Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1018

 

 

 

 

 

      2024            09           05                                         2024/ДШМ/1018

 

М.Э, Б.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Алтай,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч С.Энхбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч А.Ариунаа, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2410000000153 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .............. овогт М.......... Э..........., 2....... оны ..... дугаар сарын ....-ний өдөр ............... төрсөн, ... настай, э.эгтэй, ............... боловсрол..., мэргэжил...., ..........ажил.., ам бүл ..., ......... хамт ...........................  оршин суух, урьд ял шийтгэл....., /РД: ............../.

2. .............. овогт Б............... О..............., 1..... оны ... дугаар сарын ....-ны өдөр ................ төрсөн, ..... настай, э.эгтэй, ............... боловсрол...., ................. мэргэжил..., эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .......... хамт ................... оршин суух, урьд ял шийтгэл...., /РД: ................/.

М.Э, Б.О нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ...давхрын авто зогсоол дотор байрлах “...” ХХК-ийн агуулахаас Алхуа брэндийн гадна, дотор камер 8 ширхэг, видео бичигч, свитч, “сата” нэртэй хард диск 2 ширхэг, цахилгааны кабелийн утаснууд, разетканы таг, шалны разетка, интернэтийн разетка зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогчид 51.173.124 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.О, М.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..................... овогт М......... Э.........., ............. овогт Б.......... О........... нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар их хэмжээний эд хөрөнгийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцож, М.Э-г 2 жилийн хугацаагаар хорих ял, Б.О-ыг 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Б.О нараас 47.423.964 төгрөг гаргуулж хохирогч “...” ХХК-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 21.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б.О-аас 10.750.000 төгрөг, шүүгдэгч М.Э-с 10.750.000 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О ах 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр буюу хэрэг үйлдэгдэхээс хоёр хоногийн өмнө над руу залгаж “ахдаа нэг тус хүргээд өг, чи завтай бол гэртээ байж байгаарай очоод авъя” гэж хэлэхэд нь би зөвшөөрснөөр уг “Вайтхилл” хотхонд Б.Энэрэлийн хамт гурвуулаа очсон. Ахынхаа ажилд тус дэм болж байна гэсэн утгаар “надад төмрийн хөрөө өгч тэр камерын утсыг тасалчих гэж хэлсний дагуу тасалсан.” Б.О ах агуулахын цоожийг хөрөөдөж цоожийг нь халаасандаа хийсэн. Гэтэл агуулахын дотор дохиолол гэнэт дуугарч эхлэхэд би Б.О ахаас энэ юу болоод байгаа юм бэ та арай хулгай хийгээд байгаа юм биш биз дээ гэж асуухад ...эндээс хурдан гаръя гэж хэлээд бүгд машиндаа суугаад явснаар миний мэдэх зүйл дууссан. Дараах үйл баримтуудаар М.Э миний бие уг хэргийг үйлдээгүй, уг үйлдэлд оролцоогүй хулгай хийгээгүй үүнд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.О ахын хамт зөвхөн тус хүргэх зорилгоор түүний үгэнд хууртагдаж хэргийн газар очсоноо сүүлд мэдсэн. 2024 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дэслэгч Мөнх-Эрдэнэ дуудсан бөгөөд хулгайн гэмт хэрэгт холбогдсон талаар анх удаа мэдэж, уг хэргийн талаар мэдэхгүй, ажил дээрээ байсан талаараа анхны мэдүүлэг дээрээ өгсөн. Хэрэг шалгагдаж эхэлснээс хойш Б.О ах намайг удаа дараа ятгаж “Миний дүү чи энэ бүх үйлдэл дээр байсан гэх мэдүүлэг өгөөч ээ”, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамт хулгай хийсэн Б.Б өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байсан учраас баригдвал балрах гээд байна аа, чи хүлээчихвэл өмнө нь хэрэг хийгээгүй болохоор торгуулаад гарна, тэгээд ч хугацаа хожно оо” гэж гуйж, гэр бүл, хүүхдүүдээ яриад байсан тул би зөвшөөрсөндөө харамсаж байна. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэг болсон цаг хугацааг ялгаж салгалгүй нэг өдөр, нэг үйлдлээр хийгдсэн байдлаар ойлгож ялласан нь намайг хилсдүүлэх шалтгаан болсон. Уг хэргийг үйлдсэн жинхэнэ хэрэгтэн Б.Б-оос ямар ч мэдүүлэг аваагүй, шалгаагүй нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж бусдад ял завших боломжийг олгосон. Мөн 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.О бид хоёртой хамт явсан Б.Э-с 08-ны өдрийн талаар мэдүүлэг аваагүй, хэргээс санаатайгаар холдуулсан. Энэ нь хэргийг дутуу мөрдсөн, хангалтгүй нотлох баримтаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Э-ийн өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч М.Э нь 2005 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед 19 нас ч хүрээгүй байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүүхэд бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өмгөөлөгчтэй явагдах ёстой юм. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд М.Э-ийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, хүсэлт гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч прокурор яллах цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 08-ны камерын бичлэгийг яллах үндэслэл болгосон нь гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй нотолсон гэж үзэх боломжгүй юм. Учир нь тэр өдөр Б.О нь М.Э-г найзтай нь дагуулан явж “...” ХХК-ийн агуулахаас хулгай хийхээр завдсан боловч дохиолол дуугарснаар чадаагүй бөгөөд 01 дүгээр сарын 10-нд Б гэх хүнтэй хамт хулгай хийсэн талаар М.Э нь өмгөөлөгчид ярьсан юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар хэр хэмжээ ч тодорхойгүй байна. Учир нь “...” ХХК нь алдагдсан гэх эд зүйлсийг компанийн хөрөнгөнд бүртгэж орлогодож аваагүй, санхүүгийн анхан шатны баримтууд байхгүй, тооллогын баримт нь эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгасан боловч тогтоож чадаагүй байна. Мөн Б.О-ыг гэмт хэрэг үйлдэхдээ ямар машин унаж явсныг ч тогтоогоогүй байхад гэмт хэрэг үйлдэхдээ машин ашигласан гэж үзэж улмаар М.Э-с машины үнэ 10.750.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шударга ёсонд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд анхан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч С.Энхбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ 21.500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу Б.О-аас 10.750.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн боловч доорхи зүйлүүдийг харгалзан үзээгүй болно. Үүнд: хар өнгийн, Тоyота приус, ............ дугаартай авто машин нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө биш, гэмт хэрэг үйлдэхээс өмнө хувь лизингээр авч унаж явсан эд хөрөнгө юм. Хэрэгт хураан, улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн хар өнгийн, Тоyота приус, ............. дугаартай авто машин нь Б.О-ын эзэмшлийн машин биш бөгөөд “Бичил глобус финанс” ББСБ-ийн эзэмшилд байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдэх үед цагаан өнгийн приус 30 маркийн машин ашигласан нь хх 19-20 талд авагдсан байдаг тул хар өнгийн, Тоyота приус, ............ дугаартай авто машины үнэлгээ 21.500.000 төгрөгийг улсын орлого болгуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгуулах мөн Б.О нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн. Б.О нь ам бүл ..., ............ хамт амьдардаг ба хүү У нь тархины саа өвчтэй, аав, ээжийнхээ байнгын асаргаанд байдаг. Гэр бүлийн ганц орлого олж, тэжээдэг хүн нь Б.О юм. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.О-ын ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор С.Алтай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчөөс нь шүүгдэгч М.Э-г энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж байна. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “би тэр үед наана нь зогсож байсан ба О ах надад төмрийн хөрөө өгөөд очоод камерын утсыг тасалчих гэж хэлсэн. Тэгээд би камерын утсыг хөрөөдөж тасалсан. Үүний дараа О ах агуулахын цоожийг төмрийн хөрөөгөөр хөрөөдсөн. Хөрөөдөж дуусаад цоожийг нь халаасандаа хийсэн” гэж тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч М.Э-г уг хэрэгт оролцоогүй гэж үзэх ямар ч боломж байхгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны  явцад хохирлыг бодитой тогтоогоогүй, тооллого хийсэн акт байхгүй гэж байна. Өмгөөлөгч хэрэгтэй танилцаагүй юм болов уу. Байгууллагаас комисс томилж комиссоос нь акт гаргасан байдаг. Мөн хохирогчийн мэдүүлгийг үндэслээд үнэлгээ гаргуулсан. Алдагдсан барааны тоо, ширхэг, үнэлгээ зэрэг нь маш тодорхой харагддаг. Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн. Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч М.Э нь 18 нас 11 сартай байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх ойлголтыг хуульчилж өгсөн. Уг заалтад гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гээд тодорхой заасан. Өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ... 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж болно” гэж заасан гэж байна. Хэрэглэж ч болно, хэрэглэхгүй байсан ч болно гэсэн зохицуулалт байгаа. Заавал хэрэглэх зохицуулалт биш. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний талаар буруу гэж үзээд байх шиг байна. Гэмт хэрэг үйлдэхдээ Приус 30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогддог. Камерын бичлэг дээр мөн адил цагаан өнгийн тээврийн хэрэгсэл харагддаг. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад уг тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл хангалтгүй байсан тул өөрийнх нь унаж явсан хар өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг нь үнэлүүлээд тогтоогдсон хэмжээнд нь тухайн үед ашигласан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ойролцоо гэж үнэлж үнэлгээ гаргуулсныг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийг үндэслэлтэй дүгнэж Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэлтэй оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

   Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн “...Манай компанийн агуулахаас 10 нэр төрлийн барилгын цахилгааны эд зүйлс алдагдсан байсан. Компани үнэлгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр 51.173.124 төгрөгийн хохирол учирсан байна. Байгууллагад Alhua брендийн 360 градусын дотор талын хяналтын камер 7 ширхэг, Alhua брендийн 360 градусын гадна талын хяналтын камер 1 ширхэг, Alhua брендийн видео бичигч төхөөрөмж 1 ширхэг эд зүйлийг буцаан бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Ингээд эдгээр гурван төрлийн 3.748.160 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсээ буцаан авсан ба одоо 47.423.964 төгрөгийн хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг хх 36, 146-147,

Б.О-ын яллагдагчаар өсгөн  “...Э-д би өөрт байсан төмрийн хөрөөний ирийг өгөөд хаалганы дээд талд байх камерын утсыг тасал гэж хэлсэн ба Э очоод камерын утсыг тасалсан ба би араас нь агуулахын хаалган дээр очоод агуулахын хаалганы төмөр ягаан өнгийн цоожны дээд түгжээ хэсгийг нь хөрөөдөж онгойлгоод цоожийг нь халаасандаа хийгээд буцаад бид хоёр лифтээр дээш гараад 1 дүгээр давхраар гадагш гарч машин дээрээ очоод өөрийнхөө машины ............ улсын дугаарыг салгаж аваад зам дагуу гараа өргөж байгаад зогсож байгаад цагаан өнгийн приус 30 загварын тээврийн хэрэгслийг зогсоогоод “ахаа манай барилга энд байдаг юм агуулахаас юм зөөх гээд грашийн хаалга дугаар таньж онгойдог юм аа таны машинд дугаараа зүүгээд орчихъё гэж” хэлээд 50.000 төгрөг өгье гэж хэлсэн. Нөгөө ах зөвшөөрсөн, тэгээд тэр таксийг өөрийнхөө машины хойно нь зогсоож байгаад дугаарыг нь солиод дотор нь суугаад хөдөлж “Вайт хилл” хотхоны В2 грашийн хаалгаар ороод агуулахын наахан талд зогсоод, би Э-н хамтаар барааг зөөж эхэлсэн. Агуулахаас 8 ширхэг камер, 1 бичигч төхөөрөмж, тэгээд цахилгааны кабелуудыг аваад машины арын суудлыг буулгаж байгаад бараануудыг ачаад буцаад машин дээрээ очоод юмнуудаа буулгаад буцаад таксины ахын номерыг хийж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг хх 82-84,

М.Э-ийн яллагдагчаар өсгөн  “...О ах надад төмрийн хөрөө өгөөд очоод камерын утсыг тасалчих гэж хэлсэн. Тэр үед би яагаад тасалж байгаа талаар асуугаагүй, очоод хаалганы дээд талын камерын утсыг хөрөөдөж тасалсан. Тэрний дараа О ах агуулахын цоожийг төмрийн хөрөөгөөр хөрөөдсөн. Тэгээд хөрөөдөж дуусаад цоожийг нь халаасандаа хийгээд ...О ах бид хоёр машинаас буугаад агуулахаас надад хоёр боодол кабелийн утас гаргаж өгөөд машины багажид хийгээд сууж бай гэж хэлэхээр нь би нөгөө хоёр боодол кабелийн утсыг аваад машинд очиж тавиад намайг дахиж дуудахаар нь очсон, нэг том кабелийн утсыг дамжилж машинд тавиад О ах эргэж очоод дахиж хоёр жижиг юм авчирсан, камер гэж бодож байна. Тэгээд удаагүй буцаад грашаас гараад машин дээрээ очоод бараа материалуудаа буулгаад машиныхаа ард хийчих гэж хэлсэн тэгэхээр нь би хэлснээр нь хийсэн...” гэх мэдүүлэг хх 87-88,

“Бан Хас” ХХК-ийн үнэлгээний тайлан хх 49-51,

Камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл хх 19-20, 31,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хх 82-83 зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

М.Э, Б.О нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн ...давхрын авто зогсоол дотор байрлах “...” ХХК-ийн агуулахаас Алхуа брэндийн гадна, дотор камер 8 ширхэг, видео бичигч, свитч, “сата” нэртэй хард диск 2 ширхэг, цахилгааны кабелийн утаснууд, разетканы таг, шалны разетка, интернэтийн разетка зэрэг эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, хохирогчид 51.173.124 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.  

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, сэм нууц аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

 

Шүүгдэгч Б.О, М.Э нар дээрх гэмт хэрэгт хамтран оролцохдоо М.Э нь камерын утсыг нь таслах араас нь Б.О тухайн компанийн үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахын хаалганы цоожийг хөрөөдөж эвдэх, тухайн агуулахаас М.Э, Б.О нар нь эд хөрөнгийг автомашинд хамт зөөвөрлөх зэргээр санаа зорилго, үйлдлээрээ нэгдсэн болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрсдийн гэм буруутай үйлдэл, оролцооны талаарх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн агуулахын хаалганы хамгаалалтын камер, цоож зэргийг эвдэж дотогш нэвтрэх зорилгоор “төмрийн хөрөө” авч явж хэрэглэснийг, хулгайлж авсан эд зүйлсийн тоо ширхэг, овор хэмжээнээс хамааран биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг тээвэрлэх, бусдыг мэдэхээс өмнө урьтаж хэргийн газраас богино хугацаанд холдох зорилгоор автомашин урьдчилан бэлтгэж авч явсан зэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заан хохирлын хэмжээг тодорхойлсон тул гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.О, М.Э нарыг “....” ХХК-д 51.173.124 төгрөгийн хохирол учруулсан нь их хэмжээний хохиролд хамаарч байна.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О, М.Э нарыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоосон байх ба шүүгдэгч нараас хохирол төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна. 

 

Түүнчлэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох цагаан өнгийн приус 30 маркийн автомашины улсын дугаарыг шүүгдэгч нар нь “хараагүй, санахгүй” гэх ба камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “.......” улсын дугаар харагдана, дээрх улсын дугаарыг шүүгдэгч Б.О өөрийн автомашинаас зөөж тухайн таксинд зүүсэн талаар шүүгдэгч нар хэн аль нь мэдүүлсэн. Агуулахаас эд хөрөнгийг хулгайлан авч цагаан өнгийн приус 30 маркийн автомашинд хийж зөөвөрлөн өөрийн хар өнгийн приус 30 маркийн автомашинд хийсэн үйл баримт хэрэгт авагдсан. Тус хар өнгийн приус 30 маркийн “........” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд байгаа нь тогтоогдсон тул шүүгдэгч нараас тус бүр 10.750.000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгүүдэд заасан хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч А.Ариунаа, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад “...гэм буруугийн талаар маргасан, ...Өсвөр насны хүнд холбогдсон хэргийг өмгөөлөгчгүй явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг зөв тогтоогоогүй, ... хохирлын хэмжээг зөв тогтоох шаардлагатай, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсан...” талаар дурджээ. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, тухайн компанийн үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахаас алдагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Бан Хас” ХХК-иар хийлгүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үнэлгээг хийлгэх явцад тухайн байгууллагын үнэлгээчид хууль сануулсан, тэрээр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээд байна.

 

Хохирогч байгууллага болох “....” ХХК-ийн агуулахаас алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг “Бан Хас” ХХК-ийн тайлан /хх 49/-д 51.173.124 төгрөгөөр тогтоосон ба хяналтын камер 8 ширхэг, видео бичигч төхөөрөмж 1 ширхэг зэргийг буцаан өгч, дээрх эд зүйлсийн үнэлгээ болох 3.748.160 төгрөгийг хохирлоос хасаж, 47.423.964 төгрөгөөр хохирлын үнэлгээг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Мөн шүүгдэгч М.Э нь 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн ба тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасны 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч нар нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтээ илэрхийлснийг шүүхээс хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн ба дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр /хх 180-181/ гаргасан байх тул тэдгээрийн өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.

 

Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлснийг буруутгах үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг зөв тогтоосон, тээврийн хэрэгслийн үнэлгээг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсгүүдэд заасанд тус тус нийцсэн байх тул дээрх оролцогч нарын давж заалдах гомдолд дурдсан асуудал хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч С.Энхбат нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсан...” тухай давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О, М.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тус бүрийн үйлдэл, оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан төрөл, хэмжээний дотор тус тус ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөлийг хуульд нийцүүлэн ялгамжтай тогтоосон нь тэдгээрийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, түүний үндэслэл, журам, нөхцөлийг хүндрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд сөрөг үр дагавартай Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглээгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тус шүүхэд хэрэг хянагдах явцад шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос хохирогч “.....” ХХК-д 800.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж хуульчилжээ.

 

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...шүүгдэгч М.Э, Б.О нараас 47.423.964 төгрөгийг гаргуулж” гэж шүүгдэгч нарын хэн алинаас нь хэдэн төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор тодорхойлон заагаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс “47.423.964 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч М.Э, Б.О нараас гаргуулж хохирогчид олгосугай” гэж өөрчлөлт оруулж, залруулах нь зүйтэй.

 

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч А.Ариунаа, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Б.О, М.Э нарт 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан атлаа шийтгэх тогтоолдоо дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй,

2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны тэмдэглэлд тус хэргийн “гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэг”, “шүүх хуралдааныг хойшлуулсан тухай” тэмдэглэлүүдийг тусгаж буюу нэг шүүх хуралдааны тэмдэглэлд 3 өөр өдрийн огноотой шүүх хуралдааны тэмдэглэлийг багтаан гаргасан зэргийг буруутгаж байна.

 

            Шүүгдэгч Б.О, М.Э нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 85 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/432 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:  

5 дахь заалтад “...шүүгдэгч М.Э, Б.О нараас 47.423.964 төгрөг гаргуулж хохирогч ..... ХХК-д олгосугай.” гэснийг “...47.423.964 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч М.Э, Б.О нараас гаргуулж хохирогч “....” ХХК-д олгосугай.” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч А.Ариунаа, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч С.Энхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, М.Э нарын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 85 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.  

          4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН