| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04294/И |
| Дугаар | 192/ШШ2025/06217 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/06217
| 2025 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 192/ШШ2025/06217 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албаны нохойн тасгийн 6 сарын курст суралцаж, төгссөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э нь Хан-уул дүүргийн 25 дугаар хороо, Буянт-ухаа 1 хороолол, 709 дүгээр байрны 45 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх ба тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан, шүүхийн харьяалалыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Эын суралцаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албаны нохойн туслах төлөөлөгчийн 6 сарын курст суралцаж, төгссөн болох нь хавтас хэрэгт авагдсан шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан нэхэмжлэгч Б.Этай хамт нохойн туслах төлөөлөгчийн курст суралцаж, төгссөн гэх Д.Э/-ы Бид 2005 оны 02 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн тасагт албаны нохой сургагч, дасгалжуулагчийн 6 сарын курст бүртгүүлж, 3 дугаар сарын 01-ний өдрөөс курст элсэн орж, 9 дүгээр сарын 01-ний өдөр курсээ төгсөөд албаны нохойн сургагч, дасгалжуулагч, сонсогчийн үнэмлэх авсан. Бид хамт сурч байсан. Намайг тус курст бүртгүүлэх үед Б.Э бүртгүүлчихсэн байсан бид хамт 6 сар сурч төгссөн. Албаны нохойн тасгийн дарга Цагдаагийн хошууч Н.Саруул гэж хүн байсан. Курсыг багш, ахмад н.Даваадорж гэж хүн удирдан явуулж байсан. Тухайн үед 10 гаруй хүн суралцаж, бидний дунд тэмцээн, уралдаан, үзүүлэх тоглолт болдог байсан. Бид сурч төгсөөд нэг тушаалаар одоог хүртэл хамт Цагдаагийн байгууллагад ажиллаж байна гэх,
Гэрч Г.Э/-ын ...Хамт нохойн сургуульд дадлагажигчаар орж ирэх үеэс таньдаг болсон. Би 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс элсэн ороод 9 дүгээр сарын 01-ний өдөр төгссөн. Б.Эыг суралцаж байх үед нь би албаны нохойн тасгийн жолооч цагдаагаар ажиллаж, Б.Эыг сургалтанд нь хүргэж, авч байсан. Ер нь тус нохойн курст суралцаж байсан хүмүүсийг зөөж, авах нь миний ажлыг чиг үүрэг байсан. 9-10 хүн суралцаж, би сургалтанд нь хүргэж өгч, авдаг, сургалт нь өглөө 8 цагаас оройн 17 цаг хүртэл болдог байсан. Б.Э Жерри гэдэг нохойг сургаж, сургалтаа төгсөж байсан. Сургалт төгсөхөөр тэмцээн зохиож, шинээр курс төгсөх үед нь ямар хэрэг дээр ажиллах чадвартай байна гэдгийг шалгадаг байсан. Тэмцээнд нь би хүргэж өгч байсан гэх мэдүүлгүүд, тэдний Нийслэлийн Цагдаагийн газар 2005 оноос хойш хугацаанд ажиллаж байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,
Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 26-05/1171 дугаартай Б.Эын тухай Бийн Э нь Нийслэлийн Цагдаагийн газрын даргын 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар нохойн сургагчийн зурс төгссөн тул мөн өдрөөс албаны нохойн тасагт туслах төлөөлөгч, дадлагажих ажилтнаар томилж, ... гэх лавлагаа,
Нэхэмжлэгч Б.Эын 2005 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нохой сургагчийн 6 сарын курсыг нохой сургагч мэргэжлээр сайн дүнтэй төгссөн 53 дугаартай үнэмлэх,
Гэрчээр асуугдсан Д.Энхсайханы мөн курсыг төгссөн 50 дугаартай үнэмлэх,
Цагдаагийн Ерөнхий газрын Төв архивын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 26/416 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ирүүлсэн Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрэлч нохойн албаны 2005 оны Бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний дагуу хийсэн ажлын тайлан-д Албаны болон мэргэжлийн сургалтын талаар хэсэгт ...дадлагажих ажилтан Д.Э, Б.Э нар 6 сарын курст хамрагдаж төгсгөв... гэх бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Их Арцат овогт Бийн Эыг 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Албаны нохойн туслах төлөөлөгчийн 6 сарын курст суралцаж, төгссөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ