| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/05157/И |
| Дугаар | 192/ШШ2025/06199 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/06199
| 2025 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 192/ШШ2025/06199 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Э ГХОХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Д.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Э ГХОХХК нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ болон зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Э ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Э ГХОХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 87,475 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ