| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/04699/И |
| Дугаар | 192/ШШ2025/05953 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/05953
| 2025 07 24 | 192/ШШ2025/05953
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Ө ургийн овогтой Уын Э ын /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, **** тоотод байрлах, Д ХХК /РД:****/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоотод оршин суух, Хатиган ургийн овогтой Оюунбатын Б /РД:**** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 112,817,032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Нэхэмжлэгч У.Э ын өмгөөлөгч: Э.Б
Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Хариуцагч Д ХХК-ийн өмгөөлөгч: Д.С
Хариуцагч О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Хариуцагч О.Бын өмгөөлөгч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.Э нь хариуцагч О.Баас 81,493,500 төгрөг, хариуцагч Д ХХК-аас 31,232,532 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.
1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: У.Э би О.Б гэх хүнээс бартерын байр худалдан авахаар тохиролцож, түүний нэр дээр 2022.08.12-ны өдөр Д ХХК-тай байгуулагдсан А а хотхон Орон сууц захиалгын гэрээ (С2-1-13) -ний зүйл болох Хан-Уул дүүрэг, **** баригдаж буй А а хотхоны С2 блокын 1 дүгээр орцны 13 дугаар давхрын Е тоотын 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар болсон. 2022.10.31-ний өдөр О.Бын хамт У оффист байрлах Х ХХК гэх хаяг бүхий өрөөнд очиж, Орон сууц захиалгын гэрээ-г шилжүүлэн авч, С2-1-13-Е дугаартай гэрээг байгуулан, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,650,000 төгрөгөөр тооцож, нийт 81.493,500 (наян нэгэн сая дөрвөн зуун ерэн гурван мянга таван зуу) төгрөгийг 2022.11.01-ний өдөр О.Бын хүсэлтээр түүнийг гэр бүлийн хүн болох Т.Одонтуяагийн Хас банк дахь төгрөгийн 5000406182 дугаартай дансанд төлсөн. Улмаар Д ХХК нь гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн болохыг баталгаажуулж, мөн гэрээний 2.1-т заасны дагуу орон сууцыг 2022 оны 4-р улиралд багтаан дуусгавар болгох үүргийг хүлээсэн. 2023 онд фэйсбүүк групп-ээр захиалагч байгууллагын нэрс зарлагдсан бөгөөд тэр жагсаалтад Д ХХК-ийн нэр байгаагүй тул албан ёсны борлуулагч гэх Т ХХК-тай холбогдож тодруулахад, гэрээний зүйл болох С2-1-р блок нь ажил гүйцэтгэх гэрээний маргаантай байгаа тухай олж мэдсэн. Дээрх нөхцөл байдлын талаар О.Бтай холбогдож тодруулахад, гэрээний маргааны талаар мэдээгүй гэсэн бөгөөд Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г уулзуулна гэсээр тодорхойгүй хугацаа өнгөрсөн бөгөөд 2024.04.20-ны өдөр Г.Г болон О.Б нартай уулзалт хийсэн. Уулзалтаар Г.Г нь өөрт байгаа гэрээнүүдийг үзүүлсэн бөгөөд уг гэрээнүүдээр Д ХХК нь П ХХК-тай 2022.08.10- ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **** баригдах П ХХК-ийн зоорьтой 16 давхар барилгын С2-2 блокын барилга угсралт болон гадна дэд бүтцийн ажпаас бусад бүх ажлыг гүйцэтгэхээр гэрээ тохиролцож, гэрээний төлбөрт 2022.08.11 -ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт"-ын 2-т заасан орон сууцуудыг өгөхөөр тохиролцсон байх боловч надтай гэрээ байгуулан шилжүүлэхээр тохиролцсон С2-1- Е тоот орон сууц дээр хавсралтад огт байхгүй байсан. Харин надтай гэрээ байгуулсан С2-1-р блокны 13 давхрын Е тоот 49.49 м.кв талбай бүхий орон сууц нь Х ХХК болон Ц ХХК-иудын хооронд 2022.04.23-н өдрийн №22/10 тоот гэрээ, 2022.04.25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай №22/10-01 дугаартай гэрээний 13-ийн 36-д заасны дагуу Ц ХХК-д шилжүүлсэн орон сууц болох нь тодорхой болсон. Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г нь Ц ХХК-г өөрийн харилцан хамаарал бүхий компани, шүүхийн маргаантай байсан ч шүүх дээр ялж байгаа учраас санаа зоволтгүй гэж тайлбарлаж байсан боловч, уг нөхцөл байдпын талаар С2-1-р блок-ын захиалагч Х ХХК-с очиж тодруулахад миний захиалсан байр болох С2-1-р блокны 13 давхрын Е тоот 49.49 м.кв тоот орон сууц нь өөр компанид бартерын гэрээний дагуу шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл О.Б нь өөрийн нэр дээр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэх С2-1-р блокны 13 давхрын Е тоот 49.49 м.кв орон сууц нь Д ХХК-тай огт хамааралгүй байх атал, уг Орон сууц захиалгын гэрээ-г надад шилжүүлж, тус компанитай гэрээ байгуулуулсан, цаашлаад С2-1-р блокны 13 давхрын Е тоот 49.49 м.кв орон сууц нь гуравдагч этгээдэд шилжсэн болох нь тодорхой болоод байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус хэлцлийг зааж өгсөн байх бөгөөд 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хулээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл "Д ХХК-т огт хамааралгүй орон сууцыг, захиалгаар бариулахаар тохиролцсон гэх гэрээ надад худалдахаар тохиролцсон хэлцэл, уг хэлцлийн дагуу Д ХХК- тай 2022.10.31-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ-үүд нь хууль зөрчсөн буюу анхнаасаа өөрт байхгүй зүйлийг шилжүүлэхээр тохиролцсон хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүулсэн бүх зуйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн төлбөр 81.493.500 (наян нэгэн сая дөрвөн зуун ерэн гурван мянга таван зуу) төгрөгийг хариуцагч Д ХХК болон О.Б нараас гаргуулж өгнө үү. Нэхэмжпэгч У.Э миний хувьд маргаан бүхий Орон сууц захиалгын гэрээ- ний төлбөр 81,943,500 төгрөгийг төлөхдөө 50,000,000 төгрөгийг 2022.09.26-ны өдөр Капитрон банк дахь хадгаламжийг, 50,000,000 төгрөгийг Ж ББСБ ХХК-тай 2021.10.06-ны өдөр байгуулсан Хөрөнгө итгэмжпэх гэрээ дагуу 1 (нэг) жилийн 15.6 хувийн хүүтэй гэрээг тус тус дуусгавар болгож шилжүүлсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө , 228 дугаар зүйлийн 228.1-д Тэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. , 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх уурэгтэй. гэж тус тус заасан байна. Дээрх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн хохиролд гэрээний шилжүүлсэн төлбөр 81,493,500 төгрөгөөс нэг жилийн 15.6 хувийн хүү буюу Ж ББСБ ХХК-ийн хүүгээр тооцож, төлбөр шилжүүлсэн өдөр болох 2022.11.01-ний өдрөөс шүүхэд нэхэмжпэл гаргасан өдөр 2024.07.02-ны өдөр хүртэл 610 хоногоор тооцож, 26,827,575 (хорин зургаан сая найман зуун хорин долоон мянга таван зуун далан тав) төгрөгийг олох байсан орлогын хохиролд тооцож, хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжпэлийн 2 дахь шаардлагыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хэмжээг 2025.02.01-ний өдрөөс 2025.06.18-ний өдөр хүртэл нийт 213 хоногт, 81,493,500 төгрөгөөс нэг жилийн 15.6 .зийн хүү (нэг хоног 32,597 төгрөг) буюу Ж ББСБ ХХК-ийн хүүгээр тооцож, 4,495,957 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар ихэсгэж байна. 2025.02.01-2025.06.18 хүртэл 81,493,500 төгрөг /15.5 хувь/, хүү тооцсон хоног 138, нэг хоногийн хүү 0,04 хувь /32,597.4 төгрөг/, нийт 4,495,957 төгрөг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу 2022.10.31-ний өдрийн С2-1-13-Е дугаартай Орон сууц захиалгын гэрээ"-ний дагуу төлсөн төлбөр 81,493,500 төгрөгийг хариуцагч О.Баас, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2д заасны дагуу хохиролд 31,232,532 төгрөгийг хариуцагч Д ХХК-иас нийт 112,817,032 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
1.2.Хариуцагч О.Б нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 2022/10/31-ний өдрийн С2-1-13-Е дугаартай Орон сууц захиалгын гээрээний дагуу төлсөн төлбөр 81,493,500 төгрөг гаргуулах, Хохиролд 19,884,414 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иргэний хэргийн үйл баримтын тухайд 2022.08.12-ны өдөр О.Б, Д ХХК нарын хооронд байгуулагдсан байсан А а хотхон Орон сууц захиалгын С2-1-13 дугаартай гэрээний зүйл болох ХУД, **** баригдаж буй А а хотхоны С2 блокын 1-р орцны 13 давхарын Е тоотын 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч У.Э худалдаж авахаар болсон. Хавтаст хэргийн 8-р хуудсанд У.Э болон Д ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ, 16-р хуудсанд О.Б, Д ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ, 18-р хуудсанд О.Бын хүсэлт зэрэг баримтууд авагдсан байна. Тиймээс хариуцагч Д ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч батлаж өгнө үү гэсэн тайлбар, хүсэлтийг байнга гаргаж ирсэн байдаг. Хэрэгт хариуцагч Д ХХК-ийн тайлбар авагдсан бөгөөд нэхэмжлэгч У.Э , хариуцагч Д ХХК нарын хооронд эвлэрлийн асуудал яригдаж ирсэн. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хохиролтой холбоотой шаардлагын тухайд нэхэмжлэгчид О.Б шууд шалтгаант холбоо бүхий үйлдлээрээ хохирол учруулсан зүйл байхгүй, харин хариуцагч Д ХХК нь бодит байдалд хэрэгжих боломжгүй гэрээг байгуулж, үүгээрээ нэхэмжлэгчид хохирол учруулсан байхыг үгүйсгэхээргүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн 2022/10/31-ний өдрийн С2-1-13-Е дугаартай Орон сууц захиалгын гээрээний дагуу төлсөн төлбөр, хохирол гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн О.Бд холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.3.Хариуцагч Д ХХК нэхэмжлэлд гаргасан тайлбараа: О.Б нь манай компаниас 2 байр худалдан авахаар гэрээ байгуулсан байсан. Нэг орон сууцыг нь У.Э гэх хүнийг дагуулж ирээд худалдан авах гэрээгээ шилжүүлэхээр болсон. Бид зөвшөөрч У.Э тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ орон сууц нь ашиглалтад орсон. Манай компани Х ХХК-тай маргааны зүйл болох орон сууцны талаар гэрээний маргаантай байгаа учир орон сууцыг нь шилжүүлж өгч чадахгүй байгаа. Манай компани төлбөр 81,493,500 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч байраа авахгүй гэвэл 81,493,500 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...Харин нэхэмжлэгч 31,232,532 төгрөгийн хохирлоо Ж ББСБ ХХК-тай байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний хүүгийн хэмжээгээр тооцож тодорхойлсон байна. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр төлөхөөс өмнө Капитрон банк-тай байгуулагдсан хадгаламжийн гэрээ, Ж ББСБ ХХК-тай байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний хугацаа тус тус дууссан байсан байна. Иймд хохирол төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, А а хотхоны орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 8-12/, дансны хуулга /хх-ийн 14,15/, мемориалын баримт /хх-ийн 16/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /хх-ийн 81,82/, хадгаламжийн дансны хуулга /хх-ийн 84/, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгө итгэмжлэх гэрээ /хх-ийн 85-87/, хариуцагч Д ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 57/, хариуцагч О.Баас шилжүүлгийн баримт /хх-ийн 66-74/, хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 181/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 182/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 183/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 184/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 215-220/, шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 104-119/, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хавсралт №1 нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 120,121/, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 195-207/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэгсийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч У.Э нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...У.Э нь О.Баас бартерын байр худалдан авахаар тохиролцож, түүний нэр дээр 2022.08.12-ны өдөр Д ХХК-тай байгуулсан А а хотхон Орон сууц захиалгын С2-1-13 гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, **** баригдаж буй А а хотхоны С2 блокийн 1 дүгээр орцны 13 дугаар давхрын Е тоотын 49.39м.кв бүхий 2 өрөө орон сууцыг хадалдаж авахаар тохиролцсон. 2022.10.31-ний өдөр О.Баас орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн авч, С2-1-13 дугаартай гэрээг Д ХХК-тэй байгуулж, үнэ нийт 81,493,500 төгрөгийг О.Бын хүсэлтээр түүнийг гэр бүлийн хүн болох Т.Одонтуяагийн Хас банк дахь төгрөгийн 5000406182 дугаартай дансанд шилжүүлсэн. Улмаар Д ХХК нь гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн болохыг баталгаажуулж, мөн гэрээний 2.1-т заасны дагуу орон сууцыг 2022 оны 54 дүгээр улиралд багтаан дуусгавар болгох үүрэг хүлээсэн. 2023 онд Д ХХК-ийн захиралтай уулзахад орон сууцыг шилжүүлж өгнө гэж хэлсэн хэдий ч О.Бын гэрээгээр шилжүүлсэн орон сууц нь гуравдагч этгээдэд шилжсэн байсан.Иймд О.Бтай байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугар зүйлийн 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн буруутай этгээд болох О.Баас орон сууцны төлбөрт төлсөн 81,493,500 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. ...Орон сууцны захиалгын гэрээний дагуу төлбөр төлөхдөө 50,000,000 төгрөгийг 2022.09.26-ны өдөр Капитрон банк дахь хадгаламж, 50,000,000 төгрөгийг Ж ББСБ ХХК-тай байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээг тус тус дуусгавар болгож мөнгө шилжүүлсэн. Хариуцагч Д ХХК нь өөрт байхгүй, хамааралгүй орон сууцыг худалдахаар гэрээ байгуулсан буруугаас Ж ББСБ ХХК-тай байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээ жилийн 15.6 хувиар тооцож, 138 хоногт 31,232,532 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагч Д ХХК-аас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасны хохирол нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч О.Б нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ О.Б миний бие Д ХХК-тай 2 орон сууц захиалгын гэрээн байгуулсан. Үүний нэг болох Хан-Уул дүүрэг, **** баригдаж буй А а хотхоны С2 блокийн 1 дүгээр орцны 13 дугаар давхрын Е тоотын 49.39м.кв бүхий 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг У.Э нь шилжүүлэн авахаар надтай тохиолцсон. Тохиролцооны дагуу У.Э нь Д ХХК-тай уг орон сууцыг худалдах, худалдан гэрээ байгуулсан. 2022.08.12-ны өдөр төлбөрт 81,493,500 төгрөгийг Д ХХК болон надтай тохиролцсоны дагуу надад шилжүүлсэн. У.Э д Д ХХК-тай байгуулсан орон сууц захилгын гэрээг шилжүүлэн өгсөн тул 81,493,500 төгрөгийг төлөх үүрэггүй. гэж тайлбарлажээ.
4.Хариуцагч Д ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ О.Б нь манай компаниас 2 байр худалдан авахаар гэрээ байгуулсан байсан. Нэг орон сууцыг нь У.Э гэх хүнийг дагуулж ирээд худалдан авах гэрээгээ шилжүүлэхээр болсон. Бид зөвшөөрч У.Э тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ орон сууц нь ашиглалтад орсон. Манай компани Х ХХК-тай маргааны зүйл болох орон сууцны талаар гэрээний маргаантай байгаа учир орон сууцыг нь шилжүүлж өгч чадахгүй байгаа. Манай компани төлбөр 81,493,500 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч байраа авахгүй гэвэл 81,493,500 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...Харин нэхэмжлэгч 31,232,532 төгрөгийн хохирлоо Ж ББСБ ХХК-тай байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний хүүгийн хэмжээгээр тооцож тодорхойлсон байна. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр төлөхөөс өмнө Капитрон банк-тай байгуулагдсан хадгаламжийн гэрээ, Ж ББСБ ХХК-тай байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ-ний хугацаа тус тус дууссан байсан байна. Иймд хохирол төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. гэж тайлбарлажээ.
5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Д ХХК, У.Э нарын хооронд 2022.10.31-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын №С2-1-13Е тоот гэрээ /ХХ-ийн 8-12/, Хаан банкны шилжүүлгийн баримт /ХХ-ийн 66-74/, Голомт банкны мемориалын баримт /ХХ-ийн 26/ зохигч талуудын тайлбараар Д ХХК, О.Б нарын хооронд 2022.08.12-ны өдөр Орон сууцны захиалгын № С2-1-13-Е, С2-2-8-D тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр Д ХХК нь Хан-Уул дүүрэг, **** баригдаж буй А а хотхоны С2 блокийн 1 дүгээр орцны 13 дугаар давхрын Е тоот, 49.39м.кв бүхий 2 өрөө орон сууц, 2 дугаар орцны 8 дугаар давхрын 70.39м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж О.Бд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
5.2.Дээрх гэрээний дагуу шаардах эрхийг О.Б эзэмшиж байсантай холбоотой Хан-Уул дүүрэг, **** баригдаж буй А а хотхоны С2 блокийн 1 дүгээр орцны 13 дугаар давхрын Е тоот, 49.39м.кв бүхий 2 өрөө орон сууцтай холбоотой захиалгагчийн эрхийг шилжүүлэн авахаар У.Э нь О.Бтай харилцан тохиролцжээ. Ийнхүү У.Э нь О.Б нарын харилцан тохиролцсон тохиролцоог үндэслэн Д ХХК, У.Э нарын хооронд 2022.10.31-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын №С2-1-13Е тоот гэрээг байгуулж, шаардах эрхийг баталгаажуулж, У.Э эрх шилжүүлэн авсантай хоотой төлбөрт 81,493,500 төгрөгийг О.Бд шилжүүлсэн байх бөгөөд Д ХХК нь О.Бтай байгуулсан гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.
6.Зохигч талууд дээрх үйл баримт болон гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, **** баригдаж буй А а хотхоны С2 блокийн 1 дүгээр орцны 13 дугаар давхрын Е тоот, 49.39м.кв бүхий 2 өрөө орон сууцыг У.Э ын өмчлөлд хүлээлгэн өгөөгүй үйл баримтын талаар маргаангүй байна.
7.Д ХХК, О.Б нарын хооронд 2022.08.12-ны өдөр Орон сууцны захиалгын № С2-1-13-Е, С2-2-8-D тоот гэрээ байгуулагдаж, гэрээгээр Д ХХК нь Хан-Уул дүүрэг, **** баригдаж буй А а хотхоны С2 блокийн 1 дүгээр орцны 13 дугаар давхрын Е тоот, 49.39м.кв бүхий 2 өрөө орон сууц, 2 дугаар орцны 8 дугаар давхрын 70.39м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж О.Бд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэлцлийн агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
8.У.Э , О.Бтай харилцан тохиролцсоны дагуу Д ХХК, О.Б нарын хооронд 2022.08.12-ны өдөр байгуулагдсан Орон сууцны захиалгын № С2-1-13-Е, С2-2-8-D тоот гэрээний Хан-Уул дүүрэг, **** баригдаж буй А а хотхоны С2 блокийн 1 дүгээр орцны 13 дугаар давхрын Е тоот, 49.39м.кв бүхий 2 өрөө орон сууцтай холбоотой шаардах эрхийг шилжүүлэн авч, шаардах эрх шилжүүлэн авсныг баталгаажуулж Д ХХК, У.Э нарын хооронд 2022.10.31-ны өдөр Орон сууц захиалгын №С2-1-13Е тоот гэрээг байгуулсан байна.
9.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ, 123.6-д Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ, 123.8-д Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж тус тус заасан.
10.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу У.Э нь хариуцагч Д ХХК-аас 2022.10.31-ны өдөр Орон сууц захиалгын №С2-1-13Е тоот гэрээтэй холбоотой шаардлагыг гаргаж, шаардах эрхтэй.
11.Орон сууц захиалгын гэрээний дагуу Д ХХК нь орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
12.Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх эрхгүй гэтээд байсан нь тогтоогдохгүй байна. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй, гүйцэтгэх боломжгүй байдал бодитоор тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй.
13.Гэрээний нэг тал гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотой нөгөө тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ харилцан буцаахаар шаардах эрхтэй.
14.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч буруутай этгээдээс гэрээ цуцлагдсантай холбоотой хохирлоо шаардах эрхтэй.
15.Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулахтай холбоотой нэхэмжлэгч Ж ББСБ ХХК-тай байгуулсан жилийн 15.6 хувийн хүүтэй, Хөрөнгө итгэмжлэх гэрээг дуусгавар болгосон нь У.Э , Ж ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээ, гэрээний хавсралтаар нотлогдож байна. Мөн Каптрон банкин дахь Хугацаатай хадгаламжийн гэрээг дуусгавар болгож, гэрээг сунгаагүй болох нь Капитрон банк, У.Э нарын хооронд байгуулагдсан Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр тогтоогдож байна. /ХХ-ийн 81-87/
16.Орон сууц захиалгын гэрээг байгуулах үед Хугацаатай мөнгө хадгаламжийн гэрээ, Эд хөрөнгө итгэмжлэх гэрээний хугацаа дууссан ч орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хариуцагч Д ХХК нь үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлах хүртэл хугацаанд 81,943,500 төгрөгөөс тооцож жилийн 15.6 хувийн хүүгийн орлого олох боломжтой байсан, энэ хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирлын хэмжээг тооцож үзвэл /81,943,500 төгрөгт эхний 1 жил буюу 365 хоног 15.6 хувийн хүү 12,712,986 төгрөг. 81,943,500 төгрөг хадгаламж+12,712 төгрөг хүү = 94,206,486 төгрөг. 2 дахь жил 94,206,486 төгрөгт тооцогдох хүү хоногт 40,264 төгрөг х 245 хоног = 9,864,680 төгрөг нийт хүүгийн хэмжээ 22,577,666 төгрөг / 22,577,666 төгрөг болно.
17.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч У.Э нь хариуцагч О.Баас эрх шилжүүлэн авсан байх тул орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 81,493,500 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байна. Харин хариуцагч Д ХХК-аас хохирол 22,577,666 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.
18.Иймд хариуцагч Д ХХК-аас хохиролд 22,577,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Э д олгож, нэхэмжлэлээс 8,654,866 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч О.Бд холбогдох 81,493,500 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
19.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 899,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас 270,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т т заасныг баримтлан хариуцагч Д ХХК-аас 22,577,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Э д олгож, нэхэмжлэлээс 8,654,866 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч О.Бд холбогдох 81,493,500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.Э аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 899,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас 270,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР