| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2025/0923/З |
| Дугаар | 128/ШШ2026/0292 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Г*******,
Хариуцагч: Хүүхэд гэр бүлийн хөгжил,хамгааллын ерөнхий газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Г.Э нарын Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн, нэхэмжлэгч Ө.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ц.Т, Г.Э, тэдгээрийн өмгөөлөгч С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ө.Г******* нь “Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/ дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Г******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж тодорхойлж байгаад,
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/ дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Г******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
1.3. Дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/ дүгээр тушаалыг 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мэдээд Төрийн албаны зөвлөлд 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 03/ дүгээр албан бичгийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
2.2. Намайг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 27, 286 дугаар тогтоолуудыг биелүүлээгүй, уг тогтоолуудаар Л.Б*******, Э.Б******* нарыг төрийн албанаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон тул дээрх албан хаагчдыг албан тушаалд нь эгүүлэн томилох хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж, төрийн албанаас халсан,
2.3. Төрийн албаны шийдвэрийн дагуу Э.Бийг өмнөх албан тушаалд томилох боломжгүй болсон тул Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилсон боловч тэрээр хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан,
2.4. Л.Б*******ийн тухайд түүний ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгосон 2025 оны 01 дүгээр сард тэрээр өөрийн хүсэлтээр өнөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасны дагуу чөлөөлсөн үүнтэй маргаагүй,
Ийм байхад намайг ажлаас чөлөөлсөн нь төрийн жинхэнэ албан хаагчийн үндсэн болон нэмэгдэл баталгааг зөрчсөн гэжээ.
2.5. Нэхэмжлэгчээс “...Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй байхад ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй гомдол гаргагчийн эрхийг ноцтой зөрчсөн...” гэх зэргээр маргаж,
2.6. Хариуцагчаас “ ... Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Г******* нь удаа дараа дээд шатны эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийг эс биелүүлж, өөрийн хуулиар хүлээсэн төрийн албан хаагчийн нийтлэг чиг үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийсэн...” гэх зэргээр тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий акт болох 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/ дүгээр тушаалыг хариуцагчаас гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 02/169 дүгээр албан бичиг болон Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.5-д заасныг үндэслэж Ө.Г*******г ажлаас чөлөөлсөн.
Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.5 дахь зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 76.4 дэх зохицуулалттай хослон хэрэглэгдэнэ. Энэ хуулийн 76.4-д “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж зохицуулсан байдаг. Уг акттай холбоотой Л.Б******* гэдэг хүн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс Ө.Г*******д холбогдуулж гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Б/******* дүгээр тушаал нь хуульд нийцээгүй байна гэж үзэж 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай тушаал гарсан. Тухайн үед Ө.Г******* Төрийн албаны зөвлөлөөс гаргасан 27 дугаартай тушаалтай холбоотойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Шүүхээр маргаад явж байх хугацаанд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрийн албан хаагч Л.Б******* Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт “Би тэтгэвэр тогтоох насанд хүрсэн тул 2025 онд тэтгэвэрт гарах хүсэлтэй байгаа. Иймд 2025 оны төсөвт тэтгэвэр тогтоохдоо авдаг нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг суулгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Захиргаа удирдлагын газрын дарга Т.И*******т гаргасан. Энэ хүсэлт нь Т.И******* даргаас Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Ө.Г*******д цохогдоод ирсэн байсан. Гаргасан хүсэлтийн дагуу Ө.Г******* дарга 2025 оны төсөвтөө тэтгэвэртээ гарахдаа олгодог 36 сарын хугацаатай нэг удаагийн буцалтгүй тусламжийнх нь зардлыг суулгуулсан.
Э.Бийн тухайд бол Ө.Г******* дарга тухайн албан тушаалын орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрийн албанаас түр чөлөөлсөн тухай Б/******* дугаар тушаал гаргасан. Э.Б Б/******* дугаар тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 286 дугаартай тогтоол гарсан. Энэ тогтоолоор Б/******* дугаар тушаал хүчингүй болсон. Энэ тушаал хүчингүй болсон тул шүүх дээр мэтгэлцээд байх шаардлага байхгүй. Гэхдээ Төрийн албаны зөвлөлийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгосон тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан баталгааг зөрчсөн. Иймд Б/******* дугаар тушаал нь хууль бус юм.
Төрийн албаны зөвлөлөөс Э.Бийн асуудлаар чиглэл хүргүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс Э.Бийг буцааж ажилд нь томил гэдэг агуулгатай шаардлага ирсэн. Ө.Г******* 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн шаардлагыг авсан. Тэгээд 2 хоногийн дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ө.Г*******д нэхэмжлэлийн хувь хүргүүлж, хариу тайлбар шаардсан албан бичиг ирсэн. Э.Б Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс 286 дугаар тогтоол гарсан. Баянзүрх дүүрэг дэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст Хүүхдийн эрхийн улсын байцаагчаар томилсон байхад дахиж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Гомдол гаргасны дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд Төрийн албаны зөвлөлийн 286 дугаар тогтоолоор хүчингүй болсон Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, эргэж ажилдаа томилогдоно гэдэг агуулгаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсээд Ө.Г******* хариуцагчаар татагдсан. Ө.Г******* уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн тул Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үү эсвэл шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлэх үү гэдэг нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдалд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.15-д заасан үндэслэл үүсдэг. Энэ хуулийн 39.15-д “төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийхийг хориглоно” гэж заасан байдаг. Шүүхийн маргаан үүссэн тул энэ хүн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэх боломжгүй болсон. Ө.Г******* энэ албан тушаалд 13 жил байсан ажилласан. Тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өөрөөс үл хамаарах шалтгаанаар буюу эрх бүхий төрийн байгууллага татан буугдсанаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой байсан. Энэ баталгааг хангуулахын тулд сонсох ажиллагаа явагдах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2, 62.1.3, 62.1.4-д заасан аль заалтаар Ө.Г*******н асуудлыг шийдвэрлэх эсэхийг тодорхойлоогүй. Мөн шийдвэрлэх боломжийг олгоогүйгээр шууд ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан баталгааг хангаж чадаагүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан.” гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга асан Ө.Г******* 2 удаагийн үйлдлээр 2 төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Хамгийн анх 2023 оны 11 дүгээр сард Л.Б*******ийг төрийн албанаас чөлөөлсөн. Тухайн үед Л.Б******* Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын даргаар ажиллаж байсан. Үүнээс хойш Л.Б******* Төрийн албаны зөвлөл болон холбогдох байгууллагуудад удаа дараа болбол хандаж байсан. Энэ нь хэрэгт авагдсан материалуудаар тодорхой харагдаж байгаа. Хамгийн анх Төрийн албаны зөвлөлд хандсан. Дараа нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, чиг үүргийн яам болох Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандсан. Мөн холбогдох байгууллагуудад хандаад явж байсан. Тухайн үед Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга Ө.Г*******д тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй тул хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаарай гэсэн чиглэл, зөвлөмжийг өгч байсан. Ө.Г*******н зүгээс энэ зөвлөмж чиглэлийг биелүүлэлгүй явсаар байгаад 2025 оны 1 дүгээр сард дахин албан хаагчийг чөлөөлсөн. Тухайн үед албан хаагч Л.Б******* тэтгэвэрт гарах хүсэл зоригоо илэрхийлээгүй байхдаа өмнөх тушаалаа хүчингүй болгоод чөлөөлсөн.
2024 онд Ө.Г******* дарга Э.Бт холбогдуулж ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Ө.Г******* дарга хоёр албан тушаал нэг болсон тул ийм шийдвэр гаргасан гэх зүйлийг ярьдаг. Холбогдох баримтыг судалж үзэхэд тухайн байгууллагын албан тушаалын нэршил, чиг үүрэг нь өөрчлөгдсөн байсан. Тухайн байгууллага ижил төсөөтэй албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан гэдэг нь харагдсан. Ийм байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Баянзүрх дүүрэгт Э.Бийг томилсон. Гэхдээ Э.Бт энэ талаар мэдэгдээгүй. Тэгээд сарын дараа ажлаас нь чөлөөлсөн байсан. Энэ талаар мөн адил өөрт нь мэдэгдээгүй. Маргаад явж байхад томилогдоод чөлөөлсөн гэдэг зүйлийг анх мэдсэн гэж хэлсэн. Тухайн албан хаагчийн талаар бид нар мэдээгүй байсан. 2025 оны 9 дүгээр сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай ерөнхий газрын даргад албан бичиг ирүүлсэн. Тэр үед бид нар анх энэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөд төрийн албанаас чөлөөлөгдсөн байна гэдгийг нь мэдсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлж байсан гэдэг зүйлийг ярьж байгаа боловч бодит нөхцөл байдал дээр дурдагдаад байгаа Л.Б******* болон Э.Б гэх албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдсэн зүйл байхгүй. Энэ албан хаагчдад ажилгүй байсан хугацааных нь хохирлыг нөхөн төлж барагдуулсан зүйл байхгүй. Мөн ажилд нь эргүүлж томилсон зүйл байхгүй. Томилчихсон юм шиг мөртөө томилоод буцаагаад чөлөөлсөн зүйлүүд байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан хууль бус үйлдлээс шалтгаалаад манай байгууллагаас 55,000,000 орчим төгрөгийн зардал гарсан. Энэ зардал нь тухайн албан хаагчдын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхтэй холбоотойгоор гарсан. Холбогдох дээд шатны байгууллага төрд учирсан хохирол гэж үзэж энэ талаар шалгаад явж байгаа.” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах тухай, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тогтоолын биелэлтийг ирүүлэх тухай, 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газарт Л.Б*******ийн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын даргад ямар нэгэн арга хэмжээ авах, сахилгын шийтгэл тооцох, халах хүртэл арга хэмжээ авах тухай албан бичиг, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газарт ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэж манайх тухайн шийдвэрийг гаргасан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх заалт, Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэж тухайн шийдвэрийг гаргасан.” гэв.
3.4. Хариуцагчийн өмгөөлөгч С.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.5-д заасан үндэслэлээр тушаалаа гаргасан. Бид нар энэ тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тушаалыг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлөөс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасны дагуу Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргаж Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ. Энэ хуулийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдлийг хүргүүлсэн. Хоёр хуудас мэдэгдэл дээр Нийслэл, хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дарга Ө.Г******* дарга ямар учраас төрийн албан хаагчийг чөлөөлж байгаа гэдгийг тодорхой дурдсан байгаа. Энэ тодорхой дурдсан мэдэгдлийн хүрээнд хавтаст хэрэгт баримтууд нь бүгдээрээ авагдсан байгаа. Өмнө нь гарсан шийдвэрүүдийг Төрийн албаны зөвлөл үндэслэсэн. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрүүдийг удаа дараа биелүүлдэггүй гэдэг нь тогтоогдсон. Иймд биелүүлэхгүй байна гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөлд удаа дараа Ө.Г******* даргыг дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийг биелүүлдэггүй, хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргадаг, удирдлагад буй албан хаагчдад ажлын байрны дарамт үзүүлдэг, ёс зүйгүй, мөн харилцаа хандлага муутай зэрэг гомдлууд ирсэн. Үүнийг үндэслээд бид нар шийдвэрээ гаргасан. Мөн чөлөөл гэдэг мэдэгдлийг ийм үндэслэлээр өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч энэ талаар нотлох баримт цуглуулаагүй, үүнийг шинжлэн судалж үзээгүй байна гэж тушаал гаргасан байна гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-д заасны дагуу хууль бусаар дахин ажлаас нь халж, тушаалаа хүчингүй болгож, эргээд чөлөөлсөн үйл баримт байна. Энэ дээр нэг тушаалаар хоёр арга хэмжээ авсан байна. 2023 оны Б/******* дүгээр тушаалыг хүчингүй болгосон. 2 дугаар заалтаар тэтгэвэрт гарах нас нь хүрсэн тул төрийн албанаас чөлөөлсөн байна. Өөрөө 2023 онд тэтгэвэртээ гаръя гэж байсан. Тэгэхэд нь сонсох ажиллагаа хийсэн. Дараа нь би өөрчилсөн гэх зүйлийг ярьсан. Өөрчилсөн байхад та анх гаргаснаараа бай гэсэн. Иймд энэ хүний эрх ашгийг 2025 он хүртэл зөрчөөд явсан. Ө.Г******* даргын хувьд мэдэх боломжтой байсан. Шат шатны байгууллага, Ерөнхийлөгчид гомдол гаргасан байсан. Энэ тэтгэвэрт гарахгүй ажилдаа томилогдмоор байна гэх хүсэл зоригоо илэрхийлээд явж байсан. 2023 онд өгсөн хүсэлтээ өөрчилмөөр байна гэхэд анхныхаараа явна гэж хэлсэн. Ийм хууль бус үйлдлүүд гаргаж байна гэж өөрөө тайлбарлаж байсан. Хууль бус үйлдэл гаргаж байгаа нь тогтоогдсон. Хариуцагчийн хувьд эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлсэн. Яагаад 2 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг 9 дүгээр сард биелүүлсэн гэдгээ асуулт хариултын шатанд тодорхой хариулсан гэж үзэж байна. Тогтоогдсон үйл баримтын хүрээнд Төрийн албаны зөвлөл шийдвэр гаргасан тул бид нарын гаргасан тушаал хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын /хуучин нэрээр/ даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/******* дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй байхад төрийн албанаас чөлөөлснийг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, түүнийг Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын дарга Ө.Г*******д үүрэг болгосон боловч нэхэмжлэгч түүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1******* дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2******* дугаар тогтоолоор хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2. Мөн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт ажиллаж байсан Э.Бийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэст томилсон боловч түүнийг Э.Б эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1******* дугаар шийдвэрээр нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/******* дугаар тушаалын Э.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон байна.
3. Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 196 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар татан буугдаж холбогдох чиг үүргийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон харьяа дүүрэгт шилжүүлсэн байна.
4. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Ө.Г*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/ дүгээр тушаалаар Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил,хамгааллын газрын дарга Ө.Г*******д хуульд заасан хариуцлага тооцуулж, албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай мэдэгдлийн дагуу 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлжээ.
5. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 27 дугаар тогтоолоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2023 оны Б/******* дүгээр тушаалыг, мөн оны 6 дугар сарын 19-ны өдрийн 286 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны Б/******* дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Л.Б*******ийг Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргын, Ж.Бийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн бөгөөд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилохыг үүрэг болгож шийдвэрлэсэн.
6. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, 76 дугаар зүйлийн 76.4-д “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 02/169 дугаартай албан бичгээр томилох эрх бүхий албан тушаалтан болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад хүргүүлсэн байна.
7. Тэрээр Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 27 дугаар тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчид Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэх үүрэг үүссэн гэж үзэхээр байна.
8. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 04/2522 дугаартай албан бичгээр “…Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргын албан тушаалд Л.Б*******ийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг хуулийн хүрээнд гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг мэдэгдэж, …энэ үүргээ биелүүлэхгүй бол үүрэгт ажлаас чөлөөлөхийг дахин мэдэгдсэн байна…”, гэвч нэхэмжлэгчээс 2024 оны 11 сарын 21-ний өдрийн 01/625 дугаартай албан бичгээр “…Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүлээн аваагүй хүлээж байна…” гэх утга бүхий албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн, нэхэмжлэгчийн “… Л.Б******* тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасан тул 2025 оны улсын төсөвт буцалтгүй тэтгэмжийн суулгуулах хүсэлтийг үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн…” гэх тайлбар үндэслэлгүй учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэж байгаа албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан, болон Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197/ШШ2025/14831 дугаартай захирамж зэргээр Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
9. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 286 дугаар тогтоолоор Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.Бийг Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн албан тушаалд томилохоор заасныг биелүүлэхгүйгээр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Хүүхдийн эрхийн улсын байцагчийн албан тушаалд томилсныг Э.Б эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1******* дугаартай шийдвэрээр Э.Бийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын 2024 оны 5 дугар сарын 01-ний өдрийн Б/******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтсийн албан тушаалд эгүүлэн томилсон нь нэхэмжлэгч Ө.Г*******г Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлээгүй болохыг нотолж байна.
10. Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Ө.Г******* нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 27, 286 дугаар тогтоолуудыг биелүүлэхгүйгээр байсаар тухайн байгууллага татан буугдсан нөхцөл байдал нь Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.
11. Иймд нэхэмжлэгч Ө.Г******* нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 27, 286 дугаар тогтоолуудыг биелүүлээгүйгээс Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, төрийн албанаас чөлөөлөгдөх нөхцөл шалтгааныг үүсгэсэн байх тул Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Ө.Г*******г ажлаас чөлөөлөх тухай” Б/ дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.1.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Г*******н нэхэмжлэлтэй, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргад холбогдуулан гаргаснаар “Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/ дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ө.Г******* намайг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ