Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2026/0247

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.О,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар, 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э,

Маргааны төрөл: улсын бүртгэлийн байгууллагын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Анхбаяр хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “улсын бүртгэлийн хууль бус ажиллагаанаас учирсан хохиролд   174,356,000 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” гэж тодорхойлжээ.

1.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

2.1. “Ж*******” ХХК нь 2010 онд нийслэлийн Б******* дүүргийн ... хороо ... дүгээр хороолол Ж******* хутагт Д*******ын гудамж ... хаягт байршилтай .... давхар үйлчилгээ, орон сууцны .... дугаар байрны ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй байхад худалдан авсан,

2.2.Уг барилгыг өөрийн санхүүжилтээр үргэлжлүүлэн барьж 95 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлд бүртгүүлэн Y- дугаартай гэрчилгээг авч 2012 онд улсын комисст хүлээлгэн өгсөн,

2.3.Дээрх барилгын бүртгэлд 2011 онд дахин өөрчлөлт оруулж, Орон сууцны корпорацид бүхэлд нь барьцаалсан бөгөөд үүнд .... дугаар байрны 100 тоотын 67.06 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц  багтсан,

2.4.Тухайн барилгыг гэрээний дагуу худалдан авагч нарын өмчлөлд шилжүүлснээр Орон сууцны санхүүжилтийн корпорацтай хийсэн барьцааны гэрээ 2015 онд дуусгавар болж барьцаанаас бүрэн чөлөөлөгдсөн,

2.5.Ийнхүү барьцаанаас чөлөөлөгдөхөөс өмнө тус байрны ... тоотын 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхгүй А.Э нь өөрийн төрсөн дүү А.Этай хуурамч гэрээ байгуулан улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль бус тул манай компанийн зүгээс  уг бүртгэл болон түүнд олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах, хууль бус бүртгэлийг үндэслэн хийгдсэн бүх бүртгэлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан,

2.6.Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр манай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ... тоот 2 өрөө байрыг өмчлөх эрхгүй А.Эгийн бүртгэл болон үүнийг үндэслэн хийгдсэн бүх бүртгэлүүдийг хүчингүй болгон шийдвэрлэсэн,

2.7.Гэтэл 64 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байсан Х.Ж******* Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, 2021 оны 1 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, 2022 онд Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул улсын бүртгэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас манай компанид Б******* дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр хороолол, Ж******* хутагт Д*******ын гудамж, ... дугаар байрны 64 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөн эрхээ  алдаж их хэмжээний хохирол хүлээгээд байна,

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар дээрх орон сууцны өмчлөх эрхийг бусдад хууль бусаар шилжүүлэн бүртгэсэн  улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас манай компанид учирсан 174,356.000 төгрөгийн хохирлыг улсын бүртгэлийн Ерөнхий газар арилгах үүрэгтэй гэжээ.

2.8.Нэхэмжлэгчээс “...төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүргийг хуулиар хүлээсэн тул манай компанид учирсан хохирлыг улсын бүртгэлийн Ерөнхий газар хариуцан арилгах үүрэгтэй...”  гэх зэргээр маргаж.

2.9.Хариуцагчаас “...нэхэмжлэгч иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо тухайн байрны өмчлөгч болохоо нотолж оролцоогүй, ...шүүхээс тухайн эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоосонтой холбогдуулан төрийн байгууллагаас хохирол нэхэмжилж буй нь үндэслэлгүй,... тухайн байрны өмчлөгч хэн болохыг шүүхээс тогтоогоогүй байхад бүртгэл хийсэн нь буруу гэж захиргааны хэргийн шүүх дүгнэж бүртгэлийг хүчингүй болгосон...” гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ж*******” ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дутуу гүйцэтгэлтэй барилгыг шилжүүлэх гэрээний үндсэн дээр Нийслэлийн Б******* дүүрэг ... дугаар хороо, ... дүгээр хороолол Ж******* худагт Д*******ын гудамж ..... тоот хаягт байрлах .... давхар үйлчилгээний орон сууцны ... дугаар байрны ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэйгээр худалдан авсан. Уг барилгыг  “Ж*******” ХХК цааш үргэлжлүүлэн барьж, санхүүжилт, хөрөнгө оруулалт  хийн үргэлжлүүлэн барин 95 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Барилгаа улсын комисст хүлээлгэж өгөхийн өмнө 2010, 2011 оны 10 дугаар сараас эхлэн үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих иргэд байгууллагын нэр дээр байраа шилжүүлэн 110 айлын орон сууцыг жагсаалтаар гарган улсын комисст хүлээлгэж өгсөн. Дээрх ... дугаар байрны ... тоотод байрлах орон сууц нь “Ж*******” ХХК-ийн өмч бөгөөд өмнө нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд дахин өөрчлөлт орон Орон сууцны санхүүжилтийн корпорацад бүхэлд нь барьцаалсан. Барьцаалагдсан байгаа орон сууцад тус байрны ... тоотын 67.06 м.кв талбайтай орон сууц багтаж байгаа. Орон сууцны санхүүжилтийн корпорацтай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэн барьцааны гэрээг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болгон тухайн орон сууцны барилгыг барьцаанаас бүхэлд нь чөлөөлсөн. Барьцаанаас чөлөөлөгдөхийн өмнө тус байрны .... тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхгүй . “Ө******* м*******” ХХК-ийн захирал А.Э нь өөрийн төрсөн дүү А.Этай хуурамч гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль бус гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр тус байрны ... дугаар байрны .... тоот 67.06 м.кв байрны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн бүртгэл, мөн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус байрны өмчлөгчөөр н.Б*******г бүртгэсэн бүртгэл, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мөн тухайн байрны өмчлөгчөөр н.Ж*******ыг бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл н.Ж******* Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд тогтоох нэхэмжлэлийн шаардлага гарган гурван шатны шүүхийн шийдвэрээр өмчлөх эрх н.Ж*******т шилжсэн. Ийнхүү буруу бүртгэсэн үйл ажиллагаанаас үүдэн “Ж*******” ХХК хохирч байна. Тухайн байрны өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр н.Ж*******ын нэр дээр шилжсэн тул өмчлөх эрхээ алдан тус байрыг чөлөөлүүлэх боломжгүй болсон. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг үндэслэн өмчлөх эрхийн бусдад хууль бусаар бүртгэсэн бүртгэлийн улмаас хохирсон хохирол болох 174,365,000 мянган төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгуулж өгнө үү.” гэв.

3.2. Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль, бусад хууль тогтоомжуудад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй байж өмчлөх эрх нь тодорхойлогддог. Гэтэл хариуцагчаас өмчлөх эрхийг шүүхээс тогтооно гэж байна. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаад байна. Өмнө тайлбарласанчлан "“Ж*******” ХХК   нь маргаан бүхий 64 тоот орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийг бүртгэлтэйг Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр тогтоогддог. Энэ бүртгэлтэй давхардуулан А.Эд бүртгэл хийсэн нь хууль бус байсан гэдгийг тогтоосон тул Иргэний шүүхээр өмчлөгч байсныг тогтоолгох шаардлагагүй байсан. Энэ үйл явдалд хариуцагч н.Ж******* гэдэг хүний нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “Ж*******” ХХК  оролцсон асуудлыг хөндөж ярьдаг. Нотлох баримт шинжлэн судлах үед иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаас тодорхой хэсгийг судлуулсан. Маргаан бүхий үйл явдалд А.Э гэдэг хүний нэр дээр бүртгэгдсэн байсан хөрөнгө н.Б*******д шилжсэн бөгөөд н.Б*******гээс н.Ж******* тухайн байрыг худалдан авахдаа орон сууцын зээл байдлаар аваад зээлийн барьцааны гэрээ, ипотекийн гэрээний бүртгэлүүд хийгдсэн ийм үйл баримтууд байгаа. Захиргааны хэргийн шүүхээс бүх бүртгэлийг хүчингүй болгосон. Энэхүү хүчингүй болгосон шийдвэр нь дараа дараагийн өмчлөгчдийн эрхийг хязгаарласан ойлголт биш гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдүүд энэ өмчлөх эрхтэй холбоотой асуудлаараа шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой гэдэг дүгнэлтүүдийг хийсэн. Түүний үндсэн дээр н.Ж*******  н.Б*******тэй хууль бус байсан гэдгийг мэдэлгүй гэрээ байгуулан мөнгөө төлсөн, тэдний хооронд хийгдсэн гэрээ хууль ёсны учир өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт дээр н.Ж******* өөрт нь өмчлөх эрх худалдсан н.Б******* нь тухайн байрны хууль ёсны өмчлөгч биш гэдгийг мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлд зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу н.Ж******* өмчлөгч байна гэж шийдсэн. Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан тул “Ж*******” ХХК  нь урьд нь хууль ёсоор өмчилж байсан эд хөрөнгөө өмчлөх, захиран зарцуулах эрх бүх боломжууд нь хязгаарлагдан, өмчлөлөө хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Тиймээс хохирлоо 174,365,000 төгрөг гэж тооцон нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнтэй хариуцагч маргаагүй. Нэхэмжлэлийн үнийн дүнг зах зээлийн үнээс 20-оос 30 хувиар бага дүнгээр нэхэмжилж байгаа. Хүчин төгөлдөр иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр энэ хэрэгтэй холбоотой маргааны үйл баримтууд шийдвэрлэгдчихсэн учраас нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байгааг шүүх анхаарч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 10 дугаар сарын шүүхээр Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Ж*******” ХХК нь гуравдагч этгээдээр оролцохдоо бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Манай зүгээс тухайн үеийн давхацсан бүртгэлүүдийг улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлүүдийг хүчингүй болгосон. Захиргааны байгууллагаас хийх бүх ажиллагаагаа хийсэн бөгөөд энэхүү компаниудын хоорондын маргаанаа Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. Бодит байдал дээр “Ж*******” ХХК болон “Ө******* м*******” ХХК нь хоорондоо ажлын хамтран ажиллах гэрээ байгуулан, тус гэрээгээр талбайгаа хуваан авсан байсан. Гэтэл хуваасан үйлдлээс үүдэн “Ж*******” ХХК болон “Ө******* м*******” ХХК хоёр тусдаа гэрчилгээ гаргуулан авсан байсан. “Ө******* м*******” ХХК тус байрны гэрчилгээг авснаас 3-4 сарын дараа “Ж*******” ХХК тухайн байрыг бүртгүүлэх гэхэд өмнө нь бүртгэгдээд гэрчилгээ олгон, цааш худалдагдсан байсан. Тухайн бүртгэлтэй холбоотой эрүүгийн хэрэг, иргэний хэрэг үүссэн тухайн бүртгэсэн улсын бүртгэгчийн Авлигатай тэмцэх газраас шалган ямар нэгэн ашиг сонирхол байхгүй байна гэж үзэн хэргийг хаасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бүртгэлүүдийг хүчингүй болгосон ч Иргэний шүүхээс н.Ж*******ыг өмчлөгчөөр тогтоосон.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь захиргааны байгууллагын хууль бус бүртгэлийн улмаас учирсан хохирол болох 174,356.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан.

2.Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн  нотлох баримтууд, талуудын тайлбараас тогтоогдож буй үйл баримтуудад дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны шийдвэрээр дүгнэсэнчлэн, Б******* дүүргийн .... дугаар хороо, Ж******* хутагт Д*******ын гудамж, .... дугаар байрны ... тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр А.Эг бүртгэсэн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний, дээрх .... тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.Б*******г бүртгэсэн  2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, тус ...... тоотын 67.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Х.Ж*******ыг бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүртгэл болон уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаа хөгжлийн банкны барьцаанд тус тус бүртгэсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлүүдийн хүчингүй болгосон, Иргэний хэргийн шүүхийн 2021 оны шийдвэрийн дүгнэсэнчлэн, иргэн Х.Ж*******ыг Б******* дүүргийн .... дугаар хороо, Ж******* хутагт Д*******ын гудамж, .... дугаар байрны .... тоот 67,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон үйл баримттай талууд маргаагүй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон  үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар эцэслэн шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн асуудлыг захиргааны хэргийн шүүх дахин нотлохгүй, дүгнэлт өгөхгүй. 

5.Харин төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор арилгуулахтай холбоотой маргаж байна.

6.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-т “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.

 Хуулийн эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагч хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан ба гэм хор болон үйлдэл / эс үйлдэхүй/-н хооронд шалтгаант холбоотой байх, гэм хор учруулагч гэм буруутай байх нөхцөлийг шаардсан байна. Мөн төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай бол бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа байгууллага хариуцан арилгахаар байна.

7.Захиргааны хэргийн шүүхээс А.Э, “Ж*******” ХХК нарт улсын бүртгэл давхардаж бүртгүүлснээс үүссэн маргаан буюу А.Э, Л.Б*******, Х.Ж******* нарын улсын бүртгэл нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, иргэний хэргийн шүүхээс үл хөдлөх  эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон боловч энэхүү бүртгэл хууль бус болох нь өмчлөгчөөр тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, маргаан бүхий 64 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хэн нэгэн өмчлөгч бүртгэгдээгүй гэж үзсэн байх бөгөөд Л.Б******* нь Х.Ж*******т Б******* дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр хороолол, Ж******* хутагт Д*******ын гудамж .... дугаар байр, ...  тоот хаягт байрлах 67.06 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлж,орон сууцны үнэ 95,000.000 төгрөгийг  Л.Б*******д шилжүүлсэн  байна.

8.Маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийг хийсэн захиргааны байгууллагын хууль бус ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн хэдий ч өмчлөх эрхийн маргааныг шийдвэрлээгүй, худалдах, худалдан авах болон барьцааны гэрээний үр дагаврыг шаардах эрхийг хөндөөгүй тул Улсын бүртгэлийн ерөнхий газраас шууд 174,356.000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэх нь дээрх хуулийн заалтуудыг зөрчихөөр байхаас гадна нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь .... тоот байрны үнэлгээг хэрхэн тооцсон нь тодорхойгүйгээс гадна захиргааны байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох хоёр шаардлагыг ижил үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.

9.Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа болохоос бус өмчлөх эрхийг хөндөөгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч “Ж*******” ХХК нь улсын бүртгэлийн  байгууллагад мэдүүлэг гаргаж өмчлөгчөөр бүртгүүлсэн буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх нь  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 4-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасантай нийцэхээр байна.

10.Б******* дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1976 дугаартай тогтоолоос үзэхэд “Б******* дүүргийн улсын бүртгэл статистикийн хэлтсийн улсын эрхийн бүртгэгч нарыг А.Эийн гаргаж өгсөн “Ж*******” ХХК-ийн тамга тэмдэггүй  баримт бичгийг үндэслэн компанийн эзэмшлийн орон сууцыг бусдын өмчлөлд шилжүүлсэн…” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааснаас үзвэл энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг гаргуулах боломжгүй байна гэж үзлээ. 

11.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гээд 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, 14.7-д “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан байна.

12.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0676 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 108 дугаар магадлалтай захиргааны хэрэгт гуравдагч этгээд Х.Ж*******ын нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

13.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор гуравдагч этгээд “Ж*******” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс мөн татгалзсан,

14.Дээрх тогтоолууд гарснаас  3-н жилийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ж*******” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан учирсан хохиролд 174,356.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг  баримтлан “Ж*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргаснаар “Улсын бүртгэлийн хууль бус ажиллагаанаас учирсан хохиролд 174,356,000 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ