| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04795/И |
| Дугаар | 192/ШШ2025/06219 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/06219
| 2025 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 192/ШШ2025/06219 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.Хгийн хариуцагч Л.Мд холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч А.Х нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...бид 2004 онд танилцаж, 2005 оноос хамтран амьдарч, 2006 онд гэрлэлтээ батлуулж, хамтран амьдрах хугацаанд 2005 онд хүү М.Д, 2010 онд хүү М.Ж нарыг төрүүлсэн. Бид 2015 оноос тусдаа амьдарч байгаа, хэн алин нь тусдаа амьдралтай болсон тул цаашид Л.Мтэй хамт амьдрахгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү М.Жийг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэвэр тогтоолгохгүй. Эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарлажээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь Би Л.Мтэй 2016 оны 4 сараас хойш хамтран амьдарч байна. Бид хамт амьдрах үед би 2 хүүхэдтэй, Л.М 1 хүүхэдтэй нийлсэн. Иймд гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө. Том хүү М.Д 20 настай, бага хүү М.Жийг ээжид нь өгөхийг зөвшөөрнө, асрамжид нь маргахгүй. Мөн эд хөрөнгийн маргаангүй гэсэн тайлбарыг гаргажээ.
3.Гэрлэгчид 2004 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 21 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2005 онд хүү М.Д, 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү М.Ж нар төрж, эцэг Л.Мгээр овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүү М.Д насанд хүрсэн, бага хүү М.Ж эхийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.
5.Гэрлэгчид нь хэн алин нь бусадтай хамтран амьдарч байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Нэхэмжлэгч нь хүү М.Жийг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй, мөн нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тайлбарыг гаргасан, хүүхэд төрсөн цагаасаа эхлэн эхийнхээ асрамжид байсан байдал зэргийг нь харгалзан хүү М.Жийн өссөн орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
7.Түүнчлэн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Л.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Рина овогт Адьяагийн Х, хариуцагч Боржигон овогт Лхагваагийн М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү М.Жийг эх А.Хгийн асрамжинд үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Хд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ