Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 171/2024/0342/Э

 

 

 

 

 

 

 

 

 

2024      07          30                                          2024/ШЦТ/350

 

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З,   

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Б.Г, Н.Ж,  хохирогч Б.Г,

шүүгдэгч,Б.Г, Н.Ж, хохирогч Н.Ж, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Г, Н.Ж нарт холбогдох эрүүгийн 2425002290414 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

1.-Н.Ж

2.-Б.Г

Шүүгдэгч Б.Г нь;

2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Дулааны Энгэр” гэх газар М.М гэрт Н.Ж, Б.Э нартай архидан согтуурч байх үедээ,

Н.Ж-тэй маргалдан улмаар гэрийн гадаа харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд “зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Н.Ж нь;

2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Дулаан-Уул баг “Дулааны Энгэр” гэх газар М.М гэрт Н.Ж, Б.Э нартай архидан согтуурч байх үедээ,

 Б.Г-тай маргалдан, гэрийн гадаа харилцан зодолдож, үүрч шидсэний улмаас түүний эрүүл мэндэд “бүсэлхийн 1-р нугалмын их бие, бүсэлхийн 3, 4-р нугалмын баруун талын хажуугийн сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Н.Ж-ийн “...2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э ахтай уулзахаар Г ах М-ийн гэрт ирээд Г, Э бид гурав 0.75л хэмжээтэй хоёр шил архи хувааж уусан. ...Тухайн өдрийн шөнө 23.00 цагийн үед ууж байсан архи дууссан бөгөөд Г ах бид хоёр “чи архи авч ир”, “би яахаараа архи авдаг юм, та архи авч ир” гэх зэргээр маргалдсан, удалгүй бид хоёр “гаръя” гээд гадагшаа гарсан. ...би гадаа гараад Г ахтай зууралдаж ноцолдсон, зууралдаж байхдаа Г ахыг үүрээд газар шидсэн. ... Г ахтай маргалдаж М ахын гэрээс гарах үед миний биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учраагүй, зүгээр байсан. Зодоон дууссаны дараа гэрт ороогүй, гадаа байж байгаад А эгчтэй хамт А-ийн машинд суугаад явж байхдаа нүүр цус болж зулгарсан байхыг мэдсэн. Миний сэтгэцэд гэм хор учраагүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 16 дахь тал/,

Б.Г-ын “...дүү Этэй уулзахаар Жаргалант сум “Дулааны-Энгэр” гэх газар М-ийн гэрт очсон. ...Тухайн өдөр М-ийн гэрт Ж, Э бид гурав хоёр шил 0.75л архи хувааж уусан, нэг мэдсэн чинь согтоод Ж-тэй гэрийн гадаа маргалдаж байсан, би газар хэвтэж байсан ба миний нуруу өвдөөд байсан. Миний бие одоо зүгээр болчихсон, хэвийн байгаа, тухайн үед Ж “эмчилгээндээ зарцуулаарай” гээд бэлнээр 1.700.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

гэрч Б.А-ийн “...шөнө 22 цаг өнгөрч байх үед Ж, Г хоёр согтчихоод хоорондоо “чи надад архи авч өг”, “би яахаараа танд архи авч өгдөг юм, та өөрөө архи ав” гэх зэргээр хэрэлдээд байсан. Миний зүрх өвддөг, даралт ихтэй учраас тэр хоёрыг гэрт маргалдаад байхаар нь “би татаж унах гээд байна, та хоёр манай гэрээс гар, гадаа гараад маргалд” гээд тэр хоёрыг гаргасан. ...нээх удалгүй Г, Ж хоёрын дуу чангарч, хоорондоо чанга дуугаар яриад байхаар нь нөхөр Мт “цаад хоёр чинь гадаа гараад барьцалдаж аваад зодолдоод байгаа юм биш биз дээ, чи гараад цаад хоёроо салга,” гэж хэлээд гаргасан. ...М, Г, Ж хоёрыг “больцгоо” гээд салгаж байсан. ...Маргаан зөвхөн Г, Ж хоёрын дунд болсон. ...гадаа хоорондоо маргалдчихаад орж ирэх үед Гын биед шарх, сорви ил байгаагүй, харин Жийн нүүр нь халцарч шалбарсан юм шиг бага зэрэг цус болчихсон харагдсан. ...Ж надад “Г ахтай маргалдаж, зууралцаж, газар унасан чинь нүүр ийм болчихлоо, миний нүүрийг Г ах ийм болгоод самардчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

          гэрч М.М ...Г ах Ж нар маргалдаад “гаръя, гаръя” гээд гэрээс гарсан, гадаа байж байснаа “ёо, ёо” гэх чимээ гарахаар нь би гадагшаа гартал харанхуй болчихсон байсан бөгөөд Г ах манай гэрийн хажууд байдаг буйрны хажууд газарт дээшээ хараад “ёо, ёо” гээд хэвтэж байсан, Ж түүнээс арай зайдуу “шээгээд” зогсож байсан, би Г ахыг түшээд гэр лүү оруулсан бөгөөд цээжнийхээ зүүн хэсгийг дараад “ёо, ёо, нуруу, нуруу” гээд байсан. ...шөнийн 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байхад Г ах сэрээд “ёо, ёо, түргэн дууд, бие өвдөөд болохоо байлаа, амьсгал авч чадахгүй байна, нуруу өвдөөд байна” гэхээр нь би хойшоо уул руу сүлжээнд гарч өөрийнхөө дугаараас сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 356 дугаартай; “... Н.Ж-ийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүү, дух, зүүн хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

          Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 355 дугаартай; “...Б.Г-ын биед бүсэлхийн 1-р нугалмын их бие, бүсэлхийн 3, 4-р нугалмын баруун талын хажуугийн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг,

мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянав.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь,

шүүгдэгч Б.Г-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн,

шүүгдэгч Н.Ж-ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжүүдийг  тус тус  агуулах бөгөөд шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Н.Ж нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд түүний “...миний бие зүгээр хэвийн байна, надад Г ахтай холбоотой гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан мэдүүлгийг, мөн “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд гэм хорын хохиролд 1.700.000 төлсөн.” гэх хавтаст хэргийн 98 дахь талд авагдсан хүсэлтийг,

шүүгдэгч Б.Г-ын “...миний бие одоо зүгээр болчихсон, хэвийн байгаа, Н.Ж надад бэлнээр 1.700.000 төгрөг өгсөн, дахиж нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэх хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн нарын хүлээн зөвшөөрсөн,

шүүгдэгч Н.Ж-ийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгЖ-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж,

шүүгдэгч Н.Ж-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд  оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгЖ-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,

шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг тэд ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт Н.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Хольдог овогт Буянгийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж-ийг долоон зуун нэгЖ-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Ж шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгЖ-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1 /нэг/ сарын хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Гад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан, шүүгдэгч Н.Ж-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Н.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э