| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/05154/И |
| Дугаар | 192/ШШ2025/06268 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/06268
| 2025 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 192/ШШ2025/06268 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Э нь 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Тээврийг удирдах газрын харьяа Авто тээврийн 38 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би 1985 онд авто сургуульд суралцан жолооч мэргэжил эзэмшээд Улаанбаатар хотын Тээврийг удирдах газрын харьяа Авто тээврийн 38 дугаар баазад 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг хүртэл жолоочоор ажиллаж ...д ГАЗ-53, дараа нь Зил-130 машин барьж, аймгууд руу будаа, хүнс зэрэг бүх төрлийн бөөний бараа зөөдөг байсан. ...миний дээрх ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэжээ.
2.1.Нэхэмжлэгч Б.Э нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 68 дугаар гудамжны 45 тоотод оршин суудаг болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй байна.
3.Нэхэмжлэгч Б.Эы ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
3.1 Нэхэмжлэгч Б.Э нь 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Тээврийг удирдах газрын харьяа Авто тээврийн 38 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан Г.Пүрэв-Очир /РД ЧГ59041710/-ийн ...Ахуйн тээврийн 38 дугаар баазад 1983-1990 оныг хүртэл Б.Этай хамт ажиллаж байсан. Бид хоёр жолооч хийдэг байсан. Манай бааз 100 гаруй ажилтантай, жолоочийн цалин 550 төгрөг, ачаа тээврээс хамааран түүнээс дээш цалин авдаг байсан. 38 дугаар бааз 1990 онд өмч хувьчлалаар хувьд шилжиж одоогоор Шонхор зам болсон гэх,
Гэрч Х.Баярсайхан /РД ЧД58030217/-ий Би Ахуйн тээврийн 38 дугаар автобаазад 1987-1992 оныг хүртэл Б.Этай хамт 5 жил ажилласан. Б.Э АЗ-53 машин жолоодож Улаанбаатар хотын үйлчилгээнд явдаг байсан. Дараа нь Зил-130 машинтай хот хооронд тээвэрт явдаг байсан. 38 дугаар Автобааз жолооч, диспетчер зэрэг ойролцоогоор 200 гаруй ажилтантай байсан. Намайг хөдөө яваад ирэхэд байгууллага хувьчлагдсан гээд машинаа хувь хувьдаа аваад ажлаасаа гарч байсан гэх мэдүүлгүүд болон гэрч Г.Пүрэв-Очирын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээрх бичилтүүд болон гэрч Х.Баярсайханы 1987 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл Автотээврийн 38 дугаар баазад такси бригадад жолоочоор ажиллаж байсныг тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00657 дугаартай шийдвэр,
Улаанбаатар хотын Тээврийг удирдах газрын харьяа Авто тээврийн 38 дугаар баазын даргын 1990 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 52 дугаартай Шагнах тухай тушаал, хавсралт 1, 2,
Мөн даргын 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай Ахуйн тээврийн ба таксийн жолооч нарын үйлчилгээний нэмэгдэл олгох тухай тушаал, хавсралт 2, 3,
Мөн даргын 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай Шагнах тухай тушаал, хавсралт 1 гэсэн бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол овогт Банзрагчийн Эыг 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Тээврийг удирдах газрын харьяа Авто тээврийн 38 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ