Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00240

 

 

 

 

 

 

 

 

 

С.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/03304 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Г-ын хариуцагч О.А-д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 5,917,245 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч О.А-, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 2011 онд О.А-тай танилцаж, улмаар 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний дундаас үр хүүхэд гараагүй, мөн эд хөрөнгийн аливаа маргаан байхгүй. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оноос тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би С.Г-тай 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хамтран амьдарч, гэрлэлтээ 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор батлуулан, 2017 оны 03 дугаар cap хүртэл хамт амьдарсан. Бид хоёр хүүхэдгүй боловч эд хөрөнгийн маргаантай. Миний бие С.Г-тай хамтран амьдарч байх хугацаанд буюу 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Голомт банк ХХК-иас С.Г- нь зээл авч, би хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Банкнаас 11,837,491 төгрөгийн зээл авч, 2013 оны 07 дугаар сард орж ирсэн тоёота аллион маркийн автомашиныг худалдаж авсан. Зээлээ 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан бөгөөд зээлийг С.Г-ын цалингийн данснаас шууд татан авалт хийж авдаг байсан. Энэ хугацаанд байр, тог, ус, хоол хүнсний зардлыг би ажил хийсэн цалингаараа төлдөг байсан. С.Г- нь зээлээр авсан автомашинаа салахдаа надаас авсан бөгөөд надад ямар нэгэн зүйл өгөөгүй. Би С.Г-тай хамтран амьдарч байхдаа хоёулаа хамт олсон хөрөнгө нь дундын өмч гэж үзэж байгаа тул зээлд төлсөн мөнгөн дүн болох 11,834,491 төгрөгөөс 50 хувийг нь авах ёстой гэж үзэж байна. Иймд автомашины үнэ 11,834,491 төгрөгийн 50 хувь болох 5,917,245 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 11,500,000 төгрөгийн үнэ бүхий тоёота аллион маркийн автомашины урьдчилгаа болох 2,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 9,000,000 төгрөгийг Голомт банк-аас зээл авч төлсөн. Авсан зээлээ 2015 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөрийн цалингаар бүрэн төлж дуусгасан, тухайн үед гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан, мөн хариуцагчийн оролцоо байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ноён овогт Сэрээтэрийн Ганбаяр, Багаарал овогт Оюунбаатарын Амаржаргал нарын гэрлэлтийг цуцалж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Г-аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн өөрт ногдох хэсэгт 5,917,245 төгрөг гаргуулах тухай хариуцагч О.А-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 109,640 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Миний бие сөрөг нэхэмжлэлд дурдсан автомашинаас өөрт ногдох хэсэг болох 5,917,245 төгрөгийг дундын өмч болохын хувьд нэхэмжилсэн ба шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт С.Г-, О.А- нар нь 2011 оны 04 дүгээр сарын 01-нд гэр бүл болсныг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа 2013 онд үүссэн өмчийг дундын өмч биш гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл зохигчийн хэн аль нь 2011 онд гэр бүл болсон тухайд маргадаггүй ба улсын бүртгэлийн байгууллагын хүчин төгөлдөр баримтад энэ тухай баталгаажуулсан байдаг. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэрлэснээс хойш үүссэн өмч хөрөнгийг дундын өмч гэж үзсэн байдаг. Бид 2011 онд нэг гэртээ орж хамт амьдарч эхнэр, нөхөр болсон байсан ба 2017 оныг хүртэл нийт 6 жил гэр бүл болж хамт амьдарсан болно. Гэтэл энэхүү хамтын амьдралын хугацаанд үүссэн эд хөрөнгийг дундын өмч гэж үзэхгүй байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, түүний гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч О.А-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч О.А- нь нэхэмжлэгч С.Г-т холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 5,917,245 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Зохигчид 2011 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. /хх-ийн 4-р тал/. Улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 03 дугаар сараас тусдаа амьдарсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Хариуцагч О.А- нь гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн зохигчид эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Зохигчид 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Голомт банк ХХК-тай автомашины зээлийн гэрээ байгуулж, 9,650,000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, мөн өдөр Тоёота аллион маркийн автомашин худалдан авсан байх бөгөөд нэхэмжлэгч С.Г- нь зээлийн эргэн төлөлтөд нийт 11,837,491 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, автомашины зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 17-20, 23-28-р тал/

 

Хариуцагч О.А- нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, хамт амьдарч байх хугацаанд байр, тог, ус, хоол зэрэг хэрэглээний зардлыг би төлдөг байсан, автомашин нь биднийг гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тул дундын өмч гэх үндэслэлээр 5,917,245 төгрөг гаргуулна гэсэн бол нэхэмжлэгч эс зөвшөөрч автомашин нь миний хуваарьт хөрөнгө, О.А- нь зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч зээлийг би өөрийн цалингаараа төлсөн гэх үндэслэл заан сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ. /хх-ийн 14, 22-р тал/

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан. 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буюу гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө худалдан авсан Тоёота аллион маркийн автомашин нь нэхэмжлэгч С.Г-ын хуваарьт хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцогдохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/03304 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,640 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ