| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Болормаа |
| Хэргийн индекс | 119/2026/0001/з |
| Дугаар | 119/ШШ2026/0022 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 119/ШШ2026/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**”
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **
Гуравдагч этгээд: “**”
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар Мэдэгдэл илт хууль бус болох, "**”-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “**” “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/202501021449 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар Мэдэгдэл илт хууль бус болох, "**”-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдэл”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаар мэдэгдэл”, “2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл”-үүдийг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "**" ХХК-тай байгуулсан 2026/16-11-079 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус өөрчилж, нэмэгдүүлж, тодруулсан.
Нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас зарласан ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай ТПСи 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ нэртэй тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу хянан үзээд шаардлага хангаагүй болохыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаартай мэдэгдэлийг “**”-д тус тус хүргүүлсэн.
“**” нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянан үзээд 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/111000 дугаартай “Гомдол буцаах тухай” албан бичгийг ““**”-д хүргүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгч “**” шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай МПСи 9.75x4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ нэртэй тендерт оролцож байгаа билээ. 2025 оны 12 дугаар сарын 10 гэсэн огноотой боловч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр захиалагчаас мэдэгдэл ирүүлсэн байна. Тус мэдэгдэлд манай компанийг 2 үндэслэлээр шаардлага хангаагүй байна гэж мэдэгдэж тендерт "**" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн. Дээрх мэдэгдэл нь үндэслэлгүй байх тул дараах үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. “**” компанийн тендерийн баримт бичгийг **ийн ** баталгаажуулж ирүүлсэн ба **ийн **д олгосон итгэмжлэлийн хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан байгаа тул шаардлага хангахгүй байна гэж дурьдсан байна. Гэвч Бараа худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ны 25.3 дахь хэсэгт Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол бүлэгт заасан маягтыг ТШЗ-ны 25.1-д зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй гэж заасан. Манай компаниас **ийн **д компанийг төлөөлөх 2 жилийн хугацаатай /2025-2027 он/ тоон гарын үсэг бүхий итгэмжлэлийг олгосон байдаг бөгөөд дээрх тоон гарын үсгээр баталгаажуулан ** нь тендерийг илгээсэн байдаг. ТШЗ-д зааснаар итгэмжлэлийг заавал тамга тэмдэгээр баталгаажуулах шаардлагагүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар итгэмжлэлийг цахим хэлбэрээр олгох боломжтой юм. Иймд захиалагчийн 13.2.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх мэдэгдэл нь илт хууль бус байна.
2. Аудитын байгууллага нь аудит хийх эрхтэй эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул шаардлагад нийцэхгүй байна гэж мэдэгдэлд дурьдсан байна. ТШЗ 19.1-д зааснаар Гадаадын хуулийн этгээд бол санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн 2022, 2023, 2024 он тус бүр аудитын дүгнэлт ирүүлнэ гэж заасан. ТШЗ 19.1-д зааснаар санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын байгууллагын аудит хийх эрхтэй эсэх баримтыг шаардаагүй байна. Иймээс оролцогч тухайн баримтуудыг хүргүүлэх шаардлагагүй байсан. Харин манай байгууллагын зүгээс аудитын дүгнэлтэндээ аудит хийсэн байгууллагын аж ахуйн нэгжийн гэрчилгээ, аудит нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, мэргэшсэн нягтлан бодогчийн үнэмлэх зэрэг баримтуудыг хавсарган өгсөн байдаг. Гэтэл захиалагчаас шаардаагүй баримтыг шаардсан мэтээр шаардлага тавьж, нөгөө талаасаа өөрсдөө сайн дураараа баримтуудыг өгсөн байтал өгөөгүй мэтээр мэдэгдэл ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Гэтэл "**” ХХК компаниас ирүүлсэн тендер нь дараах байдлаар захиалагчаас тавьсан шаардлагыг зөрчсөн байна. Үүнд:
3. Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын зааварчилгааны 12-т тендер ирүүлэхдээ монгол хэлээр ирүүлэхээр заасан. Гэтэл тендерт шалгарсан гэх "**"-иас ирүүлсэн тендерийн 206 дахь хуудсанд Тээрэмд суурилагдах нэг иж бүрдэл хуягны тоо хэмжээ гэсэн хэсгийн 1.29-1.41 хүртэлх бүх нэр төрлийг англи хэлээр ирүүлсэн. Энэ нь захиалагчаас тавьсан шаардлага болох 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг компанийн тендерээс татгалзахаар заасан байна.
4.Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын зааварчилгаанд бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт /протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг/-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ. /Хэрэв “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан гэрээ бол нотариатаар батлуулах шаардахгүй/ Түүнчлэн хагас өөрөө нунтаглалтын тээрэмд суурилуулсан хуягийг ашиглагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлэхээр заасан. Гэтэл тендерт шалгарсан гэх "**"-иас дээрх баримтуудыг тендерт ирүүлээгүй байна. Тендерт шалгарсан гэх компани нь захиалагчаас тавьсан шаардлагыг хангаагүй байна.
Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар Мэдэгдэл илт хууль бус болохыг тогтоолгох, “** ” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл илт хууль бус болохыг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БНХАУ-ын хуулийн этгээд болох “**” -ийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын МПСи 9.75x4.88 тээрмийн доторлогооны хуяг, /туршилт/ иж бүрдлийн тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулж нэхэмжлэл гаргасан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаартай “**”-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж тодруулсан. “**”-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг нэхэмжлэгч талд ямар нэг дугаар огноотой нь мэдэгдээгүй, шалгаруулсан гэдгийг л мэдэгдсэн. Тийм учраас бид тодруулж 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдриийн М-ДБ-112-12/1266 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дээрх Үнэлгээний хороо маргаан бүхий захиргааны актыг гаргасан буюу тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай МПСи 9.75x4.88 тээрмийн доторлогооны хуяг, /туршилт/ иж бүрдэл гэсэн хурлын тэмдэгдлийг хүчингүй болгуулах, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаартай дээрх Үнэлгээний хорооны тендерийг үнэлсэн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах гэж шаардлагаа нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон гуравдагч этгээд “**” нарын хооронд байгуулсан гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай МПСи 9.75x4.88 тээрмийн доторлогооны хуяг, /туршилт/ иж бүрдэл нэртэй тендерт оролцсон. 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэсэн огноотой боловч 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр захиалагчаас мэдэгдэл ирүүлсэн. Тус мэдэгдэлд манай компанийг 2 үндэслэлээр тендерийн шаардлага хангахгүй байна гэж мэдэгдэж, тендерт “**”-д гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь дараах байдлаар үндэслэлгүй.
Үүнд нэгдүгээрт “**”-ийн зүгээс тендерийн баримт бичгийг ** баталгаажуулж ирүүлсэн бөгөөд түүнд олгосон итгэмжлэлийн хугацаа 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан байгаа тул шаардлага хангахгүй байна гэж нэгдүгээр үндэслэлээ тодорхойлсон. Гэвч захиалагчаас бараа материал худалдан авах тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-н 25.3-т “Оролцогчийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь тоон гарын үсгээр баталгаажуулсан бол 5 дугаар бүлэгт заасан маягтыг ТШЗ 25.1-д заасан тамга тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй” гэж заасан. Манай компанийн зүгээс **д компанийг төлөөлөх 2 жилийн хугацаатай буюу 2025-2027 он хүртэлх тоон гарын үсэг бүхий итгэмжлэл олгосон байдаг бөгөөд дээрх тоон гарын үсгээр баталгаажуулан ** нь тендерийн бичиг баримтыг илгээсэн. ТШЗ-д зааснаар итгэмжлэлийг заавал тамга тэмдгээр баталгаажуулах шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар итгэмжлэлийг цахим хэлбэрээр олгох боломжтой. Иймд захиалагчийн 13.2.2-т заасан шаардлага хангаагүй байна гэж үзэж тендерийн үнэлгээ хийх явцдаа нэхэмжлэгч компанийг тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүй шалгаруулаагүй нь үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт аудитын байгууллага нь аудит хийх эрхтэй эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа тул шаардлагад нийцэхгүй байна гэж мэдэгдэлд дурдсан. Захиалагчаас боловсруулж баталсан тендерийн баримт бичгийн 19.3.1-д гадаадын хуулийн этгээд нь санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн 2022, 2023, 2024 оны аудитын дүгнэлтийг ирүүлнэ гэж заасан. Мөн ТШЗ-н 19.1-д зааснаар санхүүгийн тайланд аудит хийх эрхтэй гэсэн баримтыг захиалагчаас шаардаагүй. Тухайн баримтуудыг хүргүүлэх шаардлагагүй байсан бөгөөд дээрх баримт захиалагчаас шаардсан баримт бичиг болох 2022, 2023, 2024 оны аудитын материалыг хүргүүлсэн байгаа. Энэ нь цахим баримт бичигт авагдсан.
Гуравдугаарт “**”-иас ирүүлсэн тендер нь шаардлага хангаж байна гэж Үнэлгээний хороо үзэж, улмаар гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан. Захиалагчийн зарласан тендер шалгаруулалтын зааварчилгааны хэд хэдэн шаардлагыг хангаагүй, цаашид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуульд нийцээгүй, Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй шийдвэр болсон. Үндэслэл нь захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын зааварчилгааны 12-т тендер ирүүлэхдээ монгол хэлээр ирүүлэхийг заасан. Гэтэл “**” компанийн ирүүлсэн тендерийн 206-р талд тээрэмд суурилагдах иж бүрдэл хуягийн тоо хэмжээ хэсгийн 1.29-1.41 хүртэлх бүх нэр төрлийг англи хэлээр ирүүлсэн байна. Энэ нь захиалагчийн шаардлагын 12.1-д заасныг зөрчсөн байхад Үнэлгээний хорооны хурал дээр ярьж байсан боловч үүнийгээ мартаад шийдвэр гаргасан байна гэж үзэх баримтууд хэрэгт авагджээ. Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын зааварчилгааны бараа нийлүүлсэн гэрээ болон гэрээ дүгнэсэн акт эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг байна гэж заасан. Үүнийг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ гэж заасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай гэрээ байгуулсан тохиолдолд нотариатаар батлуулах шаардлагагүй, түүнчлэн хагас болон өөрөө нунтаглагч тээрэмд суурилуулсан хуягийг ашиглагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлэхийг заасан байна. Гэтэл гуравдагч этгээд “**” компанийн зүгээс дээрх баримтуудыг тендерт ирүүлээгүй бөгөөд захиалагчийн тавьсан дээрх шаардлагыг хангаагүй байна. Гэтэл Үнэлгээний хороо тухайн асуудлаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Мөн энэ асуудлыг Үнэлгээний хороо хуралдаж дээрх компанийг шалгарсан гэж дүгнэж байх үедээ анхаараагүйгээс захиалагчийн шийдвэр хуульд нийцэхгүй гаржээ гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “**”-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах, мөн “**”-д захиалагчийн эрх олгосон 12064 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай тэмдэглэл, 12 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэгэнт хууль зөрчсөн, захиалагчаас тавьсан шаардлагыг хангаагүй баримт бичиг ирүүлсэн байхад Үнэлгээний хороо болон захиалагч дээрх нөхцөл байдлыг анхаарахгүйгээр шийдвэр гаргаснаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” нарын хооронд тухайн тендерийн асуудлаар гэрээ байгуулагдсан байна. Тухайн гэрээ нь хууль зөрчсөн актын үндсэн дээр байгуулагдсан тул тухайн гэрээг илт хууль бусад тооцох үндэслэл бүрдсэн байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ тендерийн урд дахиад нэг тендер зарласан. Үүн дээр өгсөн итгэмжлэлээ өгсөн, хяналт тавилгүй алдсан байна. Итгэмжлэлийг ** гэдэг захирал хэдийд ч надад олгодог. Хүн алдаа гаргаж болно.” гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс эхлээд 4 захиргааны актыг буюу 2 хурлын тэмдэглэл, гэрээ байгуулах эрх олгосон акт, манай гэрээнээс татгалзсан актуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Дараа нь байгуулагдсан захиргааны гэрээг хууль бус гэрээ байна гэж шаардлага гаргасан.
Нэгдүгээрт нэхэмжлэгч компанийн тендерийг шалгаруулахаас 2 үндэслэлээр татгалзсан байдаг. Үнэлгээний хорооны асуудал дээр нэгдүгээрт итгэмжлэлийн асуудал байдаг. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 13.2.2-т заасныг хангахгүй байна гэдэг үндэслэлээр тендер шалгаруулахаас татгалзсан байдаг. Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэлийг хавсаргаагүй байна гэж үзээд байгаа. Нэхэмжлэгч компанийн зүгээс холбогдох хууль тогтоомжид заасан хэлбэрээр итгэмжлэл олгосон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тус шаардлагад цаасан хэлбэрээр заавал гэсэн шаардлага тавиагүй. Цахим хэлбэрээр итгэмжлэл хангалттай авагдсан гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ” гэж заасан байдаг. Энэ тохиолдолд бид цахим итгэмжлэл өгсөн. 9.3-т “Худалдан авах ажиллагаанд холбогдох баримт бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно” гэсэн байна. **д олгосон итгэмжлэлийг тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлсэн.
Иймд дээрх итгэмжлэл байна гэж харж байна. Мөн тус хуулийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ” гэж заасан. Нэхэмжлэгч компанийн ажилтан ** гэдэг хүн тоон гарын үсэг эзэмшдэг, үүгээрээ баталгаажуулаад тендерийг илгээсэн тул дээрх тендерийн баримт бичгийн шаардлагын 13.2.2-т заасан нөхцөл байдал үүсээгүй гэж харж байна. Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар” гэсэн журмын 3.4-т “Тендерт итгэмжлэлээр эрх олгосон, эсхүл цахим системд бүртгүүлсэн бүртгэлээр тухайн этгээдийг цахим системд бүрэн төлөөлөх эрх олгогдсон этгээд тендерийг баталгаажуулсан нь энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болно” гэж заасан. Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.5-д “хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь тамга тэмдэг хэлбэртэй байна” гэж заасан байна. Тэгэхээр тамга тэмдгээр баталгаажсан итгэмжлэл хэлбэртэй байна гэж харагдаж байна. Мөн 7 дугаар зүйлд цахим тамга хэрэглэх талаар зохицуулсан байдаг. 7.3-т “Цахим тамгыг хуулийн этгээдийн итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээд итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хэрэглэж болно” гэж байгаа. Иймд ** гэдэг хүн нь байгууллагын цахим тамга тэмдгийг ашиглаад тендерийг явуулсан нөхцөл байдал байгаа тул дээрх шаардлагыг хангасан итгэмжлэл байна гэж харж байна.
Хоёрдугаарт тайлангийн асуудал байгаа. Аудитын дүгнэлтийг ирүүлнэ гэж заасан. Гадаадын хуулийн этгээд байсан учраас тус тендерийн баримт бичигт 2022, 2023, 2024 он тус бүрийн аудитын дүгнэлт ирүүлнэ гэж заасан. Аудитын дүгнэлт хийсэн байгууллагынхаа тусгай зөвшөөрлийг хавсаргаагүй байна гэж байгаа. Гэтэл тусгай зөвшөөрөл хавсаргах талаар ямар нэгэн шаардлага байхгүй. Тендерийн хуралдааны тэмдэглэлээс харахад энэ асуудал нэхэмжлэгч компанийн хувьд яригдсан байдаг. Зарим Үнэлгээний хорооны гишүүд “Бид өөрсдөө үүнийг шаардаагүй шүү дээ” гэж ярьж байсан. Өөр зүйл гаргаж ирж татгалзаад байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” компаниас нэхэмжлэлийн 4 шаардлага гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, “**” компанид гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай хурлын тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах, “**” компанитай байгуулсан 202616-11079 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан. Мэдэгдлийг хүчингүй болгуулъя гэдэг шаардлагын хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай МПСи 9.75x4.88 тээрмийн доторлогооны хуяг, /туршилт/ иж бүрдэл нэртэй тендерийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зарласан. 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тендер нээсэн. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тендерийг хянан үзэх, үнэлэх хурлыг зохион байгуулсан. Үнэлгээний хороо 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаараа 4 компани тендер ирүүлснээс “**” компанийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендерээр шалгаруулаад гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчаас хүргүүлсэн байдаг. Энэ мэдэгдэлд “**” компани Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/10597 дугаартай албан бичгээр үнэлгээг дахин хийлгэхийг даалгасан шийдвэр гаргасан. Сангийн яамны дээрх шийдвэрийг үндэслээд 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаад “**” компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн. “**” компанийн ирүүлсэн тендер яагаад шаардлагад нийцээгүй талаар тайлбарлая. 21449 дугаартай тендерийн баримт бичиг байгаа. Үүний ТШЗ-н 13 дугаарт, тендерийн иж бүрдэл хэсгийн 13.2.2-т “Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэлийг ирүүлэх” гэж заасан. Ийнхүү “**” компанийн ирүүлсэн тендерт хуулийн этгээдийн гэрчилгээ байгаа, захирал болох ** гэх хятад хүнээс 2025 оны 02 дугаар сарын 20-ны **д итгэмжлэл олгосон байдаг. Энэхүү итгэмжлэл нь “2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй бөгөөд уг хугацаа дуусмагц автоматаар хүчингүй болно. Итгэмжлэл хүчингүй болсны дараа үйлчлүүлэгчийн хийсэн аливаа үйлдэл манай компанийг төлөөлөхгүй” гэсэн. Цахим гарын үсгээр баталгаажуулж байгаа, 2 жилийн хугацаатай итгэмжлэл гэсэн өөр баримт энэ тендерийн материалд ирүүлээгүй байгаа. Эхлээд тендер илгээх маягт, бусад мэдэгдэл бүх баримт дээр энэ хятад хүн гарын үсэг зурсан байсан. ** итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдгээр тендерийг баталгаажуулж ирүүлсэн байдаг. Энэ үйл баримтад шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Үнэлгээний хороо шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн нь үндэслэлтэй. Тендерт бид цахим гарын үсгээр ирүүлсэн байх шаардлага тавиагүй, энэ компани ч мөн адил энэ талаар мэдэгдлээ ирүүлээгүй. Учир нь ТШЗ-н 19.1-д заасан шаардлага хангаагүй гэж Үнэлгээний хороо үзсэн. ТШЗ-г 19.1.5-д “Гадаадын хуулийн этгээд бол санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй. Оролцогчийн хувьд санхүүгийн тайлан хийсэн 2022, 2023, 2024 онд тус бүр аудитын дүгнэлт ирүүлнэ” гэж заасан. Аудитын тайлангийн агуулга нь тухайн компанийн санхүүгийн тайланд аудит хийсэн эрх бүхий байгууллагаас авсан гэрчилгээ, мэргэшсэн аудитын үнэмлэх зэрэг баримтууд багтсан байдаг. Гэтэл “**” компанийн ирүүлсэн аудитын тайланд аудит хийсэн компанийн мэдээлэл болон аудиторын дүгнэлтийг ирүүлээгүй. Манай тендерт оролцож байгаа бусад компаниуд энэ баримтыг ирүүлсэн байгаа. Цахим баримт судлахад үүнийг тодорхой харж болно. Үнэлгээний хорооны 2 тэмдэглэлийг хүчингүй болгуулъя гэж байгаа. 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлага нь нэгдүгээрт үндэслэлгүй. Яагаад гэвэл 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “**” компанид гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад компанийн тендер шаардлагад нийцээгүй тухай захиалагчийн мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ мэдэгдэлд “**” компани гомдол гаргаагүй. Гомдол гаргаагүй хурлын тэмдэглэлийг одоо хүчингүй болгуулах гээд байгааг ойлгохгүй байна. Сангийн яамны шийдвэр Захиргааны ерөнхий хуульд зааснаар заавал биелэгдэх шинжтэй байдаг.
Хоёрдугаарт тухайн үед “**” компани гомдол гаргаагүй. Гэрээ илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлд 6 үндэслэл байгаа. Аль үндэслэлийг баримталж байгаа нь тодорхойгүй, энэ талаар ойлгомжгүй байна. Түүнчлэн захиргааны шүүхэд маргаан шийдвэрлэхэд урьдчилан шийдвэрлэх журамтай. “**” компанийн нэхэмжлэлийг Сангийн яам урьдчилан шийдвэрлээгүй. Иж бүрдэл дутуу, захирал гарын үсгээ зурж баталгаажуулаагүй байна, эх хувь биш байна гээд Сангийн яам гомдлыг хэлэлцээгүй. Уг нь хэлэлцээд хуульд заасан 3 шийдвэрийн аль нэгийг нь гаргадаг. Үүнийг хэлэлцээгүй, гомдол буцаах тухай мэдэгдлийг Сангийн яам шүүхэд өгсөн байсан. Шүүх энэхүү урьдчилан шийдвэрлээгүй нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. “**” компанийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг зөв гэж үзэж байна.” гэв.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан тайлбартаа: “**”-аас 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэл, 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, тодруулах тухай, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх тухай Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудтай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “МПСИ9.75x4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт (иж бүрдэл)” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай цахим тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд зарлаж, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тендерийн нээлт хийхэд “**”, “**”, “**”, “**”-иуд тендер ирүүлсэн.
Үнэлгээний хороо 2025 оны 11-р сарын 06-ны өдөр хуралдаж, 4 компанийн ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, үнэлгээ хийж, хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар “**”, “**”-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн.
“**”-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” “хамгийн бага” үнийн санал ирүүлсэн тендерээр шалгаруулж, DDP-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 4,606,375,056.0 төгрөгийн тендерийн гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /хурлын тэмдэглэл № 2/
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор.... тус тус хүлээн авна гэж заасан бөгөөд оролцогч “**” нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.
Оролцогч “**”-иас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаагүй.
Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн “Тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх” тухай 02/10278 дугаартай албан бичигт “Танай байгууллагаас зарласан ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай МПСИ9.75x4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт (иж бүрдэл)” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон “**”-иас хуулийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан тухай албан тоотыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн.
Монгол Улсын Сангийн яамнаас “**”-иас гаргасан гомдлыг хянан үзээд, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 02/10597 дугаартай гомдол хянасан тухай шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн.
Монгол Улсын Сангийн яамны 02/10597 дугаар шийдвэрт:
3. ... Захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ДБ-112-12/4143 тоот оролцогчдод тодруулгын хариу хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтад “Тодруулгад дурдагдсан деталчилсан хэмжээснүүд зөвхөн хуягт үйлдвэрлэгчдийн ажлын зурган дээр байдаг. Иймд техникийн тодорхойлолтоор өгөгдсөн үзүүлэлтүүдийн хүрээнд иж бүрдэл хуягийн техникийн ерөнхий зургийг баталгаажуулан ирүүлэх” гэсэн байна.
“**”-ийн тендерт техникийн тодорхойлолтоор өгөгдсөн үзүүлэлтүүдийн хүрээнд иж бүрдэл хуягийн техникийн ерөнхий зургийг баталгаажуулж ирүүлээгүй нь дээрх техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэхгүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн М-ДБ-112-12/11337 тоот шийдвэрийг хүчин болгон шийдвэрлэж байна.
Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье. гэж тус тус заасан.
Сангийн яамны дээрх шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалын хавсралтаар баталсан “тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3 дахь хэсэгт “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ” гэж заасныг үндэслэн үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж “**”-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, “DAP-ЗАМЫН-ҮҮД” нөхцөлөөр нийлүүлэх 4,660,550,000.0 төгрөгийн тендерийн гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүрүүлэхээр шийдвэрлэсэн. /хурлын тэмдэглэл № 3/
Хуулийн 28.3 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд тендерийн үр дүн /**” нь гэрээ байгуулах эрх олгох тухай, үлдсэн 3 компанид хасагдсан тухай/-г 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд нийтэлсэн.
“**” нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.
Монгол Улсын Сангийн яамнаас 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гомдол буцаах тухай” 02/11100 дугаартай албан бичигт танай албан бичигт гүйцэтгэх захирлын гарын үсгийг эх хувиар хэрэглээгүй байх тул дээрх журмын 2.4-т заасны дагуу гомдлыг буцааж байна. гэсэн хариуг нэхэмжлэгч компанид ирүүлсэн.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “**”-тай 1/003-26 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээ байгуулсан.
НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛИЙН ТУХАЙД
Нэхэмжлэгч “**” компанийн ирүүлсэн тендер шаардлагад нийцэхгүй тухай:
| Д/д | Тендер шалгаруулалтын баримт бичиг /ТШЗ, ӨХ/ | “Tangshan Aodiai Precision Industry New Material Technology Co., | Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар |
| 1 | Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 13 Тендерийн иж бүрдэл 13.2.2-т Оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох/ 1 дүгээр ХХ-ийн 57 хуудас | Нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн төлөөлөгч ** **-оос 2025.02.20-ны өдөр төлөөлөгч **д “Манай компани болон Эрдэнэт зэсийн уурхай хоорондын гэрээний нөхцөлийг хэлэлцэх эрхтэйгээр итгэмжилж байна. Энэхүү итгэмжлэл нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд уг хугацаа дуусмагц автоматаар хүчингүй болно. Итгэмжлэл хүчинтэй болсны дараа үйлчлүүлэгчийн хийсэн аливаа үйлдэл манай компанийг төлөөлөхгүй” гэсэн итгэмжлэл олгосон. 1ХХ-йин Цахим тендер /итгэмжлэл компанийн гэрчилгээ 4 дэх хуудас/ | -Төлөөлүүлэгч нь төлөөлөгчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “МПСИ9.75x4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт (иж бүрдэл)” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай цахим тендерт компанийн төлөөлж оролцох эрх олгох ёстой байсан. Гэтэл Эрдэнэт зэсийн уурхай хооронд гэрээний нөхцөл хэлэлцэх эрх олгосон итгэмжлэл олгосон нь ойлгомжгүй буюу уг цахим тендерт хамааралгүй байна. -**д олгосон итгэмжлэлийн хугацаа 2025.08.20-ны өдөр дууссан байхад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зарласан цахим тендерт хугацаа дууссан итгэмжлэл ирүүлсэн. Тендерийг ирүүлэхдээ ** гарын үсгээр баталгаажуулсан байгаа нь компанийн ирүүлсэн тендерийг бүхэлд нь хүчингүйд тооцоохоор байна. |
| Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн нэгт: ...ТШЗ-ны 25.3 дахь хэсэгт Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол V бүлэгт заасан маягтыг ТШЗ-ны 25.1-д зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахдаа холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй гэж заасан. Манай компаниас **ийн **д компанийг төлөөлөх 2 жилийн хугацаатай /2025-2027 он/ тоон гарын үсэг бүхий итгэмжлэлийг олгосон байдаг бөгөөд дээрх тоон гарын үсгээр баталгаажуулан ** нь тендер илгээсэн байдаг. ...Иймд захиалагчийн 13.2.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх мэдэгдэл нь илт хууль бус байна. Хариулт: Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 25.3 дахь хэсэг нь зөвхөн ОРОЛЦОГЧИЙГ ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР төлөөлөх эрх бүхий этгээд буюу тухайн компанийн захирал тоон үсгээр баталгаажуулсан бол ТШЗ-ны V бүлэгт заасан маягтыг баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахдаа холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй гэж заасан. Нэхэмжлэгч компанийн хувьд цахим тендерийн баримт бичгийг оролцогчийг итгэмжлэлээр төлөөлөх этгээд болох ** баталгаажуулж ирүүлсэн тул Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 25.3 дахь заалт хамаарахгүй юм. | |||
| 2 | Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.1.5-д Гадаад хуулийн этгээд бол санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн 2022, 2023, 2024 он тус бүр аудитын дүгнэлт ирүүлнэ. 1 дүгээр ХХ-ийн 69 хуудас | Нэхэмжлэгч компани нь 2022, 2023, 2024 оны аудитын тайлан ирүүлсэн. | Нэхэмжлэгч компани нь 2022, 2023, 2024 оны аудитын тайланг **аудитын байгууллагаар аудит хийлгэсэн ба **аудитын байгууллага болон аудиторууд нь аудит хийх эрхтэй эсэхийн тодорхойлох баримт бичиг ирүүлээгүй. Аудитын тайлангийн агуулгад тухайн компанийн санхүүгийн тайланд аудит хийсэн эрх бүхий газраас авсан гэрчилгээ, мэргэшсэн аудиторын үнэмлэх зэрэг баримт багтсан байдаг. Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн аудитын тайланд аудит хийсэн компанийн мэдээлэл болон аудит хийсэн аудиторуудын мэдээллийг ирүүлээгүй байна. |
|
| Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн хоёрт: ...ТШЗ 19.1-д зааснаар санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын байгууллагын аудит хийх эрхтэй эсэхийг баримтыг шаардаагүй байна. Иймээс оролцогч тухайн баримтуудыг хүргүүлэх шаардлагагүй байсан. Харин манай байгууллагын зүгээс аудитын дүгнэлтдээ аудит хийсэн байгууллагын аж ахуйн нэгжийн гэрчилгээ, аудит нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, мэргэшсэн нягтлан бодогчийн үнэмлэх зэрэг баримтуудыг хавсарган өгсөн байдаг. Гэтэл захиалагчаас шаардаагүй баримтыг шаардсан мэтээр шаардлага тавьж, нөгөө талаасаа өөрсдөө сайн дураараа баримтуудыг өгсөн байтал өгөөгүй мэтээр мэдэгдэл ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Хариулт: Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд аудитын үйл ажиллагаа эрхэлнэ. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-дэх хэсэгт Аудитын үйл ажиллагааны бүтээгдэхүүн нь дүгнэлт байна. гэж заасны дагуу санхүүгийн тайланд аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, мэргэшсэн аудиторын үнэмлэх зэрэг холбогдох баримт бичиг багтсан байдаг. Энэ нь аудитын дүгнэлт гаргах эрхийг гэрчлэх, хууль ёсны шаардлага, баримт бичиг юм. Нэхэмжлэгч компанийн цахим тендерт ирүүлсэн аудитын дүгнэлтэд аудит хийсэн компанийн мэдээлэл болон аудит хийсэн аудиторуудын мэдээллийг ирүүлээгүй болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл хоёрт аудит хийсэн байгууллагын гэрчилгээ, мэргэшсэн нягтлан бодогчийн үнэмлэх зэрэг баримтуудыг хавсарган өгсөн гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн цахим тендерийн баримт бичигт дээрх баримт бичиг байхгүй байна. | ||
| 3. | ТОДРУУЛГА Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 8.1-д Захиалагчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ДБ-112-12/11337 тоот оролцогчдод тодруулгын хариу хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтад “… техникийн тодорхойлолтоор өгөгдсөн үзүүлэлтүүдийн хүрээнд иж бүрдэл хуягийн техникийн ерөнхий зургийг баталгаажуулан ирүүлэх” гэсэн байна. | Нэхэмжлэгч компани тендерт техникийн тодорхойлолтоор өгөгдсөн үзүүлэлтүүдийн хүрээнд иж бүрдэл хуягийн техникийн ЕРӨНХИЙ ЗУРГИЙГ баталгаажуулж ирүүлээгүй байна. | Нэхэмжлэгч компани тендерт техникийн тодорхойлолтоор өгөгдсөн үзүүлэлтүүдийн хүрээнд иж бүрдэл хуягийн техникийн ерөнхий зургийг баталгаажуулан ирүүлээгүй нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэхгүй байна. |
| 4. | Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 18.1.2.5. Банк, санхүүгийн байгууллагад тендер шалгаруулалт зарласнаас хойших өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байна. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.1.2. Оролцогч “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг www.sainscore.mn, www.burenscore.mn хаягаар хандан авна. Харилцагч банкны тодорхойлолтыг тендерийг үнэлэхэд харгалзан үзэхгүй. | Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт баримт бичиг ОГТ ИРҮҮЛЭЭГҮЙ.
| Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт баримт бичиг огт ирүүлээгүй тул шаардлага хангаагүй. (Гадаадын хуулийн этгээд тул дүйцэх баримт бичиг ирүүлэх ёстой. Хятадад www.sainscore.mn , www.burenscore.mn-той дүйцэх байгууллага байдаг ба үүнээс авч ирүүлэх ёстой байсан) Харилцагч банкны тодорхойлолттой дүйцэх Зээлийн чадварын тодорхойлолт гэх баримт ирүүлсэн байх боловч үүнийг тендерийг үнэлэхэд харгалзан үзэхгүй учир шаардлагад нийцэхгүй байна. |
| 5. | Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 19.1.1.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийг аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. Үүнд: 1.Байгууллагын харилцагч банкан дахь харилцах дансны үлдэгдлийн баталгаа | Байгууллагын харилцагч банкан дахь харилцах дансны үлдэгдлийг Дансны дэлгэрэнгүй гэх скрийншот хийж ирүүлсэн байна.
| Байгууллагын харилцагч банкан дахь харилцах дансны үлдэгдлийг Дансны дэлгэрэнгүй гэх скрийншот хийж ирүүлсэн байна. Скрийншот хийсэн баримт бичгийг хүчинтэйд тооцох эсэх эргэлзээтэй. Банкны ямар ч тамга тэмдэг, хариуцсан ажилтны гарын үсэг байхгүй зүгээр зураг дарсан байгааг харилцах дансны үлдэгдлийн баталгаа гэж үзэхгүй учир шаардлагад нийцэхгүй байна. |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн гуравт:
...Гэтэл “**” ХХК-ийн компаниас ирүүлсэн тендер нь дараах байдлаар захиалагчаас тавьсан шаардлагыг зөрчсөн байна. Үүнд:
3. Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын зааварчилгааны 12-т тендер ирүүлэхдээ монгол хэлээр ирүүлэхээр заасан. Гэтэл тендерт шалгарсан гэх “**”-иас ирүүлсэн тендерийн 206 дахь хуудсанд Тээрэмд суурилагдах нэг иж бүрдэл хуягны тоо хэмжээ гэсэн хэсгийн 1.29-1.41 хүртэл бүх нэр төрлийг англи хэлээр ирүүлсэн. Энэ нь захиалагчаас тавьсан шаардлага болох 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг компанийн тендерээс татгалзахаар заасан байна.
Хариулт:
Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 17.5.1-д Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. гэж заасны дагуу захиалагчийн техникийн үзүүлэлтийн /Хавтаст хэргийн 74 хуудсанд/ дагуу “**” нь техникийн үзүүлэлтийг бөглөж ирүүлсэн. Техникийн үзүүлэлтийн 29-41 хүртэл техникийн нэр төрлийг англи хэл дээр бэлтгэж тендерийн баримт бичгийг боловсруулсан байсан.
Зарим техникийн нэр төрлийн үг хэллэгийг монгол хэл рүү орчуулах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч компани өөрөө захиалагчийн дээрх техникийн нэр төрлийг англи хэл дээр нь тендерийн материалдаа ирүүлсэн./ 1ХХ-ийн цахим тендерийн баримт бичгийн нэхэмжлэгч компанийн цахим тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт pdf хэсгийн 2, 6 хуудас/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийн дөрөвт:
Захиалагчаас зарласан тендер шалгаруулалтын зааварчилгаанд бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт /протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг/-ын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлнэ. /Хэрэв “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай байгуулсан гэрээ бол нотариатаар батлуулах шаардахгүй/ Түүнчлэн хагас өөрөө нунтаглалтын тээрэмд суурилуулсан хуягийг ашиглагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлэхээр заасан. Гэтэл тендерт шалгарсан гэх “**”-иас дээрх баримтуудыг тендерт ирүүлээгүй байна.
Хариулт:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу дээрх баримт бичиг болон түүнтэй адилтгах баримт бичгийг цахим тендерт ирүүлсэн болно.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.1. Нэхэмжлэгч “**” “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/202501021449 дугаар бүхий тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар Мэдэгдэл илт хууль бус болох, "**”-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “**”-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл”-үүдийг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "**" ХХК-тай байгуулсан 2026/16-11-079 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус өөрчилж, нэмэгдүүлж, тодруулсан бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн.
Хоёр: Хэргийн үйл баримтын талаар:
2.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/221 дугаар тушаалаар “МПСИ 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ нэртэй /ЭҮТӨҮГ/202501021449/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд уг Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гэж зааснаар тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагджээ.
2.2. Тендерийн Үнэлгээний хороо нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ /202501021449 дугаартай “МПСИ 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зарлаж, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тендерийг нээж, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан үзэж үнэлсэн байна.
2.3. Үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж 02 дугаартай дүгнэлтээр “**”-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
2.4. Захиалагчаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн тендерт оролцогч “**”, “**”, “**”-д тус тус тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, “**”-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн М-ДБ-112-12/11337 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
2.5. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “**” нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/10597 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан.
2.6. Тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, 03 дугаартай тэмдэглэлээр “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
2.7. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ” гэж заасныг үндэслэн захиалагчаас тендерт оролцогч “**”-д тендерт шалгараагүй тухай 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаартай мэдэгдлийг, “**”-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
2.8. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “**” нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам “ ...Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 2.1.4-т “гарын үсэг, тамга /тэмдэг/-ийг эх хувиар хэрэглэсэн байх” гэж заасан. Танай албан бичигт гүйцэтгэх захирлын гарын үсгийн эх хувиар хэрэглээгүй байх тул дээрх журмын 2.4-т заасны дагуу гомдлыг буцааж байна.” гэж 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 02/11100 тоот “Гомдол буцаах тухай” албан бичгийг “**”-д хүргүүлсэн үйл баримтууд тогтоогдлоо.
3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:
3.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ЭҮТӨҮГ/202501021449 дугаартай “ТПСИ9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, 12 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл (үнэлгээний хорооны зөвлөмж)-ийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4.2-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.
3.3. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “Тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.” гэж зааснаар 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай хуралдааны тэмдэглэл, 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлүүд нь гарчээ.
3.4. Үнэлгээний хорооны 02 дугаар хуралдаанаар “**”-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, захиалагч “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн М-ДБ-112-12/11337 дугаартай мэдэгдэл гаргасан ба тус захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яам 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/10597 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл болон тендерээс татгалзсан мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх шийдвэр гаргасан.
3.5. Ингэснээр Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, захиалагчийн шийдвэрүүд хүчингүй болж үйлчлэл нь дуусгавар болсон ба нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг шүүх хүчингүй болгох зохицуулалт байхгүй болно.
3.6. Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлээр “**”-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “**”-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үзэж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ.
3.7. Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, эрх зүйн шууд үр дагавар бүхий бичгээр гаргасан захиргааны актад хамаарна.
3.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.” 26.4.1.-д “энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршилтын доод шаардлагыг хангасан байх” гэж зааснаар “ТПСИ9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг Үнэлгээний хороо хянан үзэж, “**”-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, тендерийн баримт бичигт тавигдах нөхцөл шаардлагын дагуу тендерийг хянан үзсэн байна.
Хоёр. ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501021449 дугаар бүхий “МПСИ 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн захиалагчийн “**”-ийг тендерт шалгараагүй тухай 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн “Тендер үнэлэх”, 28 дугаар зүйлийн “Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.
3.10. Захиалагч нь нэхэмжлэгч ““**”-ийн тендерийн баримт бичгийг **ийн ** баталгаажуулж ирүүлсэн ба **ийн **д олгосон итгэмжлэлийн хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан байгаа тул шаардлага хангахгүй байна”, “ТШЗ 19.1-д заасныг хангахгүй байна.” гэсэн үндэслэлүүдээр тендерээс татгалзжээ.
3.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “Тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна. Тендерийн Үнэлгээний хороо нь хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн байна.
3.12.Тендерийн баримт бичгийн ТШЗ 13.2.2-т “оролцогчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээд тендерийг баталгаажуулсан бол холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгосон итгэмжлэл /гадаадын этгээдийн хувьд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нотлох баримт/, ТШЗ 19.1-д “Санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 16.2, 16.4-т заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана. Оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацааг өгөдлийн хүснэгтэд заана.” гэж, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 5-д “Гадаадын хуулийн этгээд бол санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн 2022, 2023, 2024 он тус бүрээр аудитын дүгнэлт ирүүлнэ” гэж заасан нөхцөл шаардлагуудыг хангаагүй гэжээ.
3.13. Нэхэмжлэгч “**” **д 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Итгэмжлэл” олгосон ба итгэмжлэлийг тендерийн баримт бичигт ирүүлсэн боловч итгэмжлэл нь “ ...2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй болохыг уг итгэмжлэлд тусгасан ба итгэмжлэлийн хугацаа дуусмагц автоматаар хүчингүй болох, итгэмжлэл хүчингүй болсны дараа үйлчлүүлэгчийн хийсэн аливаа үйлдэл манай компанийг төлөөлөхгүй болох”-ыг тусгасан байна.
3.14. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тендерийн баримт бичгийн ТШЗ 25.3-д “Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан бол V бүлэгт заасан маягтыг ТШЗ-ны 25.1-д зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулахыг шаардахгүй.” гэж тусгасан, компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **д тоон гарын үсэг бүхий итгэмжлэл олгогдсон, тийм учраас тендерийн баримт бичгийг ** илгээсэн гэж маргасан болно.
3.15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогч тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулж, цахим системээр илгээнэ.”, Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “тоон гарын үсэг” гэж энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг хангасан цахим гарын үсгийг,4.1.5-д "тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигч" гэж энэ хуульд заасны дагуу тоон гарын үсэг, цахим тамга хэрэглэх тоон гарын үсгийн хувийн түлхүүр эзэмшигч хүн, хуулийн этгээдийг”, 6 дугаар зүйлийн 6.5-д “Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байна.” гэж тус тус заасны дагуу “**”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **д нэхэмжлэгч компани тоон гарын үсэг бүхий итгэмжлэл олгосон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
3.16. Хэдийгээр ** нь компанийг төлөөлж тоон гарын үсгээр баталгаажуулан тендерийг илгээсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тайлбарласан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Худалдан авах ажиллагаанд холбогдох барим бичгийг Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсгээр баталгаажуулж, энэ хуульд зааснаар цахим системээр илгээсэн бол бичгээр үйлдсэнд тооцно.”, Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Цахим тамгыг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ.”, 7.3-д “Цахим тамгыг хуулийн этгээдийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх этгээд итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хэрэглэж болно.” гэж зааснаас үзэхэд ** нь итгэмжлэлийн үндсэн дээр цахим тамгыг хэрэглэх ба түүнд олгосон итгэмжлэл нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүчингүй болсон, итгэмжлэл хүчингүй болсны дараа хийсэн аливаа үйлдэл компанийг төлөөлөхгүй болохыг заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
3.17. Түүнчлэн тендерийн баримт бичгийн ТШЗ 25.3-д “Оролцогчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсэн бол V бүлэгт заасан маягтыг ТШЗ-ны 25.1-д зааснаар тамга, тэмдгээр баталгаажуулсан гэж үзнэ. Энэ тохиолдолд маягтыг баталгаажуулахтай холбоотой итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдэгээр баталгаажуулахыг шаардахгүй.” гэж тусгажээ.
3.18. Энэ нь Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Цахим тамгыг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд эзэмшинэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “**”-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал, гүйцэтгэх захирал нь тендерийг тоон гарын үсгээр баталгаажуулсан тохиолдолд итгэмжлэл үйлдэх, хуулийн этгээдийн тамга, тэмдэг шаардахгүй гэдгийг тодорхойлсон байна гэж үзнэ.
3.19. Нэхэмжлэгчээс “Манай компанийн 2022, 2023, 2024 санхүүгийн тайланд хийсэн аудитын байгууллага нь аудит хийх эрхтэй эсэхийг тодорхойлох боломжгүй, ТШЗ 19.1-д заасныг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй, ТШЗ 19.1-д санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын байгууллагын аудит хийх эрхтэй эсэх баримтыг шаардаагүй” гэж маргасан.
3.20. “**”-ийн ирүүлсэн тендерийн материалд ирүүлсэн 2022, 2023, 2024 оны санхүүгийн тайланд **Аудит хийж ирүүлсэн болох нь тендерт ирүүлсэн баримт материалуудаар тогтоогдож байна.
3.21. Хэдийгээр тендерийн баримт бичгийн өгөдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ийн 5-д “Гадаадын хуулийн этгээд бол санхүүгийн тайланд аудит хийлгэх үүрэгтэй оролцогчийн хувьд санхүүгийн тайланд хийсэн 2022, 2023, 2024 он тус бүр аудитын дүгнэлт ирүүлнэ.” гэж тусгасан, аудитын байгууллага нь аудит хийх эрхтэй эсэхийг тодорхойлох баримтыг шаардаагүй, өгөдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-ын 5-ын шаардлагыг нэхэмжлэгч компани хангасан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж зааснаар ТШЗ 13.2.2 заасан шаардлага хангаагүй учраас “**”-ийн тендерээс татгалзсан захиалагчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаартай мэдэгдэл үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3.22. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Итгэмжлэл”-ийн хугацаа дууссаныг анзааралгүйгээр тендерт илгээсэн нь алдаа болсон гэж тайлбарласан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.” гэж зааснаар оролцогч тендерт шаардлага хангасан баримт бичгийг ирүүлэх үүрэгтэй.
Гурав. ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202501021449 дугаар бүхий “МПСИ 9.75х4.88 тээрмийн доторлогооны хуяг, туршилт /иж бүрдэл/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн захиалагчийн “**”-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
3.23. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох:” 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах:”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах:” гэж зааснаар “**”-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаартай мэдэгдлийг хүргүүлжээ.
3.24. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзээд 26.4-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд хуулийн 27 дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйл заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгддэг.
3.25. “**”-ийн ирүүлсэн тендерээс тендер хянан үзэх шатанд татгалзсан тул “**”-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаартай мэдэгдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.
3.26. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь “**” техникийн тодорхойлолтын Тээрэмд суурилагдах нэг иж бүрдэл хуягны тоо хэмжээ гэсэн хэсгийн 29-41 хүртэлх нэр төрлийг англи хэлээр ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 12.1-д “...оролцогчийн ирүүлэх тендер монгол хэлээр байх ...” гэсэн шаардлагыг хангаагүй гэж маргасан.
3.27. Захиалагч нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага гэсэн III бүлэгийн “Техникийн үзүүлэлт” гэсэн хүснэгтийн “үзүүлэлтийн нэр” гэсэн баганын 29-41 дугаар хүртэлх техникийн нэр төрлийг англи хэл дээр бэлтгэж тендерийн баримт бичгийг боловсруулсаны дагуу “**” нь англи хэл дээр техникийн нэр төрлийн нэршлийг тендерийн баримт материалд тусгасныг буруутгах үндэслэлгүй байна.
3.28. Мөн тендерийн баримт бичгийн ТШЗ 20.1-ын 3-д “Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт /протокол эсхүл дүгнэлт эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг/-ын хуулбарыг наториатаар гэрчлүүлж ирүүлнэ.” гэсэн шаардлагыг хангаагүй гэж маргасан болно.
3.29. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9-д “баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх” гэж хуульчилсан ба ТШЗ 20.1-ын 3-д “... баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэх”-ийг шаардсан байна.
3.30.Гуравдагч этгээд “**” нь ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагын талаархи хятад хэл дээрх баримтуудаа наториатаар батлуулан нотариатын үйлдэл хийсэн “наториатын гэрчилгээ”-г тендерийн баримт материалдаа ирүүлсэн, “нотариатын гэрчилгээ” болон бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн актыг албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулж ирүүлсэн нь ТШЗ 20.1-ын 3-д заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн тендерийн Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Дөрөв. ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” нарын хооронд 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 2026-16-11-079 дугаартай “Худалдах-худалдан авах тухай” гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд:
3.31. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаартай мэдэгдлийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” гэж зааснаар ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” нарын хооронд 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2026-16-11-079 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан.
3.32. Нэхэмжлэгчээс уг гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж зааснаар илт хууль бус гэж маргасан.
3.33. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Худалдан авах гэрээ дараах нөхцөлийн аль нэгд хамаарах бол илт хууль бус байна”, 41.1.1-д “энэ хуулийг зөрчиж гэрээ шууд байгуулсан”, 41.1.2-т “энэ хуулийг зөрчиж нэг эх үүсвэрээс худалдан авсан”, 41.1.3-т “хуульд зааснаар зарлал нийтлээгүй, эсхүл урилга хүргүүлээгүй”, 41.1.4-д “энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан”, 41.1.5-д “тендер хүлээн авах эцсийн хугацааг, эсхүл энэ хуулийн 30.1-д заасан гэрээ байгуулах хугацааг баримтлаагүй”, 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн.” гэж заасан.
3.34. Нэхэмжлэгч “**”-ийн ирүүлсэн тендерээс тендер хянан үзэх шатанд татгалзсан, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байх тул тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулагдсан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” нарын хооронд 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 2026-16-11-079 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “Захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” зааснаар илт хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох гэж маргаж буй үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
3.35. Тодруулбал, гэрээ байгуулах үндэслэл болсон тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр гарсан захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тул эдгээр захиргааны актын үндсэн дээр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчимыг баримтлана.” гэсэн хуулийн заалттай захиалагчийн шийдвэр нийцсэн гэж шүүх дүгнэлээ.
3.36. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан ба шүүх өмнө нь гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан, “**” нь бие даасан шаардлага гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хэтэрсэн учраас хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, Захиргааны Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**”-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12066 дугаар мэдэгдэл”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “**”-д гэрээ байгуулах эрх олгосон 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн М-ДБ-112-12/12064 дугаар мэдэгдэл”, “2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэл, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тэмдэглэл”-үүдийг тус тус хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "**"-тай байгуулсан 2026/16-11-079 дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**”-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА