Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/994

 

 

      2024             08            29                                        2024/ДШМ/994

 

Э.М-с холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

хохирогч Д.Б-ийн өмгөөлөгч Э.Уянга,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/501 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2310027891903 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

................ овгийн Э............ М................, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ................... төрсөн, .... настай, э.эгтэй, ........... боловсрол...., .................. мэргэжил....., ам бүл .., ................ хамт, ................................ оршин суух, улсаас авсан гавьяа шагнал............, /РД: ............/, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 299 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч Э.М нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эбиза караокед хохирогч Д.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ............. овогт Э............. М............. хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М хохирогч Д.Б-т 9.672.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.М-с 12.644.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т олгож, хохирогч Д.Б гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: “ ...Э.М нь хохирогч Д.Б-тэй багын найзууд, дунд сургуулийн нэг ангийн хүүхдүүд бөгөөд урьд өмнө тэдний хооронд ямар нэг таагүй явдал, хэн нэгнийгээ буруутгах гомдоох асуудал огт гарч байгаагүй юм. Харин тэр өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусад найз нөхдийнхөө дэргэд Д.Б-ийн хэлсэн эвгүй үг, тархи толгой руу нь хэд хэдэн удаа цохисон зэргээс шалтгаалан, караокед орсны дараа өөдөөс нь тулж ирж хэрүүл хийхэд нь дахин өөртөө халдах нь гэж ойлгоод түүнийг мөргөж, түлхэж унагаснаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан юм. Э.М нь өөрийн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, хохирогч Д.Б-ээс удаа дараа уучлал гуйсан. Хэрэг болсны дараа өдөр Гэмтлийн эмнэлэгт хэвтэхэд нь эмнэлгийн гадаа 5 хоног машиндаа байж шаардлагатай эм тариаг нь зөөж, байнга эргэж тойрч байснаас гадна эмнэлгээс гарсны нь дараа хувийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж, эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Цаашид эмчилгээтэй холбоотой гарах бүхий л зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу Д.Б-ийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн үнэлгээ болох 12.644.500 төгрөгийг мөн бүрэн төлсөн юм. Анхан шатны шүүх Э.М-с ял шийтгэл оногдуулахдаа “Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн. Мөн “Хохирогч Д.Б гомдолтой гэснийг дурдаж шийдвэрлэв” гэж шийтгэх тогтоолдоо заасан. Э.М нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг бүрэн төлж барагдуулснаас гадна хохирогчийн хүссэний дагуу цаашид эмчлүүлэх төлбөрт түүний шаардсан хохирлыг мөн төлж барагдуулсан бөгөөд одоо Д.Б-ийн биеийн байдал, эрүүл мэндийн байдал нь хэвийн болсон, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Э.М нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 4-19 насны 4 хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй учир энэ гэр бүлийг тэжээж тэтгэх, хүүхдүүдийнхээ сурч боловсрох боломж нөхцөлийг бүрдүүлэх бүхий л үүргийг хүлээж, хөдөлмөр эрхэлж байгаа ганц хүн нь юм. Иймд түүний гэр бүлийн байдал, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж, олон хүний амьдралыг авч яваа байдал, хохирогчид төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй гэсэн байдлуудыг харгалзан Э.М-с оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Э.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бидний хэдэн найзууд уулзалдсан. Би багын найз Д.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдан, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдээд байгаа билээ. Д.Б бид хэн хэнийхээ амьдрал ахуйг сайн мэднэ, маш дотно найзууд, хэрэг болсон өдөр хамт байсан бусад нөхдийн дэргэд намайг хоосон ядуу гэх мэтээр доромжлон хэрүүл маргаан хийж, караокед орохын өмнө гадаа гудамжинд миний тархи толгой руу хэд хэд цохисон. Караокед орсны дараа над руу тулж ирж дахин хэрүүл маргаан үүсгэсэн тул түүнийг өөртөө халдах нь гэж ойлгон, мөргөж түлхэж унагааснаас түүний биед гэмтэл учирсан. Маргааш нь бид хоёр уулзалдаж, хамтдаа явж байх үед Гэмтлийн эмнэлгээс утасдаж, ирж хэвт гэсний дагуу хэдийгээр Д.Б “Миний бие зүгээр, хэвтэх шаардлагагүй” гээд байсан ч би түүнийг дагуулж явж хэвтүүлээд өөрөө эмнэлгийн гадаа 5 хоног машиндаа хонож, эргэж тойрон эмчилгээнд нь шаардлагатай эм тариаг авч өгч байсан ба Гэмтлийн эмнэлгээс гарсны дараа 3 дугаар хороололд байрлалтай тархи мэдрэлийн хувийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлэн эмчлүүлж, эмчилгээний төлбөрийг нь төлсөн юм. Мөн “Ухаг 2” хороололд байрлалтай БНХАУ-ын уламжлалтын эмнэлэгт 10 хоногийн, хятад эмчээр эмчлүүлж, эмчилгээний төлбөрийг төлсөн юм. Би шүүх хурлын өмнө Д.Б-ийн эмчилгээний зардалд нийт 9.672.900 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Түүний хүссэний дагуу цаашид эмчилгээнд шаардлагатай гэсэн 50.000.000 төгрөгийг төлсөн. Мөн шүүхийн шийдвэрт заасан Д.Б-ийн сэтгэл санааны хохирлын үнэлгээ болох 12.644.500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч цаашид эмчилгээтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, маш их харамсаж байна. Хохирогчоос удаа дараа уучлал гуйсан, маш их гэмшиж байна. Миний хувьд айлын бага хүү, хувиараа хөдөлмөр эрхэлж, эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн ах, 4-19 насны дөрвөн хүүхэд, гэр бүлээ тэжээн тэтгэж, асран хамгаалж явдаг, гэр бүл дотроо хөдөлмөр эрхлэх боломжтой, хөдөлмөрийн чадвартай ганц хүн нь юм. Миний гэр бүлийн байдал, хөдөлмөр эрхэлж, олон хүний амьдралыг авч яваа нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан гэмтэл эдгэрч биеийн эрүүл мэндийн байдал нь хэвийн болсон, түүнд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Бидний зүгээс хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримттай маргадаггүй. Э.М нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүх хуралдаанд түүний өмнөх өмгөөлөгч “шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулъя” гэж хэлээд шүүгдэгчийг хохирол, төлбөр төлөх боломжоор хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан. Э.М цагдан хоригдсоныхоо дараа “өмгөөлөгч надад энэ нөхцөл байдлыг ойлгуулаагүй” гээд өмгөөлөгчөөсөө татгалзсан. Иймээс Э.М нь анхан шатны шүүх хуралдаанд хохирол, төлбөр төлж чадалгүй оролцсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохоосоо өмнө хохирогчид учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг барагдуулж, нэмж 50.000.000 төгрөгийг төлбөр төлсөн. Шүүх аливаа этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шаардлага нэг бүрд бодитой дүгнэлт хийх учиртай. Э.М нь 4-19 насны 4 хүүхэдтэй, эцэг, эхээс хоёулаа. Түүний төрсөн ах нь хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй. Мөн эцэг нь чихрийн шижин өвчтэй. Түүний эцэг болон ахын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг нотариатаар гэрчлүүлье гэхэд нотариатч “ийм баримт гэрчлэхгүй” гээд гэрчлээгүй. Э.М нь Н.Э гэх айлын хөдөлмөр эрхэлж байгаа ганц хүн. Э.М нь өөрийн компаниараа олон ажилчдыг гэр бүлийнх нь хамт тэжээдэг. Тэрээр хоригдсон тул түүний компанийн ажил зогссон. Иймд түүнд торгох ял оногдуулж өгнө үү. Э.М нь анхнаасаа өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр хохирогч Д.Б-тэй 9 дүгээр ангиасаа хойш найзалсан. Тухайн өдөр үүссэн нөхцөл байдлын улмаас маргасан. Хохирогч нь Э.М-г хорих ял шийтгүүлэх хүсэлгүй байгаа. Иймд Э.М-с оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанаас хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогч Д.Б нь давж заалдах шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байсан тул хүсэлтээ бичгээр гаргаж, надаар дамжуулсан. Хүсэлтийг уншиж танилцуулъя. “Хохирогч Д.Б би өөрт учирсан хохирол, төлбөрөө бүрэн барагдуулж авсан бөгөөд цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Иймд Э.М-с оногдуулсан хорих ялыг өөрчилж торгож өгнө үү” гэсэн өөрийнх нь гарын үсэг, “8 дугаар сарын 29” гэсэн огноо бүхий хүсэлт гаргасан байна. Хохирогч нь “анхан шатны шүүхээс тогтоосон сэтгэл санааны хохирол болох 12.000.000 төгрөгийг авсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардалд 50.000.000 төгрөгийг авсан. Э.М-с гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд оногдуулсан хорих ялыг торгор ялаар солиход татгалзах зүйлгүй” гэсэн саналыг надаар дамжуулан илэрхийлж байна.” гэв.

 

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн шаардлагыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд зэргийг үнэлэн шүүгдэгч Э.М-г 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... караокед хохирогч Д.Б-тэй маргалдаж улмаар түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн Э.М-с оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

           Хохирогч Д.Б-ийн “...М намайг нэг удаа цамцнаас татаад түлхэх үед хойшоо унасан. Ингээд бид нар тухайн караокеноос гарах гэтэл О, Г хоёр гараад явчихсан байсан. Тэгтэл М бид хоёр араас гараад явж байхад юунаас болсныг нь мэдэхгүй. Биеийн бүх л хэсэгт өшиглөж, цохисон Намайг тэр караокеноос дагуулж авч гарсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8672 дугаартай “...Д.Б-ийн биед гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 42-45/,

          Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Д.Б-ийн биед учирсан нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс үргэлжилсэн шугаман хугарал тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой, уг гэмтлийн байрлалаас үзэхэд унах үед үүснэ...” гэх мэдүүлэг /хх 50/,

          Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын сэтгэцийн шинжилгээний 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 457 дугаартай “...Д......... Б........ /РД:............./-ийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас DS: Дасан зохицохын эмгэг /F43.2/ оношлогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 177-179/,

          Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Д.Б-ийн биед учирсан нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс үргэлжилсэн шугаман хугарал тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой, уг гэмтлийн байрлалаас үзэхэд унах үед үүснэ...” гэх мэдүүлэг /хх 50/,

          Э.М-ийн яллагдагчаар өгсөн “...Б согтуу миний урд ирж зогсоод цохих гэж байгаа юм шиг дайраад байхаар нь би цамцнаас нь татаад холдуулах гэж цааш түлхсэн. Тэгтэл Б нь хойшоо нэг алхаж байгаад аваад унасан. Энэ үед нь нүд хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 58/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

 

          Э.М нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эбиза караокед хохирогч Д.Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь гавлын баруун зулайгаас чамархай хөхлөг сэртэн дайрч суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт толгойн хуйх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

 

          Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн №8672 дугаартай дүгнэлтийг шинжээч Ч.Эрдэмболор гаргасан байх бөгөөд түүнд хууль сануулсан, тэрээр шинжилгээ хийх явцдаа болон дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүйгээс гадна, уг дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгч Э.М-ийн үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн этгээдээс хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

 

          Шүүгдэгч Э.М давж заалдсан гомдолдоо: “ Миний бие нь хийсэн хэрэгтээ их харамсаж байх тул шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, өөрчилж өгнө үү.” гэж хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирлыг төлж барагдуулсан болон ар гэрийн хүнд нөхцөл байдлуудыг шалтгаан болгон иш татсан байна.

 

          Шүүгдэгч Э.М нь өмгөөлөгч Ц.Алтанцэцэгээс татгалзаж, Ө.Учрал өмгөөлөгчийг сонгон авсан ба түүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэх хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Учрал өмгөөлөгчөөс “Ц.Алтанцэцэг өмгөөлөгчийн гомдлоос татгалзаж байна” гэх тул өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно.

         

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

          Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.М-с эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлж барагдуулахаа илэрхийлж буй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх үндэслэлд харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

         

          Хохирогч Д.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр болох 12.644.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

          Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. 

 

          Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

 

          Дээрх хууль тогтоомжийн үйлчлэлд 2023 оны 7 дугаар сарын 02-нд үйлдэгдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байх ба түүнд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг зөв тогтоожээ.

 

          Хохирогч Д.Б нь “...хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан...” гэх хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд ирүүлсэн боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.М-с хохиролд гаргуулахаар заасан 12.644.500 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулсан мөн хохирогч нь дээрх үнийн дүнгийн хохирлыг хүлээн авсан гэх бичгийн нотлох баримтыг талуудаас аль аль нь гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-ийн гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/501 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Э.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

          2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН