| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/00311/И |
| Дугаар | 192/ШШ2025/06398 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/06398
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 192/ШШ2025/06398 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Мын хариуцагч М.Эт холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч Э.М нь нэхэмжлэлийн үндэслэлээ: ...бидний хүү Э.Т 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн. 2021 оны 8 сараас бид сэтгэл санаа, ааш зан таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байгаа. ...Цаашид бид хамт амьдрахгүй тул хүү Э.Тий асрамжийг ээж надад тогтоож, эцэг М.Эээс тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.Э нь ...Э.Т миний хүү мөн. Хүүгээ ээжийнх нь асрамжид өгч, тэтгэвэр төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ эцгийн үүргээ биелүүлэхэд минь саад учруулахгүй байхыг хүсье гэж тайлбарлажээ.
3.Нэхэмжлэгч, хариуцагч нь 2014 онд танилцан, хамтран амьдарч, тэдний дундаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүү Э.Т төрж, эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хүүхэд эцэг М.Эээр овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Хүү Э.Т нь эх Э.Мын асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн болон Нийслэлийн 162 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э зөвшөөрч, маргахгүй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ,
мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг,
хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
6.Нэхэмжлэгч Э.М нь хүү Э.Тийг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэгийн хуульд зааснаар гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байх тул түүнийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч М.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү Э.Тийг эх Э.Мын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч М.Эээс хүү Э.Тийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мд олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ