Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 22

 

Ж.Б т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар магадлалтай, Ж.Б т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ... овогт Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүх Ж.Б ыг хууль бусаар ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б аас 65 408 142 төгрөг гаргуулан хохирогч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулалгүй хурлыг хийсэн. Уг хуралдааны товыг мэдэгдэхэд өмгөөлөгч А.Мөнхтулга нь “Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтээ цахим шуудангаар хүргүүлсэн. Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нар нь тухайн өдрийн 16:00 цагт тус шүүх хуралдаанд оролцохоор очиход шүүх хуралдаан эхэлсэн явагдаж байна гэсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд 17:00 цагт эхэлж 17:35 цагт хаасан гэсэн байгаа нь хуулийн дагуу оролцогчид мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг товлосон цагаас өмнө явуулсан, хурлын тэмдэглэлд цагийг өөрчилж бичиж оролцогчдын эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. 2. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол...” гэж заасан. Ж.Б  нь “Мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг байгаль хамгаалагч Т.Г-с төлбөрийг нь төлж хууль журмын дагуу авсан, байгаль хамгаалагч О.М-с “Мод бэлтгэх эрхийн 2 ширхэг бичиг”-ийг байцаагч Н.Д авч 1 зөвшөөрлөө шүүгдэгчид худалдсан байдаг. Нийт 3 эрхийн бичигт 2 сая орчим төгрөг гоожингийн мөнгө гэсэн утгаар сумын дансанд тушаасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн бол энэ зүйл ангиар зүйлчилж, гэмт хэрэгт тооцохгүй. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлд “Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох” зохицуулалтын 34.1-д “...сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан иргэн, ойн нөхөрлөлд.... мод бэлтгэх эрхийн бичиг... олгоно” гэсэн нь иргэнд мод бэлтгэх эрх олгох зохицуулалтын дагуу эрхийн бичиг өгсөн нь тогтоогдож байгаа тул дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Яллах дүгнэлтэд нарийвчлан зохицуулсан Ойн тухай хуулийг огт хэрэглээгүй. 3. Шүүгдэгч Ж.Б  нь Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн “А” гэх газраас зөвшөөрөлд заасан хэмжээгээр, заасан газраас мод бэлтгэсэн. Мод бэлтгэж байшин барьсан асуудалтай огт маргаагүй. Талбайн тусгаарлалт хийгээгүй газраас мод бэлтгэсэн гэдэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Тэгвэл талбайн тусгаарлалт хийсэн 36 дугаар ялгарал 29, 26 дугаар хэсгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй нь цагаатгах үндэслэл болж байна. Гарын үсэг, тамга тэмдэггүй гэрээ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ж.Б ын мод бэлтгэсэн газар нь тодорхой буюу “А”, харин “А” гэх газар талбайн тусгаарлалт хийсэн эсэх, хийсэн бол яагаад солбилцол, газрын зураг нь хавтаст хэрэгт авагдаагүй, Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн “А” гэх газраас мод бэлтгэх ёстой гэсэн нотлох баримт байхгүй. Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж жирийн иргэнийг хохироож байна. “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг болон “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан хуулийг шаардлагыг биелүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдлын улмаас гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга хэлсэн саналдаа “...Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т заасан шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах гэсэн үндсэн эрхийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчид эдлүүлээгүй, хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг оролцуулалгүй хийсэн. Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 00 минутад хийхээр мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга миний бие Төв аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд хурал хойшлуулах хүсэлтийг цахим шуудангаар хүргүүлсэн. Харин шүүгдэгч Ж.Б , өмгөөлөгч М.Мэндсүрэн нар нь хуралд оролцохоор тухайн өдрийн 15 цаг 40 минутад очиход шүүгчийн туслах шүүх хуралдаан эхэлсэн явагдаж байна гэсэн. 16 цагийн орчимд прокурор Д.Сүрэнхор нь хурал завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна гэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу оролцогчдод мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг товлосон цагаас өмнө явуулсан, хурлын тэмдэглэлд цагийг өөрчилж бичсэн нь оролцогчдын эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Энэ нь Булган аймаг дахь шүүхийн Тамгын газраас ирсэн шүүх хуралдаан товлосон цагаас 01 цаг 27 минутын өмнө эхэлсэн гэх бичгээр нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйл нь хууль бусаар мод бэлтгэх бөгөөд 1 дэх хэсэгт нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол гэсэн байна. Шүүгдэгч нь мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч Т.Ганболдоос төлбөрийг нь төлж хууль, журмын дагуу авсан. Мөн байгаль хамгаалагч О.М-с мод бэлтгэх 2 ширхэг эрхийн бичгийг байгаль орчны улсын байцаагч Н.Д авч, нэг зөвшөөрлийг нь шүүгдэгчид өгч, нэгийг нь 50 ширхэг мод бэлтгээд өгөөч гэж өгсөн байдаг. Н.Д-ыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийт 3 эрхийн бичгийн төлбөрт 2 000 000 орчим төгрөгийг “гоожингийн мөнгө” гэсэн утгаар сумын дансанд тушаасан. Тэгэхээр мод бэлтгэх зөвшөөрлийг хууль дүрэм, журмын дагуу авсан байхад зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн бол энэ зүйл ангиар зүйлчилж, гэмт хэрэгт тооцохгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар тогтоолоор зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэдгийг тайлбарласан. Ж.Б т хууль бусаар ойгоос мод бэлтгэх субъектив ашиг сонирхол байгаагүй. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан, иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно гэсэн зохицуулалтын дагуу холбогдох хүмүүс эрхийн бичгийг ойлгосон. Мөн ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, 35.4.2-т зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, 35.4.3-т засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн гэсэн гурван заалтад Ж.Б ын үйлдэл хамаарч байгаа эсэхэд прокурор хариулт өгөөгүй. Нарийвчилсан зохицуулалттай Ойн тухай хуулийг огт хэрэглээгүй. Шүүгдэгч Ж.Б  нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн А гэх газраас зөвшөөрөлд заасан хэмжээгээр мод бэлтгэсэн бөгөөд байшин барьсан асуудалд бид маргаагүй. Талбайн тусгаарлалт хийгээгүй газраас мод бэлтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч тусгаарлалт хийсэн 36 дугаар ялгарал, 29, 26 дугаар хэсгээ нотлох баримтаар хавтаст хэрэгт аваагүй. Байгаль хамгаалагч нар нь Асгат улаан гэх газрыг мэддэггүй бөгөөд шүүхэд газрын зураг ирсний дараа заасан болох нь хавтаcт хэрэгт авагдсан тэдний мэдүүлгээс харагдана. Т.Г нь талбайн тусгаарлалт хийхээс өмнө зөвшөөрөл өгсөн гэдэг. Бодит байдалд Т.Г-с 1 тусгай зөвшөөрөл авч мод бэлтгэн байшин барьсан. Хоёр эрхийн бичгийг байгаль орчны улсын байцаагч Н.Д гэх хүн өгсөн бөгөөд нэг эрхийн бичгээр нь надад мод бэлдээд өг гэсэн байдаг. Н.Д гэх хүний мод нь ойдоо тайрсан байдалтай байж байгаа. Түүнийг Ж.Б ын мод гэх үндэслэл байхгүй. Мөн Ж.Б т мод бэлтгэх газрыг зааж өгөөгүй гэдгээ байгаль хамгаалагч нар мэдүүлсэн. Төрийн албан хаагчдын буруутай үйлдлээс болж жирийн иргэнийг хохироож, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсоны улмаас гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн хэлсэн саналдаа “...Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.Б  нь хоёр эрхийн бичгээр нийтдээ 129 м.куб нойтон, шулуун шинэс мод бэлтгэсэн байна. Хохирогчоор тогтоогдсон Т.Г мод бэлтгэх эрхийн бичгийг 2015 оны 12 дугаар сард өгсөн гэж мэдүүлсэн бөгөөд тухайн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын А гэх газарт тусгаарлалт хийгдээгүй, 36 дугаар ялгарал, 29, 26 дугаар хэсэг бичигдээгүй байсан гэдгийг гэрч Б.Ж мэдүүлсэн. Тусгаарлалт гэдэг нь хэрэглээний мод бэлтгэх хязгаарлалтыг тогтоох ажиллагаа юм. Бэлтгэсэн мод нь бүгд нойтон, шулуун шинэс моднууд байсан. Арчилгааны үед нойтон модыг бэлтгэж болох боловч нойтон модыг бэлтгэж болохгүй. Гэхдээ мэргэжлийн байгууллагын хүмүүсээр заалгаж арчилгааны огтлолтыг хийдэг талаар мэргэжлийн хүмүүс хэлсэн байдаг. Т.Г хохирогчоор тогтоогдсон хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгагдахаар хүн тул хохирогч биш юм. Хэрэгт 3 ширхэг эрхийн бичиг байдаг бөгөөд зарим бичилт нь бүдэг харагдахгүй байдаг. Тэгэхээр хэрэг дутуу шалгагдсан, шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй, хүмүүс нэмж шалгагдах ёстой байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах саналтай байна. Шүүх Ж.Б т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, харин Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ж.Б ыг 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 03 дугаар саруудад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг “А” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль экологид 21 802 713 6 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ж.Б ыг “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон эсэх, үйл баримттай холбогдох хүмүүс, шалгавал зохих этгээдүүд, гэмт хэрэг гарсан газрын талаар маргаж байгаа нөхцөл болон нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Мөн мод бэлтгэх зөвшөөрөл хуульд заасан журмын дагуу олгогдсон эсэх, уг зөвшөөрөлд заасан газраас мод бэлтгэсэн эсэх маргаантай асуудлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар эргэлзээгүй тогтоох боломжтой бөгөөд дээр дурдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс яллах чиг үүрэгтэй оролцож буй прокурор хэрэгт дээрх ажиллагааг хийх шаардлагатай гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.  

Түүнчлэн давж заалдах шүүх Ж.Б т холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон цагаасаа өмнө хийж өмгөөлөх талыг оролцуулаагүй нь шүүгдэгч, түүний өмгөөлөгчид хуулиар олгосон эрхийг зөрчиж, шүүх хуралдааны ажиллагаа яллах, өмгөөлөх талын эрх тэгш, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах боломж алдагдсан байгаа нь уг магадлалыг хүчингүй болгох  хууль зүйн үндэслэлийн нэг болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн гомдлын хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын маргаж буй гэм буруугийн асуудалд эцэслэн дүгнэлт хийгдээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 35 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ж.Б т холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Шүүгдэгч Ж.Б , түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, М.Мэндсүрэн нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН