Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 80

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгч: Х.Ц, Э.Ц 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Хгийн Ц, Б овогт Эын Ц нарт холбогдох 1812000600067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотын,, дүүрэгт төрсөн, эмэгтэй, ,, настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Home town” ресторанд бармен ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Архангай аймгийн ,,тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, И овогт Хгийн Ц /РД: .../ 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн,, суманд төрсөн, эмэгтэй, ,, настай, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Home town” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн,,тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Эын Ц /РД: .../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Ц, Э.Ц нар нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Home Town” нэртэй ресторанд иргэн Б.Огийн гээгдүүлсэн 305.000 төгрөгтэй түрийвчтэй мөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812000600067 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Б.Огийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас аймгийн төвд ээж, нөхөр Ганбаатар нарын хамт ирсэн. Тэгээд бид нар захын хажууд байрлах “Ноme Town” нэртэй ресторанд орж хоол идсэн. Тэгээд гарч яваад зах руу орж хувцас авах гэсэн чинь миний түрийвчтэй мөнгө алга болсон байсан. Тэгэхээр нь өмнө нь хоол идсэн газартаа буцаж ирээд асуусан чинь мэдэхгүй, та нарын дараа 3 хүн орж ирээд та нарын сууж байсан ширээн дээр суугаад гарсан гэж хэлсэн. Тухайн үед би хоолны тооцоо хийчихээд түрийвчээ цүнхэндээ хийхдээ дутуу хийгээд босохдоо унагаасан юм шиг байна лээ. Тэгээд цагдаад дуудлага өгч шалгуулсан чинь тэр рестораны ажилчид миний түрийвчтэй мөнгийг аваад нуусан байсан. Миний түрийвчинд 305.000 төгрөг байсан, өөр зүйл байгаагүй. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, гээсэн зүйлээ бүрэн олоод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Хохирогч Б.Огийн дахин мэдүүлсэн: ...Миний түрийвчтэй мөнгийг олчихоод өгөхгүй байсан. Миний эзэмшлийн түрийвч гэдгийг мэдсэн. Тэгээд надад таны дараа 3 хүн орж ирсэн, тэр гурав аваад гарсан байх гэдэг зүйлүүдийг яриад байсан. Тэгээд цагдаад хэлнэ гэсэн чинь дараа нь эгчээ надад байсан юм аа, түрийвчээ ав гэх мэтийн зүйлүүдийг ярьж байгаад өгсөн. Манай ээж, нөхөр 2 Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байгаа бөгөөд надтай хамт хоол идсэн. Би ганцаараа зах руу ороод хувцас авах гээд мөнгөө үзтэл байхгүй байсан. Манай ээж, нөхөр 2 энэ хэргийн талаар ач холбогдолтой зүйлсийг мэдэхгүй. Надтай тэр бармен Цийг уулзаж байхад хамт байгаагүй. Сүүлд нь би мөнгөө хаясан гэж хэлсэн. Миний түрийвчтэй мөнгийг байхгүй гэж хэлэхэд зөөгч Э.Ц хамт байсан, зөөгчийнхөө ажлыг хийж байсан. Сүүлд нь надад хэлэхдээ би олоод Цэд өгсөн гэж хэлсэн. Би мөнгөө асуугаад хайгаад байхад дуугүй зогсоод байсан. Энэ хоёр миний мөнгийг олж, нууж, завших гэж байсан гэж би бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/

 

Э.Цын гэрчээр мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн төвд байрлах “Ноme Town” ресторанд зөөгчөөр ажиллаж байгаа. 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойш санагдаж байна, манай ресторанд нэг хөгшин эмээ, нэг хүүхэн, нэг залуу гээд нийт 3 хүн орж ирээд хоол захиалж идсэн. Тэгээд гарч явахдаа нөгөө 3 хүний нэг нь улаан өнгийн түрийвчээ ширээн доогуур унагаагаад гараад явсан. Тэр хүмүүсийг гарсны дараа би тэр түрийвчийг нь аваад манай ажлын газрыг ажиллуулдаг Ц эгчид өгсөн. Тэгээд удаагүй байж байтал нөгөө хүмүүс буцаж орж ирээд түрийвчээ Ц эгч бид хоёроос асуухаар нь мэдэхгүй, та хэдийн дараа хүмүүс орж ирээд гарсан гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй цагдаа дээр ирээд цагдаагаас асуухаар нь үнэн учраа хэлсэн. Дээрх болсон асуудалд Ц эгч, бид хоёр буруутай бөгөөд гээсэн түрийвчинд 300.000 гаруй төгрөг байсан. Тэр мөнгөнөөс авч ашигласан зүйл бол байхгүй, тэр чигээр нь цагдаад гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

 

Гэрч М.Тын мэдүүлсэн: ...Би ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар сайн мэдэхгүй, нэг түрийвчтэй мөнгө олоод тэрийгээ л өгөөгүй асуудал гаргасан гэсэн. Манай бэр дүү Э.Ц аймгийн төвд 2 дүүтэйгээ байдаг. Эцэг, эх нь хөдөө малтай. Түүний эцэг Э нь 200 гаруй тооны бог, бод нийлсэн малтай, Э.Ц маань торгуулийн ял авахад төлөх боломжтой бөгөөд өөрийн сарын цалин 250.000 төгрөг байдаг. Э.Ц хүнтэй их нийтэч харилцаатай, даруу төлөв зантай, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг 14-15 хуу/

 

Гэрч Ш.Зийн мэдүүлсэн: ...Манай найз Х.Ц нь миний багийн найз байгаа юм. Даруу, төлөв зантай, хүнтэй нийтэч харилцаатай хүн байгаа юм. Амьдрал ахуйн хувьд сайн, өөрийн нэр дээр байртай бөгөөд торгуулийн арга хэмжээ авахуулах боломжтой...гэх мэдүүлэг /18-19 хуу/

 

Х.Цийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн үед шиг санагдаж байна, би өөрийн ажил болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг “Ноme Town” нэртэй ресторанд зөөгчийн ажлыг хийж байхад 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирээд 01 дүгээр ширээн дээр сууж хоол идсэн. Уг ширээнд зөөгч Э.Ц үйлчилж хоолыг нь зөөж, ширээг нь цэвэрлэсэн. Тэгээд ширээг цэвэрлэж дуусаад байж байтал бас 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн орж ирсэн. Тэгээд надаас ирж хоолны цэс харчихаад сүүлд орж ирсэн 3 хүн 2 минут болоод гараад явсан. Тэгтэл зөөгч Э.Ц надад түрийвч оллоо гэж хэлээд улаан өнгийн түрийвч авчирч ирээд рестораны текен доогуур хийсэн. Төд удалгүй нэг эгч орж ирээд би түрийвчээ унагаасан байна уу гээд сандал өргөж үзсэн. Тэр эгч 01 дүгээр ширээн дээр суусан байсан. Дараа нь надаас тэр түрийвчээ гээсэн гээд байгаа эгч би энд түрийвчээ унагаасан байна уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн. Удалгүй тэр эгч гарч яваад гаднаас хамт хоол идсэн 2 хүнээ дагуулж орж ирээд цагдаа дуудсан байсан. Тэгээд би тэр цагдаад үнэнээ хэлээд түрийвчтэй мөнгийг нь текен доороос гаргаж хүлээлгэн өгсөн. Би дээрх түрийвчийг олж нуусан. Мөнгө байгаа эсэхийг мэдээгүй. Тэр түрийвч улаан хүрэн өнгөтэй байсан. Манай ресторан дотор талдаа хяналтын камергүй. Гадна талдаа камертай. Тэр мөнгийг угаасаа ашиглаагүй байсан. Шууд л хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Э.Цын яллагдагчаар мэдүүлсэн: ...2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед шиг санагдаж байна, би өөрийн ажил болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг “Ноme Town” нэртэй ресторанд хоол зөөгөөд байж байтал 01 дугаартай ширээнд 3 хүн суусан. Тэд нарыг хоолоо идээд босоод явахад очиж бохирыг авч бас ширээг арчиж, цэвэрлэж байтал ширээн доогуур улаан өнгийн эмэгтэй хүний гэмээр түрийвч унасан байсан. Тэгэхээр нь би тэр түрийвчийг аваад Ц эгчид 01 дугаартай ширээн доогуур энэ түрийвч унасан байна гэж хэлээд өгсөн. Ц эгч текен доогуур уг түрийвчийг хийсэн. Би энэ түрийвчийг өмнө нь ширээн дээр үйлчлүүлж байсан нэг ах, эгч, эмээ нарын хэн нэг нь унагаасан гэж бодсон. Удалгүй О гэх эмэгтэй түрийвч унагаасан байна гээд орж ирчихсэн зогсож байсан. Од Ц эгч тэр түрийвчийг хараагүй, мэдэхгүй гэж хэлээд гаргасан. Дахиад хэдэн минутын дараа 01 дүгээр ширээнд сууж байсан 2 хүн Отай хамт гурвуулаа орж ирсэн. Түрийвчний талаар Ц эгчээс асуугаад байсан. Нэг их удалгүй цагдаа нар надаас, Ц эгчээс мэдүүлэг авна гээд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлэг авсан. Тэгэхэд би дээрх хэргийн талаар үнэнээ хэлсэн. Би дээрх түрийвчийг олоод л Цэд өгсөн. Мөнгө байгаа эсэхийг хараагүй. Би тэр түрийвчийг олоод эзэнд нь өг гэж хэлээгүй. Мөн түрийвчний эзэн Ог орж ирсэн байхад нь таны түрийвчийг би олсон гэж хэлээгүй. Манай ресторан хяналтын камер байхгүй. Хохирогчид мөнгийг нь түрийвчтэй нь хамт өгсөн. Би түрийвчийг нээж үзээгүй. Уг мөнгийг олсон гэж хэн нэгэнд хэлсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 38, 40, 41-42 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 37, 39 хуу/ 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 47 хуу/ зэрэг болно. 

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Х.Ц, Э.Ц нар нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Home Town” нэртэй ресторанд иргэн Б.Огийн гээгдүүлсэн 305.000 төгрөгтэй түрийвчтэй мөнгийг завшихыг завдсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Х.Ц, Э.Ц нар нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Home Town” нэртэй ресторанд иргэн Б.Огийн гээгдүүлсэн 305.000 төгрөгтэй түрийвчтэй мөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ”тэгэхээр нь өмнө нь хоол идсэн газартаа буцаж ирээд асуусан чинь мэдэхгүй, та нарын дараа 3 хүн орж ирээд та нарын сууж байсан ширээн дээр суугаад гарсан гэж хэлсэн. Тухайн үед би хоолны тооцоо хийчихээд түрийвчээ цүнхэндээ хийхдээ дутуу хийгээд босохдоо унагаасан юм шиг байна лээ. Тэгээд цагдаад дуудлага өгч шалгуулсан чинь тэр рестораны ажилчид миний түрийвчтэй мөнгийг аваад нуусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/, хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “миний түрийвчтэй мөнгийг олчихоод өгөхгүй байсан. Миний эзэмшлийн түрийвч гэдгийг мэдсэн. Тэгээд надад таны дараа 3 хүн орж ирсэн, тэр гурав аваад гарсан байх гэдэг зүйлүүдийг яриад байсан. Тэгээд цагдаад хэлнэ гэсэн чинь дараа нь эгчээ надад байсан юм аа, түрийвчээ ав гэх мэтийн зүйлүүдийг ярьж байгаад өгсөн. Энэ хоёр миний мөнгийг олж, нууж, завших гэж байсан гэж би бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11/, гэрч М.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “би ямар хэрэгт шалгагдаж байгаа талаар сайн мэдэхгүй, нэг түрийвчтэй мөнгө олоод тэрийгээ л өгөөгүй асуудал гаргасан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, Х.Цийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “тэгтэл зөөгч Э.Ц надад түрийвч оллоо гэж хэлээд улаан өнгийн түрийвч авчирч ирээд рестораны текен доогуур хийсэн. Төд удалгүй нэг эгч орж ирээд би түрийвчээ унагаасан байна уу гээд сандал өргөж үзсэн. Дараа нь надаас тэр түрийвчээ гээсэн гээд байгаа эгч би энд түрийвчээ унагаасан байна уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн. Удалгүй тэр эгч гарч яваад гаднаас хамт хоол идсэн 2 хүнээ дагуулж орж ирээд цагдаа дуудсан байсан. Тэгээд би тэр цагдаад үнэнээ хэлээд түрийвчтэй мөнгийг нь текен доороос гаргаж хүлээлгэн өгсөн. Би дээрх түрийвчийг олж нуусан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/, Э.Цын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “тэд нарыг хоолоо идээд босоод явахад очиж бохирыг авч бас ширээг арчиж, цэвэрлэж байтал ширээн доогуур улаан өнгийн эмэгтэй хүний гэмээр түрийвч унасан байсан. Тэгэхээр нь би тэр түрийвчийг аваад Ц эгчид 01 дугаартай ширээн доогуур энэ түрийвч унасан байна гэж хэлээд өгсөн. Ц эгч текен доогуур уг түрийвчийг хийсэн. Би энэ түрийвчийг өмнө нь ширээн дээр үйлчлүүлж байсан ах, эгч, эмээ нарын хэн нэг нь унагаасан гэж бодсон. Удалгүй О гэх эмэгтэй түрийвч унагаасан байна гээд орж ирчихсэн зогсож байсан. Од Ц эгч тэр түрийвчийг хараагүй, мэдэхгүй гэж хэлээд гаргасан. Би дээрх түрийвчийг олоод л Цэд өгсөн, түрийвчний эзэн Ог орж ирсэн байхад нь таны түрийвчийг би олсон гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

            Иймд шүүгдэгч И овогт Хгийн Ц, Б овогт Эын Ц нарыг гээгдэл эд хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Х.Ц, Э.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Ц, Э.Ц нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Х-гийн Ц, Б овогт Э-ын Ц нарыг гээгдэл эд хөрөнгийг завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Цыг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цэд оногдуулсан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож, шүүгдэгч Э.Цт оногдуулсан 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц, Э.Ц нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Ц, Э.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, хохирогч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ц, Э.Ц нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ