2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06226

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/06226

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч Б.Гт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тэрээр хүүхдийн эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг гаргажээ.

 

1.1 Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Нын хариуцагч Б.Гт холбогдох хүүхдийн эцэг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2.Шүүх нэхэмжлэгч Г.Нын нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.1 Нэхэмжлэгч Г.Н, хариуцагч Б.Г нар нь 2017 оны 11 сараас хамтран амьдарч, эр эмийн харилцаатай байх хугацаанд тэдний дундаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д төрж, эцэг Б.Гаар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн болон Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 3, 4, 5, 7 дугаар тал/

 

3.Хариуцагч Б.Г нь хүү Г.Дт тэтгэлэг төлнө гэсэн тайлбарыг гаргажээ.

 

4.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ,

26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг гэж заасныг үндэслэн хариуцагч Б.Гаас Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүү Г.Дыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт болон хуульд нийцнэ гэж шүүх үзсэн болно.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Над олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Нын хүүхдийн эцэг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Гаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Дыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Над олгосугай.

 

5.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

 

6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ