Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00223

 

 

 

 

 

 

 

 

 

У- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/02381 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У- ХХК-ийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 141,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтанзул, хариуцагчийн төлөөлөгч Б.Ч-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, 141,560,000 төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр У- ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Р.Г-, Э- ХХК-ийн захирал Б.Ч- нар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр Э- ХХК нь гэрээнд заасан чанарын шаардлага хангасан 1,200 ширхэг автобусны зарлан мэдээлэх системийн тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжид суулгах TTS програм хангамжийг хөгжүүлэн У- ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн. 2017 оны 11 дүгээр сараас тоног төхөөрөмжийг автобуснуудад суурилуулж эхэлсэн бөгөөд суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь чанарын шаардлага хангахгүй буюу анх суурилуулсан цагаас эхлэн царгих, шуугих, дуугарахгүй байх, зогсоолын нэрийг алдаатай зарлах, алгасах, дутуу зарлах зэрэг алдаа байнга гарч доголдлын талаарх гомдлын шаардлагыг Э- ХХК-д гаргасан. Улмаар тоног төхөөрөмжид гарч буй доголдлын шалтгааныг тогтооход төхөөрөмж анхнаасаа алдаатай үйлдвэрлэгдсэн байсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас байнгын гомдол ирж байсан. Э- ХХК нь доголдлыг арилгах, засварлах, шинэ бүтээгдэхүүнээр сольж өгөх үүргээ гүйцэтгэхгүй байсан тул бид үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн үүднээс компаниас дахин 48,160,000 төгрөгийн зардал гарган буудал зарлан мэдээлэх системийн тоног төхөөрөмжийг дахин өөрсдөө худалдан авч өөрийн зардлаар сольж суурилуулсан. Ингэхэд Э- ХХК нь 1,200 биш 935 ширхэг доголдолтой төхөөрөмжийг суурилуулсан байсан. Гэрээгээр нийлүүлэх TTS программ хангамж нь гэрээний шаардлагыг хангахгүй, Э- ХХК-д программ хангамжийг хөгжүүлж хүлээлгэн өгөх хангалттай хугацаа олгон бүхий л боломжит байдлаар хүлээн ажилласан боловч гэрээгээр тохиролцсон шаардлагыг хангасан TTS програм хангамжийг манай компанид хүлээлгэж өгөх боломжгүй болох нь нэгэнт тодорхой болсон. Э- ХХК-ийн захирал Б.Ч-ыг манай компанийг залилсан үндэслэлээр цагдаад гомдол гаргаж шалгуулсан. Улмаар 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний маргаан гэсэн үндэслэлээр прокурорын тогтоол гарсан. Иймээс Э- ХХК нь нэгэнт гэрээгээр тохиролцсон бүтээгдэхүүнийг манай компанийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй, өгч чадахгүй нь нэгэнт тодорхой болсон. Гэрээгээр тохирсон шаардлага хангасан программ хангамжийг хөгжүүлж хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй. Ийнхүү шаардлага хангасан программ хангамжийг хөгжүүлж хүлээлгэн өгч чадахгүй болох нь нэгэнт тодорхой болсон тул Э- ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 02/161 дугаар бүхий гэрээний 10.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу Э- ХХК-д төлсөн 141,560,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У- ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр автобусны зарлан мэдээлэх систем худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгсөн. Программ хангамж болон төхөөрөмжийг суурилуулж хүлээлгэн өгснөөс хойш баталгаат засварын хугацаанд төхөөрөмжид үйлдвэрлэлийн алдаа, согог илрээгүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь манай программ хангамжийг ашигласаар байгаа. Худалдагч тал автобусны зарлан мэдээлэх системийг хүлээлгэн өгч, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн, худалдан авагч тал төлбөрөө манай компанид бүрэн шилжүүлснээр энэхүү гэрээ 2017 онд дуусгавар болсон. Баталгаат хугацаа болох 12 сарын хугацаанд манай программ хангамж болон төхөөрөмжийн талаар худалдан авагч талаас ямар нэгэн санал гомдол ирүүлж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Программтай холбоотой бүх зүйлийг хангалттай хийсэн. Мөн энэ гэрээг байгуулахын өмнө Б.Ч- захирал миний программыг нэхэмжлэгч талд танилцуулж гэрээ байгуулан, У- ХХК нь хүлээж авсан. Хүлээж авсан учраас гэрээний үүрэг биелэгдэж, төлбөр тооцоогоо хийсэн, Б.Ч- захирал надтай бас төлбөр тооцоогоо хийж дууссан гэжээ.

 

4.Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э- ХХК-нд холбогдох 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 02/161 дугаартай гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 141,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 865,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.1.Талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ гэсэн нэртэй боловч гэрээний агуулгаас үзэхэд Э- ХХК нь автобусны зарлан мэдээлэх систем буюу гэрээнд заасан чанарын шаардлага хангасан автобусны зарлан мэдээлэх системийн тоног төхөөрөмж, мөн тус тоног төхөөрөмжид суулгах ТТS /текстийг дуу хоолойнд хөрвүүлэх/ программ хангамжийг хөгжүүлэн, УБСК ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргийг хүлээсэн байсан. Улмаар гэрээнд заасны дагуу нийлүүлэх тоног төхөөрөмж нь 1,200 ширхэг тоотой байх бөгөөд гэрээний хавсралтад зааснаар тоног төхөөрөмж нь өсгөгч, свитчээс бүрдэхээр байна. Харин ТТS буюу текстийг дуу хоолойнд хөрвүүлэх программ хангамж нь гэрээний 1.2-т зааснаар автобусны чиглэл, буудлын нэр өөрчлөгдөх зэрэг тохиолдолд лед дэлгэц дээр гарч байгаа бичгийг таньж тухайн автобусны буудлыг зарладаг байх шаардлагатай байсан бөгөөд хариуцагч нь энэхүү шаардлагыг хангасан программ хангамжийг манай компанид хөгжүүлэн, зохион бүтээж хүлээлгэн өгөх үүрэгтэй юм. Иймд энэхүү гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд тоног төхөөрөмж нийлүүлэх харилцаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, программ хангамж хөгжүүлэн хүлээлгэн өгөх харилцаанд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан холимог төрлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Гэвч шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн.

5.2.Мөн шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн талаар гаргасан тайлбар, бүрдүүлж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан атлаа тэдгээрийг няцаасан, үгүйсгэсэн талаар ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Үүнд: Хариуцагч Э- ХХК-ийн нийлүүлэх тоног төхөөрөмжийн тухайд хариуцагч Э- ХХК-ийн нийлүүлэх тоног төхөөрөмж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө байх ёстой байна. Гэвч тоног төхөөрөмж нь анх автобуснуудад суурилуулсан цагаас буюу 2017 оны 11 дүгээр сараас биет байдлын доголдолтой болох нь илэрсэн байдаг. Энэ тухай автобус баазуудаас манай компанид төхөөрөмж суурилуулсан цагаас эхлэн тоног төхөөрөмж ажиллахгүй байна, царгих, шуугих, дуугарахгүй байх, зогсоолын нэрийг алдаатай зарлах, алгасах, дутуу зарлах зэрэг алдаа байнга гарч байна, засварлаж өгнө үү гэсэн албан бичгүүдийг удаа дараа ирүүлсэн байдаг. Үүний дагуу манай компанийн зүгээс ч Э- ХХК-д гэрээний 4.3-т заасны дагуу дээрх алдаануудыг өөрийн зардлаар яаралтай засварлаж өгөх, шаардлага хангасан ижил загварын, ижил техникийн үзүүлэлттэй, хэвийн ажиллагаатай, шинэ бүтээгдэхүүнээр сольж өгөхийг мөн адил удаа дараа албан бичгээр болон уулзалт хийж шаардсаар байсан боловч Э- ХХК нь гэрээгээр хүлээсэн энэхүү үүргээ гүйцэтгээгүй. Иймд бид үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн үүднээс компаниас дахин 48,160,000 төгрөгийн зардал гарган буудал зарлан мэдээлэх системийн тоног төхөөрөмжийг дахин өөрсдөө худалдан авч өөрийн зардлаар сольж суурилуулсан. Э- ХХК нь 1,200 биш 935 ширхэг доголдолтой төхөөрөмжийг суурилуулсан байсан. Гэрээний 2.1, 4.1-д тус тус заасны дагуу худалдагч нь нийлүүлэх тоног төхөөрөмжийг акт үйлдэн хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тухайн үед Э- ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь анхнаасаа буюу суурилуулсан цагаас доголдолтой байсан тул актаар хүлээлгэн өгч, авах боломжгүй байсан. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие энэхүү асуудлыг тайлбарласан байхад өөрөөр хэлбэл доголдолтой учир актаар хүлээлгэж өгөөгүй, улмаар актаар хүлээлгэж өгөөгүй учраас гэрээний 3.1-т заасан баталгаат хугацааг тоолох боломжгүй, мөн актаар хүлээлгэж өгөөгүй учраас нийт 1,200 ширхэг тоног төхөөрөмж суурилуулсан эсэхийг тогтоох боломжгүй, тоног төхөөрөмжийг бүгдийг солиход 935 ширхэгийг суурилуулсан байсан гэдгийг тайлбарласан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр автобус баазад шалгалт хийж 1,132 ширхэг төхөөрөмжийг шалгасан актаар нэхэмжлэгчийн хүлээлгэж өгөөгүй гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн 1,132 ширхэг тоног төхөөрөмж суурилуулсан байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Гэрээгээр хариуцагч нь 1,200 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. /Хэрэв ингэж үзвэл зөрүү 68 ширхэг тоног төхөөрөмжийн үнийг буцаан гаргуулах ёстой байсан. Нийлүүлсэн тоног төхөөрөмж нь чанарын болоод тоо хэмжээ дутуу биет байдлын доголдолтой байсан. Энэ нь автобус баазуудаас манай компанид ирүүлсэн албан бичгүүд, манай компанийн зүгээс Э- ХХК-д явуулж байсан албан бичгүүдээр, мөн гэрч Э.Хулангийн мэдүүлгээр нотлогдоно. Нотлох баримт шинжлэн судлах шатанд дээрх баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалсан атлаа шүүх эдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухай, үгүйсгэсэн, няцаасан үндэслэл шүүхийн шийдвэрт огт байхгүй байна. Шүүхийн үндэслэл болгосон 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн автобус баазуудад шалгалт хийсэн актаас хойш тоног төхөөрөмжид доголдол илэрсэн бөгөөд энэ нь мөн дээрх баазуудаас ирсэн албан бичгүүдээр /он сар өдрөөр/ нотлогдоно. Мөн шүүх дээрх баримтуудад няцаалт өгөөгүй атлаа дан ганц энэ баримтаар Э- ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийг доголдолгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.3.Хариуцагч Э- ХХК-ийн гэрээгээр хөгжүүлэн хүлээлгэн өгөх ёстой ТТS программ хангамжийн тухайд гэрээний дагуу Э- ХХК нь манай компанид гэрээний 1.2-т заасан автобусны чиглэл, буудлын нэр өөрчлөгдөх зэрэг тохиолдолд лед дэлгэц дээр гарч байгаа бичгийг таниж тухайн автобусны буудлыг зарладаг байх шаардлагыг хангасан программ хангамжийг хөгжүүлэн хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэрээний үр дүн нь дээрх шаардлагыг хангасан программ хангамж зохион бүтээгдсэн байх ёстой юм. Гэвч Э- ХХК нь дээрх программ хангамжийг манай компанийн шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгч чадаагүй. Энэ нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Э- ХХК-тай албан ёсны уулзалт хийсэн хурльш тэмдэглэлээр нотлогддог. Тус хурлаар Э- ХХК нь ТТS программ хангамжийг манай компанид хөгжүүлж хүлээлгэн өгөх боломжгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч шүүх мөн л дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй, дан ганц шинжээчийн дүгнэлтэнд үндэслэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн гэрч Э.Хулангийн мэдүүлгээс одоо ... программыг ашиглаж байгаа гэсэн хэсгийг нь авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атлаа түүний би программ хангамжийн мэргэжлийн хүн биш, ... тухайн үед тоног төхөөрөмж хариуцаж ажилладаг байсан,... тэр үед компанийн зүгээс Э- ХХК-аас Full TTS программ хангамжийг хөгжүүлж авах ёстой байсан гэх мэт мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй байна. Текстийг ямар нэгэн хүний дуу хоолойны дэмжлэггүйгээр шууд автоматаар өөрөө дуу хоолой болгон хувиргах ёстой программ хангамж юм. Гэвч Э- ХХК-ийн хөгжүүлсэн программ хангамж нь хүний дуу хоолойг давхар ашигладаг программ байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр манай компанийн зүгээс шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан боловч шинжээч шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргаж өгч чадаагүй. Гэвч шүүх дан ганц шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгоод эдгээр баримтад дүгнэлт өгөөгүй. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Доголдол гэдэгт биет байдлын болоод эрхийн доголдлыг хамааруулдаг. Мөн өмчлөлд шилжүүлэх гэдэг нь тухайн өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл гуравдагч этгээд Ч.Алтангэрэлээр зохион бүтээлгүүлсэн программ хангамж нь манай компанийн гэрээгээр тавьсан шаардлагыг хангаагүйн дээр тус программыг манай компанийн өмчлөлд шилжүүлж өгөөгүй. Учир нь тухайн програм хангамжийг Ч.Алтангэрэл зохион бүтээсэн бөгөөд тэрээр зохиогчийн эрхээ хуулийн дагуу хамгаалуулж, өөр дээрээ Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байна. Ч.Алтангэрэл болон Э- ХХК-ийн хооронд байгуулагдсан хавтаст хэрэгт авагдсан гэрээний агуулгаас үзэхэд /гэрээний 4.1.3, 5.2.2, 6.3/ Ч.Алтангэрэл нь өөрийнхөө бүтээлийг Э- ХХК-д зөвхөн ашиглуулах эрхтэйгээр шилжүүлж, гэрээ байгуулсан байна. Үүнийгээ гуравдагч этгээд Ч.Алтангэрэл нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгч миний тавьсан асуултанд тодорхой хариулсан байдаг. Мөн Э- ХХК-ийн захирал Б.Ч- нь ч мөн адил программыг зөвхөн ашиглах эрхтэй болохоо хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Э- ХХК нь өөрөө тухайн программыг ашиглах эрхтэй тул анхнаасаа программыг манай компанийн өмчлөлд шилжүүлэн өгөх боломжгүй байсан болох нь шүүх хуралдааны шатанд тодорхой болсон. Өөрөөр хэлбэл өмчлөлд шилжүүлж өгнө гэдэг нь манай компанид тухайн программын эх кодыг өгөхийг хэлэх бөгөөд үүний үндсэн дээр манай компани тухайн программыг захиран зарцуулах эрхтэй болох юм. Иймд хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр ТТS программ хангамжийг биет байдлын буюу чанарын доголдолгүй гэж үзсэн ч дээр дурдсан үндэслэлээр энэхүү бүтээгдэхүүн нь эрхийн доголдолтой бүтээгдэхүүн юм. Учир нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ гэж заасан. Гэтэл манай тохиолдолд гуравдагч этгээд Ч.Алтангэрэл нь өөрийнхөө бүтээлийн талаар хуульд заасны дагуу манай компанид шаардлага гаргах эрхтэй юм. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие энэ тухай шүүх хуралдааны шатанд үндэслэл бүхий тайлбар гаргасан байхад шүүх шийдвэртээ энэ тухай дүгнэлт өгөөгүйн дээр огт дурдаагүй байна. Иймд шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч У- ХХК нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02/161 дугаартай худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 141,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Э- ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмж, программ хангамж нь суулгасан цагаас эхлэн царгих, шуугих, дуугарахгүй байх, зогсоолын нэрийг алдаатай зарлах, алгасах, дутуу зарлах зэрэг алдаа гарсан, доголдлыг арилгуулахаар удаа дараа хандсан боловч арга хэмжээ аваагүй гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч тоног төхөөрөмж болон программ хангамжийг хүлээлгэн өгснөөс хойш баталгаат засварын хугацаанд үйлдвэрлэлийн эвдрэл, гэмтэл илрээгүй, нэхэмжлэгч У- ХХК нь гэрээний зүйлийн үнийг төлж, гэрээ дуусгавар болсон гэж тайлбарласан. /хх-ийн 22-р тал/.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Зохигчид 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Э- ХХК нь автобусны зарлан мэдээлэх систем түүнийг суурилуулах ажлыг худалдан авагчид хүлээлгэн өгч өмчлөлд нь шилжүүлэх, нэхэмжлэгч У- ХХК нь бүтээгдэхүүний үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 8-9-р тал/

 

Талуудын байгуулсан гэрээний агуулга, зорилго, хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл нэг тал нь тоног төхөөрөмж, программ хангамжийг шилжүүлэн өгөх, нөгөө тал нь үнийг төлөх үүрэг хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх бөгөөд худалдах, худалдах авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ холимог хэлбэрээр байгуулагдсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагч Э- ХХК нь автобусны зарлан мэдээлэх системийн төхөөрөмжийг суурилуулан, ажлын акт үйлдэж холбогдох этгээдүүдэд хүлээлгэн өгсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан. /хх-ийн 101-136-р тал/.

 

Мөн хэргийн 236 дугаар талд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шалгалт хийсэн акт авагдсан бөгөөд тус актад ... буудал зарлагчийн программ хангамж нь алдаатай зарлах, зарлахгүй байх шалтгаан нь УБСК ХХК-ийн программаас лед дэлгэц рүү болон Э- ХХК-ийн TTS программ руу буудлын нэрсийг текстээр явуулахдаа өмнө нь тохиролцсон формат ба текстээс зөрсөн, урт буудлуудыг товчилж бичсэн, үг дутуу байснаас болсныг олж тогтоолоо. УБСК ХХК энэхүү алдааг засаж, товчилж биш бүрэн текстээр явуулж байхаар тогтов. гэжээ.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүрэгтэй бөгөөд автобусны зарлан мэдээлэх төхөөрөмж нь буудлыг алдаатай зарлах, зарлахгүй байх шалтгаан нь нэхэмжлэгч У- ХХК-ийн үйлдэлтэй холбоотой болохыг тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Р.Г- хүлээн зөвшөөрч дээрх шалгалт хийсэн актад гарын үсгээ зурсан байна.

 

Нэхэмжлэгч У- ХХК нь хариуцагч Э- ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр урьдчилгаа төлбөр 71,280,000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үлдэгдэл төлбөр 70,280,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ. /хх-ийн 11-12-р тал/. Гэрээний талууд харилцан үүргээ гүйцэтгэж, нэг тал нь гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн, нөгөө тал нь үнийг төлсөн үйл баримт тогтоогдсон. Харин талууд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн эсэх талаар маргасан.

 

Нэхэмжлэгч У- ХХК-ийн хамтран ажилладаг автобусны компаниудаас автобусны буудал зарлагч ажиллахгүй байгаа талаарх албан бичгүүдийг нэхэмжлэгч компанид ирүүлж, зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дээрх асуудлыг хэлэлцэхээр уулзалт зохион байгуулсан байна. Тус уулзалтаар хариуцагч Э- ХХК-ийн шилжүүлсэн ТТS программ хангамжийн хөгжүүлэлтийн талаар ярилцаж, мөн оны 05 дугаар сарын 03-ны өдөр хоолой бүхий файлыг Э- ХХК-иас УБСК ХХК-д хүлээлгэн өгөх, энэхүү тохиолдол нь гэрээний зөрчилд тооцогдох эсэх, хариуцлага хүлээлгэх боломжтой эсэхийг нэхэмжлэгч У- ХХК-ийн үйл ажиллагааны хэлтэс судлахаар тогтжээ. /хх-ийн 33-40, 42-44-р тал/

 

Дээрх албан бичгүүд болон уулзалтын тэмдэглэлд гэрээний зүйл болох автобусны зарлан мэдээлэх төхөөрөмж болон программ хангамж бүхэлдээ доголдолтой байсан гэх агуулга тусгагдаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дах хэсэгт Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол ... эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан. Иймд гэрээний зүйлийг дээрх хуульд зааснаар бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй бөгөөд уулзалтын тэмдэглэл болон хамтран ажилладаг байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүдийг үнэлээгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч, эхний дүгнэлтэд ... Э- ХХК-ийн хийсэн гэх TTS программ нь буудлын нэр өөрчлөгдөхөд текст хэлбэрээр бичсэн буудлын нэрийг зарлаж байна. Дуу сул дуугарч, зарим үг тодорхой сонсогдохгүй байна. Уг программд бичиж өгсөн текст мэдээллийг автоматаар уншихаар хийгдсэн тул аудио файл байхгүй байна гэж, /2хх-ийн 2-3-р тал/

 

Дараагийн дүгнэлтэд Э- ХХК-иас нийлүүлсэн TTS программ нь автобусны чиглэл, буудлын нэр өөрчлөгдөх тохиолдолд текстийг дуу болгон хувиргаж чадаж байна гэжээ. /2хх-ийн 68-69-р тал/. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Э- ХХК-ийн нийлүүлсэн программ хангамж нь текстийг дуу хоолой болгон автоматаар хөрвүүлдэг TTS программ биш, хүний дуу хоолойны тусламжтайгаар бүтээгдсэн файл гэх агуулгаар давж заалдах гомдол гаргаж байх боловч тус гомдол дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр няцаагдсан байна.

 

Дээрхээс дүгнэвэл гэрээний зүйл болох автобусны зарлан мэдээлэх төхөөрөмж болон программ хангамжийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч У- ХХК-д гэрээнээс татгалзах эрх үүсээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч У- ХХК нь гэрээний зүйлийн зарим хэсгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхийг энэ шийдвэр хөндөөгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/02381 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч У- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 865,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ