2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/05658

 

2025             07               03                                                  192/ШШ2025/05658                            

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, Р овогт Т.Э /РД:***/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Д.Ц /РД:***/-д холбогдох,

 

Түрээсийн талбай албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний Т.Э нь *** тоот 121.62м.кв талбайн хууль ёсны өмчлөгч бөгөөд өөрийн хөрөнгөөр салоны тохижилт, тавилга зэргийг хийн түрээсэхээр болсон. Миний бие нэхэмжлэгч нь иргэн Ц-тай 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гоо сайханы салон түрээслүүлэхээр аман байдлаар тохирч  эхний түрээсийн гэрээг өөрийн биеэр боловсруулан гаргасан бөгөөд барьцаа болох эхний сарын түрээсээ аваагүй нотариатаар баталгаажуулаагүй болно. Гэрээгээр харилцан тохиролцож, 06 дугаар 23-ны өдөр барьцаа мөнгийг төлж нотариатаар гэрээг баталгаажуулсан байсан ч түрээслэгч Ц мөнгөгүй гэх шалтгаанаар баталгаажуулах хугацааг удаа дараа хойшлуулсан. 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед миний бие түрээсэлсэн талбай болох салоны байранд очиход түрээслэгч Ц баргар царайтай сууж байхад тайтгаруулах санаатай юу болсон талаар асуухад би эндээс гардаг юм билүү гэхэд нь за ойлголоо гэрээгээ нотариатаар баталгаажуулаагүй барьцааны мөнгөө өгөөгүй болохоор болно гэж хэлэхэд тухайн түрээслэгч иргэн огцом уурлаж, намайг ч хөөлөө гэж хашигчан, сандалнаасаа босож, дуугаа өндөрсгөн 1 цаг гаран үг хэлүүлэн, тайлбарлах боломж ч олгоогүй элдвээр доромжлон дарамталсан. Үүнээс үүдэн миний бие тухайн хүнийг харилцааны соёлгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй гэж үзэж, хоёулаа болъё, хамтарч ажиллаж чадахгүй гэж хэлэхэд иргэн Ц чи надтай гэрээ хийсэн. Би энэ салонаас зүгээр гарахгүй мөнгө авч байж явна гэж хэлсэн. Тэрбээр мөн миний сэтгэл санааны хохирол, цэвэрлэгээ хийсэн, нээлтэд оролцсон гэх зэргээр тайлбарлаж, 3-4 цаг мөнгө нэхэн дарамталж, яг одоо миний дансанд мөнгө хийвэл би гарлаа. Хэрэв өгөхгүй бол чиний салонд байгаа эд хогшилийг бүгдийг нь авч явна гэж сүрдүүлсэн тул улмаар миний бие айж сандарч сэтгэл санааны дарамтад орж Socialpay дансанд байсан 1 180 000 төгрөгөө бүгдийг нь хохирлын мөнгө гээд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараагаар энэ мөнгө надад багадаж байна, би чамаас 10 000 000 төгрөг авч байж сална, надтай орооцолдсон нь чиний алдаа гэж орилж хашигчан миний хувийн өмчөөс гарахгүй гэж дахин дарамталсан. Мөн хамт байсан миний үеэл дүүгийн зураг бичлэгийг авч  сошиал пэйж дээрээ зөвшөөрөлгүй оруулсан. Үүнээс хойш миний бие залуу хүн гэх шалтгаанаар уг иргэнд зогсолтгүй хэл амаар доромжлуулж сэтгэл санааны дарамтад орж, мөнгөөр хохирч, хувийн эзэмшлийн талбайгаа алдлаа гэх айдастай байгаа тул уг хүнтэй хамтран ажиллах боломжгүй гэж үзэж байна. Миний хүсэлтийг хүлээн авч тухайн иргэнд хууль ёсны арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Т.Э нь 06 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд түрээсийн талбай албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан. Иргэн Д.Ц нь түрээсийн талбайгаа чөлөөлж өгсөн тул нэхэмжлэлээ буцаан татах хүсэлт гаргаж байна.” гэжээ.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан түрээсийн талбай албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Э нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Т.Э-ны нэхэмжлэлтэй Д.Ц-д холбогдох түрээсийн талбай албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

                          ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ