| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2026/0042/З |
| Дугаар | 128/ШШ2026/0238 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2026/0238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Г*******,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д*******,
Хариуцагч: Хүүхэд , гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э*******, Ц.Т,
Маргааны төрөл: Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, Ц.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.У нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хүслэн хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/******* дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэж тодорхойлж байгаад,
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/******* дугаартай тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” гэж тодруулсан байна.
1.3. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд нэхэмжлэгч Э.Г******* нарын 13 иргэн гомдол гаргаж, 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/******* дугаартай албан бичгээр гомдлын хариуг хүргүүлснийг эс зөвшөөрч шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 25-н өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
2.1.Э.Г******* нь 2022 оноос нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт Цахим орчин дах урьдчилан сэргийлэх үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн, дэс түшмэл ангиллын ТЗ-8 зэрэглэлд ажиллаж байсан,
2.2.Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоолоор тус байгууллагыг татан буулгаж, чиг үүрэг, орон тоо нь Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газарт шилжсэн,
2.3.Төрийн албаны тухай хуулиар татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй, энэ эрхийг хангаж ажлын байр санал болгож, зөвшөөрөөгүй тохиолдолд тэтгэлэг олгох ёстой байтал урьдчилан мэдэгдэхгүйгээр сонсох ажиллагаа хийж, саналыг сонсохгүйгээр шууд чөлөөлсөн нь миний хуулиар олгосон эрхийг зөрчсөн,
2025 оны 8 дугаар сард уулзах үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын шинэчилсэн бүтэц батлагдаагүй, ажлын байрны тодорхойлолт гараагүй байсан гэжээ.
2.4.Нэхэмжлэгчээс “…манай байгууллагаас хоёр хүн шилжин ажилласан бусад албан хаагчдын хувьд бүтэц батлагдаад дуусахаар ажиллах боломжтой ажлын байрны тодорхойлолттой танилцаад ямар албан тушаалаар үргэлжлүүлэн ажиллах тухайгаа шийдэхээр тохиролцсон байтал, бидэнд ажлын байр санал болгохгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд 15 гаруй ажлын байрыг зарласан байсан…” гэх зэргээр маргаж байна.
2.5.Хариуцагчаас “…нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар Засгийн газрын 2025 оны 52 дугаар тогтоолоор татан буугдсанаас хойш удаа дараа шилжин ажиллах хүсэлтэй эсэхийг тодруулахад 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн…” гэх зэргээр тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Юндэн овогтой Энхсайханы Г******* нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 2022 оноос хойш 3 жилийн хугацаанд цахим орчин дахь урьдчилсан сэргийлэх үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн, дэс түшмэлийн албан тушаалд ТЗ 8 дугаар зэрэглэлд ажиллаж байсан. Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоолоор тухайн байгууллага татан буугдаж чиг үүрэг, орон тоо нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт нэмэгдэж шилжсэн. Үүнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б/******* дугаар тушаал гарч, тус тушаалаар намайг төрийн албанаас чөлөөлсөн.
Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасанчлан Төрийн жинхэнэ албан хаагч нь нэмэгдэл баталгаа эдлэх ба тус хуулийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тодорхой тусгасан. Үүнтэй холбоотойгоор тус хуулийн 62.1.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох эрхтэй”. Төрийн албаны тухай хуулиар байгууллага татан буугдсан тохиолдолд өөр ажил албан тушаалд томилуулах эрхтэй байсан. Гэтэл энэ эрхийг хангаж ажиллаагүй гэж үзэж байгаа.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага маргаан бүхий тушаалыг гаргахдаа холбогдуулж нэхэмжлэгчид өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. Мөн 09 дүгээр сарын 15-ны өдөр болон 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт маргаан бүхий тушаал гарах гэж байгаатай холбогдуулан мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Түүнчлэн 09 дүгээр сарын 22-ны өдөр болон 09 дүгээр сарын 30-ны өдөр утсаар холбогдож мэдээлэл өгсөн. Энэ утсаар холбогдож ярьсан тэмдэглэлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байгаа. Дээрхээс үзвэл нийт 4 удаагийн мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ямар ч тайлбар ирүүлээгүй. Иймд манай байгууллагаас маргаан бүхий тушаалыг гаргаж 3 сарын тэтгэмжийг 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид олгосон байдаг” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засгийн газрын тогтоол 04 дүгээр сард анх гарсан байдаг. Үүнээс хойш 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл албан хаагчид шийдвэрээ гаргах хугацаа хангалттай байсан гэж үзэж байна. Мөн 08 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагын Захиргаа удирдлагын газрын дарга Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдыг дуудаж уулзсан байдаг. Уулзсан гэх үйл баримттай нэхэмжлэгч тал маргаагүй. Энэ уулзалтад манай байгууллагын Захиргаа удирдлагын газрын дарга тухайн албан хаагчдад цаашид ажиллах сонирхолтой байвал хүсэлтээ бичгээр гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл тухайн албан хаагчид салбараа солимоор байгаа тул үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэдэг хариуг өгсөн байдаг. Иймд манай байгууллагын Захиргаа удирдлагын газрын дарга тэтгэмж авах нөхцөл байдал үүсэх талаар маш сайн тайлбарлаж хэлсэн байдаг. Энэ уулзалтаас хойш зарим албан хаагчид биечлэн ирж уулзаж байсан. Зарим нь утсаар холбогдож өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байдаг. Түүнчлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан мэйл рүү мэдэгдлүүд явуулсан. Гэтэл энэхүү мэдэгдлийг хүлээж аваагүй гэсэн учраас дахиад 09 дүгээр сарын 23-ны өдөр албан мэйл рүү нь мэдэгдэл явуулсан байдаг. Тэгэхээр манай байгууллага маргаан бүхий шийдвэр гаргахдаа албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, нийтлэг баталгааг хангах үүднээс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл албан хаагчдад мэдэгдэл хүргүүлж, уулзаж, утсаар холбогдож байсан нь нотлогдож байгаа юм. Мөн нэхэмжлэгч өөрөө үргэлжлүүлж ажиллахгүйгээр тэтгэмжээ авах байр суурийг илэрхийлсэн. Манай байгууллагаас тухай саналуудыг авсан шалтгаан нь Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт тухайн албан тушаалтнууд ТЗ8 дугаар ангилалд хамаардаг байсан бол манай байгууллага дээр ТЗ7 дугаар ангилалд хамаарахаар байсан. Өөрөөр хэлбэл албан тушаалын шатлал дээшилж байгаа учраас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх шаардлагатай байсан. Иймд цалингийн зөрүү болон бусад асуудал үүсгэхгүй нь тулд тухайн албан хаагчдаас эрт санал авсан болно.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр саналаа өгсөн. Мөн албан хаагчдаас 3 удаа санал авахад 3 удаа тэтгэмж авах санал өгсөн байдаг. Энэ 3 удаагийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн энэ байгууллага шууд 1 өдөрт татан буугдаагүй. Засгийн газрын 04 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын дагуу тус байгууллага татан буугдах шийдвэр гарсан байгаа. Үүний дагуу 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А/******* дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг удаа дараа энэ асуудлын хүрээнд хуралдсан. Тэгэхээр нэхэмжлэгч энэ тухай мэдэхгүй байх боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн удирдлагууд энэ талаар тодорхой мэдэж байсан буюу тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан. Мөн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурал дээр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.М******* энэ асуудлыг шийдчихсэн гэж хэлсэн байдаг. Түүнчлэн энэ хурал дээр бүх албан хаагчдаас ямар саналтай байгааг асууж тодруулсан. Тэгэхээр хариуцагч байгууллага бол Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.М*******гээс ирсэн албан бичгийн дагуу энэхүү хуралдааныг зохион байгуулсан гэж ойлгож болно. Мөн нэхэмжлэгч талаас тухайн хуралд оролцоогүй, мэдээгүй гэж ямар нэгэн байдлаар мэтгэлцээгүй. Тухайн хурал дээр нэхэмжлэгч нь тэтгэмжээ авъя гэдэг байдлаар саналаа илэрхийлсэн байдаг. Үүнийг асуулт, хариултын үе шатад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотолсон. Тухайлбал нэхэмжлэгч өөр албан тушаалд томилогдоод хуучин албан тушаалын чиг үүргээс өөр байвал яах вэ? Миний мэргэжилд тохирох албан тушаал байхгүй бол яах вэ? Гэх мэтчилэн зүйлүүдийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлж байгаа нь хариуцагч байгууллагаас өөр албан тушаалд томилогдох хүсэлт асуусан гэдэг нь нотлогдож байгаа юм. Мөн нэхэмжлэгч тал Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өөр албан тушаалд томилогдох эрхээр хангасангүй гэж тайлбарлаж маргадаг. Гэтэл хариуцагч байгууллагаас өөр албан тушаалын санал тавиад нийгмийн баталгаагаар хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө тэтгэмж авах хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Мөн одоо нэхэмжлэгчийг ажиллуулах боломжтой албан тушаал дээр өөр хүн ажиллаж байгаа учраас нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй” гэв.
3.4.Хариуцагчийн өмгөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр саналаа өгсөн. Мөн албан хаагчдаас 3 удаа санал авахад 3 удаа тэтгэмж авах санал өгсөн байдаг. Энэ 3 удаагийн албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн энэ байгууллага шууд 1 өдөрт татан буугдаагүй. Засгийн газрын 04 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолын дагуу тус байгууллага татан буугдах шийдвэр гарсан байгаа. Үүний дагуу 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр А/******* дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг удаа дараа энэ асуудлын хүрээнд хуралдсан. Тэгэхээр нэхэмжлэгч энэ тухай мэдэхгүй байх боломжгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн удирдлагууд энэ талаар тодорхой мэдэж байсан буюу тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байсан. Мөн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурал дээр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.М******* энэ асуудлыг шийдчихсэн гэж хэлсэн байдаг. Түүнчлэн энэ хурал дээр бүх албан хаагчдаас ямар саналтай байгааг асууж тодруулсан. Тэгэхээр хариуцагч байгууллага бол Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.М*******гээс ирсэн албан бичгийн дагуу энэхүү хуралдааныг зохион байгуулсан гэж ойлгож болно. Мөн нэхэмжлэгч талаас тухайн хуралд оролцоогүй, мэдээгүй гэж ямар нэгэн байдлаар мэтгэлцээгүй. Тухайн хурал дээр нэхэмжлэгч нь тэтгэмжээ авъя гэдэг байдлаар саналаа илэрхийлсэн байдаг. Үүнийг асуулт, хариултын үе шатад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотолсон. Тухайлбал нэхэмжлэгч өөр албан тушаалд томилогдоод хуучин албан тушаалын чиг үүргээс өөр байвал яах вэ? Миний мэргэжилд тохирох албан тушаал байхгүй бол яах вэ? Гэх мэтчилэн зүйлүүдийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлж байгаа нь хариуцагч байгууллагаас өөр албан тушаалд томилогдох хүсэлт асуусан гэдэг нь нотлогдож байгаа юм. Мөн нэхэмжлэгч тал Төрийн албаны тухай хуульд заасны дагуу өөр албан тушаалд томилогдох эрхээр хангасангүй гэж тайлбарлаж маргадаг. Гэтэл хариуцагч байгууллагаас өөр албан тушаалын санал тавиад нийгмийн баталгаагаар хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө тэтгэмж авах хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Мөн одоо нэхэмжлэгчийг ажиллуулах боломжтой албан тушаал дээр өөр хүн ажиллаж байгаа учраас нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Г******* нь “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/******* дугаартай тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргасан.
2.Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3.Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б******* дугаартай тушаалаар Хүүхдийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд Э.Гантулгыг түр томилсон,
4.Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар Э.Гантулгыг Залуучуудын хөгжлийн хэлтсийн Залуучуудын хөгжлийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилж,
5.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргын дэргэдэх нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгаж, түүний чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүргийн байгууллагуудад шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/******* дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дах заалт, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалт, Засгийн газрын 2025 оны 196 дугаар тогтоол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/******* дүгээр тушаалыг тус тус үндэслэн нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгасантай холбогдуулан чиг үүргийн давхардал үүссэн 15 албан хаагчдыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон төрийн албанаас чөлөөлж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсний дотор Цахим орчин дах урьдчилан сэргийлэх үйлчилгээний хяналт хариуцсан мэргэжилтэн Э.Гантулгыг багтсан байна.
7.Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “ Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Засгийн газрын тохируулагч болох хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаарыг баталснаас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 56 байхаар баталж, үүний дагуу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт зохион байгуулсан хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Э.Г******* “...би тэтгэмжээ авах хүсэлтэй...” гэдгээ илэрхийлсэн, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг сонсох ажиллагааны мэдэгдэлд “...сонсох ажиллагааг бичгээр авах хэлбэрээр явуулж байгаа тул 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагаас өмнө Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 301 тоот өрөөнд ирж уулзах”-ыг мэдэгдсэн, 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчидтай утсаар мэдээлэл хүргэсэн тэмдэглэлд “...ажиллах хүсэлтэй бол ирээд уулзаж мэдээллээ өгөөрэй...” гэж ярилцсан утасны дугааруудын тэмдэглэл, 262355 дугаартай албаны утсанаас ярьсан дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн утсаар ярьж мэдээлэл хүргэсэн тэмдэглэлд Э.Г******* “...ажиллахгүй тэтгэмжээ авна” гэсэн тэмдэглэл, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ажилласан жилийн мэдээлэл болон албан хаагчдын санал чөлөөлөгдөх,тэтгэмж авах гэсэн хүснэгтэд “тийм” гэсэн санал зэргийг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд дээрх бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас хуульд заасан ажиллагааг явуулаагүй гэж буруутгах боломжгүй байна.
8.Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны талаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж, 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж тус тус хуульчилжээ.
9.Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдсантай холбоотойгоор тус газрын албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах арга хэмжээг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас зохион байгуулсан байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Э.Гантулгын гаргасан хүсэлтийг үндэслэн гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэж, төрийн албанаас чөлөөлсөн нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах арга хэмжээ авсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106..2, 106.3.14 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Гантулгын нэхэмжлэлтэй Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан гаргаснаар “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/******* дугаартай тушаалын холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалтай адил ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ
.