасан. Ч нүүр рүү гараараа 2 удаа цохиод над руу хутга бариад дайраад байхаар нь миний уур хүрээд Чын хутгыг булааж аваад хүзүү рүү нь нэг удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, хохирогч Х.Чын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 27-ны 24 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц овогт Нгийн Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн шүүгдэгч Н.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Нгийн Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 150.000 /нэг зуун тавин мянга/, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 150.000 /нэг зуун тавин мянга/, 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн иштэй хутга 1 ширхгийг устгасугай.
6. Шүүгдэгч Н.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ