Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 921

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат би, иргэн Х.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: 

“...1.1. Нэхэмжлэгч иргэн Х.Ганбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хүрээнд талууд дараах байдлаар хэлэлцэн эвлэрсэн болно. Үүнд:

1.1.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Х.Ганбаатарын нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод холбогдох Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/813 дугаар захирамжаар “Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10/01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” захирамжийн  иргэн Х.Ганбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг энэхүү гэрээнд заасан нөхцлөөр шийдвэрлэж дуусгавар болгох бөгөөд гэрээ болон гэрээг баталгаажуулан гаргасан шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо нэхэмжлэгчид эзэмшиж байсан Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 30 дугаар байрны урд байрлах, 19/5010 нэгж талбарын дугаар, бүхий 144 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах үүргийг хүлээнэ.

1.1.2. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар талуудын эрх бүхий этгээд болон эрх олгогдсон этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

1.1.3. Гэрээний 1.1-д зааснаар хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй болно.

1.1.4. Талууд нэхэмжлэлийн  шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцсэн тул нэхэмжлэгч талаас хариуцагч талд холбогдуулан цаашид аливаа гэм хорын болон хохирлын асуудлаар шүүх, хуулийн байгууллагад бие даасан шаардлага, нэхэмжлэл, гомдол гаргахгүй гэдгээ албан ёсоор энэхүү гэрээгээр баталгаажуулж байна.

1.1.5. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөө  хариуцагч талаас нэхэмжлэхгүй байхаар тохиров.

1.1.6. Нэхэмжлэгч талын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээснээр газар эзэмших гэрээ байгуулан гэрээний үүргийг биелүүлэн ажиллана.

1.1.7. Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллана” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Х.Ганбаатарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулаад, шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Х.Ганбаатар нь хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоотой харилцан тохиролцсоноо баталгаажуулж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Х.Ганбаатар хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг баримтлан иргэн Х.Ганбаатарын хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 12 сарын 11-ний өдрийн А/813 тоот “Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 06 сарын 30-ны өдрийн 10/01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Х.Ганбаатар, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                           С.ТӨМӨРБАТ