Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/675

 

 

 

 

    2024           6              11                                         2024/ДШМ/675

 

Б.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сонинмөнх,

яллагдагч Б.Гын өмгөөлөгч Т.Золбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/671 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцлээр Б.Год холбогдох эрүүгийн 2310 01137 0021 дүгээр хэргийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.Г нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 3 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рөүд-68” бааранд үйлчлүүлж байхдаа тус баарны хамгаалагч Б.О-той маргалдаж, түүний хамар хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл дээрх хуулийн заалтуудыг биелүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо.

Тодруулбал,

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэж заасан.

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн гэмт хэрэг болсон гэх хугацаанд яллагдагч, түүний найзууд хамт байсан. Эхлээд яллагдагчийн найзууд гэх этгээдүүд хохирогчтой маргалдаж, зодолдсон, дараа нь яллагдагч цохисон нөхцөл байдал байдаг. Гэтэл бусад этгээдүүдийг шалгалгүйгээр зөвхөн нэг хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. Хэрэг үйлдсэн этгээдүүд бүрэн тогтоогдоогүй. Тухайн үеийн камерын бичлэг байгаа гэж мөрдөгч хэлж байсан гэх боловч хэрэгт авагдсан зүйл алга байна...”,

яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр 5-уулаа явж байсан. Бидний зүгээс камерын бичлэг авах гэсэн боловч өгөөгүй...” гэж хүсэлт, тайлбар тус тус гаргасан ба хэрэг болсон гэх хугацааны үйл явдлын бичлэг хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 45 орчим насны...дээгүүрээ цагаан цайвар өнгийн фудболктой хүн намайг заамдаж аваад хойшоо түлхэж унагаагаад бүжгийн талбайн чанга яригч руу миний толгойг саваад, сэгсрээд байж байтал бас нэг өндөр залуу миний үснээс зулгаагаад доошоо дараад байхаар нь би арай гэж салгаад байж байтал ногоон өнгийн нацисттай залуу миний хамар луу шууд цохисон...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед олуулаа байсан. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх боломжтой байхад үүнийг шалгаагүй...” гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлтэй, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг бүлэглэн үйлдсэн эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг нягтлан тогтоох шаардлагатай, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийгүй, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх чухал ач холбогдолтой.

Иймд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт буцаж байгаатай холбогдуулан шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сонинмөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Б.Оын "...Хан- Уул дүүргийн 15-р хороо, "Рөүд-68" гэх бааранд хамгаалагчийн ажлаа хийж байтал баар хаахын алдад 10 гаруй хүмүүс согтуу орж ирээд 2 давхар луу "VIР" өрөөний шатны цаад талын өрөөнд ороод 50-иад минутын дараа тэд нар манай хувцасны өлгүүрийн тэр хавьд маргалдаад зогсож байхаар би болон Н, Н, Ө бид нар очиж салгахад ямар нэгэн зодоон үүсээгүй, маргалдсан 5 залууг "больцгоо" гээд зууралдан баарны бүжгийн талбайгаас гардаг хаалга хэсэгт тэр хүмүүсийг хоёр тийшээ салгаад байж байтал тэр хүмүүс нь нийлээд бид нар луу дайрч эхлээд намайг 45 орчим насны, тарган махлаг, царай нь барзгар батганы сорвитой, 1 метр 85 см орчим өндөртэй, дээгүүрээ цагаан, цайвар цэнхэр өнгийн фудволктой хүн намайг заамдаж аваад хойшоо түлхэж унагаагаад бүжгийн талбайн чанга яригч руу миний толгойг саваад сэгсрээд байж байтал бас нэг өндөр, гэдэс, цээж хэсгээрээ махлаг, 45 орчим насны, дээгүүрээ хар өнгийн цамцтай, саарал өмдтэй залуу миний үснээс зулгаагаад доошоо дараад байхаар нь би арай гэж салаад байж байтал ногоон нацисттай метр 174 см орчим өндөр, хөлслөг бор өнгийн царайтай залуу надад дээр ирээд миний хамар луу шууд цохисон. ...миний биед Г гэх залуугаас өөр хэн нэгэн надад гэмтэл учруулсан зүйл байхгүй..." гэж, гэрч Б.Б-ийн "...2023 оны 03 дугаар сарын 11-ний орой "Рөүд-68" нэртэй бааранд орсон, ...02-03 цагийн үед баарнаас гарч байтал үүдэнд хамгаалагч нартай маргалдсан юм. ... гарч явахын өмнө Г хамгаалагч О гэх залууг нь цохичихсон юм шиг байсан. Хамгаалагчийн нэрийг дараа нь мэдсэн. Би болон манай найзууд 2 шил архи хувааж уусан..." гэж тус тус мэдүүлсэн бөгөөд шинжээч эмч Б.Долгормаагийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан “...Б.Оын биед хамрын нуруу, баруун нүдний зовхи, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх 3618 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар Б.Г нь 2023 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Рөүд-68" бааранд үйлчлүүлж байхдаа тус баарны хамгаалагч Б.Отой маргалдан түүний хамар хэсэгт нь цохиж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун нүдний зовхи, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Гэтэл шүүх захирамждаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж заасан.

Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн гэмт хэрэг болсон гэх хугацаанд яллагдагч, түүний найзууд хамт байсан. Эхлээд яллагдагчийн найзууд гэх этгээдүүд хохирогчтой маргалдаж зодолдсон, дараа нь яллагдагч цохисон нөхцөл байдал байдаг. Гэтэл бусад этгээдүүдийг гаргалгүйгээр зөвхөн нэг хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна, хэрэг үйлдсэн этгээдүүд бүрэн тогтоогдоогүй. Тухайн үеийн камерын бичлэг байгаа гэж мөрдөгч хэлж байсан гэх боловч хэрэгт авагдсан зүйл алга байна.

“...тухайн үед олуулаа байсан. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байхад үүнийг шалгаагүй...” гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлтэй, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс үзэхэд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг бүлэглэн үйлдсэн эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг нягтлан тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүнийг илрүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд төдийгүй, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх чухал ач холбогдолтой...” хэмээн дүгнэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь, шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлон зарлаж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцсэн бөгөөд хохирогчийн өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан ямар нотлох баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлж байгаа талаар үндэслэл бүхий хүсэлт гаргаж чадахгүй байхад яллагдагчийг бусадтай бүлэглэн хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон мэтээр дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэргийн үйл баримтыг тодорхойлсон нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, яллагдагч, гэрчүүд, хохирогчийн мэдүүлгийг бүрэн дүүрэн хэлэлцүүлгээр тодруулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан мэдүүлэг, бичгийн бусад баримт хэрэгт авагдаагүй байхад илтэд үндэслэлгүй дүгнэлт хийснийг прокуророос хүлээн авах боломжгүй байна.

Улсын Дээд шүүхийн 2021 оны 167 дугаартай тогтоолдоо Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “нийгмийн хэв журмыг зөрчих” гэдэгт “...гэмт этгээд өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон хамтын аж байдлын ёс горим, эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт. ... Энэхүү үйлдэл нь ямар ч шалтгаангүйгээр эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах зэргээр хохирогчид хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг билээ. Тэгвэл дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ...” гэж тайлбарласан байдаг.

Дээрхээс дүгнэхэд, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлгээр тухайн хэрэг болох үед яллагдагч нь бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Рөүд-68" бааранд үйлчлүүлж байгаад тухайн үйлчилгээний газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж, үйл ажиллагаагаа хаах зорилгоор үйлчлүүлэгчдийг гаргаж байх цаг хугацаатай давхцан бусадтай маргалдсан үйл явдал болсон бөгөөд яллагдагч нь бусадтай маргалдсан үедээ буюу бусдад уурласан уурандаа хамгаалагч болох хохирогч Б.Отой зүй бус харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсан, уг зодооныг яллагдагчтай хамт явсан гэрчүүд салгаж гэмт үйлдлийг таслан зогсоосон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Түүнчлэн хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр яллагдагч Б.Г нь хохирогч Б.Отой маргалдаж, түүнийг цохисон үйлдлийн талаар огт мэдээгүй, дараа нь сонссон талаар мэдүүлсэн нь нийтийн хэв журам зөрчигдөж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдсан, тухайн үед ажил үйлчилгээ явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа тасалдсан, баарны ойр орчимд оршин суудаг болон бааранд байсан хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нөхцөл байдлыг шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад тогтоож дүгнэлт хийх боломжгүй байхад яллагдагчийг бусадтай бүлэглэж нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг хүндрүүлж, яллагдагчаар татах үндэслэлгүй байна.

Мөн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад тухайн бааранд гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэж, бичлэг хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт бичлэг хураан авсан талаар дурдагдаагүй байхад шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хяналтын камерын бичлэгийн талаар хохирогчийн өмгөөлөгч таамаг төдий зүйлийг ярьсныг хэргийг буцаах үндэслэлд заасан нь үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил 2 сар болж байгаа бөгөөд хэрэгт тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хяналтын камерын бичлэгийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх ба шүүхээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Год холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад шүүх хэрэгт шалгаж тогтоосон үйл баримтад дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/671 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Б.Гын өмгөөлөгч Т.Золбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос Б.Гыг 2023 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 3 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рөүд-68” бааранд үйлчлүүлж байхдаа тус баарны хамгаалагч Б.Отой маргалдаж, түүний хамар хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хамрын нуруу, баруун нүдний зовхи, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “хэрэгт эд мөрийн баримтыг бүрэн цуглуулаагүй, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг бүлэглэн үйлдсэн эсэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг нягтлан тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Б.Гыг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.

Түүнчлэн, яллагдагч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/671 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан яллагдагч Б.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШЗ/671 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

2. Яллагдагч Б.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР