Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00221

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/03167 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.О-ын хариуцагч Р- ХХК-д холбогдуулан гаргасан ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд нийт 3,339,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд нийт 3,339,810 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т.О- нь Р- ХХК-ийн гоо сайхны салонд 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажлаас халагдсан. Энэхүү хууль бус тушаалтай холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг шүүхэд гаргасан. Шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 790 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон. Т.О- нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр амаржсан бөгөөд төрөөс олгодог жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй. Ажил олгогч нь 2018 оны 03 дугаар сараас ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс болж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхээ алдсан. Энэ нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй холбоотой бөгөөд баримт бичгийг бүрдүүлэх, өргөдлөө өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт Энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно гэж заасан. Шүүхийн шийдвэрээр Т.О-ын 1 сарын дундаж цалинг 834,952 төгрөгөөр тооцсон, 4 сараар тооцож нийт 3,339,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал ажилтныг үндэслэлгүйгээр халсны улмаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй гэдгээ нотолж чадаагүй байна. Учир нь ажлаас халсан, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй асуудал нь тэтгэмж авч чадаагүйтэй шалтгаант холбоогүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын байгууллагад хандаж жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар хандсанаа нотлоогүй учраас нэхэмжлэлд дурдсан төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Р- ХХК-иас 3,339,810 төгрөг гаргуулж Т.О-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Р- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 68,386 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Т.О- нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүйтэй холбоотойгоор 3,339,810 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч ямар нотлох баримтыг үндэслэж, Р- ХХК-ийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан болохыг нотолж чадаагүй.

4.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нэгт эрх үүссэн, хоёрт тэтгэмж авах өргөдөл гаргасан, гуравт зохих хугацаандаа гаргасан байх зэрэг болзол нэгэн зэрэг хангасан тохиолдолд олгогддог. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй асуудал нь ажил олгогчид хамаарах боловч тэтгэмж авах өргөдлийг хуулийн хугацаанд гаргах нь даатгуулагчид хамаатай асуудал юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.1-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 хоногийн дотор, хүндэтгэх шалтгаантай бол 6 сарын дотор тэтгэмж авах өргөдөл хуульд заасан холбогдох баримт бичгийг нийгмийн даатгалын байгууллагад гаргана гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Т.О- нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр амаржсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар өргөдөл гаргаж байгаагүй, нийгмийн даатгалын байгууллагад хандаж байгаагүй. Ажил олгогчоос шалтгаалсан нөхцөл байдлын улмаас тэтгэмж олгох боломжгүй талаарх хариуг Нийгмийн даатгалын байгууллага өгөөгүй. Иймээс жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч чадаагүйтэй холбоотойгоор 3,339,810 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учраагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч Р- ХХК-д холбогдуулан ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд нийт 3,339,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2021/00790 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.О-ыг хариуцагч Р- ХХК-ийн гоо сайханчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,504,857 төгрөгийг хариуцагч Р- ХХК-аас гаргуулан, нэхэмжлэгч Т.О-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 7-9-р тал/

 

Дээрх шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 657 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 10-12-р тал/ Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай.

 

Нэхэмжлэгч Т.О- нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Хасбаатарыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна. /хх-ийн 91-р тал/. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Т.О- нь ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас хуульд заасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй гэх үндэслэлээр хариуцагч Р- ХХК-аас нийт 3,339,810 төгрөг нэхэмжилсэн бол хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад өргөдлөө гаргаагүй, тэтгэмж авч чадаагүй нь ажил олгогчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч Т.О- нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хариуцагч Р- ХХК-д гоо сайханчаар ажилласан байх бөгөөд энэ хугацаанд хариуцагч байгууллага нь дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Т.О-д нийт 3,339,810 төгрөгийн хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, ажилтан тэтгэвэр, тэтгэмж авахад ажил олгогч хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх урьдчилсан нөхцөл хангагдах учиртай. Хариуцагч Р- ХХК-ийн хувьд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар ажил олгогч нь ажилтанд учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэгч Т.О- нь хохирол учирсныг нотлоогүй, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар нийгмийн даатгалын байгууллагад өргөдлөө гаргаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Т.О-ын нэг өдрийн цалинг 38,835 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм.

 

Нэхэмжлэгч Т.О-ын нэг сарын цалин 834,952.5 төгрөг /38,835 х 21,5 = 834,952.5/, 4 сарын цалин 3,339,810 төгрөг /834,952.5 х 4 сар = 3,339,810/ болж байх тул хариуцагч Р- ХХК-аас 3,339,810 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.О-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/03167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,390 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ