Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/674

 

 

 

 

    2024           6              11                                         2024/ДШМ/674

 

П.М, П.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

шүүгдэгч П.М, П.П, тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/355 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.М, П.П нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох эрүүгийн 2308 02334 2215 дугаар хэргийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч П.П, П.М нар нь бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жи Эс 25” нэртэй сүлжээний дэлгүүрийн гадна зогсож байсан хохирогч Д.Бийн эзэмшлийн “Самсунг Галакси А52” загварын гар утсыг гараас нь булаан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч П.П нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн ... дүгээр хороо... тоотод хохирогч Э.Хгийн зүүн гуян тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас П.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, П.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч П.П, П.М нарыг бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Пг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П, П.М нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч П.Пд мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.П, П.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Пгийн цагдан хоригдсон 97 хоног, П.Мын цагдан хоригдсон 70 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч П.П, П.М нараас хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хохирогч Э.Х гомдолгүй гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Д.Бт 500.000 төгрөг шилжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ... дүүргийн ... дугаар хороонд түр оршин суух хаягтай, өөрийн хүү болох М, хамтран амьдрагч Э.Х-ы хамт амьдарч байсан боловч Э.Х нь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Иймд миний хүү 6 сартай М нь асран хамгаалагчгүй, миний төрсөн эгч М дээр байгаа. Мөн М миний бие хоригдохоос өмнө ... дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй ...-д мэргэжлийн засал чимэглэлийн ажил хийдэг байсан. Мөн гэмт хэргийн хор уршиг болон бусдад нөхөн төлөх төлбөрөө төлсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг минь харгалзан үзэж хөнгөрүүлэх зүйл, заалтыг хэрэглэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 20-30 тоотод ээж, дүүгийн хамт амьдардаг. Миний бие хоригдохоосоо өмнө барилгын бригадад ажилладаг байсан. Би мөрдөн шалгах ажиллагааны болон гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон. Мөн бусдад төлөх төлбөрөө нөхөн төлснийг минь харгалзан үзэж хөнгөрүүлэх зүйл, заалтыг ашиглаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.П, П.М нарын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч П.П, П.М нар ах дүү хоёр байгаа. Гэм буруу дээрээ хоёулаа маргадаггүй. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч П.М нь бага насны хүүхэдтэй, мөн эхнэр нь хэрэгт холбогдсон талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлж явсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Дээрэмдэх гэмт хэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол 6 сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зураан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзаад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгч П.Мын ах П.П нь яг адилхан гэмт хэрэгт холбогдсон. Дээрээс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдсон байдаг. Мөн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал буюу гэм буруу дээрээ маргаагүй, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзаад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.М, П.П нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг, мөн шүүгдэгч П.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож шүүгдэгч нарт тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол төлбөр нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч П.П, П.М нар нь бүлэглэн 2023 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Эс 25” нэртэй сүлжээний дэлгүүрийн гадна зогсож байсан хохирогч Д.Бийн эзэмшлийн “Самсунг Галакси А52” загварын гар утсыг гараас нь булаан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бийн “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр би 20 цагийн орчимд ажлаа тараад хамт ажилладаг дүүгийн эрт очиж нэг шил архи уучхаад дүүгээрээ Ханын материалын эцэс рүү хүргүүлээд “Жи Эс 25” дэлгүүрийн баруун талд утсаараа хүн рүү залгаад зогсож байтал эхлээд ар өнгийн яак, хар өнгийн өмд өмссөн залуу ирээд намайг утсаараа яриулчих гээд байсан. Тэгэхээр нь “би өөрөө хүнтэй ярьж байна”’ гэж хэлээд зогсож байтал цаанаас нь дахиад шар өнгийн цамцтай залуу тухайн залуутай ирж уулзаад явсан. Тэгсэн чинь эхэлж ирсэн залуу нь миний гар утсыг булааж аваад шар цамцтай залуу руу шидчихээд өөрөө хойноос нь зугтаачихсан. ... тухайн хоёр залуу намайг цохиж зодсон асуудал гаргаагүй. ...” гэсэн /хх 25-26/,

П.Пгийн яллагдагчаар өгсөн “... Дэлгүүрийн гадна талд зогсож байтал байшингийн буланд 1 согтуу залуу утсаар яриад зогсож байсан. Тэр залуу руу явж очоод “утсаараа нэг яриулчих” гэсэн чинь “яриулахгүй” гэхээр нь би тэр залуугийн гар утсыг нь авахаар маргалдаад зогсож байсан чинь М над руу алхаж ирээд “юу хийж байгаа юм” гэхээр нь би Мыг “чи явж бай” гэж хэлчихээд тухайн залуугийн хажуугаар өнгөрсөн чинь гар утас нь газарт уначихсан. Тэгэхээр нь би утсыг нь аваад М руу шидчихсэн чинь М аваад цаашаа явчихсан. ...” гэсэн /хх 48-50/,

П.Мын яллагдагчаар өгсөн “... Манай ах танихгүй согтуу залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд гар утсыг аваад ирээд надад өгсөн. Тэгээд бид хоёр зугтаачихсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэсэн /хх 54-56/ тус тус мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-17/,

“...” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-26/,

Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023.08.11-ний өдрийн 23/050 дугаартай "Самсунг Галакси А52 маркийн гар утас 500.000 төгрөг” гэх дүгнэлт /хх 35/ зэргээр,

шүүгдэгч П.П нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод хохирогч Э.Хгийн зүүн гуян тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Хгийн “...Авчирсан нэг пивыг нь дуусгаад унтаж амрах гээд газар хувцастайгаа хэвтэж байтал миний зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт хутгаар дүрээд авахаар нь өндийгөөд хартал П гэх ах миний доод хэсэгт сууж байсан. Миний баруун талд найз О утсаа оролдоод сууж байгаад “намайг хутгаллаа” гээд уурлаад ... намайг авч гараад төв зам руу такси бариад гэмтлийн эмнэлэг дээр үзүүлээд оёдол тавиулсан. ...” гэсэн /хх 68/,

гэрч Э.О-ын “... П ах зуухны хойд талд сууж байсан, гэнэт манай найзын зүүн гуяны хэсэг рүү хутгалаад хутгаа авч байхыг харсан. Тэгээд би гараас нь хутгыг сугалж аваад үүд хэсэг рүү шидсэн. ... хоорондоо маргалдсан зүйл байхгүй, П ах нилээн согтолттой байсан. ...” гэсэн /хх 70-71/,

П.Пгийн яллагдагчаар өгсөн “... Тухайн өдөр манай дүү Мыг О, найз Хгийн хамт Хэнтий аймагт зодсон гэж сонсож байсан ба надтай Х гэх хүүхэд маргалдаагүй, би хоол хийж мах хөшиглөөд хутгаа өөртөө авчихсан байсан. Тэгээд сууж байхад нь нэг удаа хутгаараа хатгасан. Өөр зодоон болоогүй. ...” гэсэн /хх 79-81/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14820 дугаартай “... Э.Хгийн биед зүүн гуянд шарх, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх “зүүн гуянд шарх” гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, “баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 73-74/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч П.М, П.П нарыг бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч П.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.П нь хохирогч Д.Бийн гар утсыг гараас нь булаан авсныхаа дараа П.Мод өгч, улмаар хамтдаа зугтааж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч П.Пгийн хохирогч Э.Хгийн зүүн гуян тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч П.П “...Би мөрдөн шалгах ажиллагааны болон гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийн хийсэн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон. Мөн бусдад төлөх төлбөрөө нөхөн төлснийг минь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч П.М “...миний хүү 6 сартай М нь асран хамгаалагчгүй, гэмт хэргийн хор уршиг болон бусдад нөхөн төлөх төлбөрөө нөхөн төлсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг минь харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын бүлэглэн бусдын эд зүйлсийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч П.Пгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хэдийгээр, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан боловч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, тэдэнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Мын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон эхнэр нь шүүхээр ял шийтгүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд түүний эхнэрийн гэм буруутай эсэхийг шүүх хэлэлцэх үед хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул түүний давж заалдах гомдолдоо заасан хүүхэд асран хамгаалагчгүй байгаа гэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгааг дурдаж байна.

Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч П.П, П.М нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/355 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.П, П.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П, П.М нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 81 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР