| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/05155/И |
| Дугаар | 192/ШШ2025/06222 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/06222
| 2025 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 192/ШШ2025/06222 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Сгийн хариуцагч Б.Бд холбогдох гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч Н.С нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...бид 2021 онд танилцан, 2022 оноос хамт амьдрах хугацаанд би эхнэрээ харддаг байсан учир салахад хүрсэн. Эхнэр маань эвлэрэх боломжгүй гэж байгаа учир шийдвэрийн хүндэтгээд гэрлэлтээ цуцлуулна. Охиноо ээж нь асрамжиндаа авна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулахаар Төрийн Захиргааны байгууллагад хандахад ч хүүхдийн асуудал байгаа учир шүүхэд ханд гэсэн юм. Учир нь биднийг гэрлэх үед эхнэр Б.Б нь Б.Б гэдэг охинтой байсан юм гэж тайлбарлажээ.
2.Хариуцагч Б.Б нь Бид хамт ажиллаж байхдаа танилцаж, хамтран амьдрах үед нөхөр Н.С байнга хардаад хэрүүл хийдэг, намайг хэцүү үед ойлгож дэмждэггүй байсан. ...би өөртөө итгэх итгэлгүй, байнга нэг хүний хараат болсон. Одоо өмнөх шигээ баймааргүй байна. Яагаад гэвэл тусдаа амьдарсан хугацаанд би өөрийгөө олж, амьдралыг өөрөөр харж, өөрийгөө хөгжүүлж, дэвшиж, дээшилж байгаа. Иймд цаашид Н.Стай хамт амьдрахгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. ...биднийг хамт амьдрах үед би 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Б.Б гэж охинтой байсан, Н.Сгийн төрсөн охин биш учир би өөрийнхөө асрамжид авч, тэтгэвэр нэхэмжлэхгүй. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргажээ.
3.Гэрлэгчид 2021 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 1116710013 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 397 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.
5.Гэрлэгчид нь хэн алин нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Гэрлэгчдийг хамтран амьдрах үед хариуцагч Б.Б дагавар охин Б.Бг төрүүлсэн байсан, гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэдгүй боловч дагавар хүүхдийн асуудлаас шалтгаалан Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт гаргана гэж заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас захиргааны журмаар гэрлэлтийг цуцлахаас татгалзсан тул зохигч нь шүүхэд хандсан талаар тайлбарласныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.
7.Хариуцагч Б.Б нь дагавар охин Б.Бг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэвэр нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг гаргасан, түүнчлэн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг мөн дурдаж байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Б.Байгалаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Олзвой овогт Нямдоржийн С, хариуцагч Монгол овогт Батдолгорын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Байгалаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Сд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ