Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/993

 

 

      2024             08            29                                        2024/ДШМ/993

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/555 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2310043120005 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

............... овогт М............ Б..............., 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ........................... төрсөн, э.эгтэй, .. настай, ..... боловсрол...., ................... мэргэжил...., ......................... ажил...., ам бүл ..., ................ хамт .................................... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал..., /РД: ............../, урьд:

-Архангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21/08 дугаар тогтоолоор дуусгавар болгосон,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23/312 дугаар тогтоолоор дуусгавар болгосон.

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэрлүг виста хотхоны конторын байранд хохирогч Б.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж нүүр толгой хэсэг рүү нь цохиж, өшиглөх үйлдлээр баруун нүдний ухархайн дотор ханын хугарал дагз уруулд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ............ овогт М........ Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолдоо: “ ...Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Цаашид алдаа дутагдал гаргахгүй, архи уухгүй гэж өөртөө амлаж одоог хүртэл архи уугаагүй, цаашид ч уухгүй. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Миний бие “Аравт” ХХК-д ажил хийдэг болохоор нийтэд тустай ажил хийх боломжгүй байх тул хүсэлтийг минь хүлээж авч шийдвэрлэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна.” гэжээ.

 

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

          Хохирогч Б.Э-ын “...гаднаас камерын ажилтан Б согтуу орж ирсэн ба надад хандаж “Би дүүгээ алдчихлаа ганц юм хуваагаад уучхаач” гэж хэлсэн. Би дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад буцаж ороод Б-тай хуваагаад уусан ба намайг зүгээр байхад зүүн талын чамархай хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон бөгөөд би унасан. Ингээд намайг унасан байхад толгой руу гараараа гурваас дөрвөн удаа цохисон ба дараа нь толгой руу хоёроос гурван удаа өшиглөөд намайг орхиод операторын өрөө рүү орохоор нь босоод араас нь ороход зүүн талын шанаа хэсэг рүү дахин нэг удаа цохиж унагасан...” гэх мэдүүлэг /хх 15/,

 

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14929 дугаартай “...Б. Э-ын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, дагз, уруулд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 18-19/,

         М.Б-ын яллагдагчаар өгсөн “...Э эхнэртэйгээ хардаад сонин юм яриад байхаар нь би Э-ыг нэг удаа баруун гараараа зүүн хацар руу нь алгадсан ба зөрүүлээд миний нүүр рүү цохих гэж байгаад мөр хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би цайны өрөөнөөс чирч гаргаад хоёр удаа зүүн шанаа хэсэгт нь баруун гараараа цохиход Э доошоо хэвтээд өгөхөөр нь би операторын өрөө рүү ороход араас дагаад ороод ирэхээр нь баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиж унагаад гэдэс хэвлий хэсэг рүү нь хоёр удаа өшиглөөд тэндээс гараад тамхи татаж байгаад буцаад ороод ирэхэд ээж аав нь ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 32/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

          М.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гэрлүг виста хотхоны конторын байранд хохирогч Б.Э-тай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж нүүр толгой хэсэг рүү нь цохиж, өшиглөх үйлдлээр баруун нүдний ухархайн дотор ханын хугарал дагз уруулд язарсан шарх, баруун зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь Б.Э бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

 

          Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Б-с “... шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сольж өгөхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нөхцөл байдлыг иш татсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

 

Хэрэгт шүүгдэгч М.Б-с ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгээ нотолж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг хавсаргаж ирүүлсэн байх боловч анхан шатны шүүхээс сонгож оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч М.Б-н үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-с гаргасан “тухайн зүйл, хэсэгт зааснаар оногдуулсан ялын төрлийг солих тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. 

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

 

Дээрх хууль тогтоомжийн үйлчлэлд 2023 оны 11 дүгээр сарын 24-нд үйлдэгдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус зааснаар мөрдөгч, прокурор нь хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж, хохирогч Б.Э-ын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох талаарх ажиллагааг огт хийгээгүйг буруутгаж байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл буюу ямар гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан талаарх мэдээллийг тодорхой тусгаагүй, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мөн тодорхой тусгаагүй байх ба шүүх цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхаарвал зохино.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/555 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН