2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/06204

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/06204

Улаанбаатар хот

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч А.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,474,773.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Х ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 27,474,773.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.О нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 2,174,373.31 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагч А.О нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХК-ийн 27,474,773.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.О нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 2,300,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 2,174,373.31 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,324 төгрөгийн 50 хувь болох 147,662 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 147,662 төгрөгийг Төрийн сангийн 100200100941 тоот данснаас, хариуцагч А.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 147,662 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ