| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03515/И |
| Дугаар | 192/ШШ2025/06407 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/06407
| 2025 оны 08 сарын 20 өдөр | Дугаар 192/ШШ2025/06407 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Н.Ат холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2020 оноос хамт амьдарч, 2020 оны 10 сард гэрлэлтээ батлуулсан. Охин А. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Хамт амьдрах хугацаанд Н.А миний биед удаа дараа гар хүрч, согтуудаа хутга шөвөг барьж, архи дарс ууж, согтуу гэртээ ирдэг байсан учир би хэд хэдэн удаа гэрээсээ явж байсан бөгөөд хүүхэд хэлд ороод энэ үйлдлүүдийг нь мэддэг болсон учир бид тусдаа амьдарсан. ...Иймээс эрүүл саруул байгаа дээрээ хоёр тийшээ болсон дээр байх.
... охин маань ойр ойрхон аавтайгаа уулзахаар бэтгэрчих байх гэж бодсон. Аавтайгаа уулзсаны дараа нэг хэсэгтээ бэтгэрчихдэг юм.
Цаашид Н.Атай хамт амьдрахгүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охиноо өөрийнхөө асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууцыг нөхөртөө үлдээгээд орон сууцнаас охин болон өөрт ногдох хэсэг 81,600,000 төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 16,320,000 төгрөгөөр төлөхөөр бид тохирсон.... гэжээ.
2.Хариуцагч Н.А Д.Бын хэлсэн бүгдийг зөвшөөрч байна. Бид утасны цаанаас маргалдаад л эхнэр Д.Б гэрээсээ явсан.
Охин маань жаахан учир их санаж байна. Би охинтойгоо уулзаж баймаар байна. Уулзах үедээ эрүүл саруул байх болно. ...охинтойгоо уулзах гэж Хөвсгөлд хүртэл очсон. Гэтэл намайг уулзуулаагүй. Сүүлд яриад байгаа асуудал нь намайг Д.Б машины лизинг төл п минь гэхээр нь би уурласан.
Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиноо ээжид нь өгөөд тэтгэвэрийн төлнө. Орон сууцны мөнгөнөөс 81,600,000 төгрөгийг би 4 хуваагаад 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгана гэж тайлбарлажээ.
3.Гэрлэгчид нь 2020 онд танилцан, гэрлэлтээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 1119510013 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр охин А. төрж, эцэг Н.Ааар овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 00280 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.Гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
7.Нэхэмжлэгч нь охин А.г өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэгийн хуульд зааснаар тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байгаа, хүүхэд бага насны зэргийг нь харгалзан түүнийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.
8.1 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна заасныг тус тус үндэслэн хариуцагч Н.Аын өмчлөлийн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат өргөө хотхонд байрлах, 51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Аын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Д.Б болон охин А.д ногдох хэсэг 81,600,000 төгрөгийг хариуцагч Н.А нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 16,320,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9.Дээрхээс гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрснийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Буянт овогт Даваадагвын Б, хариуцагч Адууч овогт Нэргүйн А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин А.г эх Д.Бын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Ааас охин А.г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Н.Аын өмчлөлийн Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат өргөө хотхонд байрлах, 51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Аын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Д.Б болон охин А.д ногдох хэсэг 81,600,000 төгрөгийг хариуцагч Н.А нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 16,320,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ