Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 76

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Р.Алтанцэцэг даргалж 

          Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэцогт

Шүүгдэгч: Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-гийн М-д холбогдох 1712002590042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн,, суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн , тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Бгийн М /РД:.../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” зочид буудлын урд талын авто зам дээр “Corolla Axio” маркийн 98-47 УНД улсын дугаар бүхий автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 2.7.А дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн,  мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 66-55 УНУ улсын дугаар бүхий “CR-VCR-V” маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Д.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Мөрдөн байцаалтын шатанд 1712002590042 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Хохирогч Д.Аын мэдүүлсэн: ...Би 2017 оны 11 сарын 02-ны өдөр 13 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс гарч өөрийн 66-55 УНУ улсын дугаартай СИ-АР-ВИ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож “Буян” буудлын цаана явах үед өөдөөс нэг саарал өнгийн жижиг тэрэг зам голлоод гараад ирсэн. Тэгээд би өөрийн хүү Аод за энэ ирээд мөргөх нь үүдээ гэж хэлээд би зам руу шахсан чинь саарал өнгийн машин ирээд мөргөсөн. Надад MPR зураг 350.000 төгрөгөөр, комьпютер зураг 130.000 төгрөг, эмч нарт үзүүлсэн мөнгөнүүд 180.000 төгрөг болсон. Улаанбаатар хот руу явахад өөрийн машинаар явж 200.000 төгрөгөөр бензин хийсэн. Миний нэг сарын 560.000 төгрөгийн цалин нийлээд, 1.500.000 төгрөг болсон байгаагаас М 800.000 төгрөг өгсөн бөгөөд одоо надад 700.000 төгрөгийг өгвөл гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо нуруу байнга өвдөж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

 

Насанд хүрээгүй гэрч Н.Аын мэдүүлсэн: ...Би он, сар, өдрийг нь санахгүй байна, ээжтэйгээ хамт эмнэлгээс гараад ээжийн цагаан өнгийн машинтай явж байсан. Эмнэлгийг хашаанаас гараад явж байтал нэг саарал өнгийн машин эрчтэй ирээд ээжийн машиныг мөргөсөн. Тэр машин дотор 2 хүн байсан. Тухайн үед миний толгой, хүзүү хоёр жаахан өвдөж байсан бөгөөд хааяа толгой өвдөөд байгаа. Ээж, бид хоёр зам чөлөөлж яваад зогсож байхад ирээд мөргөсөн. Тэр машин барьж байсан ах согтуу байсан. Тэр жолооч бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Машин барьж байсан ах ирээд манай ээжээс уучлалт гуйгаад байсан. Тэр 2 ах тухайн үед бас зугтах талаар яриад байсан. Тэрийг нь би сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Б.М нь 2017 оны 11 сарын 02-ны өдөр согтуу машинаа жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргасан. Манай нөхөр Б.М архи дарс нэг их уугаад байдаггүй, даруу төлөв зантай, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл тавуулаа, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бид 2 гэр бүл болоод 9 жил болж байна. 98-74 УНД улсын дугаартай Аксио маркийн тээврийн хэрэгсэл Б.Мийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо банк санхүүгийн байгууллагад байгаа. Баянгол дүүргийн “Сайн” гэх ломбарднаас 2.000.000 төгрөг зээлж уг машиныг барьцаалуулсан байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “Тайгийн булаг авто” ХХК-д шилжсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Гэрч С.Ггийн мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотын “Сайн” гэх ломбардны 3, 4-р хороолол дахь “Тайгийн булаг” гэх салбарын зээлийн ахлах мэргэжилтэн ажилтай. 98-47 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Сайн” ломбардны нэр дээр байдаг. Б.Бийн эзэмшлээс манай ломбардны эзэмшил рүү бичиг баримтыг нь шилжүүлэн авсан байгаа. 1.800.000 төгрөгийн зээлийн барьцаанд сарын 4 хувийн хүүтэй зээлдсэн бөгөөд энэ талаарх гэрээг хэргийн материалд хавсаргуулмаар байна. Манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Манай байгууллагын захирал томилолтоор ажилтай байгаа. Энэ зээлдэгч маань сар сардаа мөнгөө төлөөд явахад энэ машинд цаашид эвдрэл учирсан эсэх асуудал манай байгууллагад хамаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ 

Гэрч Л.Дгийн мэдүүлсэн: ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би эмнэлэг орох гээд Буян буудлын ойролцоо алхаж байтал намайг таних М гэх залуу хаачих гэж байгаа юм, суучих гээд өөрийн саарал өнгийн Аксио машиндаа суулгасан. Тэгээд “Буян” буудлын урд явж байснаа нэг цагаан өнгийн машинтай мөргөлдсөн. Би яаж мөргөлдсөн талаар мэдэхгүй байна. Би машинынх нь хойд талд сууж байсан. Замын голд л мөргөлдсөн бөгөөд би цаашаа эмнэлэг рүү алхсан. Нөгөө машины жолооч нэг эмэгтэй байх шиг байсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Б.М согтуу байсан. Нилээн их архи уусан бололтой байсан. М даруу төлөв зантай хүүхэд, би өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй. Б.М хувиараа хөдөлмөр эрхэлдэг, машин тэрэгтэй дундаж амьдралтай хүн байх...гэх мэдүүлэг /37-38 хуу/

 

Яллагдагч Б.Мийн мэдүүлсэн: ...Сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Яллагдагчаар татах тогтоол үнэн зөв байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 хуу/

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 66 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Жолооч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. 1.2 Жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн” мөн “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. 2. Зам тээврийн осол жолооч Б.Мөнх-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас гарсан гэж үзэв. 3. Жолооч Д.А нь “В” ангиллын 460193 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. 3.1. Жолооч Б.М нь “ВС” ангиллын 527579 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/ ...гэх дүгнэлт /хх-ийн 40 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 506 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Аын биед бүсэлхийн 5-аас ахар сүүлний 1-р нугалам хоорондын цагираг мөгөөрсний урагдал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар бүсэлхийн 5-аас ахар сүүлний 1-р нугалам хоорондын цагираг мөгөөрсний урагдал бүхий гэмтэл нь биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Д.А нь бүсэлхийн 3-4-р нугалам хоорондын нарийсал, мэдрэлийн ёзоор дарагдал, нурууны өвдөлт бүхий архаг хууч өвчтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 61-62 хуу/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 хуу/

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 43 хуу/

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 59 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 83-84 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 86 хуу/ зэрэг болно. 

 

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” зочид буудлын урд талын авто зам дээр зам тээврийн осол гарч, иргэн Д.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М нь согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Буян” зочид буудлын урд талын авто зам дээр “Corolla Axio” маркийн 98-47 УНД улсын дугаар бүхий автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 2.7.А дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн,  мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 66-55 УНУ улсын дугаар бүхий “CR-VCR-V” маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган иргэн Д.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би 2017 оны 11 сарын 02-ны өдөр 13 цагийн үед Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс гарч өөрийн 66-55 УНУ улсын дугаартай “СИ-АР-ВИ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож “Буян” буудлын цаана явах үед өөдөөс нэг саарал өнгийн жижиг тэрэг зам голлоод гараад ирсэн. Тэгээд би өөрийн хүү Аод за энэ ирээд мөргөх нь үүдээ гэж хэлээд зам руу шахсан чинь саарал өнгийн машин ирээд мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, насанд хүрээгүй гэрч Н.Аын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “эмнэлгийг хашаанаас гараад явж байтал нэг саарал өнгийн машин эрчтэй ирээд ээжийн машиныг мөргөсөн. Ээж, бид хоёр зам чөлөөлж яваад зогсож байхад ирээд мөргөсөн. Тэр машин барьж байсан ах согтуу байсан. Тэр жолооч бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Б.М 2017 оны 11 сарын 02-ны өдөр согтуу машинаа жолоодож явж байгаад зам тээврийн осол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би эмнэлэг орох гээд “Буян” буудлын ойролцоо алхаж байтал намайг таних М гэх залуу хаачих гэж байгаа юм, суучих гээд өөрийн саарал өнгийн “Аксио” машиндаа суулгасан. Тэгээд “Буян” буудлын урд явж байснаа нэг цагаан өнгийн машинтай мөргөлдсөн. Б.М согтуу байсан” гэх мэдүүлэг /37-38/, Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Яллагдагчаар татах тогтоол үнэн зөв байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 66 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, хохирогч Д.Аын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 506 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Д овогт Бгийн Мийг жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.М нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Б-гийн М-ийг жолооч согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Мийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ