2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/06348

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/06348

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Г.Бт холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хүүхдэд улсаас олгодог хүүхдийн 100,000 төгрөг болон 1072 хувьцааны мөнгийг хүлээн авах дансыг эцэг Ц.Бт шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

1.1 Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2014 онд танилцан, хамт амьдарч, том хүү Б.Бт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр, бага хүү Б.Ба 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус төрсөн. ...Г.Б 2021 оны 01 сард өөр залуутай гэр бүлийн харилцаа үүсгэж, улмаар тэр хүнийхээ 2 хүүхдийг төрүүлэн хамт амьдарч байгаа. 2021 оноос том хүү Б.Бт аавтайгаа, бага хүү Б.Ба ээжтэйгээ хамт амьдарч байсан боловч 2024 оноос хоёулаа надтай амьдарч, би хоёр хүүгээ өсгөн хүмүүжүүлж байна.

...Г.Б нь ... 2021 оноос хойш 2 хүүхдийн улсаас олгодог 200,000 төгрөг, 1072 хувьцааны мөнгийг хувьдаа хэрэглэж, хүүхдүүдэд өгөлгүй өнөөдрийг хүрсэн. ...мөн хүүхдүүддээ хичээл ном, өмсөх зүүхэд нэг ч төгрөгөөр туслахгүй байгаа тул аргагүйн эрхэнд энэ нэхэмжлэлийг гаргаж байна. ...хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээж өгнө үү. ... хүүхдүүдэд улсаас олгогдог хүүхдийн 100,000 төгрөг болон 1072 хувьцааны мөнгийг эцэг Ц.Бын дансаар хүлээн авах, хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг хариуцагч зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү. Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Хүүхдүүдийг эх Г.Бтой дуртай үедээ уулзахад саад учруулахгүй гэжээ.

 

2.Хариуцагч Г.Б нь Би нөхөр Э.Мягмарсүрэн хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Бт, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ба нарыг эцэг Ц.Бын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. ... Хоёр хүүхдийн 100,000 төгрөг болон хувьцааны дансны эзэмшлийг эцэгт нь шилжүүлэхийг зөвшөөрч байна гэж тайлбарлажээ.

 

3.Зохигч нь 2014 онд танилцан, хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүү Б.Бт, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Ба нар төрж, эцэг, эх нь гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй боловч хүүхдүүд эцэг Ц.Баар овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Хүү Б.Бт, Б.Ба нар нь эцэг Ц.Бын асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн болон сургуулийн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба хүүхдүүдийг эцгийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б зөвшөөрч, маргахгүй байна. 

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг,

мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

 

6.Иймд хүү Б.Бт, Б.Ба нарыг эцэг Ц.Бын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Мөн нэхэмжлэгч Ц.Б нь хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Г.Б нь хүүхдэд улсаас олгодог хүүхдийн 100,000 төгрөг болон 1072 хувьцааны мөнгийг хүлээн авах дансыг эцэг Ц.Бт шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрсэн байна.

 

8.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Бын хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Г.Бын хүүхдэд улсаас олгодог хүүхдийн 100,000 төгрөг болон 1072 хувьцааны мөнгийг хүлээн авах дансыг эцэг Ц.Бт шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Бт, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ба нарыг эцэг Ц.Бын асрамжид үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Бын хүүхдүүдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хариуцагч Г.Бын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Бт, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Ба нарт төрөөс олгодог хүүхдийн 100,000 төгрөг болон 1072 хувьцааны мөнгийг хүлээн авах дансыг эцэг Ц.Бт шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.БАТЧИМЭГ