Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/684

 

 

 

 

    2024           6              13                                         2024/ДШМ/684

 

Ш.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, А.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Дашдулам,

шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Эд холбогдох эрүүгийн 2205 02300 1435 дугаар хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Өтай байгуулсан бүртгэлийн 1030 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ...тоот хаягт байрлах газарт баригдаж байсан барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр оролцож, барилгын ажил гүйцэтгэх явцдаа ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-т “Аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28.2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх”, 15 дугаар зүйлийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэн төлбөргүй хангах үүрэгтэй”, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БНбд 12-03-04/-ийн 7.2.4-т “Машин, тээврийн хэрэгслийг бэхэлгээгүй налуу ухсан /хүнхээл, суваг, шуудуу г.м/ нүхний ойролцоох орчинд шилжүүлэх, байрлуулах, ажиллуулахдаа зөвхөн хөрсний нуралтын налуугийн зохион байгуулалт-технологийн баримт бичгээр тогтоосон зайд байрлуулж, шилжүүлэх буюу ажиллуулахыг зөвшөөрнө”, 4.11-т “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино”, 5.9-т “байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх болон хяналт, шалгалт хийх ажлыг дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна. Үүнд: Ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, барилгын объектод гарч болох эрсдэлийн үнэлгээг тооцож түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авч хэрэгжүүлээгүй, барилгын талбайн зохион байгуулалтыг хангаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, норм, дүрмийн шаардлагуудыг хангаж ажиллаагүйн улмаас 2022 оны 6 дугаар сарын 26- ны өдөр ...тоот хаягт байрлах газарт баригдаж байсан барилгын талбайд барилгын суурийг ухаж, бэлтгэх ажлын үед бэхэлгээ, хүчитгэлгүй эргийн сууриас хэвтээ чиглэлд ухсан эгц хананы орчмын талбай дээр ажиллаж байсан иргэн Б.Д, Р.Э нар хөрсний суултаас үүдэлтэй шороо, тухайн шороон дээр байсан блок зэрэгт дарагдаж нас барсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас Ш.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эг 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.Эд оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эгийн урьд цагдан хоригдсон 50 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-аас нийт 22.765.637 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мд 9.228.910 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бт 13.536.727 төгрөг тус тус олгож, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний дүү Б.Д-ын оршуулгын зардалтай холбоотой баримтаар цуглуулж чадаагүй зардлууд байгаа, тэр болгоныг шүүхэд гаргаж өгч чадаагүй оршуулгын зардалд 18.947.608 төгрөгийг нэхэмжилсэн. Хагас өнчин хоёр дүү, ээж гэрийнхэнд нь уг зардлыг гаргуулж авах хүсэлтэй байна. Учир нь, уг зардал нь хэдий шашны зан үйлтэй холбоотой баримт гэх боловч үүнээс илүү сэтгэл санааны хор уршиг учирсан байгаа болно. Энэ ослоос хойш ээж С.А болон хоёр дүүгийн сэтгэл санаа, биеийн байдал хүнд байна. Иймд хохирлыг бүрэн гаргуулахаар шийдвэрлүүлж өгнө үү.

Лам нарт өгсөн зардлаа гаргуулаагүй. Иймд лам нарт өгсөн зардлыг гаргуулж, нийт зардлаа төлүүлэх хүсэлтэй байна. Г.Ө гэх захиалагч хэрэг хүлээхгүй үлдэж, ганцхан Ш.Э төлбөр төлж, хэрэг үүрч байна. Иймд Г.Ө гэх хүнийг оролцуулмаар байна.” гэв.

Шүүгдэгч Ш.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Г.Ө нь 10х18 харьцаатай 2 давхар 228м2 үйлчилгээний төвийг хамтарч, түүний инженер Т болон Г.Ө гэх 2 хүний зааварчилгаа удирдлагын дагуу ажлыг хийхээр болж 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г.Ө “би та нартай гэрээ хийж, та нарын ажлын хөлс болох мөнгийг гэрээний дагуу өгнө” гээд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хийж ажлын хөлс болох 44.000.000 төгрөгийн 10 хувийг урьдчилгаа маягаар бидэнд өгнө гэсэн боловч одоог хүртэл Г.Ө нь гэрээгээ өөрөө зөрчиж хэрэгжүүлээгүй байгаа. Энэ хүн өөрөө гэрээгээ зөрчиж байж, энэ гэрээгээр намайг буруутгаж байгаад би гомдолтой байна. Энэ гэрээ хууль ёсны хүчин төгөлдөр гэдэгт би эргэлзэж байгаа. Гэрээнд заасны дагуу Г.Ө нь тухайн нурж унадаг ханыг 2022 оны 6 дугаар сарын 26-наас 4 хоногийн өмнө буюу 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрөө 1 ширхэг нь 1 тонн 200кг жинтэй блок, карантай маятигаар ачиж ирээд ухаж тэгшилсэн газраа хааж, осол болдог ханыг нь техникээр өрсөн. Тухайн ханыг зөв стандартын дагуу өрж байгааг би болон надтай хамт ажиллаж байсан залуус мэдэхгүй. Бидний дунд барилгын мэргэжилтэй нэг ч хүн байхгүй, бүгд Г.Ө гэх хүний зааж зөвлөснөөр ажлыг гүйцэтгэдэг байсан. Миний хувьд тухайн хананы суурь цутгаж өрөхгүй, шууд элс асгаж тэгшлээд Г.Ө нь техникээр өрүүлж, тэр хананаасаа 1 метр хүрэхгүй зайд, өргөн 1 метр, гүн 1 метр, урт 10 метр суурь ухаж, суурийн шороог нурж унадаг ханан дээр техникээр асгуулсан. Хашааны гадна талаас машинаар хэд хэдэн удаа асгуулсан. 2022 оны 6 дугаар сарын 26-ны өглөө үүрээр бороо ороод өглөө тэнгэр онгойсон боловч газрын хөрс чийгтэй байсан. Тэр өдөр бид бүгд амарна гэсэн боловч Г.Ө биднийг албадан дуудаж ажиллуулсан. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгөхийг эрхэм шүүгч нараас хүсэж байна. Миний бие айлын ууган хүү бөгөөд доороо 2 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй, ээж маань асаргаа сувилгаанд байдаг. 2018 онд эцэг маань өөд болсон, дараа 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр охин дүү маань өөд болсон. Миний бие ам бүл 5-уулаа, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань одоогоор эрхэлсэн ажилгүй, бага насны болон сургуулийн насны хүүхдүүдтэй. Эхнэр, том хүү маань эрүүл мэндийн байдлын улмаас эмчийн хяналтад байдаг, түрээсийн орон сууцанд амьдардаг. Тухайн нурж унадаг хана, барилгын суурийн зураг төсөл гаргасан байгууллага, дарга, инженер болон холбогдох хүмүүс ажлын стандартын дагуу хийсэн эсэхийг тогтоож өгнө үү. Мөн инженер Т, Ө нарын асар их худал мэдүүлэг өгсөн байдал, үгсэн нийлж хуйвалдсан хүмүүсийг олж тогтоож үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед хамт ажиллаж байсан 2 хүн ажлын улмаас амь насаа алдсан, одоог хүртэл харамсаж явдаг аа, мөн амь насаа алдсан 2 хүний ар гэрийнхнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна.

Миний бие 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Г.Өтай хамтарч ажиллах гэрээ байгуулж, ажиллаж эхэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр суурь ухаж байх явцад блокон хана нурж 2 хүний амь нас эрсэдсэн. Энэ явдалд миний зүгээс маш их харамсаж байна. Миний бие анхан шатны шүүхээр орохдоо өөрийн сонгож авсан өмгөөлөгч болох Б.Тэнгистэй хамт оролцож, өөрийн хэргээ шийдүүлэх хүсэлтэй байсан. Б.Тэнгис өмгөөлөгчөөс энэ хэрэг эхэлснээс хойш өмгөөлүүлсэн, энэ хэргийг шийдвэрлэхэд заавал байх ёстой хүн гэж бодож байна. Анхан шатны шүүх дээр миний бие Г.Ө гэдэг хүний буруу байх ёстой гэж үзэж байсан. Г.Өыг дараах 4 шалтгаанаар хэрэгт яллагдагчаар татуулах хүсэлтэй байна.

1. Осол гардаг өдрийн өмнөх хэдэн өдөр бороо их орсон байсан учир хамт ажилладаг залуус тэр өдөр амрах байсан боловч Г.Ө биднийг албадан ажилд гаргасан. Хэрэв тэр өдөр бид нар амарсан бол хана нурдгаараа нурж, 2 хүний амь нас эрсдэхгүй байсан.

2. Осол гардаг өдрөөс 3 хоногийн өмнө гэрээ хийсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг Г.Ө хариуцна, мөн гэрээ хийсэн өдөр гэрээнд заасны дагуу 10 хувийн урьдчилгаа өгөх ёстой байсан боловч одоог хүртэл өгөөгүй. Өөрөө гэрээгээ хэрэгжүүлдэггүй байж, энэ гэрээгээр намайг яллаж байгаад маш их гомдолтой байна.

3. Гэрээ хийхээс өмнө нурсан ханыг зориулалтын болон стандартын бус өрсөн байсан. Энэ ханыг өрхөд би болон надтай хамт ажилладаг залуус оролцоогүй, тухайн ханыг Г.Ө 4 хоногийн өмнө техникээр өрсөн байсан. Ханыг нурж болзошгүй гэж бодсон болохоор гэрээ хийсэн гэж бодож байна. Тэр үед урьдчилгаа 10 хувийг ав гэсэн болохоор гэрээ хийсэн, гэрээн дээр ажлын талбайд осол гарвал намайг хариуцна гэсэн хэсэг байсныг анзаараагүй гэрээ хийсэн.

4. Ажлын талбайд Г.Ө, инженер Т, мөн Б зааварчилгааны ажлыг гүйцэтгэдэг байсан. Манай хамт ажилладаг залуус болон бидэн дунд барилгын мэдлэгтэй мэргэжлийн хүн байхгүй, зөвхөн энэ 3 хүний зааврын дагуу ажлыг гүйцэтгэдэг байсан. Ийм учраас Г.Өыг хамт яллагдагчаар татаж хэргийг минь анхан шатны шүүх рүү буцааж өгөхийг эрхэм хүндэт шүүгч нараас хичээнгүйлэн хүсэж байна.” гэв.

Шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч Б.Тэнгис давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Э нь өөрийн холбогдсон эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-т зааснаар “сэжигтэн, яллагдагч ... өмгөөлөгчөө өөрөө сонгоно.” гэж зааснаар өмгөөлөгч намайг өөрөө өмгөөлөгчөөрөө сонгон авсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай “Шинжээчийн дүгнэлт” хууль ёсны гарсан гэхэд эргэлзээтэй нөхцөл байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх шаардлагатай байна гэж үзэн шүүх хуралдаанд илэрхийлэхэд шүүхээс шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулаад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаараа шийдвэрлэхээр шийдсэн.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Ш.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд цагдан хоригдсоноос хойш шүүгдэгч Ш.Эгийн ар гэрийн зүгээс өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарыг нэмж өмгөөлөгчөөр сонгон авсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.13-т зааснаар “Өмгөөлөгч анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох эрхтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Өмгөөлөгч нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ.” гэж заасны дагуу өмгөөлөгч миний бие үйлчлүүлэгч Ш.Эд холбогдох шүүх хуралдаан нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны 9 цагт товлогдсон байсан ба өмгөөлөгч миний 2024 оны 3 дугаар сарын 26-ны 14 цагт эхэлсэн хурал 3 дугаар сарын 27-ны өдөр үргэлжлэн орсны улмаас өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны зар, шүүхийн мэдэгдэх хуудсыг Ш.Эгийн хуралд зайлшгүй биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа тусган шүүхэд хүсэлтээ өгсөн.

Үйлчлүүлэгч Ш.Э нь шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанаас өөрөө сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцохоо илэрхийлсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгч миний хуульд заасан эрхээ эдлэн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч миний хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцох болсон шинжээчээс эргэлзээ бүхий нөхцөл байдлуудын талаар асуулт асууж оролцох боломжоор хангалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь өмгөөлөгчийн эрх болон үйлчлүүлэгчийн минь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарласан гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад нотлох баримтыг үгүйсгэсэн, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна” гэж дурдсан байна. Шүүх хуралдаанд оролцогчид бүгд Г.Ө гэх хүнтэй холбоотой асуудлуудыг ярьдаг. Миний бие анхан шатны шүүхэд “шинжээч н.Баасандоржийг оролцуулъя” гэх хүсэлт гаргаж, улмаар уг хүсэлтийн дагуу тус шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Гагцхүү миний бие тэр хүнд тавих ёстой байсан асуултууд, түүний хариулт зэрэг авагдаагүй ба энэ нь миний эрхийг хязгаарласан гэж үзэж байна. н.Т гэх нотариатчийн байгуулсан гэрээний үндэслэлийн дагуу Ш.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу насанд хүрсэн, насанд хүрээгүй 2 хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлагыг хүлээж байна. Хэрэгт авагдсан баримтууд болон бусад эрхийн акт, Барилгын тухай хууль, Г.Ө, Ш.Э нарын байгуулсан гэрээний 4.5-т заасны дагуу Г.Ө гэх хүн иргэний хариуцагчаар татагдах бүрэн боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх Г.Өыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар татах ёстой байсан ба энэ асуудалд хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Нотариатч н.Т-ын гэрчилсэн, Г.Ө, Ш.Э нарын байгуулсан гэрээний 4.5-т “Захиалагч тал хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд заавал давхар хяналт тавина” гэсэн байна. Хэргийн үйл баримтын хувьд гэрээ байгуулагдахаас өмнө байсан хашаатай холбоотой асуудал яригддаг. Хэрэгт энэ талаар н.Т гэх барилгын инженерийн мэдүүлэг авагдсан. Тус мэдүүлэгт “Г.Ө ах намайг дуудахад би очсон. Шугамдаж үзэхэд тус хашаа барих газар нь далий байсан учраас би утсаар шугам тавьж, үйл ажиллагааг нь жигдрүүлж өгсөн” гэсэн байна. Нуралт үүсэх болсон шалтгаан нөхцөлд Ш.Эгийн оролцсон оролцооны хэлбэр байхгүй байна. Барилгын тухай хуульд заасны дагуу захиалагч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, өөрийн захиалж буй барилга, байгууламжтай холбоотой зураг төсөл, заавар журмын дагуу ажиллах ёстой. Миний үйлчлүүлэгч “Аюулгүй ажиллагаатай холбоотой осол гарвал зуун хувь би хариуцна” гэсэн өөрийн мэдүүлэг болон гэрээний дагуу буруутгагдаж байгаа боловч тус гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна. Миний бие энэ талаар прокурорын байгууллагад хүсэлт гаргаж байсан. Миний бие 1 дэх өдөр хэргийн материалтай танилцаж, улмаар прокурорт “би 3 дахь өдөр танд хүсэлт гаргаж өгье. Энэ хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа тул шалгаж өгнө үү” гэхэд “за” гэж зөвшөөрсөн атлаа 2 дахь өдөр нь яллах дүгнэлт үйлдсэн байсан. Үүний дараа Баянгол дүүргийн ерөнхий прокурорт “прокурорын яллах дүгнэлтийг гардуулж, шүүхэд шилжүүлсэн байна. Энэ нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийж, анхаарч өгнө үү. Яллах дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан. Гэтэл “прокурор яллах дүгнэлтээ үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байгаа тул гэм буруугийн шүүх хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэж болно” гэсэн хариу өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтууд, барилгын тухай хууль, бусад хууль тогтоомжууд, бусад нөхцөл байдлуудтай холбогдуулж Г.Ө гэх хүнийг иргэний хариуцагчаар шалгаж, мөрдөн шалган ажиллагаа явуулах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад тус тус заасан хууль зүйн зохицуулалтыг анхаарч, тус хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн нь Г.Энхбаяртай хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Эгийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр бид Ш.Эд холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүйгээр хэргийн хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Ш.Э нь 2022.06.23-ны өдөр ... барилгын ажил гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагуудыг хангаж ажиллаагүйн улмаас ... 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Ш.Эн холбогдсон хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй, тухайн хэрэгт ажил олгогч буюу захиалагч Г.Өыг холбогдуулан шалгаагүй байдаг ба хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, тухайн хэрэгт Ш.Эгаас өөр гэм буруутай хүн байгаа эсэхийг тогтоосны дараа эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.

Учир нь:

 1. Ш.Эг буруутгах үндэслэл болж байгаа шинжээчийн дүгнэлт зөвхөн талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнд тулгуурлаж гарсан. Ажил гүйцэтгэх гэрээ хуульд зөрчиж хийгдсэн эсэхэд эрх бүхий байгууллага дүгнэлт өгөөгүй, зөвхөн гэрээ баталсан нотариатчийн “... энэ гэрээ хуульд нийцнэ ...” гэх агуулгатай мэдүүлэгт үндэслэж гэрээний хүчин төгөлдөр байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай. Барилгын ажил эхлэх бэлтгэл ажлын үед захиалагчийн зааварчилгааны дагуу газар шорооны ажил хийж байх явцад хүний амь эрсэдсэн байхад энэ нөхцөл байдлыг шинжээч дүгнэлтдээ тусгаагүй. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг барилгын ажлын онцлогийг мэддэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын болон барилгын мэргэжлийн тусгай мэдлэгтэй хүн гаргаагүйтэй холбоотой.

2. Барилгын захиалагч буюу барилгын суурийн зургийг гаргуулсан, барилга барих суурийн хэмжээг тавиулж цагаан шугам татуулсан, ажилд өдөр тутам ирж заавар зөвлөгөө өгч байсан, тухайн нурсан ханыг босгуулсан, тухайн өдөр газар ухах ажлыг хийх даалгавар өгсөн, ковшийн жолоочтой гэрээ хийж ажил олгосон хүн бол Г.Ө болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг. Гэтэл Г.Өыг зөвхөн гэрчээр нэг удаа асуусан, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нарийвчлан шалгаагүй орхигдуулсан.

3. Ш.Э нь шүүх хуралдаан дээр өөрийн барилгын ажил эхлэх явцад авсан зургуудыг нотлох баримт гаргаж өгсөн ба энэ нь хэрэг шалгах явцад хэрэгт орж нотлох баримтаар бэхжигдээгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөлийг бий болгосон учраас түүний гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт бэхжүүлж, тэр дагуу нотолгооны ач холбогдлыг хангасан мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай болсон.

4. Хавтас хэрэгт хэргийн газар дээр очсон Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт байдаг боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй авагдсан, уншигдахгүй байдаг. Түүнийг хуульд нийцүүлэн хэрэгт хавсаргаж нотолгооны зүйл болгох шаардлагатай байна. Энэ нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна.

Эдгээр нөхцөл байдлыг хянаж, Ш.Эд гэм буруу тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн 2024.04.04-ний өдрийн 2024/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч Г.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг юунаас болж гарсан талаар гэрээтэй холбогдуулж дүгнэсэн. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах явцдаа ямар шатанд осол гаргасан, нуралт үүссэн шалтгаан, зураг зөв зурагдсан эсэх, давхар хариуцлагын үүргээ биелүүлсэн эсэх талаар давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч өгнө үү. Учир нь, Г.Ө хэрэг болсон өдөр хүмүүс амарч байхад тэдгээрийг дуудаж экскаваторыг ажиллагаанд оруулсан. Мөн Г.Ө экскаваторын жолоочид мөнгө төлсөн байдаг. Г.Ө гэх хүн хариуцлага хүлээлгүй үлдчихээд байна. Энэ талаар хохирогч болон шүүгдэгч талаас гомдолтой байдаг. Мөн гэрээний үүрэг хэрхэн биелэгдсэн талаар тодорхойгүй. 44,000,000 төгрөгийн 10 хувийг өгнө гэсэн боловч өгөөгүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зөв тогтоогдсон эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох асуудал хуульд нийцсэн эсэхийг харж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Б бид хоёрыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч биш гэж байна. Амь хохирогч болох миний дүү нь надтай хамт амьдардаг байсан. Иймд миний бие түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Амь хохирогчийн эцэг, эх нь хөдөө мал маллаж амьдардаг, 700, 800 километрийн цаанаас ирэх боломжгүй, шүүх хуралдаад байнга ирэхэд өндөр зардал гарна. Мөн анхан шатны шүүхэд хэлэлцүүлэг гэх зүйл болсон. Анх удаа шүүх хуралдаанд оролцож байгаа тул энэ талаар мэдээгүй. Яагаад М.Б бид хоёрт энэ талаар мэдэгдэхгүй шүүх хуралдаан явагдсаныг мэдэхгүй, гомдолтой байна. Ш.Э 2, 3 өдөр бороо орж, хөрс нь нурсан гээд ажилчдаа амраасан байхад Г.Ө гэх хүн хүмүүсийг амарч байхад гэрээс нь дуудаж ажиллуулсан. Г.Ө гэх хүн ажиллуулаагүй байсан бол миний дүү амьд байх байсан. Миний бие “амь хохирогчийн оршуулгын зардал 18,000,000 төгрөг гарсан байна” гэхэд “баримт дээр 9,000,000 төгрөг гэж байна. Энэ мөнгийг нь гаргаж өгнө. Бусад нь оршуулгын зардал. Тэр хүндээ буян хийж байна” гэсэн. Хэрэв Г.Ө ажиллуулаагүй байсан бол буяны ажил болохгүй байсан. Энэ талаар үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, А.М нарын өмгөөлөгч Н.Дашдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие тус хэрэгт гэм буруугийн шүүх хуралдаанаас эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт мэдэгдээгүй улмаас эдгээр хүмүүс оролцож, өөрсдийн байр суурийг илэрхийлж чадаагүй. Хэргийн явцтай холбоотой Ш.Э гэх хүнийг шалгасан боловч гэрээний 4.5-д захиалагчийн үүргийн талаар дурдсан байна. Тус гэрээнд “хөдөлмөр, аюулгүй ажиллагааг зуун хувь гүйцэтгэгч тал хариуцна” гэж дурдсан боловч “гүйцэтгэгч зааварчилгаагаа буруу өгч байвал тухайн нөхцөл байдлыг өөрчлөх үүднээс захиалагч өөрөөсөө шалтгаалах бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй” гэж заасан байна. Иймээс энэ хэрэгт захиалагч Г.Ө гэх хүн хариуцлага хүлээхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Түүнийг ямар нэгэн байдлаар буюу иргэний хариуцагчаар тогтоож, хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Эд холбогдох хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхийн шийтгэх тогтоол гаргаж, шүүгдэгч Ш.Эг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Дээрх шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Шүүгдэгч Ш.Э нь иргэн Г.Өтай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, улмаар бригад ахлан ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2 хүний амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Шүүгдэгч Ш.Э нь хувиараа хүмүүстэй хамтарч барилгын ажил гүйцэтгэдэг бөгөөд иргэн Г.Өтай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж улмаар нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн гэрээ, хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар шүүгдэгч Ш.Э нь нэг талд ажил гүйцэтгэгч, нөгөө талд ажил олгогчийн эрх, үүргийг эдлэх, хүлээх хариуцлагыг үүрэх этгээд болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч нарын зүгээс Г.Өы асуудлыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ярьж байсан. Хэрэгт цугларсан нотлох баримт болон хөдөлмөр, аюулгүй ажиллагаа, осолтой холбоотой гаргасан шинжээчийн дүгнэлтэд Г.Өы эрх, үүргийн талаар дурдагдаагүй. Тухайн шинжээчийн дүгнэлтэд Ш.Эг буруутгасан. Шүүгдэгч Ш.Э нь Г.Өтай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн ба тухайн гэрээнд захиалагч Г.Ө болон ажил гүйцэтгэгч Ш.Э нарын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг нарийвчлан зохицуулсан байдаг. Хэрэг болохоос өмнө дээрх гэрээг хийж, нотариатаар баталгаажуулж, хувьд оногдох хариуцлагын асуудлуудыг тухайн гэрээгээр зохицуулсан болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Э нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Өтай байгуулсан 1030 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ...тоот хаягт байрлах газарт баригдаж байсан барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр оролцож, барилгын ажил гүйцэтгэх явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Б-ийн “...Э ахлагчтай хувь хүмүүсийн санаа нийлж байгуулсан барилгын бригадад туслах ажилтнаар орсон. Намайг туслах ажилтнаар ажилд орох үед уг бригад нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “...” нэртэй дэлгүүрийн өргөтгөлийн нураалтын ажил хийж байсан. ...хуучин дэлгүүрийн нураалтын ажил дуусаад үргэлжлүүлэн шинэ дэлгүүрийн барилгын ажил эхэлсэн бөгөөд одоогоос 2-3 хоногийн өмнө талбайн зүүн талд байх шороог дэлгүүрийн суурийн нүх рүү оруулахгүй гэж даацын блок өрж, хана босгосон. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 26-ны өглөө 09 цагаас эхлэн жижиг оврын экскаватор унагалдайгаар зүүн болон урд хэсэгт суурийн шуудуу татсан. Уг татсан шуудуунд А ах, А, талийгаач Э, Д нар нь миний араас ухсан нүхний шороог хүрзээр гаргаж шидээд явж байсан. Тэгээд би түрүүлж дуусаад өөр нүхэнд ороод нөгөө хоёрыг хүлээгээд амраад сууж байтал гэнэт их чимээ гараад хүн орилох шиг болохоор нь өндийгөөд хартал тэр 2-ын дээрээс нөгөө даацын хана нурчихсан байхаар нь шууд гүйгээд очтол Эын толгой нь задарчихсан, Д нь бүүр доор нь орчихсон байдалтай хоёулаа хөдөлгөөнгүй, дуу чимээ гаргахгүй байдалтай байсан. Тэрийг нь хараад шоконд ороод яахаа ч мэдэхгүй хэсэг балмагдаж айсан. Ингээд тэр их чимээнээр гэрээс хүмүүс гарч ирээд цагдаа, эмнэлэг, онцгой байдал зэргийг дуудсан. ...Албан ёсны зааварчилгаа өгч гарын үсгээ зуруулдаг зүйл бол байхгүй, харин бригадын дарга Э амаараа “уначихав, болгоомжтой байгаарай, гутал хувцсаа соль, дарагдчихав" гэж бол байнга хэлдэг байсан. ...Өөр өөрсдийнхөө ажил хийхэд өмсөх муу хувцаснуудыг өмсөөд л ажилдаа гарцгаадаг. Түүнээс биш зориулалтын хувцас, хамгаалалтын малгай, гутал, олс, бүс зэргийг бол өгдөггүй. Тийм зүйл байх ч үгүй. Нуралтын эсрэг тулгуур болон багана огт хийгдээгүй, ер нь тэрийг нурчихна гэж хэн ч төсөөлөөгүй. ... амаар цалин хөлсөө тохироод л явчихдаг байсан...” гэсэн /1хх 79-81/,

гэрч Х.А-ийн “...Би одоо Э гэж хүний ахалж байгаа барилгын бригадад туслах ажилтан хийж байгаа. Манай бригадад 9-10 хүн ажилладаг бөгөөд 2022 оны 4 дүгээр сараас хойш Э гэх хүний ахалсан бригадад ажиллаж байгаа. Манай бригад одоо ... тоот хашаанд 2 давхар үйлчилгээний зориулалттай объект барьж байгаа бөгөөд 10 метрийн өргөнтэй, 18 метрийн урттай барилга барьж байсан. ... 11 цагийн үед барилгын суурийн нүхний доод ёроол хэсгийг хүрз, жоотуугаар тэгшилж янзлахаар А, Б, Э, Д бид тав орсон бөгөөд барилгын суурийн хөрсийг тэгшилж эхлээд байж байсан. Бид нарын хажууд Э экскаваторын хажууд зогсоод харж байсан ба би хэмжигч багаж авчраад бариад экскаваторын хажууд мөн зогсоож байсан, тэр үед А, Б хоёр суурийн хөрсийг жоотуугаар цохиж байгаад суурийн нүхнээс гарсан бөгөөд Э, Д хоёр хүрзээр сул шороог гаргаад суурийн нүхний зүүн талын төв хэсэгт байж байтал барилгын суурийн зүүн талын хэсэгт цаана байсан шорооны хаалт бүхий даацын 240 см өндөртэй өрсөн блокон хана барилгын суурийн зүүн талын нүх рүү нурж унасан бөгөөд нүхэнд доор хүрзээр шороо гаргаж байсан Э, Д хоёр даацын хана, шороонд даруулчихсан бөгөөд тэр үйл явдал маш хурдан болсон. Тэгээд очоод нуранги дундаас Э, Д хоёрыг гаргах гэхэд бүсэлхийнээс доош хэсэг нь шороо болон блоконд даруулаад өөрсдөө хөдлөх боломжгүй болсон байсан, Эын зүүн талын гавлын яс хагарсан, толгойноос цус гоожоод хоёр гараараа шороо ухаад байсан бөгөөд Эыг нуранги дундаас гаргах гэж блок болон шороог ухсан боловч гаргаж чадаагүй. Д хаана байгаа нь харагдахгүй дарагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. ...Манай бригад ахалж байгаа Э нь ямар нэгэн зааварчилгаа огт танилцуулдаггүй бөгөөд өнөөдөр ч гэсэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулаагүй ажилд гарсан. Хамгаалах хувцас хэрэгсэл өмсөхийг ч гэсэн зөвлөдөггүй, зүгээр л ажлаа өөрсдөө аюулгүй байдлаа дор бүрнээ хангаад ажлаа хийдэг байсан. Бид нарын аюулгүй байдлыг Э л хариуцаж ажилладаг яагаад гэвэл ажил захиалагч талтай Э нь харилцаж, гэрээ байгуулсан. Э надтай болон бусад ажилчдтай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан зүйл байдаггүй” гэсэн /1хх 95-96/,

гэрч Г.Өы “... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод өөрийн эзэмшлийн хашаанд 10 метр өргөнтэй, 18 метрийн урттай хоёр давхар үйлчилгээний чиглэлийн объект бариулахаар Э гэх хүнээр ахлуулсан бригадаар 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш барилга буулгах болон барилга бариулах ажлыг гүйцэтгүүлж байгаа. ...харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Манай хуучин барилга нураагдсан, одоо шинээр барилга барих гээд барилгын суурь ухах гээд өнөөдөр өглөө 09 цагт ажил эхэлсэн байсан. Тэгтэл 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 11 цаг 57 минутад А гээд барилга барьж байсан залуу над руу залгаж, шороо нураад хүн дарагдчихлаа гэж залгахаар нь ...хашаанд иртэл ...Э, А нарын нийлээд ажил хийж байсан залуучууд даацын нурсан ханыг өргөх гээд зогсож байсан. Тухайн блок болон шороон доор дарагдсан хүмүүс нь барилгын ажил гүйцэтгэж байсан бригадын 2 ажилтан залуу байсан бөгөөд тухайн хоёр залуугийн нэгнийх нь бэлхүүснээс дооших хэсэг шороонд дарагдсан байдалтай толгой нь хагараад тархи нь гоожоод нас барсан байсан, нөгөө дарагдсан залуу нь огт харагдахгүй, толгойн орой хэсэг нь шороон дундаас цухуйж харагдсан. ...Би 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Этай байгуулсан. ...Барилгын талбайд ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг гүйцэтгэгч тал хариуцахаар гэрээнд тусган заасан байсан бөгөөд би амаар Эд давхар ХАБ-ын дэвтэр нээгээд ажилд гарч байгаа хүмүүсээр гарын үсэг зуруулаад, хамгаалах хувцас, хэрэгсэл өмсүүлэх талаар хэлсэн” гэсэн /1хх 104-105/ тус тус мэдүүлгүүд,

2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 1764 дугаартай: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын баруун чамархай, баруун чулуулаг, турк эмээл яс дайрсан шугаман хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх голомтлог цусан хураа, өнчин тархины цусархаг няцрал, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, нүүрэнд зулгаралт, дух, зүүн зулайн хуйханд шарх, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дал, бүсэлхий нуруу, баруун шилбэнд зулгаралт, зүүн өвдөгт зулгаралт, цээж, хоёр өвдөгний дарагдал, зүүн тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ үхэлд хүргэсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн /1хх 109-112/,

2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 1763 дугаартай: “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гавал ясны олон сэлтэрхий үүсгэсэн салсан ил хугарал, тархи гадагшилт, дух, зулай, дагзны хуйханд шарх, хацар, хоншоор, эрүү, өвчүү ясны хугарал, хоёр уушгины няцрал, цээжний хөндийд цус хуралт, цээж, хэвлий, баруун шуунд цус хуралт, цээж, баруун шуу, зүүн бугалга, тохой, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Үхлийн шалтгаан болсон тул гэмтлийн зэрэг тогтоох ач холбогдолгүй. Гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэсэн /1хх 125-129/,

2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч Д.Баасандоржийн: “...Хэргийн материалаас үзэхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.21 дэх заалт “үйлдвэрийн орчин” гэж аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг” гэж заасан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг” гэж зааж тодорхойлсон нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга угсралт, барилгын суурь, газар шорооны ажил, үйл ажиллагаа эрхлэгчийн барилга үйлдвэрлэлийн талбай мөн бөгөөд амь хохирогчийн ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн орчин ажлын байр мөн байна. Иргэн Г.Өы захиалгаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтын дэлгүүрийн баригдаж байсан барилгын талбай нь Ш.Эн барилга угсралт, барилгын суурийн газар шорооны ажил эрхэлж байсан барилгын талбайд гарсан осол нь үйлдвэрлэлийн осол мөн болно. Амь хохирогчийн ажил олгогч болох Ш.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/ заалтыг нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан 269 дүгээр тогтоол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу энэхүү ослыг ажил олгогчийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс дээрх дүрмийн дагуу ажиллаж шийдвэр гаргаж харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар судлан баталгаажуулах ёстой боловч ажил олгогч нь иргэн учраас үйлдвэрлэлийн ослын актыг судлан шийдвэрлэх боломжгүй байна. Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм БНбд 12-03-04-ийн 7.2.4 дэх /Машин, тээврийн хэрэгслийг бэхэлгээгүй налуу ухсан /хүнхээл, суваг шуудуу г.м/ нүхний ойролцоох орчинд шилжүүлэх, байрлуулах, ажиллуулахдаа зөвхөн хөрсний нуралтын налуугийн зохион байгуулалт-технологийн баримт бичгээр тогтоосон зайд байрлуулж, шилжүүлэх буюу ажиллуулахыг зөвшөөрнө/ заалтыг зөрчин батлагдсан зураг төсөлгүй, норм, норматив, баримт бичгийн шаардлага, технологийн баримт бичгээр тогтоогоогүй бэхэлгээ, хүчитгэлгүй эргийн сууриас хэвтээ чиглэлд шуудуу ухсаныг 1м орчим зайд ухсан нь эгц хананы хөрсний суулт өгч нурах нөхцөл бүрдсэн байна. Барилгын объектод гарч болох эрсдэлийн үнэлгээг тооцож түүнээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг ажил олгогчийн зүгээс авч хэрэгжүүлээгүй, барилгын талбайн зохион байгуулалтыг хангаагүй байгаа нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалт /ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/ заалт биелүүлээгүй. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбд 12-03-04-ийн 4.11 дэх заалт /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/ заалтууд зөрчигдсөн байна. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ/ 18 дугаар зүйлийн 18.2 /Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ/ заалтуудын дагуу ажил гүйцэтгэхэд дээрхи хуулийн шаардлагад нийцсэн хуулийн этгээд ажиллах ёстой байсан. БНбд 12-03-04 Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 5.9-т /байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх болон хяналт, шалгалт хийх ажлыг, дор дурдсан хэлбэрээр зохион байгуулна. Үүнд: Ажилтнуудын аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажил эхлэхийн өмнө, ажлын явцад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, хаалт хашлага, газардуулга бусад хамгаалалтын хэрэгслүүдийн хамгаалалт, бүрэн бүтэн байдалд тавих тогтмол хяналт/ гэсэн хууль, норм, дүрмийн шаардлагуудыг хангаж ажиллаагүйн улмаас барилгын талбайд осол гарах нөхцөл бүрдсэн байна. Барилгын ажлын гүйцэтгэгч, бригадын ахлагч, амь хохирогчдын ажил олгогч болох Ш.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт /Ажил олгогч нь үйлдвэрийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна/ заалтыг нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан 269 дүгээр тогтоол “үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу энэхүү ослыг ажил олгогчийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс дээрх дүрмийн дагуу ажиллаж шийдвэр гаргаж харьяа нутаг дэвсгэрийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар судлан баталгаажуулах ёстой боловч ажил олгогч нь иргэн учраас үйлдвэрлэлийн ослын актыг судлан шийдвэрлэх, ослын акт, дүгнэлт гаргах эрх бүхий субъект болох зохицуулалтгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлын нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэг гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцана/ гэсэн заалт зөрчигдсөн. Хэргийн материалд Нийслэлийн тойргийн нотариатч С.Т-ын 1030 бүртгэлийн дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээг гэрчлэн бүртгэсэн байх ба барилгын ажлын захиалагч иргэн Г.Ө барилгын ажлын гүйцэтгэгч Ш.Э нар нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж ажилласан байна. Энэхүү гэрээний 5 дахь “Хариуцлага” хэсгийн 6.4 дэх заалт /Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор билүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөхөн төлөх үүрэгтэй/-н дагуу эрх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг”-ийн 28.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ дэх заалт, Ажлын хувцас хамгаалах хэрэгсэлгүйгээр ажиллуулсан, эрсдэлтэй орчин нөхцөлд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ заалтуудыг ажил олгогч Ш.Э хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм журмын хэрэгжилтийг биелүүлж ажиллаагүйн улмаас осол гарсан байна. Нийслэлийн тойргийн нотариатч С.Т-ын 1030 бүртгэлийн дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээг гэрчлэн бүртгэсэн байх ба барилгын ажлын захиалагч иргэн Г.Ө барилгын ажлын гүйцэтгэгч Ш.Э нар нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж ажилласан Барилгын ажлын захиалагчийн дүрмийн гурав “Захиалагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 3.4./Захиалагч барилгын ажлын явц, үе шатанд тавих хяналтыг гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээдтэй хамтран гэрээний үндсэн дээр өдөр, сар, улирал бүрээр гүйцэтгэнэ/ 3.9 /Захиалагч үе шатны ажилд техникийн хяналт тавих, гүйцэтгэлийн тэмдэглэл, ил далд ажлын болон тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулага хийсэн акт, санхүүжилтийн тооцоо, холбогдох бусад баримт бичгийг барилгын ажил гүйцэтгэх график, гэрээний дагуу барилгын үйл ажиллагаанд оролцогчтой хамтран хянаж, баталгаажуулахаас гадна техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдтэй хамтарсан үзлэг шалгалтыг урьдчилан сэргийлэх зорилгоор тухай бүр хийсэн байна/-ийг захиалагч иргэн Г.Ө болон гүйцэтгэгч Ш.Э нар хэрэгжүүлж ажиллаагүй байна. Барилгын ажлын гүйцэтгэгч гэх Ш.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйл “Насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлт” 142.2 /Насанд хүрээгүй хүний оюун ухаан, биеийн хөгжил, амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжоор хориглосон хөдөлмөр эрхлүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн хэлбэрээр ашиглах, цалин хөлсийг шударга бусаар тооцож олгох, хүүхдийн нэрээр хууль бус үйл ажиллагаа явуулах зэрэг тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг хүүхдээр эрхлүүлэхийг хориглоно/, 142.6 Барилгын ажлын гүйцэтгэгч нь Ш.Э нь /Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг /эх/- ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ/ заалтуудыг зөрчсөн. Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/36 тоот тушаал “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” 3.3. “Барилга” хэсгийн 6 дахь заалт /Туслах ажилтан, барилгын туслах/-ыг зөрчин 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн Р.Э 17 нас 5 сартай болох нь хориглосон ажлын байранд насанд хүрээгүй хүнийг барилгын ажлын гүйцэтгэгч Ш.Э авч ажиллуулж ажил үүрэг гүйцэтгүүлсэн буруутай үйлдэл байна. Монгол Улсын барилгын норм ба дүрмийн “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн БНбд 12-03-04-н 4.7 /Ерөнхий гүйцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах/ заалтын дагуу гэрээний зохигч талууд нь төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллах ёстой байсан ба хавтаст хэрэгт тусгагдаагүй байна. Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.1 “Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байна” заалтын хэрэгжилтийг захиалагч, гүйцэтгэгчийн хяналт шалгалтын инженер техникийн ажилчид мөрдөөгүй, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна. Хэргийн материалд барилгын ажлын захиалагч О ХХК болон барилгын ажлын гүйцэтгэгч гэх Ш.Э нарын хооронд байгуулсан гэрээ байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн Хуулийн нэр томьёоны тодорхойлолтын 4.1.1 /”ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын ах ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг/ гэж заасан нь барилгын ажлын гүйцэтгэгч Ш.Э нь амь хохирогч нарыг ажил үүргээр хангасан байх тул ажил олгогчоор тодорхойлно. 4.1.3 /”ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг/ хэлэх ба нөгөө талаас барилгын ажлын гүйцэтгэгч ажил олгогч болох Ш.Э нь амаар тохиролцон хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, тухай харилцан үүрэг хүлээж тохиролцон барилгын туслах ажилтны ажил үүрэг хүлээлгэн гүйцэтгүүлж байсан байна. Хэргийн материалд Нийслэлийн тойргийн нотариатч С.Т-ын 1030 бүртгэлийн дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээг гэрчлэн бүртгэсэн байх ба барилгын ажлын захиалагч иргэн Г.Ө барилгын ажлын гүйцэтгэгч Ш.Э нар нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж ажилласан байна. Энэхүү гэрээний 5 дугаар хэсэг “Ажил гүйцэтгэгчийн эрх, үүрэг”-ийн 5.11 дэх заалт/Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцана/, Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар хэсгийн “Хариуцлага” 6.4 дэх заалт /Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг гэм буруутай тал нь нөхөн төлөх үүрэгтэй/-ын дагуу эрх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгсөн байна.” гэсэн /1хх 140-147/ тус тус дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-10/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /1хх 20-22/, ажил гүйцэтгэх гэрээ /1хх 195-196/, Г.Өы амины орон сууцны загвар зураг /2хх 77-87/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ш.Эг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Ш.Эн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Өтай байгуулсан 1030 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ...тоот хаягт байрлах газарт баригдаж байсан барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр оролцож, барилгын ажил гүйцэтгэх явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу аюулгүй ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас Б.Д, Р.Э нар хөрсний суултаас үүдэлтэйгээр нурсан шороонд болон хүнд даацын суурийн блоконд дарагдан амь насаа алдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б “...Миний дүү Б.Д-ын оршуулгын зардалтай холбоотой баримтаар цуглуулж чадаагүй зардлууд байгаа, тэр болгоныг шүүхэд гаргаж өгч чадаагүй, оршуулгын зардалд 18.947.608 төгрөгийг нэхэмжилсэн. ... хохирлыг бүрэн гаргуулахаар шийдвэрлүүлж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Ш.Э “...Тухайн нурж унадаг хана, барилгын суурийн зураг төсөл гаргасан байгууллага, дарга, инженер болон холбогдох хүмүүс ажлын стандартын дагуу хийсэн эсэхийг тогтоож өгнө үү. ...Г.Өыг хамт яллагдагчаар татаж хэргийг минь анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч Б.Тэнгис “...анхан шатны шүүхээс өмгөөлөгч миний хуульд заасан эрхээ эдлэн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч миний хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд оролцох болсон шинжээчээс эргэлзээ бүхий нөхцөл байдлуудын талаар асуулт асууж оролцох боломжоор хангалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь өмгөөлөгчийн эрх болон үйлчлүүлэгчийн минь өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарласан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Ш.Эгийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нар хамтран “...хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлохгүйгээр хэргийн хэлэлцэн шийдвэрлэсэн,

...Ш.Эг буруутгах үндэслэл болж байгаа шинжээчийн дүгнэлт зөвхөн талуудын хооронд хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээнд тулгуурлаж гарсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтийг барилгын ажлын онцлогийг мэддэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын болон барилгын мэргэжлийн тусгай мэдлэгтэй хүн гаргаагүйтэй холбоотой. ...Г.Өы гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нарийвчлан шалгаагүй орхигдуулсан. ...Ш.Э нь шүүх хуралдаан дээр өөрийн барилгын ажил эхлэх явцад авсан зургуудыг нотлох баримт гаргаж өгсөн ба энэ нь хэрэг шалгах явцад хэрэгт орж нотлох баримтаар бэхжигдээгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөлийг бий болгосон учраас түүний гаргаж өгсөн нотлох баримтыг хэрэгт бэхжүүлж, тэр дагуу нотолгооны ач холбогдлыг хангасан мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай ...хэргийн газар дээр очсон Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй. Түүнийг хуульд нийцүүлэн хэрэгт хавсаргаж нотолгооны зүйл болгох шаардлагатай байна. ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б 18.947.608 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М 19.207.200 төгрөгийг тус тус оршуулгын зардалд шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг бодитой тогтоож, шүүгдэгчээс 22.765.637 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгож, шашны зан үйлтэй холбоотой гарсан зардлыг гаргуулалгүй шийдвэрлэж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан үндэслэл бүхий болжээ.

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ш.Эд холбогдох хэргийн шүүх хуралдаан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн хүсэлтээр 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хойшилсон /3хх 2-3/, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис дахин шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хэрэгсэхгүй болгон шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Ш.Э нь тус шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын хамт орж, хууль зүйн туслалцаа авсан байх тул түүний өмгөөлөгч авах эрх хангагдсан гэж үзэв.

            Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 “Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ: 19.1.1.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах; 19.1.2.энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх; 19.1.3.өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх; 19.1.4.даацын хийц, бүтээц, эдлэхүүн, материал түүний түүхий эд болон шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх” гэж,

мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгох бөгөөд барилгын ажил гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тус тус заасан байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заажээ.

            Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна:”, мөн зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1 дэх заалтад “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;” гэж , мөн зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.

2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтад “9 м хүртэл өндөртэй 600 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц”-ийг барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамааруулахаар заасан бөгөөд Г.Ө нь өөрийн эзэмшлийн хашаанд 7 метр 20 см өндөртэй, 10 метр өргөнтэй, 18 метрийн урттай хоёр давхар үйлчилгээний чиглэлийн объект бариулахаар Ш.Этай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Гэрч Г.Ө, шүүгдэгч Ш.Э нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ/1хх 195-196/-ний 5 дугаар зүйлийн 5.11-т “Ажил гүйцэтгэгч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Эг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Д, Р.Э нарын амь насыг хохироосон гэм буруутай гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Эгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б, шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР