Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0269/Э

 

 

 

 

 

 

 

 

2024       08         21                                           2024/ШЦТ/364

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн 2425001730312 дугаартай 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Д.М

Шүүгдэгч Д.М нь;

2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13.00-15.43 цагийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин хороо **** тоот хохирогч З.Н-ын өмчлөлийн хүн байнга амьдрах орон байр буюу түүний байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч “Samsung” /Самсунг/ загварын зөөврийн компьютер, цэнэглэгч, хулгана /mouse/ болон хоёр хайрцаг “Mevius” /Майялд/ тамхи зэрэг эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.309.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч З.Н-ын “...2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 12.55 цагт гэрийнхээ цонх, хаалгаа цоожлоод аав, хүүхдийнхээ хамт гарч явсан, 15.43 цагт гэртээ иртэл унтлагын өрөө буюу жижиг өрөөний цонхны салхивч онгойчихсон байхаар нь цонхоо хаачихаад “яагаад онгойчихсон юм бол” гэж бодтол орны хажуу талын тавилга дээр гутлын мөр гарсан байхаар нь том өрөөндөө буцаж ороод эд зүйлсээ бүртгэж үзэхэд ширээн дээр байсан “Samsung” загварын зөөврийн компьютер, цэнэглэгч, mouse мөн зурагтны доод талын тавиур дээр байсан хоёр хайрцаг “Mevius” /маялд/ тамхи алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч хандсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Д.М-ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэртээ, урьд хамт ажиллаж байсан Ц болон нэрийг нь санахгүй залуутай өглөө 10 цагаас хойш гурван шил 0.75л “Стандарт” архи уугаад 13 цагийн орчим архиа дуусгасан. ...би гэрээсээ гараад гэрийн ойр байдаг зүс таних Н-ын гэр рүү архины мөнгө асуух зорилгоор хажуу айлынх нь хашаагаар Н-ын байшинд иртэл бүргэд хаалга нь цоожтой, хүн байхгүй, байшингийнх нь хойд талд жижиг цонх завсар гарсан онгорхой байхаар нь тухайн цонхоор авирч ороод том өрөөнд нь жижиг ширээн дээр байсан цагаан өнгийн “Samsung” гэсэн бичигтэй зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт аваад, том өрөөний шүүгээ шиг зүйл дотор байсан нэг билүү хоёр хайрцаг “Mevius” нэртэй цэнхэр хайрцагтай тамхи аваад орсон цонхоороо эргээд гарсан. ...зөөврийн компьютерийг 50.000 төгрөгөөр “Теdy” төв дээр зараад мөнгөөр нь архи авч уугаад, “Mevius” тамхиа өөрөө татсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин хороо **** тоот хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7, 8-9 дэх тал/,

Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай; “...2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “Samsung” i3 CPU маркийн зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт 1.290.000 төгрөг, mouse-10.000.000 төгрөг, “mevius” тамхи нь нэг ширхэг нь 4500 төгрөгөөр үнэлэгдэж, нийт 1.309.000 төгрөг болж байна.” гэсэн албан бичиг бүхий үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-25 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Б 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай; “...Шинжилгээнд ирүүлсэн зураг №8-д байх гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд тэнцсэн зураг №8-д байх шинжлэгдэж буй гарын мөр нь MN003010005838 дугаараар санд бүртгэгдсэн Д.М зүүн гарын ядам хурууны дардастай папилляр шугамын эхлэл, папилляр шугамын төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-31, 32-33 дахь тал/,

шүүгдэгч Д.М-ийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 132 дахь тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 120 дахь  тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 290 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 118-119 дэх  тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 117 дахь тал/,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 84-99 дэх тал/,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч болон сэжигтэн, яллагдагч Д.М-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогч З.Н-ын “...гэртээ иртэл унтлагын өрөө буюу жижиг өрөөний цонхны салхивч онгойчихсон байхаар нь цонхоо хаачихаад “яагаад онгойчихсон юм бол” гэж бодтол орны хажуу талын тавилга дээр гутлын мөр гарсан байхаар нь том өрөөндөө буцаж ороод эд зүйлсээ бүртгэж үзэхэд ширээн дээр байсан “Samsung” загварын зөөврийн компьютер, цэнэглэгч, mouse мөн зурагтны доод талын тавиур дээр байсан хоёр хайрцаг “Mevius” /маялд/ тамхи алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч хандсан.” гэх,

Д.М-ийн өөрийнх нь “...Н-ын байшинд иртэл бүргэд хаалга нь цоожтой, хүн байхгүй, байшингийнх нь хойд талд жижиг цонх завсар гарсан онгорхой байхаар нь тухайн цонхоор авирч ороод том өрөөнд нь жижиг ширээн дээр байсан цагаан өнгийн “Samsung” гэсэн бичигтэй зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт аваад, том өрөөний шүүгээ шиг зүйл дотор байсан нэг билүү хоёр хайрцаг “Mevius” нэртэй цэнхэр хайрцагтай тамхи аваад орсон цонхоороо эргээд гарсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин хороо **** тоот хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Б 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай, “...гарын мөр нь MN003010005838 дугаараар санд бүртгэгдсэн Д.М зүүн гарын ядам хурууны дардастай папилляр шугамын эхлэл, папилляр шугамын төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгож, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээрээ бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдах бөгөөд тухайн эд зүйлийг авснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.М-ийн үйлдэл “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотойгоос гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Д.М-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн санал гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, 

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, урьд 6 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн санал зэргийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүний 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Шүүгдэгч Д.М-ийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Наранбаатарт 1.309.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан.

Шүүх хавтаст хэргийн 21-25 дахь талд авагдсан,

Монгол Улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаартай; “...2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар “Samsung” i3 CPU маркийн зөөврийн компьютер, цэнэглэгчийн хамт 1.290.000 төгрөг, mouse-10.000.000 төгрөг, “mevius” тамхи нь нэг ширхэг нь 4500 төгрөгөөр үнэлэгдэж, нийт 1.309.000 төгрөг болж байна.” гэх үнэлгээний тайланг үндэслэн шүүгдэгчээс 1.309.000 төгрөг гаргуулж хохирогч З.Наранбаатарт олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч Д.М-г 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.М-с 1.309.000 төгрөг гаргуулж хохирогч З.Наранбаатарт олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э