Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1017

 

 

 

 

 

      2024             09            05                                        2024/ДШМ/1017

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оргилбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1644 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Оргилбаярын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлээр эрүүгийн 2409005200673 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

........ овгийн Э............. Б......, 19.... оны .. дугаар сарын ...-ны өдөр .............. төрсөн, .. настай, э.эгтэй, ....... боловсрол...., ........ мэргэжил...., ............................. ажил...., ам бүл..., .............. хамт ............... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал......, урьд ял шийтгэл....., /РД: .............../.

Э.Б нь “.....” ХХК-д ахлах эмч, төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд тус компанийн харилцагч компани болох “....” эмнэлгээс шилжүүлсэн 8.850.000 төгрөгийг компанийн дансанд шилжүүлэлгүй өөрийн эзэмшлийн .... тоот Хаан банкин дахь харилцах дансаар шилжүүлэн авсан,

мөн Налайх дүүргийн эмнэлгээс тус компанид буцаалтаар өгсөн 234.000 төгрөгийн ковидын тестерийг болон 12 хайрцаг 545.181 төгрөгийн үнэ бүхий витапрост плюс эмийг худалдан борлуулах нэрийдлээр хувьдаа завшиж нийт 9.629.181 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа эсэх талаар хохирогчид мэдэгдсэн талаарх баримт байхгүй, яллагдагч Э.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хэдийгээр нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх хүсэлтийг гаргасан байх боловч түүнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан нөхцөл байдал хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Б-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг авсан байх боловч уг тодорхойлолтыг 2021 оны 9 дүгээр сараас 2023 оны 12 дугаар cap хүртэлх хугацаагаар авсан байх ба одоогийн байдлаар яллагдагч Э.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй, шүүхийн хэлэлцүүлэгт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид эмчийн ажил хийж байгаа талаараа дурдсан хэдий ч 2024 он гарснаас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх тодорхойлолтыг аваагүй байгаа нь түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

“....” ХХК-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар мэдэгдээгүй нь хохирогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.9-д заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэхээр байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт “.....” ХХК-ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Б-аас нийт 10.867.930 төгрөгийн хохирол нэхэмжилж, улмаар яллагдагчийн тус компанид ажилласан 2 сарын цалин хөлс, байгууллагын хуримтлалын санд төлсөн төлбөр зэргийг хасч одоо яллагдагчаас нийт 8.929.321 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа талаараа илэрхийлсэн боловч ямар баримтыг үндэслэн дээрх хохирлын дүнг тогтоож байгаа нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 9.629.181 төгрөг гэж тогтоосон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн 2409005200673 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Оргилбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Б нь Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид эмч ажилтай бөгөөд орлого олох, хохирол төлбөрийг барагдуулах боломжтой учраас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад заасан шаардлагыг хангасан.

Мөн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна. Гэтэл шүүх хүчин төгөлдөр болоогүй хуулийн зохицуулалтыг үндэслэн “...хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа эсэх талаар хохирогчид мэдэгдсэн талаарх баримт байхгүй, ...хохирогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төлөөлөгч Э.Б нь Э.Б-ны ажил үүрэгтээ хэрэглэдэг компанийн өмч болох 1.086.590 үнэ бүхий galaxy tab загварын төхөөрөмжийг устгасан. Мөн түүний гар утасны төлбөр болох 2023 оны 10, 11, 12 дугаар сарын төлбөр 56.485 төгрөгийг төлөөгүй хэмээн хохиролд нэмж тооцон нэхэмжилдэг хэдий боловч Э.Б нь дээрх 1.086.590 үнэ бүхий “galaxy tab” загварын төхөөрөмжийг санаатайгаар устгаж, гэмтээсэн болох нь тогтоогдохгүй, мөн гар утасны ярианы төлбөр төлөөгүй зэрэг нь түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан зүйл ангид хамаарахгүй буюу гэмт хэрэг бус иргэний журмаар зохицуулагдах харилцаа болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Б-ны зүгээс учруулсан хохирлын хэмжээнд маргадаггүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа үнийн дүн нь яллах дүгнэлтэд бичигдсэнээс өөр буюу өндөр дүнгээр нэхэмжилж байсан тул шүүхээс тогтоосон хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг.

Прокуророос яллагдагч Э.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, шүүх шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн атлаа шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “...яллагдагч Э.Б нарыг оролцуулан ...нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгээр, ...хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв” гэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан шаардлагыг хангахгүй байна.

Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэж болохгүй ямар үндэслэл байгаа талаар захирамжид дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, шүүх яллагдагч нь “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй” байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж болох бөгөөд харин хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодитой бус байна гэж дүгнэж байгаа бол хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/1644 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхээс яллагдагч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:

“... шүүгдэгч хохирлоо нөхөн төлөөгүй, хэдийгээр нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх хүсэлтийг гаргасан байх боловч түүнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй, яллагдагч ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй, шүүхийн хэлэлцүүлэгт Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид эмчийн ажил хийж байгаа талаараа дурдсан хэдий ч энэ талаарх тодорхойлолтыг ажил олгогч байгууллагаас аваагүй, 2024 он гарснаас хойш Э.Б нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх тодорхойлолтыг аваагүй байгаа нь түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхгүй.

-  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар мэдэгдээгүй нь хохирогчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.9-д заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэхээр байна.

- Яллах дүгнэлтэд 9.629.181 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Э.Б-аас нийт 10.867.930 төгрөгийн хохирол нэхэмжилж, улмаар яллагдагчийн тус компанид ажилласан 2 сарын цалин хөлс, байгууллагын хуримтлалын санд төлсөн төлбөр зэргийг хасаж одоо яллагдагчаас нийт 8.929.321 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа талаар мэдүүлж байгаа нь хохирлын үнийн дүн зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй...” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байна.

            Яллагдагч Э.Б нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулахаа илэрхийлж байна. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” /хх 119/ гэх хүсэлтийг  прокурорт гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын  2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 214 дүгээр “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолын дагуу Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар, ажил, суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээх тухай санал гаргасныг, яллагдагч Э.Б танилцаж гарын үсэг зурсан байх тул уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ...” гэж заажээ. Энэ зохицуулалтын дагуу анхан шатны шүүх Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дээрх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзсэн бол ердийн журмаар шийдвэрлэх боломжтой бөгөөд яллагдагч хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нь бодит эсэх, хохирлын үнийн дүнгийн зөрүү зэргийг шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал.” гэх үндэслэлд хамаарч байх тул шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Харин прокурор эсэргүүцэлдээ “...шүүх хүчин төгөлдөр болоогүй хуулийн зохицуулалтыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа эсэх талаар хохирогчид мэдэгдсэн баримт байхгүй, ...хохирогчийн эрхийг зөрчсөн хязгаарласан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй...” гэжээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.9-т хохирогчийн эрхийг тусгайлан зохицуулсан ба прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, дээрх эрхээр нь хангах үүрэгтэй юм.

 

Шүүхээс шийдвэр гаргах боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, процесс ажиллагааны зөрчлийг арилгах, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх шалтгаантайгаар хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянахад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх нь зүйтэй  байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр” гэж мөн захирамжлах хэсэгт “Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг”-ийг баримтлаагүй зэрэг алдаа, зөрчлүүд байгааг тэмдэглэж байна.

 

Иймд яллагдагч Э.Б-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЗ/1644 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Яллагдагч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН