| Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: “АШТ” хоршоо (РД:.........), Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ............, Хариуцагч: Сүмбэр сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороо /Дарга П.Н, нарийн бичгийн дарга Б.С/ хоорондын төсөл сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Сүмбэр сумын П.Н, Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн дарга Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.Нэхэмжлэгч нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд холбогдуулан “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны “сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд 2025 оны 09 дүгээр сарын 17-23-ны байдлаар цугларсан төслийн хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд: 2.1. Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар хуралдааны тогтоолоор Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тус өдрийн 05 дугаар тогтоолоор төсөл сонгон шалгаруулах товыг тогтоосон байна. /ХХ-ийн 72-73 дугаар хуудас/ 2.2. Нэхэмжлэгч “АШТ” хоршоо нь Сүмбэр сумын 2025 оны хоршоо хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахаар 450.000.000 төгрөгийн зээлийн санхүүжилт хүсэн, төслийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр сумын төсөл сонгон шалгаруулах хороонд хүргүүлжээ. 2.3. Төсөл сонгон шалгаруулах хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар ирүүлсэн төслийн материалуудыг ”Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5, 6.3-д заасан үндсэн шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй тул журмын 6.4, 6.5, 6.6-д заасныг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж гишүүдийн 100 хувийн саналаар ирүүлсэн 3 төслийн материалыг буцаахаар шийдвэрлэжээ. /ХХ-ийн 91-95 дугаар хуудас/ 2.4. Төсөл сонгон шалгаруулах хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Сонгон шалгаруулах хорооны дарга П.Н нь /Сүмбэр сумын ........./ 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/551 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “АШТ” хоршооны төслийг буцаан хүргүүлсэн байна. /ХХ-ийн 122 дугаар хуудас/ 2.5. “АШТ” хоршоо нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сүмбэр сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргад тус тус гомдол гаргаж, Сүмбэр сумын Засаг дарга 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/599 дугаартай албан бичгээр, аймгийн Засаг дарга 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1033 дугаартай албан бичгээр тус тус хариу ирүүлжээ. /ХХ-ийн 139-140, 144 дүгээр хуудас/ 2.6. Сүмбэр сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/599 дугаартай албан бичгээр “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5, 6.3-т заасан шаардлагуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, “...дээр дурдсан үндэслэлээр таны гомдол хууль, журмын хүрээнд үндэслэлгүй гэж үзлээ. Сумын хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр, хууль зүйн үндэслэлтэй болохыг мэдэгдье” гэж, аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/1033 дугаартай бичгээр “...танай хоршооны хувьд журмын 5.5-д заасан материалын үнэн зөв байдлыг хангах үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас журмын 6.3-т заасан шаардлагыг хангаагүй нөхцөл байдал үүссэн байна” гэж тус тус хариу хүргүүлсэн. 2.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс...”АШТ” хоршоо нь хоршооны үйл ажиллагааг идэвхжүүлэн, бүс нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтот ажлын хүрээнд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийг хэрэгжүүлэхээр, төслийн санхүүжилтанд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор 450.0 сая төгрөгийн зээлийн санхүүжилт хүсэн, төслийг төсөл болон хоршоонд тавигдах шаардлагын дагуу бүрэн бүрдүүлэн холбогдох материалын хамт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сумын Засаг даргад болон Хоршоо хөгжүүлэх санд хүргүүлсэн. ...Дээрхээс үзвэл Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар нь Сумын Засаг даргын ажлын алба, ....... П.Н нь хуулинд заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байх атлаа хараат бусаар хамтын шийдвэр гаргах үүрэг бүхий Төсөл сонгон шалгаруулах хороог төлөөлөн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын даргын албан бланктай, тамга тэмдэг бүхий мэдэгдэл ирүүлсэн байна. Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын дарга нь хараат бусаар шийдвэр гаргах Төсөл сонгон шалгаруулах хорооны өмнөөс байр суурь илэрхийлж сонгон шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн материалыг Төсөл сонгон шалгаруулах хороогоор үнэлүүлэхгүйгээр буцаасан. Төсөл сонгон шалгаруулах хороо нь, хорооны гишүүд нь хорооны хурлыг нээлттэй зохион байгуулж ирүүлсэн материалд оноо өгөх хэлбэрээр дүгнэх, хамтын шийдвэр гаргах үүрэгтэй атлаа үнэлгээ өгөлгүйгээр ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзан буцааж хууль журамд тусгагдаагүй эрх эдэлж сонгон шалгаруулах ажлаа хийхгүй байгаа нь эс үйлдэхүй юм. Энэхүү үйлдэл нь МУ-ын Хоршооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан төрөөс хоршоог дэмжих талаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, техник, технологи, санхүүгийн дэмжлэг авах эрхийг хязгаарлаж, хоршооны эрх ашиг зөрчигдөж байна. ...буцаах үндэслэл байхгүй болно. Сонгон шалгаруулах хороо ирүүлсэн материалыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулах үүрэгтэй болохоос сонгон шалгаруулалт хийхгүйгээр буцаах эрх байхгүй. Мөн сумын Тамгын газар нь төсөл сонгон шалгаруулалтад нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох, хорооны хэрэгжүүлэх эрх, үүргийг өмнөөс хэрэгжүүлэх нь хууль бус юм. Хороо нэгэнт цугларсан төслүүдийг журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг үнэлгээ өгөх хэлбэрээр зохион байгуулах үүрэгтэй. Түүнээс биш бүрдэл хангуулах нэрээр буцаах эрхгүй. Үнэлгээ өгөхгүйгээр хуралдахгүй байх эрхгүй юм. Тамгын газрын төсөл үндэслэлгүйгээр буцаасан, сонгон шалгаруулах хорооны хууль бус эс үйлдэхүйгээс болж, “АШТ” хоршооны Хоршооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан төрөөс хоршоог дэмжих талаар хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, хөнгөлөлттэй зээл, техник, технологи, санхүүгийн дэмжлэг авах; эрх, шударгаар сонгон шалгаруулалтад оролцох эрх ноцтойгоор зөрчигдөж байна...гэх агуулгаар маргаж байна. 2.8. Хариуцагч нарын зүгээс ... “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 4.2-т Төсөл сонгон шалгаруулаах хорооны даргаар тухайн сумын Засаг даргын Тамгын газрын дарга байна гэж тодорхой заасан. Иймд Тамгын газрын дарга нь хорооны үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох шийдвэр, мэдэгдлийг гаргах, хорооны нэрийн өмнөөс харилцах эрх бүхий албан тушаалтан мөн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь хорооны хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, мэдээлэх шинжтэй үйлдэл бөгөөд өөрөө бие даасан захиргааны шийдвэр биш, харин хорооны гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагааны хүрээнд гарсан албан бичиг тул уг баримт бичиг нь “хуульд заагаагүй эрх эдэлсэн” гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн “эс үйлдэхүй байна”, “сонгон шалгаруулах ажлаа хийхгүй байгаа” гэх тайлбар нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй бөгөөд, хорооны зүгээс төслийг хүлээн авч хянан үзэж, журмын 5.5 болон 6.3-т заасан үндсэн шаардлагыг хангаагүй тул журмын 8.1-д заасны дагуу буцаах шийдвэр гаргасан нь хорооны бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн, хууль ёсны үйл ажиллагаа тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхгүй. ...Хорооны зүгээс шаардлага хангаагүй материалыг үнэлгээнд оруулахгүйгээр буцаасан нь журмын хэрэгжилтийн хүрээнд хийгдсэн, хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс “үнэлгээ заавал өгөх ёстой, буцаах эрхгүй гэсэн байр суурь нь журмын 6.3, 6.6-д заасан зарчмыг зөрчиж байна. Хорооны зүгээс ирүүлсэн төслүүдийг хянаж, шаардлага хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлсэн нь сонгон шалгаруулалт зохион байгуулсан гэж үзэх хангалттай хууль зүйн үндэслэлтэй. “АШТ” хоршоо нь журмын 5.6-д заасан “Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо бүрэн хариуцна” гэсэн заалтыг бүрэн зөрчиж илтэд хуурамч материал бүрдүүлж ирүүлсэн...гэх агуулгаар тайлбарлаж байна. Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл: 3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэгдүгээрт мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Хариу ирүүлсэн мэдэгдэх хуудас бол Сүмбэр сумын .......... Н-ын гарын үсэг, тамгатай байсан. Гэтэл энэ хүн бол Тамгын газрын даргын зүгээс оролцоогүй. Хоршоо хөгжүүлэх сан буюу иргэд, хоршоологчдод зориулсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын баталсан журмын дагуу байгуулагдсан сонгон шалгаруулах хороог төлөөлөх байсан гэж үзэж байгаа учраас хууль бус гэж үзэж байна. Хоёрдугаарт. Сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулах тухай заасан журмаа хэрэгжүүлээгүй. Эхний шат буюу материалын бүрдэл хангаагүй гэдэг байдлаар сонгон шалгаруулалтад оруулаагүй байсан. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын баталсан Хоршоо хөгжүүлэх сангийн журмын 5.5.6 дугаар зүйлд байсан санагдаж байна. Хоршоо хөгжүүлэх сангийн 5.1.9 дээр байсан байхаа материалуудын бүрдэл байгаа. Энэ бүрдлийг бол 100 хувь бүрдүүлж өгсөн байдаг. Сонгон шалгаруулах хорооны ажиллах журмыг 6 дугаар хэсэг дээр зааж өгсөн санагдаж байна. Бүрдэл материалыг бүрэн ирүүлсэн тохиолдолд хороо хуралдаж 6.3.4-д заасан шаардлагуудыг хангаж байгаа эсэх дээр зохих оноо үнэлгээг өгч, хорооны гишүүдийн өгсөн оноогоор эрэмбэлүүлж жагсаагаад төсөлд хамруулах буюу зээлд хамруулахаар заагдсан байдаг. Хороо дүнгээ гаргаад оноо баллаар эрэмбэлээд Засаг даргад танилцуулаад Засаг дарга бол гэрээ байгуулж, энэ санхүүжилтийг олгох дараагийн үе шат явагдана гэж заасан. Гэтэл хороо материалын бүрдэл дээр шаардлага хангасан, хангаагүй гэдэг зүйл ярьдаг. Хоршооны зүгээс бол материалыг 100 хувь бүрдүүлж өгсөн. Хоршоо хөгжүүлэх сангийн хууль бус мэдэгдэл дээр дурдсан татварын өртэй, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, тодорхойгүй гэх зэрэг хэд хэдэн зүйлүүдийг дурдаж өгсөн байгаа. Гэтэл хоршоо нь анх 2020 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани нэрээр үүсгэн байгуулагдаад сүүлдээ хуулийн этгээдийн хэлбэрээ л өөрчилж, гишүүнчлэлийнхээ тоог нэмэгдүүлсэн. Гишүүнчлэлийн тоо нэмэгдүүлэх нь зах зээлийн зарчмаар ямар нэгэн хуулиар бол хориглоогүй. Үйл ажиллагаа бол хэвийн үргэлжилж байсан. Энэ нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн e-balance.gov.mn хаягаас татаж авсан санхүүгийн тайлангаар нотлогддог. Хууль бус болох мэдэгдэл дээрээ мөн татварын өртэй гэсэн байдаг. Гэтэл Хоршоо хөгжүүлэх сангийн журам дээр татварын өртэй бол сонгон шалгаруулалтад оруулахгүй, зээл санхүүжилтэд хамруулахгүй гэдэг үг үсэг байдаггүй. Дараа нь материал дээрээс харахад хороо нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмаас татаж авсан гэж тайлбарладаг. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бол Хоршоо хөгжүүлэх сангаас хэмжээний хувьд, оролцогчийн хувьд, аж ахуйн нэгжийн хувьд өөр юм. Хоршоо хөгжүүлэх сан бол одоо бичил микро түвшний жижиг зах зээлийг, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор уян хатан нөхцөлтэйгээр зохицуулагдах шалгаруулах журам байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан бол ажилтнуудын тоо нь 200-300, хүсэж байгаа зээлийнх нь хэмжээ 100 саяас давсан ч гэдэг юм уу ийм тохиолдолд ийм журмыг баримтална гэчихсэн байдаг. Гэтэл бүүр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр бол анхан шатны материал дээр бүрдлийг 100 хувь хангуулсан байхыг шаарддаггүй. Магадгүй 70 хувиас дээш байгаа тохиолдолд дараагийн шатанд оруулна. Тэгээд оноо баллаар дүгнэнэ гэсэн юм байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн журам дээр бас нэг үг үсэг нь бол тухайн материал бүрдүүлж өгөх өдрийн байдлаар аж ахуйн нэгж нь татварын өртэй бол сонгон шалгаруулалтад оролцуулахгүй гэсэн үг үсэг байдаг. Гэтэл Хоршоо хөгжүүлэх сангийн жижиг журам дээр бол огт нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байх уу, үйл ажиллагаа нь тогтвортой байх уу, үгүй юу, татварын өртэй байна уу, үгүй юу гэдгийг бол үл харгалзсан байдаг. Энийг ямар нэгэн байдлаар хориглоогүй, боломжоор хангаж, уян хатан оруулсан байгаа. Эдгээрээс үзээд сонгон шалгаруулалтыг явуулаагүй. Мөн ил тод нээлттэй явуулна, хоршооны төлөөллийг байлцуулна гэж журам дээр байдаг. Гэтэл хоршооны төлөөлөл байгаагүй. Хоршооны зүгээс материал бүрдүүлж өгөхдөө төсөл сонгон шалгаруулах явцад бол хоршооны төлөөлөл байна. Бид нар төслөө танилцуулна, хамгаална гэдэг мэдэгдлээ өгсөн байдаг. Сонгон шалгаруулалтад Мөнхтөр овогтой Сувд оролцож төслөө танилцуулна гэж тоотоор өгсөн. Гэтэл ерөөсөө ямар нэгэн боломжоор хангаагүй учраас сонгон шалгаруулалтыг бол явуулаагүй гэж үзэж байгаа. Олон нийтэд ил тод нээлттэй байна гэчихсэн байдаг. Хоршооны гишүүд болон бусад орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, иргэд, олон нийтийн байгууллага үзэж сонгон шалгаруулалт нь үнэн зөв, бодитой байна уу, үгүй юу гэдгийг шууд дамжуулалтаас харах эрхтэй байсан. Гэтэл ерөөсөө ийм үйл явц болоогүй учраас сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзсэн. Гуравдугаарт. Сонгон шалгаруулалтыг буцааж, эхний материал дээрээ сонгон шалгаруулалтыг явуулж өгөхийг Сүмбэр сумын Хоршоо хөгжүүлэх сангийн хороонд даалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Тэгэхээр нэгдүгээрт сонгон шалгаруулалт яваагүй гэж үзсэн. Хоёрдугаарт материалыг үнэн зөв байна, буруу байна гэдгийг хорооныхон болон Засаг дарга холбогдох байгууллагуудаас материал авсан байдаг. Гэтэл тэдгээр нь бүгд л үнэн зөв болохыг баталсан. Ийм учраас сонгон шалгаруулалтыг эхнээс нь явуулж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байгаа” гэв. 3.2. Хариуцагч П.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт. 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдлийг хууль бус тогтоолгох. Энэ мэдэгдэл нь хорооны шийдвэрийг бүртгэсэн албан бичиг. Төсөл сонгон шалгаруулах хорооны баримталж байгаа ганц үндэслэл бол Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төвлөрүүлэх, хяналт тавих журам” байдаг. Энэ журмын 4.2 дээр Тамгын газрын дарга нь хорооны дарга байна гээд заачихсан байгаа. Ингэж заасан байгаа нь хууль ёсны чиг үүргээ хэрэгжүүлэх үүргийг хүлээлгээд өгчихсөн байгаа учраас би тэр хорооны гарсан шийдвэрийг зөвхөн оролцогчид мэдэгдэж байгаа хариу тайлбар мэдэгдэл байсан учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай гэж байна. Хороо бол төслийг хүлээж аваад хянан үзсэн бөгөөд холбогдох журмын шаардлагыг хангаагүй тул буцаах шийдвэр гаргасан. Энэ нь ямар учиртай вэ гэдгийг тодруулбал “АШТ” хоршоо нь төсөлд 15 материал хавсаргаж ирүүлсэн. 15 төрлийн материал хавсаргахдаа 5.5.9 буюу сүүлийн нэг жилийн санхүүгийн баталгаажсан тайлан гэж байгаа юм. Тэгэхээр хоршоо хөгжүүлэх сангаас зээл авч байгаа нь хоршоо байна. Хоршоо нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гээд эргүүлээд энийгээ аваад үзэхээр 6.3 дээр хоршоо нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байна гээд заачихсан байгаа. Түүний 6.3.1 дээр орон нутагт бүртгэлтэй байх буюу тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэж байгаа. Тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэдгийг юугаар үзэх вэ гэхээр 5.5.9 буюу санхүүгийн сүүлийн жилийн баталгаажсан тайлан гэж байгаа. Аливаа юмнууд чинь дандаа логикоор нэг нэгэнтэйгээ уялдаж байх ёстой. Гэтэл 5.5.9 дээр эднийх “АШТ” ХХК-ийн тайлан ирүүлсэн. Энэ компани 2020 онд үүсгэн байгуулагдсан. 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн этгээдээ өөрчлөөд хоршоо болсон. Тодруулаад хэлэх юм бол төсөл сонгон шалгаруулах хорооны төсөл хаагдах хугацаанаас 5 хоногийн өмнө гэсэн үг. Тэр хугацаа байхгүй ч гэсэн эднийх яг энэ чиглэл дээрээ 6.3.1-ээр үндсэн үйл ажиллагаа явагдах, тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэдэг шаардлагыг хангаагүй нь өөрөө үүгээр нотлогдож байна. Хоёрдугаарт. 5.5.11 дээр нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалд хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх талаар тодорхойлолт гэж байгаа юм. Энэ дээр нийгмийн даатгалын байгууллагын газрын даргын тодорхойлолт ирэхдээ зөвхөн “АШТ” хоршоо нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн гээд үүсгэн байгуулагдаагүй буюу үүсгэн байгуулагдахаас 10 сарын өмнөх хугацаагаар тодорхойлолт ирүүлсэн. Энэ дээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хэдэн хүн байгаа юм, өртэй, өргүй гэсэн юм огтоос байхгүй. Гэтэл хуулийн этгээд анх байгуулагдахдаа 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан. Ингэхдээ нэг хүний өмчлөлтэй хувь компани байгаа. Гэтэл нийгмийн даатгалын тодорхойлолт нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр гэсэн ийм он цагийн дараалалтай, төрийн байгууллагаас алдаатай тодорхойлолт ирсэн. Үүний хавсралтаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 3 ажилтны лавлагаа, тодорхойлолт хийхдээ “ТШТ” хоршооны регистрийн дугаартай, 3 нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийн нэртэй, нийгмийн даатгалын улсын байцаагчийн баталгаажсан гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй бичгэн дээр “АШТ” хоршооны тамга дарагдчихсан байсан. Энэ нь өөрөө баримт бичгийн зөрчилтэй байна гэж үзэхээр байсан. Энэ нь өөрөө 2 дахь шаардлага. 5.5.13 буюу төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаар харъяа татварын албаны тодорхойлолт гэж байгаа. Өр төлбөргүй тодорхойлолт гэж байгаа. Тэгэхэд эднийх 250 000 төгрөгийн өр төлбөртэй. Өмнөх оны хугацаа хэтэрсэн өр төлбөртэй байсан. Энэ нь шаардлага хангаагүй. Мөн 6.3.1 дээр тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн шалтгаан нь 5.5.9-тэй уялдаж ирж байгаа учраас сонгон шалгаруулалтыг зохион байгуулаагүй эс үйлдэхүй нь өөрөө хууль бус гэж үзэх шаардлагагүй. Эс үйлдэхүй биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдугаарт. Сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах тухай гэж байгаа. Шаардлага хангаагүй хүсэлтийг сонгон шалгаруулалтад оруулах үнэндээ боломжгүй. Тухайлбал энэ нь 6.4 дээр 6.3-т заасан шаардлагыг хангасан хоршоо байна гэж байгаа. Арагшаа эргүүлээд 6.6 дээр төсөл сонгон шалгаруулах хороо журмын 6.3, 6.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан шалгаж үзээд сонгон шалгаруулалтыг хийж оноо баллаар дүгнэнэ гэж байгаа. Гэтэл үндсэн баримт бичгийн шаардлага хангаагүй хүн дээр бид нар цааш нь үнэлгээ хийх боломжгүй байсан. Энэ журмыг зөрчих юм бол бид нар эргээд хуулийн хариуцлагатай. 6.6-д заасан үндэслэл, 6.3, 6.4 дэх шаардлагыг хангаагүй. 5.9, 5.5-т заасан шаардлагуудыг хангаснаар хууль ёсны байхаар заагаад өгчихсөн учраас энэ бол хууль зүйн үндэслэлгүй буюу хорооны зүгээс төслийг хүлээн авч хянан үзээд шаардлага хангаагүй гэж үзээд буцаасан нь хууль журамд нийцсэн, бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Дээр нь Н гэдэг хүн дангаараа бие даагаад энэ төсөл сонгон шалгаруулах хорооны үйл явцыг дүгнээд үзчихсэн зүйлийг яриад байгаа. Бүх хорооны гишүүд нэгдсэн үнэлгээ хийгээд, үнэлгээний хуудсаар баталгаажуулаад, бүх үнэлгээний гишүүд гарын үсэг зураад баталгаажчихсан ийм зүйл байгаа. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хууль болон журамтай уялдуулан яриад байгаа нь өөрөө Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэт хөнгөн хэлбэрээр олгох ёстой гэдэг зүйлийг яриад байгаа нь өөрөө өрөөсгөл ойлголт. Нэгэнт цаасан дээр хараар бичээд журамлачихсан юмыг бид нар зөрчих боломжгүй. Нэхэмжлэгчийн хэлээд байгаагаар свот шинжилгээ хийгээд үнэлгээнийхээ явцдаа татварынх нь өр төлбөрийг төлүүлдэг ч юм уу, нөхөх байдлаар олгох боломж байсан гээд байна. Хэрвээ бид нар дэгээ зөрчөөд явсан бол өнөөдөр энд биш, хаалттай торны цаана сууж байхыг үгүйсгэхгүй. Бид нар өнөөдөр нэхэмжлэгчийн шаардлагын хариу тайлбар бичээд сууж байх биш хууль хяналтын байгууллагад шалгагдаад ажлаа өгөөд явж байгаа. Дөрөвдүгээрт. Төрийн байгууллагуудаас авсан тайлбар мэдүүлгүүд нь үнэн зөв байсан гэж байна. Энэхүү хоршоо нь мөн аймгийн Хоршоологчдын холбоонд бүртгүүлсэн байх ёстой. Хоршоологчдын холбооноос тодорхойлолт ирүүлэхдээ 09 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдчихаад тодорхойлолт авахдаа 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдчихсэн байсан. Аж ахуйн нэгж байгууллага хэзээ ч Хоршоологчдын холбоонд тэгж бүртгүүлэх боломжгүй. Хоршоологчдын тухай хууль дээрээ энэ зүйл, заалт нь байгаа. Үүнийг тодруулах байдлаар дараа нь бид нар тодруулга авсан. Тэгэхэд он цагийн алдаа гаргасан байна гэдэг тайлбарыг өгсөн. Тэрнээс биш “АШТ” хоршооны зөв байсан уу гэдэг байдлаар хэн нэг талд нь давуу байдал олгох тодорхойлолтыг ирүүлээгүй. Бид нийгмийн даатгалын байгууллагаас шинжээч томилуулахаар хүсэлт өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь үнэн байна уу, буруу байна уу гэж явуулаагүй. Хамгийн гол нь нийгмийн даатгалын улсын байцаагч баталгаажуулчихсан “ТШТ” хоршооны тамгалсан тамган дээр давхардуулаад “АШТ” хоршооны тамга дарчихсан байгаа нь өөрөө ямар утга учиртай вэ, улсын байцаагч та үүнийг яагаад баталгаажуулсан бэ гэдэг шаардлагыг л бид нар тавьсан. “АШТ” хоршооны тайланг 09 дүгээр сарын 19-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна гээд гаргаж өгсөн. 8 дугаар сард “ТШТ”-ны 3 нийгмийн даатгалын төлөгчийн тайлан нь хэвийн байсан, үнэн зөв байсан гэдгийг л гаргана. Тэгэхээр “АШТ хоршоо”-нд даатгуулагч байхгүй байсан учраас “ТШТ хоршоо”-ны даатгуулагчийн тайлан дээр зориудаар бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж үзсэн. Гэхдээ бид нар баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэдгийг нь тогтоолгож болохгүй ч тийм байж болзошгүй. Гэхдээ бид нар баримт бичгийн зөрчилтэй байна гэдэг захиргааны байгууллагын гаргаж болох үйлдлийг гаргасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв. 3.3. Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх гэдгийг бид нар журмын 5.5.9 дээр заасан сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлангаар хянаж үзнэ. Эдний хоршоо болохоор сумандаа бүртгэлтэй гэсэн хэрнээ үйл ажиллагаа явуулдаг гэдгээ санхүүгийн тайлангаараа баталгаажуулах ёстой байсан. Гэтэл эднийх үйл ажиллагаа явуулдаг гэдгээ баталгаажуулахаар журмын 5.5.9 нь зөрөөд байгаа. Мөн журмын 6.3.1 дээр заасан шаардлага хангахгүй байна гэсэн үг...” гэв. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 4. Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/551 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: 4.1. Нэхэмжлэгч “АШТ” хоршоо нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас зарласан хоршоог хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хороо нь 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5, 6.3-д заасан үндсэн шаардлага, шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаагүй гэж үзэж “ТХУ”, “ӨТС”, “АШТ” хоршооноос тус тус ирүүлсэн төслийн материалыг буцаахаар шийдвэрлэсэн[1] байна. 4.2. Төсөл сонгон шалгаруулах хорооны дарга буюу Сүмбэр сумын ........... П.Н нь дээрх шийдвэрийг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01/551 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “АШТ” хоршоонд хүргүүлжээ[2]. 4.3. Төсөл сонгон шалгаруулалтад 3 хоршоо төслийн санхүүжилт хүсэн төслийн материал ирүүлсэн бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хороо 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж төсөлд хавсаргаж ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг шалгаж, төслийн материалыг буцаан хүргүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх бөгөөд “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5, 6.3-д заасантай нийцсэн байна. 4.4. Нэхэмжлэгч талаас ...манай хоршоо нь 450.000.000 төгрөгийн зээлийн санхүүжилт хүссэн төслийг төсөл болон хоршоонд тавигдах шаардлагын дагуу бүрэн бүрдүүлэн хүргүүлсэн гэж маргах боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “АШТ” ХХК-ийн 2024 оны санхүүгийн тайлан[3], “ТШТ” хоршооны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт[4], “АШТ” хоршооны татварын албаны тодорхойлолт[5], Говьсүмбэр аймгийн Хөдөө аж ахуйн холбоо НҮТББ-н дарга Ш.Б-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай “хариу хүргүүлэх тухай” албан бичиг[6], Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16/465 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээд “хоршоо” болж өөрчлөгдсөн тухай хувийн хэрэг7 зэргээс үзвэл “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5.9-д “сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан”, 5.5.11-д “нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт”, 5.5.13-д “төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харъяа татварын албаны тодорхойлолт”, 6.3.1-д “тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх” гэж тус тус заасан ба “АШТ” хоршоо нь төслийн материал ирүүлэхдээ журмын дээрх заалтуудад заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд “АШТ” ХХК нь 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчилж хоршоо болсон нь дээрх журмын заалтуудад заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй юм. 4.5. Мөн дээрх журамын 4.7-д “Хороо нь өөрийн хуралдааны дэгийг батлах бөгөөд хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу Төсөл сонгон шалгаруулах хороо нь 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж 01 дүгээр тогтоолоор “Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдааны дэг”-ийг баталсан бөгөөд 5.1-д “Хороонд ирүүлсэн төслийн материалыг битүүмжилж хүлээн авч, эхний шатанд журмын 5.5 болон 6.3-т заасан шаардлагын дагуу хянаж, төсөлд хавсаргасан материалууд суурь шаардлагыг бүрэн хангасан эсэх, мөн хоршоо нь үндсэн шаардлагыг бүрэн хангасан эсэхийг шалгана”, 5.2-т “Хяналтын үр дүнгээр: Журмын 5.5-д заасан суурь шаардлагыг хангаагүй төслийг үнэлгээ хийх шатанд оруулахгүй, оноо өгөх, эрэмбэлэх үйл ажиллагаанд хамруулахгүй бөгөөд журмын 8.1-т заасны дагуу холбогдох баримт бичиг, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана”, 5.3-д “Журмын 6.3-т заасан үндсэн шаардлагыг бүрэн хангаагүй хоршооны төслийг мөн адил үнэлгээний шатанд оруулахгүй, буцаана” гэж тус тус зааснаас үзвэл хороо нь журамд заасны дагуу төслийн материалын бүрдлийг хянаж, шалгаад буцаажээ. 4.6. Түүнчлэн нэхэмжлэгч Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Сумын Засаг даргын ажлын алба, Тамгын газрын дарга П.Н нь хуульд заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байх атлаа хараат бусаар хамтын шийдвэр гаргах үүрэг бүхий Төсөл сонгон шалгаруулах хороог төлөөлөн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан бланктай, тамга тэмдэг бүхий мэдэгдэл ирүүлсэн гэж маргадаг. 4.7. Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 06 дугаар тогтоолоор “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3.3.2, 4.2 дахь заалтад заасны дагуу Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороог байгуулсан бөгөөд журмын 3.3-т Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэрэгжүүлэх чиг үүргийг заасан ба 4.2-т “Хорооны даргаар тухайн сумын Засаг даргын Тамгын газрын дарга, гишүүдээр Санхүү, төрийн сангийн төлөөлөл, хоршоо, ЖДҮҮЭ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан хоёр төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд нарийн бичгийн даргаар сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна” гэж тус тус заасан. Дээрх журмын зохицуулалтаас үзвэл Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Н нь албан тушаалын чиг үүргээрээ тус төсөл сонгон шалгаруулах хорооны даргаар томилогдож, Төсөл сонгон шалгаруулах хорооны 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01/551 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “АШТ” хоршоонд хүргүүлсэн байна. “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн агуулгаас дүгнэвэл Сүмбэр сумын Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох төсөл зарлагдаж “АШТ” хоршооноос ирүүлсэн 450 сая төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хорооны 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэрээр тус хоршооноос ирүүлсэн төсөл сонгон шалгаруулалтын баримт бичигт тавигдах нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж, ирүүлсэн төслийн материалыг буцаан хүргүүлж байгааг мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг байна. Тодруулбал, дээрх албан бичиг нь дангаараа эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хорооны 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоол хүчинтэй энэ тохиолдолд дээрх маргаан бүхий Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01/551 дугаартай албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй. 5. Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны “сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: 5.1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 06 дугаар тогтоолоор Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороог байгуулж, 08 дугаар тогтоолоор Төсөл сонгон шалгаруулах товыг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар тогтоосон байна. 5.2. Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж байгуулагдсан Төсөл сонгон шалгаруулах хорооноос 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл төсөл хүлээн авахаар олон нийтийн сүлжээ Чойр зар мэдээ, Боржигон нутаг, Сүмбэрийн мэдээ гэх зэрэг иргэдийн идэвхитэй байдаг Facebook хуудсанд зар байршуулж, Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороо 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахаар ирүүлсэн төслийн иж бүрдэл шалгах хуралдааныг 14 цаг 10 минутад 5 гишүүний бүрэлдэхүүнтэй 100 хувийн ирцтэйгээр хийж, 9 дүгээр сарын 23-ны өдөр “АШТ” хоршооны төсөлд хавсаргаж ирүүлсэн материалыг дахин нягталж 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралджээ. 5.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан. 5.4. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороо хууль бус эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдоогүй, тухайн эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй юм. 5.5. Тодруулбал Төсөл сонгон шалгаруулах хороо нь холбогдох журамд заасны дагуу хуралдааны дэгийг баталж, тогтоосон хугацаанд ирүүлсэн төслийн материалыг хүлээн авч хорооны гишүүдийн 100 хувийн ирцтэйгээр хуралдааныг хийж төслийн материалын иж бүрдлийг хянаж шалгаад журамд заасан ерөнхий шаардлага хангаагүй гэж шийдвэрлээд төслийн материалыг буцаасан нь эс үйлдэхүй гаргасан байна гэж үзэх үндэслэлгүй байна. 6. Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд 2025 оны 9 дүгээр сарын 17-23-ны байдлаар цугларсан төслийн хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 6.1. “АШТ” хоршооны ирүүлсэн төслийн материал нь “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5, 6.3-д зааснаар төслийн материалын үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзсэн Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэр, түүнийг үндэслэн хүргүүлсэн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/551 дугаартай албан бичиг болон хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны “сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” эс үйлдэхүй нь хууль зөрчөөгүй, хууль бус болох нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд 2025 оны 9 дүгээр сарын 17-23-ны байдлаар цугларсан төслийн хүрээнд “сонгон шалгаруулалт зохион байгуулахыг” даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 6.2. Тодруулбал, хүн, хуулийн этгээдийн зүгээс захиргааны хууль бус эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргадаг бөгөөд эс үйлдэхүй эсхүл татгалзсан шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд даалгах нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй. 7. Иймд дээрх үндэслэлүүдээр “АШТ” хоршооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хоршооны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.9, “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 5.5, 6.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АШТ” хоршооноос Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд холбогдуулан гаргасан “Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох, хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хорооны “сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй” эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Хоршоо хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах хороонд 2025 оны 9 дүгээр сарын 17-23-ны байдлаар цугларсан төслийн хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. |