Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 74

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгч: Д.Х 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Хд холбогдох 1812000690079 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн ,,суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,гэх газар оршин суух гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дгийн Х /РД: .../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар гэх газарт сайжруулсан шороон зам дээр өөрийн эзэмшлийн 20-35 АРХ улсын дугаартай Грейс маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Ё.Э, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1812000690079 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Ё.Эгийн мэдүүлсэн: ...Тухайн үед нөхөр Д.Хн машины тормос ажиллахаа байж зам тээврийн осолд орсон. Миний биед хүндэвтэр гэмтэл учирсан ч надад гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй. Миний биеийн байдал хэвийн байгаа. 20-35 АРХ улсын дугаартай машиныг манай нөхөр Х өөрөө худалдан авсан, манай нөхрийн өөрийн автомашин байгаа юм. Худалдан авахдаа миний нэр дээр бичиг баримтыг нь шилжүүлээд авчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Хохирогч Ц.Эын мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн төвөөс хөдөө Хануй баг руу гэртээ харихаар нутгийн залуу болох Хн машинд суугаад явсан. Тэгээд Цагаан даваан дээр гараад хойшоо буух гэж явтал машин тормосгүй болчихлоо гэж Х хэлээд уруу руу замын хажуугийн овоолсон шороо мөргөж онхолдсон. Тухайн үед ослын талаар сайн мэдэхгүй, машинаас буугаад иртэл машин баруун талаараа унасан байсан. Осол ямар шалтгааны улмаас гарсан гэдгийг мэдэхгүй. Миний зүүн талын гар хугарсан бөгөөд өөр гэмтэл байхгүй. Уг нь даваа өгсөж яваад хурд багатай даваан дээр гарсан. Тэгээд давааны ар руу уруудах үед тормосгүй болсон гэж хэлсэн. Тэгээд л уруу руу хурд авсан байх, нарийн сайн мэдэхгүй байна. Х архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Хн өөрийнх нь машин байгаа юм, хэний нэр дээр байдаг гэдгийг мэдэхгүй байна. Машинд сууж явсан охиныг огт танихгүй, хаана байдаг, хэний хүүхэд гэдгийг мэдэхгүй байна. Надад Х 600.000 төгрөг өгсөн бөгөөд тэр мөнгийг нь хэрэглэж дуусаад эмчилгээнд илүү 581.594 төгрөг зарцуулсан. Зардал, эм тарианы мөнгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

 

Д.Хн гэрчээр мэдүүлсэн: ...Цагаан давааны ар руу ороод уруудтал гэнэт тормосгүй болоод осол гарсан, өөр осол гаргах шалтгаан байгаагүй, авто машиныг би жолоодож явсан. Миний буруу байхгүй, авто машинаас боллоо гэж бодож байна. Би Улаанбаатар хотоос ирж аймгийн төвд байдаг /ЦД-34-02/ гэртээ 2 хоночихоод хөдөө гэр рүүгээ явахаар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг 40 минутын үед гэрээсээ гарч хойшоо Цагаан даваа өгсөөд давсан, өмнө нь аймгийн төв дотор машинтайгаа яваад л байсан. Гэтэл Цагаан даваан дээр гараад шууд хойшоо бууж уруудах явцдаа шууд зөөлөн явтал байгаад хурдсаад эхлэхээр нь тормос гишгэтэл огт тормос барих шинжгүй шууд явсан. Тэгээд дахин, дахин гачаадаад гишгэтэл тормос ямар ч нэмэргүй байсан, тэр зуур араатайгаар нь унтраагаад үзтэл ямар ч нэмэргүй, улам эрчээ авахаар нь чигээр нь овоолсон шороо руу мөргүүлсэн. Тэгээд л овоолсон шороо руу өгсөж ойгоод эргээд савж баруун тал руугаа унагаасан. Би урд цонхоор хамгийн түрүүнд гарч хамт явсан хүүхдээ гаргаж аваад, урд сууж явсан эхнэр Эг гаргаж, сүүлд нь хойно сууж явсан 2 хүнийг замын жолооч нартай хамжиж гаргасан. Миний автомашин бүрэн бүтэн байсан. Би бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй. Цагаан давааны пост дээр зогсоход тормос хэвийн байсан. Тэгээд дандаа өгсүүр, өмнө барьж байсан болохоор даваан дээр зогсож тормос гишгэж шалгаагүй уруудсан. Дөнгөж уруудаад хурд авахаар нь гишгэтэл тормос байхгүй болсон, урд Грес маркийн саарал өнгийн автомашин /улсын дугаарыг нь мэдэхгүй/ явж таараад ойртохоор нь хажуугаар нь гараад л хурд аваад эхэлсэн. Осол гарахад зөвхөн тормос нөлөөлсөн гэж бодож байна. 20-35 АРХ улсын дугаартай машин манай машин бөгөөд эхнэр Эгийн нэр дээр байдаг. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Даваан дээр гараад араагаа 3 дугаар араандаа хийж хөнгөрүүлсэн. Даваа руу уруудахад 20 км цагийн хурдтай орсон. Тэгээд л хурд аваад эхлэх гэхээр нь гишгэх гэтэл тормос байхгүй болсон байсан. Хамгийн аюул багатай байдлаар шороо мөргүүлж зогсоосон. Өөр зогсоох газар байгаагүй. Би жолоо барьсан, хажууд эхнэр Э, урд хаалга талд хотод сурдаг оюутан охин сууж явсан бөгөөд амралтаараа хөдөө айлд очих гэж явсан, би тэр охиныг танихгүй. Хойно нугасны ард 2 хүний нэг суудал дээр Э, О 2 сууж явсан, өөр хүн байгаагүй. Эхнэр Эгийн баруун талын чих угаараа урагдсан, нүүрэндээ шалбархайтай, оюутан охин ямар нэгэн гэмтэл, бэртэл шалбархайгүй, Оын хүзүү гэмтсэн, Э гуай гэмтээгүй байна. Гэхдээ Улаанбаатар хот руу Э, О бид гурвыг нэгдсэн эмнэлэгт үзүүл гэсэн. Миний 2 дал, нуруу, толгой өвдөж байна, нүүр халцарсан, баруун эрхий хуруу шалбарч, долоовор хуруу ярагдсан байна лээ. Машины гадна тал нилэнхүйдээ цөмөрч, хугарч, шилнүүд хагарсан, өөр юу эвдэрсэн талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-36 хуу/

Иргэний нэхэмжлэгч Б.Оын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөө гэртээ харихаар авга ах Д.Хн машинд суугаад 13 цагийн үед /гэхдээ цаг хараагүй/ аймгийн төвөөс гарсан. Тухайн үед би автомашины хойд зааланд Э ахтай хамт суусан, урд суудал дээр жолоочийн эхнэр, нэг танихгүй охинтой хамт суугаад явсан. Тэгээд Цагаан даваан дээр гараад хойшоо уруудах үед жолооч нь машин тормосгүй боллоо гэж хэлсэн бөгөөд гэнэт хурд аваад нэг өндөр эрэг рүү мөргөж гэж байгаа чиглэлтэй явж харагдсан. Тэрнээс хойш надад мэдэх зүйл байхгүй, нэг мэдсэн чинь осолд орчихсон, машинтай хүмүүс туслаад бид нарыг машинаас гаргаж өгсөн. Тэр хүмүүс нь цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгөөд эмч нар нь ирэхгүй, удаад байх үед нь замын унаанд сууж эмнэлэгт хүргэж өгсөн. Өөр ослын талаар мэдэх зүйл байхгүй. Их л хурдтай даваа руу орсон. Тормос нь болохгүй хурд авсан юм шиг байна лээ. Даваан дээр бол нэг их хурдтай яваагүй. Х согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, ер нь архи уудаггүй. Миний толгой өвдөж байгаа, эгэм яс цуурсан, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл, хөхөрч хавдсан, өөр гэмтэл гайгүй. Улаанбаатар хот руу очоод нарийн шинжилгээ өгч үзүүлэхэд хүзүүний хугарал байхгүй гэж гарсан, аймгийн эмнэлэг андуурсан байна лээ. Жолооч тормосгүй болчихлоо л гэж хэлсэн. Өөр юунаас болж осол гарсан талаар мэдэхгүй байна. Хн машины тормос өмнө нь зүгээр л байсан байх, тэр талаар сайн анзаараагүй. Автомашинд сууж явсан охиныг огт танихгүй, харж байгаагүй охин байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 хуу/ 

 

Яллагдагч Д.Хн мэдүүлсэн: ...Миний үйлдэлд сонсгож байгаа зүйл анги тохирч байна. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 114-116 хуу/ 

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрсөнөөс тухайн осол гаргах боломжтой. 3. Осол болсон зам нь сайжруулсан шороон зам, уруу өгсүүр, хуурай, хальтиргаатай, үзэгдэх орчин чөлөөтэй зам байна. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх боломжгүй байна. 4. Техникийн шинжээчийн дүгнэлтээр автомашины эвдрэлээс болж осол гарсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд дээрх Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 70 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ц.Эын биед зүүн тохойн залаа, сэртэн ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 65 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ё.Эгийн биед баруун чихний дэлбэнгийн гүйцэт тасрал, тархи доргилт, нүүрэнд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-3-2, 38-2-д зааснаар баруун чихний дэлбэнгийн гүйцэт тасрал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи, доргилт, нүүрэнд зулгарсан шарх гэмтэл тус бүр 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид баруун чихний дэлбэнгийн гүйцэт тасрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15 хувь тогтмол алдагдуулна. Тархи, доргилт, нүүрэнд зулгарсан шарх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 76 хуу/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11 хуу/

Ослын газрын схем зураг /хх-ийн 12 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 125-126 хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 127, 141-142 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 129 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар гэх газарт сайжруулсан шороон зам дээр зам тээврийн осол гарч, иргэн Ё.Э, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг Цагаан давааны ар гэх газарт сайжруулсан шороон зам дээр өөрийн эзэмшлийн 20-35 АРХ улсын дугаартай Грейс маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ё.Э, Ц.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ё.Эгийн мэдүүлсэн “тухайн үед нөхөр Д.Хн машины тормос ажиллахаа байж зам тээврийн осолд орсон. Миний биед хүндэвтэр гэмтэл учирсан ч надад гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/, иргэний нэхэмжлэгч Б.Оын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлсэн “Цагаан даваан дээр гараад хойшоо уруудах үед жолооч нь машин тормосгүй боллоо гэж хэлсэн бөгөөд гэнэт хурд аваад нэг өндөр эрэг рүү мөргөж гэж байгаа чиглэлтэй явж харагдсан. Тэрнээс хойш надад мэдэх зүйл байхгүй, нэг мэдсэн чинь осолд орчихсон, машинтай хүмүүс туслаад бид нарыг машинаас гаргаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/, хохирогч Ц.Эын мэдүүлсэн “Цагаан даваан дээр гараад хойшоо буух гэж явтал машин тормосгүй болчихлоо гэж Х хэлээд уруу руу замын хажуу руу овоолсон шороо мөргөж онхолдсон. Миний зүүн талын гар хугарсан бөгөөд өөр гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/, Д.Хн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “миний үйлдэлд сонсгож байгаа зүйл анги тохирч байна. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 114-116/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/, хохирогч Ц.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 70 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/, хохирогч Ё.Эгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-07/ гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11/, ослын газрын схем зураг /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б овогт Дгийн Хг жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Д.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Х-г жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь бусад учирсан хохирлыг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ