Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 97

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

            Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: Б.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Бад холбогдох 1812000660106 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Дугаар /С% Цэцэрлэг

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бортолгойн 35-14 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бгийн Б /РД:.../ 

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бортолгойн 34-13 тоотод иргэн Ж.Стай хувийн таарамгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Мөрдөн байцаалтын шатанд 1812000660106 дугаартай эрүүгийн хэргээс:                                   

 

Хохирогч Ж.Сын мэдүүлсэн:...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би гэртээ согтуу хэвтэж байсан чинь Б, Б нар манайд орж ирээд надтай архи уух гэсэн чинь манай охин гэртээ оруулаагүй гэсэн. Тэгээд тэр хоёр Бын гэрт ороод нөгөө авсан архиа ууж байгаад намайг утсаар дуудахаар нь би гэрт нь орж архи хамт уусан. Би дахиад архи уух гээд нэг шил архи олж ууна гээд Б бид хоёр дэлгүүр рүү явсан. Бид нар “Өсөх нахиа” нэртэй дэлгүүрээс 0.5 граммын “Хараа” нэртэй архи аваад Бын гэрт нөгөө авсан архиа уугаад бүгд согтчихсон байсан. Нэг мэдсэн чинь намайг Б хутгалчихсан би эмнэлэг дээр байж байсан. Намайг хутгалж байхыг би мэдээгүй, согтчихсон байсан юм. Тухайн үед хэрүүл маргаан огт хийгээгүй, яагаад хутгалсан талаар мэдэхгүй байна. Дараа нь ухаан ороод асуусан чинь Б би хутгалчихсан юм гэж байсан. Б бид хоёрын хооронд өр шир, өс хонзонгийн асуудал байгаагүй. Өөр хүн хамт байгаагүй, манай найз Б гэх хүн хамт байсан. Миний баруун цээжин тус газарт хутгалуулсан шарх байгаа, эмнэлэгт оёдол тавиулсан. Манай хоёр найз нийлж цохиж, зодсон асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

Гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр Б бид хоёр гэрт нь нэг шил архи уучихаад С ахыг хамт архи уух гээд дуудсан чинь С ахын хүүхэд нь байхгүй гээд уулзуулаагүй юм. С ахын гэр нь Бын яг арын хашаа байгаа юм. Тэгээд бид хоёр архиа ууж байсан чинь С ах орж ирээд, С ах бид хоёр гарч “Хараа” нэртэй архи нэг шилийг авчраад Бын гэрт нь ууж байгаад С ах, Б хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд намайг архи аягалж байсан чинь Б босоод Сын цээжин хэсэгт нь нэг удаа хутгалчихсан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан байх. Тухайн үед бид нар их согтсон байсан. С, Б нар архи ууж байгаад хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Б хутга авчихсан, С ахын цээжин хэсэгт нь нэг удаа хутгалсан бөгөөд С ахын цамцнаас цус гоожоод эхэлсэн. Бид нарыг архи ууж байхад өөр хүн байгаагүй, бид нар л байсан. Б бид хоёр нийлж С ахыг цохиж, зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

 

Гэрч А.Бын мэдүүлсэн: ...Манай нөхөр Б хүнтэй нийтэч, тусархуу, төлөв даруу ааш зантай хүн юм. Б Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн бага сургуулийг төгссөн. Өөр сургууль төгсөөгүй. Б заримдаа орилж хашгирдаг, уусан үедээ гэртээ унтаад өгдөг. Манай нөхөр Б хайр халамж сайн тавьдаг, сайн эцэг хүн. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай бөгөөд олон хүмүүстэй нийлээд байдаггүй. Ах, дүү хамаатан садандаа нэр хүнд сайтай бөгөөд ураг төрөл хүмүүс нь хөдөө, хотоор байдаг, энд байдаггүй. Б ажил төрөл хийдэггүй, гэрээрээ автомашин засдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

Яллагдагч Б.Бын мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бортолгойн 35-14 тоот хашаанд байх манай гэрт манай найз Мөнгөө, найз С нарын хамт 1 шилтэй 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи, 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи гээд нийт 2 шил архи уусан. Би нилээд согтсон байсан тул найз Сыг айлгах зорилгоор гэрийнхээ тогооны авдар дээр байсан шар хуванцар иштэй хутгыг авч найз Сын баруун талын хөхний доор 1 удаа хатгасан юм. Тэр үед Сын цээжний хэсгээс цус алдаж байсан тул найз Мөнгөөгийн хамтаар манай гэрийн хашааны хойд талын гудамжинд байх Сын гэрт Сыг оруулж өгсөн. Тэр үед Сын охин /нэрийг нь сайн мэдэхгүй/ эмнэлэг дуудаж удалгүй түргэний машин ирж С болон бид нар эмнэлэг дээр очиж Сын шарханд оёо тавиулсан. Тухайн үед согтсон байсан тул найз Сыг айлгах гээд хутга чичсэн юм. Гэтэл цээжин тус газар нь хатгачихсан байсан. Би нилээд согтуу байсан. Тухайн үед би Улаанбаатар хотоос ирээд удаагүй байсан бөгөөд жаахан архи уумаар санагдаад найз Мөнгөө, С нарыг утсаар дуудсан юм. Эхэлж Мөнгөө ирээд араас нь удалгүй С ирсэн. Тэр хоёрыг ирэхээс өмнө би 0.5 литртэй “Ерөөл” нэртэй архи авчихсан дээрээс нь 1 хундага уусан байсан. Бид 3 тэр архиа ууж дуусаад дахин гурвуулаа нийлж байгаад 0.75 литртэй “Ерөөл” архи дэлгүүрээс худалдаж аваад уусан юм. С Мөнгөө хоёр ер нь надтай адилхан, ер нь л их хэмжээний согтсон байсан. Мөнгөө болон С нартай өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. 2007 оноос хойш таних болсон. Мөнгөө болон С нар надаар автомашин янзлуулж байсан бөгөөд тэгээд таних болсон. Би Мөнгөө, С нартай найз нөхдийн холбоотой. Би өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. С өмнө нь гэмтэж бэртсэн зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 78 тоот шинжээчийн дүгнэлт:

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Ж.Сын биед цээжний баруун урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08 хуу/ 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 37-38 хуу/ 

Хохирогчийн хүсэлт /хх-ийн 51-52 хуу/ 

Шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 53 хуу/зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бортолгойн 34-13 тоотод иргэн Ж.Сыг цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул тэдгээр нотлох баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамааралтай гэж үзэв. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр баг Бортолгойн 34-13 тоотод иргэн Ж.Стай хувийн таарамгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ж.Сын мөрдөн байцаалтын мэдүүлсэн “нэг мэдсэн чинь намайг Б хутгалчихсан би эмнэлэг дээр байж байсан. Намайг хутгалж байхыг би мэдээгүй, согтчихсон байсан юм. Дараа нь ухаан ороод асуусан чинь Б би хутгалчихсан юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, гэрч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “намайг архи аягалж байсан чинь Б босоод Сын цээжин хэсэгт нь нэг удаа хутгалчихсан. Нэг мэдсэн чинь Б хутга авчихсан, С ахын цээжин хэсэгт нь нэг удаа хутгалсан бөгөөд С ахын цамцнаас цус голжоод эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, Б.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “би нилээд согтсон байсан тул найз Сыг айлгах зорилгоор гэрийнхээ тогооны авдар дээр байсан шар хуванцар иштэй хутгыг авч найз Сын баруун талын хөхний доор 1 удаа хатгасан юм. Тэр үед Сын цээжний хэсгээс цус алдаж байсан тул найз Мөнгөөгийн хамтаар манай гэрийн хашааны хойд талын гудамжинд байх Сын гэрт Сыг оруулж өгсөн. Тухайн үед согтсон байсан тул найз Сыг айлгах гээд хутга чичсэн юм. Гэтэл цээжин тус газар нь хатгачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/, хохирогч Ж.Сын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 78 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Б овогт Бгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

            Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхгийг устгасугай. 

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ